Семинар
2-р бүлэг: 3 дахь өдөр, Иосеф Смит—Түүх 1:27–54; Сургаал ба Гэрээ 2


2-р бүлэг: 3 дахь өдөр

Иосеф Смит—Түүх 1:27–54; Сургаал ба Гэрээ 2

Оршил

Залуу Иосеф Смит үзэгдэл үзсэнээ баталсаар байсан бөгөөд үүнийхээ төлөө тэрээр мөрдөн хавчигдаж байсан юм. Иосеф 17 насандаа нэгэн орой залбирч байтал, Моронай хэмээх нэртэй тэнгэр элч түүнд үзэгдэн, Бурханд Иосефоор хийлгэх ажил байгаа бөгөөд энэ нь алтан ялтсан дээр бичигдсэн эртний цэдгүүдийг орчуулах ажил гэдгийг хэлжээ. Моронай сайн мэдээний Сэргээлтэд Иосефын гүйцэтгэх үүргийн талаар ярьж байхдаа Библээс эш татсан бөгөөд тэр эшлэл нь Елиаг дахин ирэх тухай Малахигийн бошиглол байсан юм. Маргааш нь Иосеф Смит алтан ялтсууд булаастай байгаа хэмээн Моронайн хэлсэн толгод руу явжээ. Тэнд тэрээр Моронайгаас дараагийн зааврыг хүлээн авсан аж.

Иосеф Смит—Түүх 1:27–29

Иосеф Смит нүглүүдийнхээ өршөөлийг эрж залбирав

Өнөөдрийн хичээлээр та залуу Иосеф Смитийн талаар илүү ихийг мэдэж авах болно. Иосеф Смит—Түүх 1:27–29-ийг уншаад, эдгээр шүлгийг өөртэйгөө адилтгаж үз.

Иосеф Смитийн өсвөр насанд үүссэн нөхцөл байдал, мэдрэмжүүдийн талаар тунгаан бод. Тэдгээр нь танд тулгарсан асуудалтай юугаараа адилхан байна вэ?

Иосеф Смит—Түүх 1:28-д Иосеф том нүгэл үйлдэж байгаагүй ч, Бурханаар дуудагдсан хүний адил үргэлж үйлддэггүй байснаа бичсэн. Иосеф Смит буруу зүйл хийсэндээ хэрхэн хандсан тухай үлгэр жишээнээс бид чухал сургамж авч чадна.

  1. Иосеф Смит—Түүх 1:28-ын төгсгөлийг уншаад, Иосеф Смит буруу зүйл хийсэндээ хэрхэн хандсан талаар судрын тэмдэглэл дээрээ бич. Үүнээс гадна, Иосефын үлгэр жишээнээс сурч болох нэг эсвэл хоёр зарчмыг бич.

Иосеф Смит—Түүх 1:28-аас суралцах зарим үнэн: Бид гэм нүгэлтэй гэдгээ мэдээд, түүндээ харамсах юм бол Тэнгэрлэг Эцэгт өршөөлийг хүсэж, залбирч болно. Бид Бурханы өмнө ямар байгаагаа мэдэхийн тулд залбирч болно.

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Бурханы өмнө ямар байгаагаа мэдэхээр залбирах нь танд хэрхэн туслах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны Бурханы өмнө ямар байгаагаа мөн Бурхан биднээс өөрчлөгдөхийг хүсэж буй тэр зүйлсийг олж харахад залбирал хэрхэн тусалдаг талаар хэлсэн дараах зааврыг унш.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Бидний наманчлал юун дээр төвлөрөх ёстойг хэрхэн олж мэдэх вэ? ‘Аав аа, Та надаар юу хийлгэхийг хүсэхсэн бол?’ хэмээн [бид] Их Эзэнээс даруухнаар гуйхад бидэнд хариу ирэх болно. Бид хэрэгтэй байгаа өөрчлөлтөө мэдэрдэг. Их Эзэн бидний зүрх сэтгэл, оюун ухаанд хандан ярьдаг билээ.

Ингэсэн тохиолдолд бид наманчлах уу эсвэл тэнгэрийн адислалуудыг хүлээж авах чадвараа хязгаарлах уу гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болно” (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign, 2009 оны 11-р сар, 41 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 47).

Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчлахын тулд шаардлагатай зүйлсийг хийх үед Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөхөд бэлэн байдаг гэдгийг сана.

Иосеф Смит—Түүх 1:30–35

Тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэв

Иосеф Смитийг өршөөл эрэн залбирч байх үед тэнгэр элч Моронай түүнд үзэгдсэн. Иосеф Смит—Түүх 1:30–32-ыг уншаад, энэ нь ямар байсныг төсөөлөн бод.

Зураг
Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдэв

Иосеф Смит—Түүх 1:33-ыг уншаад, Моронайн Иосеф Смитэд өгсөн захиасыг олж мэд. Бурханд Иосеф Смитээр хийлгэх ажил байсан гэсэн үгийг та тодруулан тэмдэглэж болно. Их Эзэнд өөрөөр нь хийлгэх ажил байгааг мэдэхэд Иосефт ямар мэдрэмж төрсөн байж болохыг тунгаан бод.

  1. Иосеф Смитийн нэр “бүх хүмүүний дунд сайн болон муу аль алинаар нь яригдах болно” хэмээн Моронай бошиглосон (Иосеф Смит—Түүх 1:33). Энэ бошиглол биелснийг харуулсан нотолгоог судрын тэмдэглэл дээрээ бич.

Моронай мөн Иосеф Смитэд хийх ёстой ажлынх нь тухай заасан. Иосеф Смит—Түүх 1:34–35-ыг уншаад, энэ ажил нь юу байсныг олж тогтоо.

Иосеф Смит—Түүх 1:36–49; Сургаал ба Гэрээ 2

Моронай Иосеф Смитэд заавар өгч, сэрэмжлүүлэв

Иосеф Смит—Түүх 1:36–42-т Моронай сайн мэдээний Сэргээлт эхлэх гэж байгааг тайлбарлан Библээс олон бошиглол эш татсан тухай бид уншдаг. Та эдгээр шүлгийг уншихдаа дээрх судрын эшлэл, хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Иосеф Смит–Түүх 1:38–39-ийг унш. 1876 онд Бригам Янг эдгээр шүлэг дэх Моронайн үгсийг Сургаал ба Гэрээний 2-р хэсэг болгон оруулах заавар өгсөн байна. Елиа эргэж ирэх тухай энэ бошиглол бол энэ эрин үед өгөгдсөн анхны бошиглолуудын нэг байсан ба маш чухал ач холбогдолтой учраас Хуучин Гэрээ (Малахи 4:5–6), Шинэ Гэрээ (Лук 1:17), Мормоны Ном (3 Нифай 25:5–6)-д мөн орсон байдаг. Та эдгээр холбогдох эшлэлийг судар дээрээ, Иосеф Смит—Түүх 1:38–39 мөн Сургаал ба Гэрээ 2-ын хажууд бичиж болно.

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Елиа болон түүний сэргээх санваарын хүчний тухай Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийнхүү хэлсэн. Тэрээр: “Их Эзэн Елиаг ямар зоррилгоор ирүүлэхээр амласныг мэдэх нь тун чухал. Елиа Бурханаар өгөгдсөн асар их хүчтэй агуу бошиглогч байсан. Бурханы Өөрийн хүүхдүүдэд өгдөг хамгийн агуу хүчийг буюу дэлхий дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогддог лацдан холбох хүчийг Елиа атгасан байв” (“Hearts Bound Together,”Ensign, 2005 оны 5-р сар, 78).

Ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгийг ашиглан, Сургаал ба Гэрээ 2:1-ийн утга агуулгыг өөрийн үгээр товч дүгнэ.

Сургаал ба Гэрээ 2:2-т эцгүүдэд өгөгдсөн амлалтууд байдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки эдгээр эцэг хэн болохыг, тэдэнд ямар амлалтууд өгөгдсөнийг тодотгосон. Тэрээр: “Эцгүүд гэдэг нь хэн бэ? Тэд бол амлалт авсан Абрахам, Исаак, Иаков нар юм. Амлалтууд нь юу вэ? Тэдгээр нь гэр бүлийн нэгж мөнхөд үргэлжлэх талаарх амлалт юм” гэж хэлсэн (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 267).

Зураг
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Тэдгээр нь Хуучин Гэрээний бошиглогчид болох Абрахам, Исаак, Иаков нараас гадна ерөнхийлөгч Иосеф Смитийн тайлбарласнаар, “Эцгүүд бол сайн мэдээг хүлээн авч чадалгүй нас барсан ч цаг нь ирэхэд хүлээн авна гэсэн амлалтыг авсан бидний өвөг дээдэс юм. Хүүхдүүд гэдэг нь удмынхаа мэдээллийг бэлтгэж, ариун сүмд гайхамшигт ёслолуудыг хийж буй одоо амьдарч байгаа хүмүүс юм” (Doctrines of Salvation, ed. Bruce R. McConkie, боть 3 [1954–56], 2:127).

Дээр өгсөн тайлбарыг ашиглан, Сургаал ба Гэрээ 2:2-ын утгыг өөрийн үгээр товч дүгнэ.

Сургаал ба Гэрээ 2:3-т хэрвээ Елиа ирэхгүй бол бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно гэдгийг хэлсэн байдаг. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит яагаад ийм зүйл болохыг тайлбарласан. Тэрээр: “Яагаад дэлхий устгагдах вэ? Энгийнээр хэлэхэд, хэрэв эцэг, хүүхдүүдийг хооронд нь гагнагч холбоос байхгүй аваас биднийг хүлээж авахгүй бөгөөд Бурханы ажил тэр чигээрээ нуран унаж, бүрмөсөн устгагдах байсан” хэмээсэн (Doctrines of Salvation, 2:122; мөн С ба Г 128:17–18-ыг үзнэ үү).

Энэ тайлбарыг ашиглан, Сургаал ба Гэрээ 2:3-ын утгыг өөрийн үгээр дүгнэ.

Дараах нь Сургаал ба Гэрээ 2:1–3-аас суралцсан үнэнүүдийн зарим жишээ болно. Эдгээр үнэнийг зохих шүлэгтэй нь тааруул.

  1. Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн өмнө Бурхан лацдан холбох хүчийг сэргээлгэхээр Елиаг дэлхий рүү илгээнэ.

  1. С ба Г 2:1

  1. Бидний зүрх сэтгэл гэр бүлийн гишүүд рүүгээ эргэж, биднийг тэдэнтэй мөнхөд нэгтгэх ёслолуудыг бид хийж гүйцэтгэх боломжтой.

  1. С ба Г 2:2

  1. Хэрэв гэр бүлүүд лацдан холбох хүчээр нэгдээгүй байсан бол Есүс Христийн Хоёр дахь ирэлтээр дэлхий устгагдах байсан.

  1. С ба Г 2:3

  1. Сургаал ба Гэрээ 2-оос сурсан зүйл дээрээ үндэслэн, Елиа эргэж ирэхийн ач холбогдлын талаар өөрт төрсөн мэдрэмжийг судрын тэмдэглэл дээрээ бич.

Энэ жилийн сүүлээр та Сургаал ба Гэрээ 110-ыг судлахдаа Елиа эргэн ирж, лацдан холбох хүчийг бошиглогч Иосеф Смитэд өгсөн учраас энэ бошиглол хэрхэн биелснийг мэдэх болно.

Елиа эргэж ирэх тухай Иосеф Смитэд зааж, Сэргээлтийн бошиглолуудаас эш татан, алтан ялтсуудын талаар нэмэлт заавруудыг өгснийхөө дараа Моронай явсан (Иосеф Смит—Түүх 1:42–43-ыг үзнэ үү). Иосеф Смит—Түүх 1:44–45-ыг уншаад, Моронайг явсны дараа юу болсныг олж тогтоо.

Иосеф Смит—Түүх 1:46–49-ийг уншаад, Моронай захиасаа Иосеф Смитэд хэдэн удаа давтаж хэлснийг олж мэд. Моронай захиасаа Иосеф Смитэд яг хэдэн удаа давтаж хэлсэн бэ?

Эдгээр шүлгээс бидний мэдэх ёстой зүйл бол Их Эзэн болон Түүний үйлчлэгчид чухал сургаалаа байнга давтан хэлдэг хэмээх үнэн юм.

Ариун ёслолын залбирлуудын талаар бодож үз. Яагаад уг үгийг долоо хоног болгон нэг бүрчлэн давтдаг вэ? Судруудад болон Ерөнхий чуулганаар байнга давтагддаг сургаалуудын талаар бод.

  1. Судрын тэмдэглэл дээрээ удаа дараа давтан заахыг нь сонсож байсан зарим сургаалыг жагсааж бичээд, Их Эзэн болон Түүний үйлчлэгчид яагаад сургаалуудыг байнга давтан хэлдэг талаар тайлбарла. Энэ жил та энэхүү үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ дүрслэн бичихэд анхаар.

Иосеф Смит—Түүх 1:50–54

Иосеф гүвээ рүү явж, ялтсууд, Урим ба Туммим болон цээжний хуягийг гарган авав

Иосеф Смит—Түүх 1:50-51-д Моронайн айлчлалын тухай Иосеф аавдаа хэлснийхээ дараа алтан ялтсуудыг нуусан гүвээ рүү явсан тухай тайлбарладаг.

  1. Хэрэв та Моронайн оронд байж, 1400 гаруй жил хүлээсний эцэст ялтсуудыг гарган орчуулуулахын тулд Иосеф Смит дээр айлчлан ирсэн бол танд ямар сэтгэгдэл төрөх байсныг төсөөлөн бод. Ийнхүү төсөөлж байхдаа Иосеф Смит—Түүх 1:52–54-ийг уншаад, энэ үйл явдлын үеэр танд ямар мэдрэмж төрөх байсныг судрын тэмдэглэл дээрээ бич.

Дараагийн хичээлд та 4 жил хүлээсний эцэст юу болсон талаар мэдэж авах болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Иосеф Смит—Түүх 1:27–54 болон Сургаал ба Гэрээ 2-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Хэвлэх