Семинар
18-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 85–86


18-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 85–86

Оршил

Сургаал ба Гэрээ 85 бол 1832 оны 11-р сарын 27-нд бошиглогч Иосеф Смитийн Виллям В.Фелпст илгээсэн сүнслэг өдөөлт бүхий захидлын нэг хэсэг юм. Бошиглогч энэ захидалдаа Их Эзэн Миссурид өргөлийн хуулийн дагуу амьдарч байсан хүмүүсийн цэдгийг нягт нямбай хөтлүүлэхийг хүссэн гэдгийг тайлбарлажээ. Хожим нь, 1832 оны 12-р сарын 6-нд Иосеф Смит Библийн сүнсээр өдөөгдсөн засварыг хийж байхдаа Сургаал ба Гэрээ 86-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлт улаан буудай хийгээд зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн нэмэлт тайлбар болон хожмын өдрүүдэд Их Эзэний зөв шударга хүмүүсийг цуглуулахад гүйцэтгэх санваарын үүргийг тайлбарласан.

Сургаал ба Гэрээ 85

Их Эзэний бичиг хэргийн ажилтан Бурханы хүмүүсийн цэдгийг хөтлөх ёстой

Та өөрийгөө агуу болох чадавхтай нэгэн спортын багийн гишүүн байна гэж төсөөл. Та хэд хоногийн турш багтайгаа хамт сургуулилт хийснийхээ дараа, багийн тань нэг гишүүн амин хувиа хичээсэн, зарим нь байр байрандаа зохих ёсоор тоглодоггүй, бусад нь дасгалжуулагчаа тоодоггүй болохыг олж харжээ. Танай багийн хувьд яагаад хожих хэцүү байж болох вэ? Багийг илүү сайн тоглодог болгохын тулд юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

1832 онд Миссурид Сүмийн олон гишүүн цувран ирэх үед үүнтэй ижил нөхцөл байдал бий болж эхэлжээ. Миссури дэх олон гэгээнтэн Сионыг байгуулахын төлөө Их Эзэний урагш авчирсан хуулиудын дагуу амьдарч байв. Харин Сүмийн хэдэн гишүүн Их Эзэний зарлигуудыг үл даган, удирдагчдаасаа гэрчилгээ авалгүйгээр Миссури рүү аялсан аж (энэ нь С ба Г 72:17–18, 25-д Их Эзэний өгсөн хуулиар шаардлагатай байжээ). Гэрчилгээ нь Сүмийн бишопын эсвэл Сүмийн удирдах гурван ахлагчийн гарын үсэгтэй, тухайн хүнийг зохистой, буурь суурьтай, даамлын үүргийг хүлээх чадвартай болохыг мэдэгдсэн цаас байв. Хэдийгээр Миссури дэх Сүмийн бүх гишүүнд өмчөө Сүмд өргө хэмээн зарлиг буулгасан ч зарим нь өргөлд өгөх ямар ч нөөцгүй ирсэн нь хүмүүст тулгараад байсан саад бэрхшээлийг нэмэгдэхэд хүргэжээ. Наад зах нь нэг гишүүн өргөлд өгсөн өмчөө Сүмээс гарахдаа буцааж өгөхийг шаарддаг байв. Миссурид байсан зарим хүн өмч хөрөнгөө Сүмд өргөхөөс татгалзжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сүмийн зарим гишүүний ийм зан байдал багийн бүтээмж муутай гишүүнтэй ямар байдлаараа адилхан байна вэ?

    2. Ийм нөхцөл байдалд Сион хотыг байгуулах яагаад хэцүү байж болох вэ?

Сургаал ба Гэрээ 85-ын оршлыг уншаад, бошиглогч Иосeф Смит Миссурид үүссэн хүнд нөхцөл байдалд хэрхэн хариулсныг ойлгож мэд.

Жон Витмер

Жон Витмер

Иосеф Смитийн захидал Миссурид амьдарч байсан Их Эзэний бичиг хэргийн ажилтан Жон Витмерт заавар өгчээ. Сургаал ба Гэрээ 85:1–2-ыг уншаад, Сүмийн Миссури дэх бичиг хэргийн ажилтанд Их Эзэний хийхийг зааварласан зүйлийг олж мэд. (Эдгээр шүлгийг судалж байхдаа урвагчид бол урвадаг буюу Сүмээс нүүр буруулж, итгэлээ үгүйсгэдэг хүмүүс гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

Сургаал ба Гэрээ 85:3–5-ыг уншаад, яагаад зарим хүний нэрийг Сүмийн цэдгүүдэд оруулахгүй гэсэн шалтгааныг олж мэд. 3-р шүлэгт “өргөлөөр өвийг хүлээн авдаггүй тэд” гэдэг нь Их Эзэний зарлигласны дагуу өргөлийн хуулиар амьдрахаас татгалзсан хүмүүсийг хэлсэн болно.

Сүм зохион байгуулагдсан эхний үед цэдгүүдийг хэрхэн хөтөлж байсантай адил өнөө үед ч гэсэн шударга хүмүүсийн нэрсийн цэдгүүдийг мөн тэдний ажлын бүртгэлийг хөтөлж, хадгалдаг. Бид бошиглогчийн захидлаас хэрэв бид Бурханы хуулиудын дагуу амьдарвал бидний нэрс Сүмийн итгэлтэй гишүүдийн нэрсийн цэдэгт бичигдэх болно гэсэн зарчмыг мэдэж авдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, Сүмийн итгэлтэй гишүүн хэмээн нэрээ тэмдэглүүлэхийн тулд та юу хийх ёстойгоо бич. (Энэ даалгавраа хийж дуусаад бичсэн зүйлээ энэ хичээлийн төгсгөл хэсэгт байгаа хариулттай харьцуул.)

Бурханы өргөөг эмх цэгцэд барих ёстой “хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн” (С ба Г 85:7), “авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунгах тэр хүн” (С ба Г 85:8) гэсэн үгийг олон урвагч өөрсдийн Сүмээс хөндийрөх болсон шалтгаанаа тайлбарлахад ашигласан. Урвагчид Сүмийн олон ерөнхийлөгчийг Бурханы тааллыг алдсан бөгөөд гологдсон хэмээн мөн өөрсдийгөө бүх зүйлийг зөв болгохоор Бурханаар дуудагдсан “хүчтэй хийгээд хүчирхэг” хүмүүс гэж зарладаг. Иймэрхүү зарлага нь судрын утга агуулгатай зөрчилддөг. 1905 онд гаргасан албан ёсны мэдэгдэлд Тэргүүн Зөвлөл (Жозеф Ф.Смит, Жон Р.Виндер, Антон Х.Ланд нар) энэхүү илчлэлтийг урагш авчрах болсон нөхцөл байдлыг болон дараах хоёр хэллэг хэнд хамааралтай болохыг авч хэлэлцсэн байдаг. Тэд:

“Эхлээд энэхүү захидлын [Виллям В.Фелпст бошиглогчийн бичсэн захидал], хожим нь илчлэлт хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой хэсгийн [С ба Г 85] агуулга бүхэлдээ Миссури дэх Сүмийн ажил хэрэг, тухайн газар нутагт болох гэгээнтнүүдийн цугларалт, өргөлийн болон даамал байх хуулийн доор өвийг эзэмшихтэй холбоотой бөгөөд ялангуяа бишопын захирамж эсвэл баримтаар өвийг хүлээн авч чадахгүй хүмүүстэй юу болох асуудлыг авч үзсэн гэдгийг юуны өмнө дурдах нь зүйтэй буйзаа.

Сион буюу Миссуригийн Жаксон гүнлэгт байсан ах нарын дунд эсэргүүцэл, атаархал, бардамнал, итгэлгүй байдал, зүрх сэтгэлийн хатуурхал ноёлж байхад бишоп Партриж бүгдэд нь гар бие оролцож байсан бөгөөд энэ үед буюу 1832 оны 11-р сарын 27-нд Виллям В.Фелпст бичсэн захидлаас авсан илчлэлтийн энэ үгс бичигджээ. ‘Гэгээнтнүүдэд өөрсдийнх нь өмч хөрөнгийг хуваах[аар]’ ‘Бурханаас дуудагдаж мөн томилогдсон хүн’ болох Эдвард Партриж тэр үедээ хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандан, ‘авдрыг тогтвортой болгохоор гараа урагш сунга[х]’ нь хэрээс хэтэрсэн ба Бурханы шүүлт нүүрлэж буйг мөн өөр ‘хүчтэй бөгөөд хүчирхэг’ нэгнийг Бурхан оронд нь томилно хэмээн түүнд сэрэмжлүүлсэн ажээ. Оронд нь бишопын үүргийг авах хүн дээр дээд албан тушаалын сүнс болон хүч орших бөгөөд түүгээр тэрээр ‘Бурханы өргөөг эмц цэгцэд барихын, … гэгээнтнүүдийн өвийг хэсэгчлэн байгуул[ж],’ өөрөөр хэлбэл, бишоп Эдвард Партрижийг хий хэмээн томилсон ч хийгээгүй ажлыг нь хийх байв.

… Наманчилж, золиослон, шаналсны учир Эдвард Партриж ‘аянгын хурц цохилтаар арчигдан унах мод лугаа адил үхлийн дайралтаар уна[гахаар]’ өмнө нь нүүрлээд байсан шүүлтээс түүнийг хэлтрүүлсэн аж. Иймээс ‘Бурханы өргөөг эмх цэгцэд барих, гэгээнтнүүдийн өвийг хэсэгчлэн байгуулах хүчтэй хийгээд хүчирхэг нэгэн’ буюу түүний байр суурийг хэн нэгнийг илгээн оруулах явдлыг хэрэгсэхгүй болгон, бошиглол өгөгдөх болсон шалтгааныг хаагдсанд тооцсон байна” (Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6-р боть. [1965–1975 он], 4:112, 115, 117.)

Та нэгэн нэр хүндтэй үйл ажиллагаанд (тухайлбал: нэр алдартай хүний хурим, таны уулзахыг хүсэж байсан хүнтэй хамт барих оройн зоог) очихоор төлөвлөсөн байна гэж төсөөлөн бод. Таныг үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхэд нэр тань урилга дээр байгаагүй учраас оруулахыг зөвшөөрөхгүй байсан бол танд ямар байх байсан бэ?

Сургаал ба Гэрээ 85:9–11-ийг уншаад, Их Эзэний дурсамжийн буюу Бурханы хуулийн номд нэр нь байхгүй эхний үеийн гэгээнтнүүдэд юу тохиолдоно хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд. (Эдгээр нэр нь эхэн үеийн гэгээнтнүүдийн итгэл хийгээд ажлуудын талаар бичигдсэн цэдгийг хэлж байгаа гэдгийг санаарай.)

Цэдгийг энэ дэлхий дээр болон тэнгэрт хөтөлдөг. Бид бүгдээр өөрсдийн хийсэн үйлдэл, Бурханы хуулиудын дагуу амьдрах итгэлийнхээ дагуу хариуцлага хүлээх болно. Бурханы хуулиудад хэрхэн ханддаг мөн тэдгээрт хэрхэн дуулгавартай байдгаа тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 86

Их Эзэн улаан буудай болон зэрлэг өвсний сургаалт зүйрлэлийг нэмж тайлбарлав

улаан буудай ба зэрлэг өвс

Сургаалт зүйрлэл нь үнэнийг заахын тулд харьцуулалт ашиглан өгүүлсэн түүхийг хэлнэ. Maтай 13:24–30-аас улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийг унш.

Улаан буудай нь юуг төлөөлдөг гэж та бодож байна вэ?

Зэрлэг өвс нь юуг төлөөлдөг гэж та бодож байна вэ?

(Та дээрх асуултуудын хариултаа Матай 13:38-аас олж шалга.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сургаалт зүйрлэл дээр гарч байгаа хүн яагаад зэрлэг өвсийг зулгаахын тулд хүлээхийг хүссэн бэ?

Зэрлэг өвс бол хортой ургамлын нэг төрөл юм. Улаан буудай, зэрлэг өвс хоёр соёолж байхдаа бараг адилхан харагддаг ч бүрэн ургаж гүйцсэн үед нь ялгаж болдог байна. Хэрэв тариа хадагч улаан буудай болон зэрлэг өвсийг боловсорч гүйцэхээс нь өмнө зэрлэг өвсийг зулгаах гэж үзвэл ихэнх улаан буудай мөн адил устах юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 86:1–6-г уншаад, талбай, үр суулгагчид, дайсан гэсэн үгсийн утгыг олж мэд. Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Бэлгэ тэмдгийн тухай Их Эзэний өгсөн тайлбар дээр үндэслэн, сургаалт зүйрлэлийн санааг та хэрхэн дүгнэж хэлэх вэ?

Бошиглогч Иосеф Смит Библийн сүнслэгээр өдөөгдсөн өөрчлөлтүүдийг хянан, засаж байхдаа энэхүү илчлэлтийг хүлээн авчээ. Матай 13:30-д цэдэглэгдсэнээр, Их Эзэн эхлээд зэрлэг өвсийг зулгааж боогоод шатаахад бэлэн болгон, дараа нь улаан буудайг цуглуулж амбаарт хийхийг зааварласан (ИСО, Матай 13:29, [Матай 13:30, зүүлт тайлбар б]-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 86:7-г уншаад, энэ илчлэлтэд цугларалтын дэс дарааллын талаар өгсөн санааг олж мэд. Эцсийн өдрүүдэд зөв шударга хүмүүс хэрхэн цугларна гэж та бодож байна вэ?

Номлогч эгч нар зааж буй нь

Сэргээгдсэн сайн мэдээний талаар хүмүүст зааж байгаа номлогчид улаан буудай хийгээд зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлтэй хэрхэн холбоотой болохыг бодож үз.

Бид түүнчлэн бусадтай сайн мэдээг хуваалцсанаар зөв шударга хүмүүсийг цуглуулахад тусалж чадна. Хүмүүс Христийг хүлээн авч, баптисм хүртэхдээ сүрэгт нь цуглардаг. Их Эзэний Сүмийн гишүүдийн хувьд бид олон талаар адислагдсанаа эргэн санах нь бусадтай тэдгээр адислалаа хуваалцах хүслийг маань нэмэгдүүлж болно.

Сургаал ба Гэрээ 86:8–10-ыг уншаад, бид Их Эзэний Сүмийн гишүүдийнхээ хувьд хэрхэн адислагдсан арга замыг олж тогтоо. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

9-р шүлэгт “та нар хууль ёсны өв залгамжлагчид” гэсэн нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бол Бурханы Абрахамтай хийсэн гэрээний нэг хэсэг бөгөөд энэхүү гэрээгээр Абрахамын үр удам санваарын адислалуудаас хүртэн, тэдгээр адислалаа бусадтай хуваалцана гэсэн утгатай үг юм (Абрахам 2:9–11-ийг үзнэ үү).

Та дараах асуултыг тунгаан бод. Та санваараар дамжуулан хэрхэн адислагдаж байсан бэ?

Та дээрх асуултыг тунгаан бодож байхдаа санваараар дамжуулан хүлээн авах боломжтой болсон баптисм болон Ариун Сүнсний бэлэг зэрэг авралын ёслолуудынхаа талаар бодож болно. Сургаал ба Гэрээ 86:11-ийг уншаад, бидний бусдад туслах арга замуудыг олж тогтоо.

“Харийнханд гэрэл” гэсэн хэллэг нь сайн мэдээний адислал хүлээн аваагүй хүмүүст зөв шударга үлгэр жишээ үзүүлэх гэсэн утгатай. 11-р шүлэг бид бусдыг санваарын адислалыг хүлээн авахад нь тусалснаар тэдэнд авралыг авчирна хэмээн заадаг. Та судрынхаа захад энэ зарчмыг бичиж болно.

Та эсвэл таны таньдаг хүн хэн нэгэнд зөв шударга үлгэр жишээ болсон эсвэл өөр хэн нэгэнд санваарын адислалуудыг хүлээн авахад нь тусалж байсан тохиолдлуудаа тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ бусдыг санваарын ёслолууд болон адислалуудыг хүлээн авахад бид тэдэнд “гэрэл” болж болохын тулд юу хийхээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 85–86-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: