Семинар
3-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 4


3-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 4

Оршил

1829 оны 2-р сард Ахмад Иосеф Смит эхнэр Люсигийн хамт Хармонийн Пеннсильванид хүү Бага Иосеф Смитийндээ айлчлан иржээ. Ахмад Иосеф Смит Сэргээлтийн ажилд туслахын тулд Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийг хүссэн юм. Энэ айлчлалын үеэр Бага Иосеф Смит илчлэлт хүлээн авчээ. Энэхүү илчлэлт бошиглогчийн эцэгт хандсан байсан бөгөөд Бурханы ажилд туслахыг хүссэн хүмүүст өгөгдсөн илчлэлтүүдийн хамгийн анхных нь байв (С ба Г 6; 8–9; 11–12; 14–16; 23; 25-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 4:1–3

Ахмад Иосеф Смитийг Бурханы үйлчлэлд дуудав

Та хэзээ нэгэн цагт Бурханд үйлчилж, ажилд нь хэрхэн илүү сайн тусалж болох арга замын талаар Түүний хүслийг мэдэхийг хүсэж байсан уу? Иосеф Смитийн эцэг Бурханы ажилд туслахыг хүсэж байсан ч Их Эзэн түүгээр юу хийлгэхийг хүсэж байсныг мэдэхгүй байсан. Тэрээр бошиглогч хүүгээсээ Их Эзэнд түүний өмнөөс асуун мэдэж өгөхийг хүссэн. Сургаал ба Гэрээ 4 бол Их Эзэний өгсөн хариулт юм. Энэхүү илчлэлтээр Бурханы үйлчлэлд туслахыг хүссэн хүмүүс ямар шинж чанартай байх ёстойг Тэрээр онцлон тусгасан. Та нар энэ хэсгийг уншихдаа Их Эзэнд бид хэрхэн үйлчлэх ёстой талаар Тэрээр юу гэж заасныг анхаар.

Ахмад Иосеф Смит

Энэ илчлэлтийг хүлээн авах үед Сүм хараахан зохион байгуулагдаагүй, Мормоны Номын орчуулгыг хийж дуусаагүй, санваарыг ч мөн сэргээгээгүй байсан. Сургаал ба Гэрээ 4:1-ийг уншаад, дөнгөж дэлгэрч эхэлж буй сайн мэдээний Сэргээлтийг Их Эзэн хэрхэн дүрсэлснийг олж мэд. Хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийг дүрслэхдээ Их Эзэний хэрэглэсэн үгсийг та тэмдэглэж болно. Сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт нь хэрхэн “гайхамшигт ажил” байсан бэ?

Сургаал ба Гэрээ 4:2-ыг уншаад, Их Эзэний үйлчлэлд оролцож эсвэл эхлүүлж буй хүмүүсээс Тэрээр юу хүсдэгийг олж мэд. Сургаал ба Гэрээ 4:2 дээр үндэслэн дараах зарчмыг гүйцээн бич. Хэрэв бид Бурханд бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа үйлчлэх юм бол бид .

Та Сургаал ба Гэрээ 4:2 дахь энэ зарчмыг заасан үг, хэллэгүүдийг мөн тэмдэглэн авч болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. “Бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун хийгээд чадлаараа” аливаа нэг зүйлийг хийх гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна?

    2. Энэ зарчмыг ойлгож мөн хэрэгжүүлэх нь Их Эзэний ажилд оролцож буй танд хэрхэн туслах вэ?

Сургаал ба Гэрээ 4:3-ыг уншаад, Бурханы ажилд амжилттай туслахын тулд бидэнд юу байх ёстой гэдгийг олж мэд. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.

Зарим хүн Сургаал ба Гэрээ 4-р хэсгийг бүрэн цагийн номлолын үйлчлэлийн дуудлага гэж үздэг. Харин илчлэлт авсан Ахмад Иосеф Смитийг бүрэн цагийн номлолд дуудаагүй. Гэхдээ тэрээр үлдсэн амьдралынхаа туршид Сургаал ба Гэрээ 4:2–3-т өгсөн зөвлөгөөний дагуу хаана ч, ямар ч үед, дуудагдсан ажилдаа итгэлтэй үйлчилж байсан. Тэрээр Мормоны Номын найман гэрчийн нэг байсан ба 1830 оны 4-р сарын 6-нд Сүм албан ёсоор байгуулагдах үед хамгийн анх баптисм хүртсэн хүмүүсийн нэг байсан. Тэрээр мөн Сүмд анхны патриархаар, Тэргүүн Зөвлөлийн туслах зөвлөхөөр үйлчилж байжээ. Бүрэн цагийн номлогчийн үйлчлэлээс гадна Их Эзэний ажилд тусалж болох өөр арга замуудын талаар бод. Жишээлбэл, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дээрх Үйлчлэл сэдвээс авсан дараах хэсэг нь Их Эзэний ажилд туслах хүслээ биелүүлэх үйлчлэлийн зарим санааг өгдөг.

Гэрийн багшаар явж байгаа нь

“Бусдад үйлчилнэ гэдэг нь Есүс Христийн шавийн хамгийн чухал зан чанар юм. Шавь нь бусдын ачааг үүрэлцэхэд мөн тайтгарал хэрэгтэй хүмүүсийг тайтгаруулахад бэлэн байна. Тэнгэрлэг Эцэг та нараар дамжуулан бусад хүнд олонтоо тусалдаг.

Үйлчлэх маш олон арга зам байдаг. Та нар гэр орондоо хамгийн чухал үйлчлэлүүдийг үзүүлж болдог. Та нар Сүмийн үүрэг даалгаварт, гэр орондоо, сургууль дээрээ болон нийгэмдээ үйлчилж чадна. Та нар ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг хийж үйлчилж болно. Та нар одоо мөн ирээдүйд бүрэн цагийн номлогч болоод сайн мэдээг хуваалцаж үйлчилж чадна. Хамгийн утга учиртай үйлчлэл нь өдөр тутмын энгийн мөртлөө сайхан сэтгэлийн үйлсээр олонтоо илэрдэг юм. Хэнд, хэрхэн үйлчилж чадах вэ гэдгээ мэдэхийн тулд өдөр бүр Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Бусдад үйлчлэхдээ Аврагчийн үлгэр жишээг дага” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 32).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ амьдралдаа Их Эзэнд туслахаар бодож байгаа зүйлээ судрын тэмдэглэл дээрээ одоо бич.

Сургаал ба Гэрээ 4:4

Талбай хадахад бэлэн байна

Сургаал ба Гэрээ 4:4-т Их Эзэн дэлхийн хүмүүсийг тариан талбайтай зүйрлэсэн. Сургаал ба Гэрээ 4:4-ийг уншаад, Их Эзэн Өөрийн талбайн тухай (дэлхийн хүмүүс) юу хэлснийг тэмдэглэ. Улаан буудай, арвай зэрэг үр тариа нь ургаж байхдаа өнгөө өөрчилдөг гэдгийг мэдэх нь энэ шүлгийг илүү бүрэн ойлгоход тань тусалж болно. Үр тариа нь ургаж эхлэхдээ ногоон байснаа боловсрохдоо цайвар болдог. Хураахад бэлэн болсон үр тариаг голдуу “цагаан” гэж нэрлэгддэг. Тариа хураахад хэрэглэдэг том тахир хутгыг хадуур гэж нэрлэнэ.

Тариа хурааж буй хүн
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. “Талбай нь цагаан хадахад бэлэн байна” гэсэн үг хэллэг юу гэсэн утгатай гэж та нар бодож байна?

    2. Хадуураараа чадлаараа хадах гэдэг нь таны бодлоор юу гэсэн утгатай үг вэ?

    3. Хадуураараа чадлаараа хадах хүмүүст зориулагдсан шагналыг Сургаал ба Гэрээ 4:4-т юу гэсэн байна вэ?

Их Эзэнд үйлчлэх ажлын үр ашгийн тухай энэ шүлгээс бид дараах үнэнийг сурч болно. Есүс Христэд бусдыг авчрахын төлөө уйгагүй хөдөлмөрлөснөөр бид өөрсдөдөө авралыг хүлээн авч чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБусдыг Христэд авчрахаар хөдөлмөрлөснөөр Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой илүү ойр байгаагаа мэдэрч байсан үеийнхээ тухай судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 4:5–7

Их Эзэн Өөрт нь үйлчилж буй хүмүүсийн чадвар, гол зан чанарыг онцлов

Хоёр эсвэл гурван ажил, мэргэжлийн талаар бод. Эдгээр ажил бүрд амжилт гаргахын тулд тухайн хүн ямар чадвар, зан чанартай байх хэрэгтэй вэ?

Дуртай хоолныхоо жорыг олоод, орцыг нь унш. Та тэр хоолыг хийхийг хүссэн боловч орцноос нь нэг эсвэл хоёр зүйлийг орхигдуулсан бол ямар зүйл болох вэ? Сургаал ба Гэрээ 4:5–6-д Их Эзэний ажилд үйлчлэхэд туслах хүмүүсийн “орцны” буюу зан чанарын жагсаалт байдаг. Эдгээр шүлгийг уншаад, тэнгэрлэг зан чанар бүрийг тэмдэглэж болно. Та мөн энэ зарчмыг зааж буй үг хэллэгүүдийг тэмдэглэж болно. Бид тэнгэрлэг зан чанаруудыг хөгжүүлэхийг хичээх юм бол энэ нь биднийг Бурханы ажилд тохирохоор болоход тусална.

Эдгээр тэнгэрлэг зан чанар бүрийг хөгжүүлэх нь таныг Их Эзэний ажилд илүү сайн үйлчлэхэд хэрхэн тусалж болох талаар бодож үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 4:5–6-аас өөртөө бүрэн хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанарыг сонго. Өөрт тань байгаа эх сурвалжуудыг (Судруудын удирдамж, сэдэвчилсэн удирдамж гэх мэт) ашиглан энэ зан чанарын тухай заадаг өөр гурван судрыг олж мэд. (Та мөн өөрийн сонгосон зан чанаруудын тухай Итгэлдээ үнэнч байх нь товхимол, эсвэл Судруудын удирдамжаас уншиж болно.) Энэ зан чанарын тухай юу сурснаа мөн үүнийг хэрхэн хөгжүүлж эхлэх талаар судрын тэмдэглэл дээрээ товч дүгнэлт бич. Та нар төлөвлөгөөгөө эцэг эх, дотнын найзтайгаа хуваалцаж болно.

Сургаал ба Гэрээ 4:7-г уншаад, та нар хэрхэн эдгээр зан чанарыг эрэлхийлж, хөгжүүлж болохыг олж мэд. “Асуух” мөн “тогших” гэдэг нь ямар утгатай үг болохыг тунгаан бод. Тэнгэрлэг зан чанаруудыг хөгжүүлэхэд залбирал бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 4-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: