Семинар
32-р бүлэг: 3 дахь өдөр, Авралын ажлыг яаравчлуулах нь


32-р бүлэг: 3 дахь өдөр

Авралын ажлыг яаравчлуулах нь

Оршил

Сэргээлтийн эхэн үеэс эхлээд Их Эзэний ажил дэлхий даяар өргөжин тэлсэн. Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж буй цаг үед амьдарч байна. Танд Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж болох олон эх сурвалж, боломж бий.

Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна

Хэн нэгэнд үүрэгт ажлаа яаравчлуулах эсвэл түргэвчлэх ямар ямар шалтгаан байж болох вэ? Сургаал ба Гэрээ 88:73-ыг уншаад, Их Эзэн юуг яаравчлуулна гэж хэлснийг олж мэд (мөн Иаков 5:61–62, 70–71-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 88:73-аас эш татан, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсон “Яаравчлах тэр цаг нь одоо юм” гэж хэлжээ (““Thus Shall My Church Be Called,”Ensign, 1990 оны 5-р сар, 17).

Бид Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа цаг үед амьдарч байна. Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулснаар хүмүүний авралыг авчрах хүчин чармайлтаа хурдасгаж, урагшлуулж байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байгааг та хэрхэн гэрчилж байсан бэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллыг Сүмийн ерөнхийлөгчөөр үйлчилж байхад Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж эхэлсэн. Жишээ нь, номлолын ажил өргөжин тэлж, Сүм судруудын шинэ хэвлэлүүдийг хэвлэн гаргасан байна. Ерөнхийлөгч Кимбалл Сүмийн гишүүдийг урагшлахыг урамшуулахдаа Сүм “урт хугацаанд зарим газраа түр зогссон. Тиймээс өөрсдийн аяллыг урагшлуулцгаая” хэмээн хэлжээ (“Let Us Move Forward and Upward,”Ensign, 1979 оны 5-р сар, 82). Тэрээр мөн “бид алхаагаа томсгох хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг яг одооноос эхлэн хийх ёстой“ гэж заажээ (“Always a Convert Church: Some Lessons to Learn and Apply This Year,” Ensign, 1975 оны 9-р сар, 3).

Сүмийн гишүүд “алхалтаа томсгох” юм бол Их Эзэний ажилд оролцох хүчин чармайлтаа нэмэгдүүлдэг. Жишээ нь, тэд сайн мэдээг хуваалцаж, судруудыг судалж бас ариун сүм болон гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд илүү шаргуу ажилладаг.

Номлолын ажлыг яаравчлуулах нь

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл Их Эзэн номлолын ажлыг зөвшөөрөөгүй улс орнуудад сайн мэдээг хуваалцах үүд хаалга нээхэд бэлдэж байна хэмээн гэгээнтнүүдэд хэлжээ. Гэхдээ тэр бас гэгээнтнүүд эдгээр боломжийг хүлээн авахад өөрсдийгөө бэлтгэх хэрэгтэй хэмээн хэлсэн. Ерөнхийлөгч Кимбалл хэрэв залуу эрэгтэй бүр бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэх юм бол Их Эзэн түүнд үүд хаалгыг нээж, номлогчийн ажлыг бүхэл дэлхийгээр урагшлан хийх арга замыг өгөх болно хэмээн бас гэрчилжээ.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Одоо болтол хөл тавиагүй олон үндэстэн байсаар байна гэж би боддог. Тэд төмөр болон хулсан хөшигтэй адил хөшигтэй [гадны нөлөөллийн эсрэг хязгаарлалтууд] байгааг би мэднэ. Бид зарим тэдэнд хүрэх гэж хичээл зүтгэл гаргасан учраас энэ нь ямар хэцүү гэдгийг би мэднэ. …

Гэхдээ ороход бэлэн биш үүд хаалгыг Их Эзэн яагаад бидэнд нээх ёстой гэдгийг би сайн олж харахгүй байна. Бид ороход бэлтгэгдээгүй байхад Тэр яагаад бидэнд Төмөр хөшиг эсвэл Хулсан хөшгийг эсвэл өөр ямар нэгэн хөшгийг эвдэх ёстой билээ?” (“When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 5, 7).

Сүмийн гишүүд ерөнхийлөгч Кимбаллын зөвлөгөөг дагаж, сайн мэдээг хуваалцахад бэлтгэсэн юм. Ерөнхийлөгч Кимбаллыг удирдах үед бүрэн цагийн номлогчдын тоо 50 хувиар өсчээ. 1980-аад оны сүүл болон 1990 оны эхээр Зүүн Германы засгийн газар, хуучин Зөвлөлт Холбоот Улсын доторх улсууд болон өмнө нь номлолын ажлыг хориглож байсан бусад олон улс үндэстэн улс орондоо сайн мэдээг хуваалцах зөвшөөрлийг номлогчдод өгч эхэлсэн юм. Ерөнхийлөгч Кимбаллын бошиглол биелсэн бөгөөд номлолын ажил өргөжин тэлэх үед энэ нь үргэлжлүүлэн биелсээр байх болно.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Ерөнхийлөгч Кимбалл Сүмийн гишүүдийг алхаагаа томруулахад урамшуулан дэмжихдээ Сүм дэх залуу эрэгтэй бүрийн үүрэг хариуцлагыг тодотгосон. Тэрээр: “Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй юү? хэмээх асуулт байнга тавигддаг. Хариултыг нь Их Эзэн өгсөн. Энэ бол ‘тийм’ гэсэн хариулт юм. Залуу эрэгтэй бүр номлолд үйлчлэх хэрэгтэй” (“When the World Will Be Converted,” 8).

Үүнээс хойш бошиглогчид зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг бүрэн цагийн номлолд үйлчлэхэд урамшуулан дэмжсээр ирсэн. Бошиглогчид залуу эмэгтэйчүүдийг хэрэв хүсэлтэй байвал бүрэн цагийн номлолд үйлчлэхийг халуун дотно хүлээн авдаг. 2012 оны 10-р сард ерөнхийлөгч Томас С.Монсон залуу эмэгтэйчүүдийг 18 насандаа, залуу эрэгтэйчүүдийг 19 насандаа номлолын үйлчлэлээ эхлэх боломжийг олгон зарласан нь номлогчдын насны шаардлагад гарсан сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлт байсан юм.Залуу эрэгтэй бүр бүрэн цагийн номлолд үйлчлэхээр бэлтгэж мөн үйлчлэхийн тулд өөрсдийгөө зохистой байлгах хэрэгтэй.

Судар уншиж буй залуу эрэгтэй
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад залуу эрэгтэй бүр бүрэн цагийн номлолд үйлчлэхэд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй вэ?

    2. Та нар одооноос эхлэн номлолдоо бэлтгэх нь Их Эзэний ажилд хувь нэмрээ оруулахад тань хэрхэн туслах вэ?

    3. Бүрэн цагийн номлогчдын хувьд насны шаардлагад гарсан сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлт нь Их Эзэний ажлыг яаравчлуулахад ямар хувь нэмэр оруулсан гэж та нар бодож байна вэ?

Судруудын шинэ хэвлэл

Дотны найз чинь “Би Бурханд илүү ойртохыг хүсэж байна. Би юу хийх ёстой вэ?” гэж асуусан бол та юу гэж хариулах байсан бэ?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгийг унш. “Би Бурхантай харилцах харилцаандаа хайнга хандаж байсан үедээ сонсох тэнгэрлэг чихгүй, ярих бурханлаг дуу хоолойгүй болж, алс хол байгаа мэт санагддаг байлаа. Хэрэв би судруудыг шимтэн судалбал холын зай ойртож, сүнслэг байдал эргэж ирнэ” (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 67).

Сургаал ба Гэрээ 1:6, 24–30-ийг уншаад, Их Эзэн яагаад Сүмийн удирдагчдыг илчлэлтүүдийг хэвлээсэй хэмээн хүссэнийг олж тогтоо. Судрууд нь биднийг урагш алхаж, Их Эзэний ажлыг урагшлуулахад хувь нэмрээ оруулахад маань хэрхэн туслах вэ?

1970-аад оны эхэнд Сүмийн удирдагчид Сүмийн гишүүдийн хувьд судруудтай илүү их танил болох, судалж мөн заахын тулд Библийн жишиг хэвлэлтэй болох хэрэгтэй байгааг олж харжээ. Сүнслэг өдөөлт бүхий шаргуу хичээл зүтгэл гаргасан он жилүүдийн дараа буюу 1979 онд Сүм Хаан Жеймсийн Библийн ХҮГ албан ёсны хэвлэлийг хэвлүүлэн гаргасан. Библийн энэ хэвлэл өмнө нь байгаагүй бөгөөд үүнд солбицсон эшлэлтэй зүүлт тайлбар, бусад туслах материал, сайжруулсан бүлгийн оршил, Иосеф Смитийн Орчуулгын хэсгүүд, Сэдвийн удирдамж, Библийн толь бичиг зэрэг өргөн цар хүрээний судлахад туслах материалууд орсон байв. 1981 онд Сүм нь сайжруулсан зүүлт тайлбар, бүлгийн оршил, гарын зураг болон индексийг оруулсан англи хэл дээрх Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдын гурамсан судрын шинэ хэвлэлийг хэвлэсэн. 2009 онд Сүм Рэйна-Валера Библийн ХҮГ хэвлэлийг испани хэлээр хэвлэсэн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын 1981 оны англи хэл дээрх гурамсан судар хэвлэгдэн гарснаас нэг жилийн дараа хийсэн мэдэгдлийг уншина уу. Эдгээр шинэ хэвлэл нь хэрхэн хүмүүсийн амьдралыг адисалж, Бурханы ажлыг урагшлуулж буйг тэр хэрхэн зөгнөж харсныг олж мэд.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Цаг хугацаа улиран одохын хэрээр эдгээр судар нь Их Эзэн Есүс Христийг таньж мэддэг, Түүний хүслийг дуулгавартай дагах хүсэлтэй итгэлтэй Христэд итгэгчдийн залгамж үеийг бий болгоно.

… Илчлэлтүүд дэлхийн түүхэнд нээгдэж байгаагүйгээр тэдэнд нээгдэх болно. Тэд өвөг дээдсийнхээ хүрч чадаагүй тийм өндөрлөгт сайн мэдээний мэдлэгийг эзэмшсэн байна. Тэд Есүс бол Христ гэдэг гэрчлэлтэй байж, Түүнийг тунхаглаж мөн Түүнийг хамгаалах чадвартай болох болно” (“Scriptures,” Ensign, 1982 оны 11-р сар, 53).

Судрууд Есүс бол Христ гэдгийг гэрчилдэг. Судруудыг судлах нь Есүс Христийн талаар гэрчлэл хүлээн авч мөн өөрсдийн амьдралыг Ариун Сүнсээр дүүргэхэд бидэнд тусалж чадна. Сүмийн гишүүдийг судрууд болон судлах туслах материалаар төрөлх хэл дээр нь хангахын тулд асар их ажил хийгдсэн бөгөөд цаашид ч хийгдэх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад өдөр бүр судраас судлах нь чухал вэ?

    2. Судраас хувиараа судлах нь Их Эзэний ажилд гар бие оролцоход танд хэрхэн тусалсан бэ?

Ариун сүм ба гэр бүлийн түүхийн ажлыг яаравчлуулах нь

Ариун сүмийн барилгын ажил ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн удирдлагаар хамгийн их хэмжээгээр өсөн нэмэгдсэн юм. 1995 онд дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй ариун сүмийн тоо 50-аас бага байх үед тэрээр: “Би ариун сүмүүдийг дэлхий даяар, хожмын үеийн гэгээнтнүүдэд орох боломжийн зайд, боломжийн газар барих гал халуун хүслийг тээж явдаг. … Энэ ажлыг бид чадлынхаа хэрээр урагшлуулж байна. Хүмүүстээ Их Эзэний ариун өргөөнд илүү хялбар орж болох боломжийг олгохын тулд ямар нэгэн арга замаар энэ ажлыг яаравчлуулах юмсан хэмээн би үргэлж залбирдаг” хэмээн хэлжээ (“Of Missions, Temples, and Stewardship,”Ensign, Nov. 1995, 52–53).

Сургаал ба Гэрээ 128:15, 17-г уншаад, Өөрсдийн өвөг дээдэст хүлээсэн үүргээ олж мэд. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар дараах зарчмыг хэлсэн. “Бид өвөг дээдсээ хайж, сайн мэдээний аврах ёслолуудыг хийх гэрээт үүрэг хариуцлагатай билээ” (“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,”Ensign, 2011 оны 11-р сар, 25 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 30).

Ариун сүмийн барилгын болон гэр бүлийн түүхийн ажилд гарч байгаа амжилт нь Бурхан хөшигний нөгөө талд Өөрийн ажлыг яаравчлуулж байгаагийн нотолгоо юм.

Ахлагч Дэвид А.Бэднар

Ахлагч Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Их Эзэний ажилд хэрхэн хувь нэмрээ оруулж болохоо олж мэд. “Залуучууд мэдээлэл харилцааны технологитой ийм ойр болсон өнөө үед Гэр бүлийн хайлт буюу FamilySearch болон бусад хэрэгсэл гарч ирсэн нь тохиолдлын хэрэг биш ээ. Зөвхөн найзуудтайгаа харилцахын тулд биш харин Их Эзэний ажлыг урагшлуулахын тулд та нар гар утас болон компьютер дээрээ мессеж маш хурдан бичиж сурсан. Өнөөгийн залуучуудын авьяас болон ур чадварыг авралын ажилд хувь нэмрээ оруулахад ашиглаж болно” (“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно,” 30).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Та нас барагсдын төлөө хийх ёслолуудад оролцохоор гэр бүлийн түүхийн ажлаа хийхдээ эсвэл ариун сүм рүү явахдаа ямар ямар эерэг туршлага олж авч байсан бэ?

Ажлыг урагшлуулах бидний үүрэг хариуцлага

Та Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйтийн хэлсэн үгийг уншиж байхдаа бидний бүгдээрээ авах боломжтой адислалуудыг тэмдэглэ.

Ахлагч Дэвид Б.Хэйт

“Ах эгч нар аа, Их Эзэн арга замыг нээж, дэлхий даяар Өөрийн ажлыг өргөжүүлэн тэлэх боломжийг олгож байгаа бөгөөд бид бүгд өөрсдийн арга замаар оролцох боломжтой байгаа нь ямар гайхамшигтай адислал вэ! …

Бурханы бошиглогчдоос гадна хэн Их Эзэний ажлын хурдацтай өргөжин тэлэхийн гайхамшгийг урьдчилан харж чадах байсан билээ? Үнэндээ Их Эзэн Сургаал ба Гэрээ 88-р хэсэгт зөгнөн хэлснээр Өөрийн ажлыг цаг хугацаанд нь яаравчлуулж байна (С ба Г 88:73-ыг үзнэ үү)” (“Missionary Work—Our Responsibility,” Ensign, 1993 оны 11-р сар , 61–62).

Бид Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулснаар адислагдана. Их Эзэний ажлыг яаравчлуулахад хувь нэмрээ оруулж болох боломжуудаа тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Та Их Эзэний ажлыг яаравчлуулахад ямар ямар арга замаар хувь нэмрээ оруулж болох вэ?

    2. Та Их Эзэний ажлыг яаравчлуулахад оролцсоноор ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Авралын ажлыг яаравчлуулах нь” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: