Семинар
21-р бүлэг: Гурав дахь өдөр, Сургаал ба Гэрээ 101:1–16


21-р бүлэг: Гурав дахь өдөр

Сургаал ба Гэрээ 101:1–16

Оршил

1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит, Миссурид байгаа гэгээнтнүүдийн туулж буй зовлон бэрхшээлүүдийн талаар илчлэлт хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 101-р хэсэгт цэдэглэгдсэн энэхүү илчлэлтийг гурван хичээлд хуваан авч үзэх болно. Эхний хичээлд, Их Эзэн яагаад гэгээнтнүүдэд зовлон бэрхшээл тулгарахыг зөвшөөрсөн тухай тайлбар орно. Үүнд мөн зовж зүдэрч буй гэгээнтнүүдэд хандсан Түүний зөвлөгөө болон тайвшралын үгс орсон байдаг.

Сургаал ба Гэрээ 101:1–8

Их Эзэн яагаад Өөрийн хүмүүст зовлон бэрхшээл туулахыг зөвшөөрснөө тайлбарлав

Зураг
Хойд Миссуригийн газрын зураг

Сургаал ба Гэрээ 98-р хэсгийг суралцаж байхдаа сурсан зүйлээсээ, 1833 оны 7-р сард Миссуригийн Жаксон гүнлэгт гэгээнтнүүд дараах бэрхшээлүүдийн алийг нь туулсныг тэмдэглэ. Та 1 дэх өдрийн хичээлийг эргэн харж болно.

Гэгээнтнүүдийн хэвлэлийн газрыг устгасан.

Сидней Гилбертийн дэлгүүрийг нурааж, барааг нь хулгайлсан.

Олон гэгээнтнүүдийн гэр орон, үр тариаг шатаасан.

Гэгээнтэн ах Эдвард Партриж, Чарлез Аллен хоёрт нийтийн талбай дээр давирхай түрхэж, өд наан тамласан.

1833 оны 7-р сард Миссуригийн Жаксон гүнлэг дэх танхайрагчдын хэрцгийллээс болж Сүмийн удирдагчид уг гүнлэгийг орхиж явахыг зөвшөөрсөн. Гэхдээ 1833 оны 8-р сард бошиглогч Иосеф Смит гэгээнтнүүдэд тэндэх эдлэн газраа зарахгүй байхыг зөвлөв. Сүмийн удирдагчид засгийн газарт өргөдөл өгч, хуулийн өөр бусад аргаар Миссури дэх эдлэн газраа хадгалахыг мөн зэрлэг балмадыг үйлдэгсдэд шударга ёсыг үзүүлэхийг эрэлхийлэх болсон. Эдгээр үйлдлийн талаар болон бодож байсных нь дагуу гэгээнтнүүд нүүх төлөвгүй байгааг олж мэдээд, Сүмийн гишүүн бус оршин суугчид гэгээнтнүүд рүү дахин дайрсан аж. 1833 оны 10 сарын 31-ний орой, морьтой 50 орчим дээрэмчин Индепенденсийн зүүн талд байх Витмерийн эдлэн рүү дайрав. Тэд 13 байшингийн дээврийг хуулж аван, хэд хэдэн хүнийг бараг үхтэл нь ташуурджээ. Иймэрхүү дайралтууд дараагийн 2 шөнө нь Индепенденст болон мөн гэгээнтнүүдийн амьдардаг өөр газруудад ч бас гарсан байна. Эрчүүдийг нь зодож, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг сүрдүүлжээ. 1000 гаруй гэгээнтэн Жаксон гүнлэг дэх гэрээсээ хөөгдөв.

Тэр үед Миссури дэх гэгээнтнүүд ямар ямар асуулт тавих байсан гэж та бодож байна вэ? Яагаад Их Эзэн танд эсвэл таны таньдаг хүмүүст муу зүйл тохиолдохыг зөвшөөрдөг юм бол гэж та бодож байсан уу?

Сургаал ба Гэрээ 101-р хэсгийн оршлыг уншаад, энэ илчлэлт хэзээ өгөгдсөн болохыг мөн Миссури дэх гэгээнтнүүд тэр үед өөр ямар бэрхшээлтэй тулгарч байсныг мэдэж ав.

Миссури дэх гэгээнтнүүд эдгээр бэрхшээлийг туулан зовж байх үед, Их Эзэн Өөрийн хүмүүст зовлон зүдгүүр туулахыг яагаад зөвшөөрдөг талаарх үнэнийг илчилсэн юм. Сургаал ба Гэрээ 101:1–2-ыг уншаад, Их Эзэн яагаад Миссури дэх гэгээнтнүүдэд хавчлага болон зовлон зүдгүүрийг туулахыг зөвшөөрсөн нэг шалтгааныг олж мэд.

2-р шүлгээс бид зарлигуудыг зөрчих үед, Их Эзэн биднийг зовохыг зөвшөөрдөг болохыг мэдэж авдаг.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Энэ үнэнийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Хэдийгээр Миссури дэх олон гэгээнтэн итгэлтэй мөн дуулгавартай байсан ч хавчлагын улмаас зовж зүдэрсээр л байв. Сургаал ба Гэрээ 101:3–5-ыг уншаад, Их Эзэн яагаад зөв шударга гэгээнтнүүдийг хүртэл зовж зүдрэхийг зөвшөөрдөг шалтгааныг олж мэд. Гэсгээн цээрлүүлэх гэдэг үг нь хүмүүжүүлэх эсвэл засах, мөн сорих гэдэг үг нь шалгах, харин ариусгах гэдэг үг нь хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг цэвэр ариун болгох гэсэн утгатай болохыг анхаар.

5-р шүлгийг эргэн хараад, дараах үнэний мэдэгдлийг гүйцээ. Хэрвээ бид гэсгээн цээрлүүлэлтийг тэвчихгүй аваас, чадахгүй.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон гэсгээн цээрлүүлэгдэж мөн соригдох нь хэрхэн бидэнд ариусахад тусалдаг талаар заасан. Тэрээр: “Наманчлахад түлхэц үзүүлэхээс гадна зэмлэлийг тэвчээртэйгээр хүлцэн өнгөрөөх нь биднийг төгөлдөржүүлж, илүү агуу сүнслэг зүйлсэд бэлтгэдэг юм” гэжээ (“Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,”Ensign, 2011 оны 5-р сар, 98 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104).

Зураг
Aбрахам, Исаак болон тэнгэр элч

Сургаал ба Гэрээ 101:4-т Их Эзэн Абрахамыг гэсгээн цээрлүүлэгдэж мөн соригдсон хүний жишээ болгон өгүүлсэн байдаг. Их Эзэн Абрахамд, хүү Исаакаа өргөл болгон өргөхийг зарлиглахад, Aбрахам итгэлтэй байдлаа нотолж, агуу сүнслэг адислалуудыг хүлээн авах бэлтгэлтэй байснаа харуулсан юм (Эхлэл 22:1–18-ыг үзнэ үү).

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаал ба Гэрээ 101:5-д заасан үнэнийг ойлгох нь хэрхэн бидэнд хэцүү үед тусалж болох вэ?

  2. Сургаал ба Гэрээ 101:6–8-ыг уншаад, өөрсдөдөө зовлон зүдгүүрийг авчирсан Миссури дэх зарим гэгээнтний хийсэн тодорхой зүйлсийг олж тогтоо. Тэгээд дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. 7-р шүлэгт цэдэглэснээр, “Их Эзэнийхээ дуу хоолойг сонсоход хөшүүн хойрго” байх нь ямар үр дагавартай вэ?

    2. 8-р шүлэгт цэдэглэснээр, зарим хүн зовлон зүдгүүртэй үедээ юу хийж эхэлдэг вэ? Их Эзэнийг “эрж хайх” гэдэг нь таны хувьд ямар утгатай вэ?

Зэмлэгдэж мөн Их Эзэнийг эрэлхийлж байсан үеийнхээ талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 101:9–16

Их Эзэн гэгээнтнүүдэд зөвлөж, тэднийг тайтгаруулав

Та Сургаал ба Гэрээ 101:9-ийг уншиж байхдаа, Миссурид зовж буй гэгээнтнүүдэд өгсөн Их Эзэний найдварын захиасыг ол. Та дараах зарчмыг заасан үгсийг тэмдэглэж болно. Гэм нүгэл үйлдсэн байсан ч Их Эзэн бидэнд нигүүлсэл үзүүлдэг.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Энэ сургаалыг ойлгох нь хэрхэн танд найдвар төрүүлэх вэ?

Сургаал ба Гэрээ 101:10–11-д, Их Эзэн гэгээнтнүүдэд хавчлага зовлонг туулахыг зөвшөөрсөн ч тэднийг хавчсан хүмүүсийг шийтгэх болно хэмээн хэлснийг бид сурдаг.

Зураг
Танхайрагчдын үйлдэл

Дараах догол мөрийг уншиж байхдаа, танд туулахад эсвэл харахад маш хэцүү байх зовлон бэрхшээлийг тэмдэглэ.

Миссуригийн Жаксон гүнлэгийн танхайрагчид Сүмийн бүх гишүүнийг гүнлэгээс хөөгдөн гарах хүртэл гэгээнтнүүдийг тарчлаан зовоосоор байв. Лайман Вайт энэ талаар: “Газар нимгэн мөсөөр хучигдсан 11-р сард, зуун ер орчим эмэгтэйчүүд, хүүхдүүд, нас дээр гарсан гуравхан эрэгтэйн хамт хөөгдөн тавь шахам км тал хөндийг туулан явахыг би харсан; шатсан хээр тал дахь сүрлийн ёзоорт шархалсан хөлнөөс нь гарсан цусны мөрөөр тэднийг олоход амархан байсан!” хэмээн өгүүлжээ (History of the Church, 3:439).

Ихэнх гэгээнтнүүд хойд зүг рүү зугтсан ба Миссури голыг гатлах хэрэгтэй байсан. Завины гарцын ойролцоох голын эрэг хоёр талдаа дүрвэгсдээр дүүрсэн байв. Зарим нь золоор гэр орноосоо бага сага зүйл авч зугтаж чадсан бол, ихэнх нь бүх эд зүйлээ алдсан байв. Парлей П.Пратт: “Зүг бүрд хэдэн зуун хүнийг харж болох байсан бөгөөд ширүүн бороо орох үед зарим нь майханд, зарим нь гадаа гал түлэн тойрон сууж байв. Нөхрүүд нь эхнэрүүдээ, эхнэрүүд нь нөхрүүдээ, эцэг эх нь хүүхдүүдээ, хүүхдүүд нь эцэг эхээ сураглаж байлаа. … Дүрслэхийн аргагүй дүр зураг харагдаж байв. Бидний сохор, дүлий заналхийлэгчид, харанхуй бүдүүлэг нийгмээс бусад энэ дэлхийн хэний ч зүрх сэтгэл уяран хайлмаар байсан” гэжээ (Autobiography of Parley P. Pratt, Бага Парлий П.Праттын хэвлэл, [1938], 102).

Хэрэв та ийм зовлон зүдгүүрийг туулсан бол үүнд хэрхэн хариулах байсан гэж бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 101:12–16-г уншаад, зөв шударга гэгээнтнүүдэд өгдөг Их Эзэний амлалтуудын талаар олж мэд. 12-р шүлэг дэх “миний бүх Израил” гэсэн үг нь сайн мэдээний гэрээндээ үнэнч хүмүүсийг хэлж байгааг мэдэх нь танд тустай байж болно.

Та дараах зарчмыг судар дээрээ Сургаал ба Гэрээ 101:16-ийн хажууд бичиж болно. Бид зөв шударга амьдрах юм бол бүх хүн Их Эзэний мутарт байдаг гэсэн мэдлэгтээ тайвшралыг олж чадна.

  1. Судрын тэмдэглэл дээрээ, өөрийн туршлага дээр үндэслэн хариулж бич эсвэл та эдгээр асуултыг гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ярилцан, уг ярианаас сурсан зүйлээ бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 101:16-д “хөдөлгөөнгүй байж мөн би бол Бурхан гэдгийг мэдэгтүн” хэмээх зарлиг ямар утгатай гэж та бодож байна вэ?

    2. Та хэзээ хүнд хэцүү үед амар амгалангийн адислалыг мэдэрч байсан бэ?

    3. “Хөдөлгөөнгүй” эсвэл чимээгүй байх нь хэрхэн Их Эзэний тайвшралыг хүлээн авахад тань тусалж болох вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 101:1–16-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Хэвлэх