23-р бүлэг: Дөрөв дэх өдөр
Сургаал ба Гэрээ 137
Оршил
1836 оны 1-р сарын 21-нд бошиглогч Иосеф Смит, Тэргүүн Зөвлөл дэх өөрийн зөвлөхүүд болон өөрийн аав Ахмад Иосеф Смит нарын хамт, баригдаж дуусах гэж буй Көртланд ариун сүмийн дээд давхарт уулзжээ. Энэ үед бошиглогч селестиел хаант улсыг үзэгдлээр үзсэн бөгөөд сайн мэдээний мэдлэггүйгээр нас нөгчсөн хүмүүсийг хэрхэн шүүхээ Их Эзэн мэдэгдсэнийг сонссон юм. Тэр үед Иосеф Смитийн бичээч байсан Варрен Парриш уг үзэгдлийг бошиглогчийн тэмдэглэлд бичжээ. Хожим уг үзэгдлийн тухай цэдгийг Сургаал ба Гэрээ 137-р хэсэг болон оруулсан.
Сургаал ба Гэрээ 137:1–6
Иосеф Смит селестиел хаант улсын талаарх үзэгдлийг хүлээн авав
Амьдралынхаа хамгийн чухал зарим хүний талаар бод. Яагаад таны хувьд энэ хүмүүс онцгой чухал вэ?
-
Таны хувьд хайртай хүмүүс тань нас барсныхаа дараа селестиел хаант улсад амьдрах боломжтой байх нь яагаад чухал талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 137 нь бошиглогч Иосеф Смитийн селестиел хаант улсыг харсан үзэгдлийг дүрсэлсэн цэдгийг агуулдаг.
Сургаал ба Гэрээ 137:1–4-ийг уншаад, селестиел хаант улсыг дүрсэлсэн үг, хэллэгийг ол. Селестиел хаант улс ямар байхыг төсөөлөн харахыг хичээ.
Иосеф Смит гэр бүлийнхээ зарим гишүүнийг селестиел хаант улсад хараад баяссан. Сургаал ба Гэрээ 137:3, 5–6-г уншаад, Иосеф Смит селестиел хаант улсад хэнийг харсныг олж тогтоо.
Иосефын эцэг эх хоёр тэр үед амьд байсан ба бүр түүний эцэг нь энэ үзэгдлийг харж байх үед өрөөнд нь түүнтэй хамт байжээ. Энэ нь уг үзэгдэл селестиел хаант улсад аль хэзээний орчихсон хүмүүсийн талаар биш, харин хэн тэнд яваандаа орох болохыг үзүүлсэн болохыг харуулдаг.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 137:6-д цэдэглэгдсэнээр, Иосеф Смит өөрийн ах Алвиныг селестиел хаант улсад байхыг хараад яагаад гайхсан бэ?
-
Иосеф Смит, Алвиныг селестиел хаант улсад байхыг хараад өөр ямар мэдрэмж түүнд төрсөн гэж та бодож байна вэ?
-
Бошиглогч Иосеф Смит, том ах Алвинаа хайрлаж, хүндэтгэдэг байжээ. Алвин Иосефт бас хайртай байсан бөгөөд тэнгэр элч Моронайгаас алтан ялтсуудыг хүлээн авахаар бэлтгэхэд нь Иосефт дэмжлэг үзүүлдэг байсан. 1823 оны 11-р сард Алвин 25 настай, Иосефыг 17 настай байх үед Алвин маш хүндээр өвчилсөн юм. Түүний бие улам муудсаар удахгүй насан өөд болох гэж байгаагаа мэдээд, Иосефт: “Би чамайг их сайн хүү байж, ялтсуудыг авахын тулд өөрт буй бүх чадлаа гаргаасай гэж хүсэж байна. Чамд ирж буй бүх зарлигийг сахин, хүлээн авсан зааврууддаа итгэлтэй байгаарай” гэж зөвлөжээ (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалууд: Иосеф Смит-оос эш татав [2007 он], 401).
Алвины үхэл Смитийн гэр бүлийнхэнд асар их гашуйг авчирсан юм. “Нью-Йоркийн Палмирад Алвины оршуулах ёслол дээр пресбитеран тохинуулагч ёс журмыг гүйцэтгэжээ. Алвины ёслол дээр тэр санваартан Алвиныг цугларалтын гишүүн байгаагүй болохоор аврагдаж чадахгүй гэж мэдэгджээ. Иосефын эрэгтэй дүү Виллям Смит дурссан нь: “Нөгөөх [тохинуулагч] … [Алвин] сүмийн гишүүн байгаагүй учраас тамд очсон гэж ихэд итгэлтэйгээр дотночлон хэлсэн. Гэвч Алвин сайн залуу байсан болохоор аав түүний үгэнд дургүй байв” гэжээ (Сургаалууд: Иосеф Смит,401, 403).
Сургаал ба Гэрээ 137:7-10
Их Эзэн сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийг хэрхэн шүүхээ илчлэв
Бошиглогч Иосеф Смит, Алвиныг баптисм хүртэлгүйгээр хэрхэн селестиел хаант улсад орох боломжтой байсан талаар гайхширч байхад нь Их Эзэн нэгэн хариултыг өгчээ. Сургаал ба Гэрээ 137:7–8-ыг судлаад, Алвин яагаад селестиел хаант улсад орох боломжтой талаар ойлгоход нь Иосефт туслах Их Эзэний заасан сургаалыг олж тогтоо.
-
Сургаал ба Гэрээ 137:7–8 дээрээс олж тогтоосон сургаалыг тэмдэглэж мөн дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариул. Энэ сургаал хайртай хүмүүс нь сайн мэдээний мэдлэггүйгээр нас барсан хүмүүсийг хэрхэн тайвшруулж болох вэ?
Их Эзэн Сургаал ба Гэрээ 137:7–8 дахь илчлэлтийг нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг илчлэхээс өмнө илчилжээ. Та дараах хичээлүүдээр нас барагсдын төлөөх баптисмын талаарх илчлэлтүүдийг суралцах болно.
Нас барсан хүмүүсийн талаарх энэ илчлэлтийн нэг хэсэг болгож, Их Эзэн бүх хүнийг хэрхэн шүүх тухайгаа заасан. Сургаал ба Гэрээ 137:9-ийг уншаад, дараах мэдэгдлийг гүйцээ. Их Эзэн биднийг мөн шүүх болно.
-
Бидний хүсэл болон үйлсийн аль аль нь яагаад чухал гэж бодож байгааг өөрийн үгээр тайлбарлан судрын тэмдэглэл дээрээ бич.
Их Эзэн хэрхэн биднийг ажил үйлс болон хүслийн маань дагуу шүүхийг илүү сайн ойлгохын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах мэдэгдлээс суралц.
“Хэрвээ бид өөрсдийгөө ёс бус үйлдлээс хол байлгах л юм бол Бурханы хуулийн доор гэм нүгэлгүй байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Хэрвээ бидэнд ёс бус бодол болон хүслүүд байх юм бол яах вэ?
Шүүлтийн өдөр үзэн ядалтын мэдрэмж анзаарагдахгүй өнгөрөх болов уу? Харин атаархал анзаарагдахгүй өнгөрөх болов уу? Шунахай сэтгэл яах бол?
Иймэрхүү асуултад өгөх бидний нэг хариултыг муу мэдээ гэж хэлж болох юм. Учир нь, бид илт үйлдэл хийлгүйгээр, зүгээр л зүрх сэтгэлийнхээ мэдрэмж, хүслээр нүгэл үйлдэж болдог.
Гэхдээ бас сайхан мэдээ бий. Бурханы хуулийн дагуу, бид адислалуудыг авах үйлс хийж чадаагүй байсан ч зөв шударгынхаа төлөө шагнагддаг.
Хэн нэгэн хүн хадам аавын минь төлөө ямар нэг зүйлийг хийхийг хүссэн боловч нөхцөл байдлаасаа болж чадаагүй бол аав маань, ‘Баярлалаа. Би чиний сайхан хүслийг үйлс гэж бодъё’ гэж хэлэх болно. Үүний адилаар, Тэнгэр дэх Эцэг үйлдэх ямар ч боломжгүй үйлсийн оронд бидний чин сэтгэлийн үнэн хүслийг хүлээн авах болно гэдэгт би итгэдэг” (“The Desires of Our Hearts” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 1985 оны 10-р сарын 8], 4; speeches.byu.edu).
-
Дараах дөрвөн жишээ Сургаал ба Гэрээ 137:7–8-аас таны олж тогтоосон сургаалыг илүү сайн ойлгоход тань тусална. Дараах асуултанд жишээ болгонд судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Энэ жишээ бидний хүсэл болон үйл хэргийн аль аль нь чухал гэдгийг хэрхэн дүрсэлж байна вэ?
-
Нэг Сүмийн гишүүн ариун сүмд гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг байв. Сүмд насан туршдаа итгэлтэй үйлчилсэн уг гишүүн ариун сүмд ханьтайгаа лацдуулан холбогдох боломжгүй байсаар насан эцэслэв.
-
Нэг залуу эрэгтэй баптисмын гэрээгээ чанд сахиж мөн Аароны санваарын үүрэг хариуцлагаа биелүүлдэг. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа бүрэн цагийн номлолд үйлчлэх агуу их хүсэлтэй байгаа ч хөгжлийн бэрхшээлээсээ болоод үйлчлэх боломжгүй байв.
-
Нэгэн залуу эмэгтэй, өөр нэг залуу эмэгтэйг уучилж чаддаггүй байв. Тэр их найрсаг дүр үзүүлэх боловч нөгөө залуу эмэгтэйд муу зүйл тохиолдоосой гэж нууцаар хүсдэг аж.
-
Нэг залуу эрэгтэй үргэлж ёсон бус зүйлс боддог мөн өөрийн энэ зохисгүй бодол, мэдрэмжийг өөрчлөхийн тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлдэггүй байв.
-
Үйлсээрээ төдийгүй бас зүрх сэтгэлийнхээ хүслээр шүүгдэнэ гэдгийг мэдэх нь таны хувьд юу гэсэн үг болохыг тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 137:10-ыг уншаад, хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө нас барсан хүүхдүүдийн талаар заасан үнэнийг тэмдэглэ.
Бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 137:10 дахь энэ илчлэлтийг хүлээн авах үед, түүний эхнэр Эмма тэр хоёрын өргөж авсан нэг хүүхдийн хамт, дөрвөн хүүхэд нь нас барсан байв. Хожим нь, хүүхдүүдээс нь дахиад хоёр хүүхэд нас баржээ. Энэ шүлэгт илчлэгдсэн сургаал, хүүхэд нь нас барснаас болж гашуудаж байгаа гэр бүлүүдэд хэрхэн тайвшралыг өгч болох талаар бод.
Энэ сургаал таны Бурханд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Хүүхдүүд нялх байхдаа нас барах үед бид яагаад Бурханы төлөвлөгөөнд итгэх нь чухал гэж та бодож байна вэ?
Бяцхан хүүхдүүдийн нас барах талаар ярихдаа бошиглогч Иосеф Смит: “Их Эзэн олон хүнийг, бүр нялх байдлаас нь, тэднийг хүмүүний атаа жөтөөнөөс, өнөөгийн энэ дэлхийн гай зовлон, нүгэл хилэнцээс холдуулахын тулд өөртөө авч байна. Тэд дэлхий дээр амьдрахад хэтэрхий цэвэр, энхрий хонгорхон ажээ. Тиймээс зөвөөр тунгаан бодох аваас, тэд хилэнцээс чөлөөлөгдөж байгаа болохоор гашуудахын оронд баярлах шалтгаан бидэнд буй. Учир нь бид тэднийг удахгүй эргүүлж авна” хэмээн заажээ (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 200).
Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф: “Их Эзэн яагаад хүүхдүүдийг авч явдаг юм бол гэсэн асуулт надад ч, та нарт ч гарч болно. Гэхдээ энэ нь миний хариулах зүйл биш, учир нь би яагаад гэдгийг мэдэхгүй; энэ нь Их Эзэний мутарт буй, дэлхийн бүтээлтээс хойш ийм байсаар л ирсэн. Хүүхдүүд нялх байхдаа нас бараад сүнсний дэлхийд аваачигддаг. Тэд энэ дэлхийд ирж, ирснийхээ зорилгыг гүйцээдэг, тэд бие махбодын асартай болдог. Тэд дэлхий дээр шалгагдаж мөн өвийг өвлөхөөр ирдэг; тэд биеийг, өөрөөр хэлбэл асрыг авдаг ба уг асар нь сүнс биетэйгээ нэгдэх амилалтын өглөөд зориулагдан хадгалагдах болно. Бас бид энд гэр бүл дотор хөхүүл хүүхдээс авахуулаад эрийн цээнд хүрсэн хүүхдүүдийг хардаг шиг, селестиел дэлхийн гэр бүлийн зохион байгуулалт нь ч бас тийм байх болно. Хэрвээ эцэг эхчүүд нь болох бид өөрсдөө итгэлээ хадгалж мөн өөрсдийгөө мөнх амьдралыг авах зохистой гэдгийг баталж чадах аваас, бидний үр хүүхдүүд яг л оршуулагдахдаа ямар байсан шигээ бидэнд сэргээгдэн өгөгдөх болно; мөн гэхдээ хэрвээ бид өөрсдийгөө баталж чадахгүй байсан ч хүүхдүүд маань хадгалагдаж мөн селестиел алдар сууг өвлөн авах болно. Энэ бол нялх байхдаа нас барсан хүүхдүүдийн талаарх миний бодол юм” гэж заасан (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 84–85).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Та Сургаал ба Гэрээ 137-оос суралцаж байхдаа, селестиел хаант улсад амьдрах боломжийг бүх хүнд өгөх гэсэн Их Эзэний хичээл зүтгэлийн талаар юу сурсан бэ?
-
Эдгээр үнэн танд яагаад чухал вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 137-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: