Семинар
4-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 8–9


4-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 8–9

Оршил

1829 оны 4-р сард Оливер Каудери бошиглогч Иосеф Смитэд алтан ялтсуудыг орчуулахад нь бичээчээр ажиллан тусалж эхэлсэн. Хэрэв Оливерийг хүсэх юм бол, Их Эзэн түүнд орчуулах бэлгийг санал болгосон (С ба Г 6:25-ыг үзнэ үү) учраас Оливер “өөрт нь амлагдсан орчуулах хүчийг авахыг ихэд хүсэж, тэвджээ” (Иосеф Смит, History of the Church, 1:36-д). Их Эзэн хариуд нь Оливерт итгэлийнх нь дагуу орчуулах чадварыг өгнө хэмээв.

Оливер орчуулах оролдлого хийж, сайн эхэлсэн боловч “эхэлсэн шигээ үргэлжлүүлж чадаагүй” аж (С ба Г 9:5). Сургаал ба Гэрээ 9-д Оливерын орчуулгын ажил яагаад амжилтгүй болсон тухай илчлэлтийг бошиглогч хүлээн авсан. Их Эзэн Оливерт цааш орчуулах шаардлагагүй хэмээн зааварласан юм. Үүний оронд Оливер Иосефт бичээчээр ажиллахад анхаарал тавих ёстой байв. Сургаал ба Гэрээ 8–9 болон 6-р хэсэг нь Ариун Сүнсний талаар мөн Их Эзэнээс ирэх илчлэлтийг хэрхэн эрэлхийлж таних арга замуудын талаар өгсөн үндсэн илчлэлтүүд юм.

Сургаал ба Гэрээ 8

Их Эзэн Оливер Каудерид илчлэлтийн бэлгийн тухай заав

Бурхан тантай ярьж эсвэл таны залбиралд хариулж буйг хэрхэн таних вэ гэж та өмнө нь бодож байсан уу?

Сургаал ба Гэрээ 8:1-ийг уншаад, Их Эзэн Оливер Каудерид хэрхэн залбирахыг зааварласан тухай олж хар. Дараа нь Сургаал ба Гэрээ 8:2–3-ыг уншаад, Их Эзэн Оливерын залбирлуудад хэрхэн хариулахыг тайлбарласан хэллэгүүдийг тэмдэглэ. Сургаал ба Гэрээ 8:2–3 нь төгс эзэмших судар юм. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ 2 багана зур. 1-р баганан дээр Бурханы илчлэлтийг эрэлхийлэх нь гэж бич. 2-р баганан дээр Бурханаас илчлэлт хүлээн авах нь гэж бич. 1-р баганан дээр Сургаал ба Гэрээ 8:1-ээс илчлэлт илэрхийлэх талаар сурсан наад зах нь 1 зарчмыг бич. 2-р баганан дээр 2–3-р шүлэгт Их Эзэн бидэнтэй хэрхэн ярьдаг тухай заасан үнэнийг бич.

Улаан Тэнгисийг гаталсан нь

Та Улаан тэнгисийг гаталсан Мосегийн түүхийг санаж байна уу? Их Эзэн Израилийн хүүхдүүдийг боолчлолоос чөлөөлөхийг Мосед тушаасан. Дараа нь Мосе Египетийн цэргүүдэд хөөгдөж байхдаа өөрийн хүмүүстэй хамт Улаан тэнгисийн эрэгт гацаанд ордог. Сургаал ба Гэрээ 8:2–3-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн Улаан тэнгисийг хуваахад Мосед хэрхэн сүнслэгээр нөлөөлсөн бэ?

Эдгээр шүлгээс бид Их Эзэн бидний оюун санаа, зүрх сэтгэлд Ариун Сүнсний хүчээр ярьдаг гэсэн үнэнийг сурдаг. Их Эзэн тантай ийм маягаар ярьж байсан үеийн талаар бод.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр болон уг чуулгын ахлагч Ричард Г.Скотт хоёр Бурхан тэдэнтэй хэрхэн ярьдаг талаар дараагийн мэдэгдлүүдэд тайлбарласан.

Ерөнхийлөгч Пакэр:

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Та нар Ариун Сүнсээр хэрхэн удирдагдахыг яг одоо, залуу насандаа суралцаж чадна.

Төлөөлөгчийн хувьд би жаахан хүүхэд байхдаа сонсдог байсан сүнслэг өдөөлтөө тэр л эх сурвалжаас мөн адил арга замаар сонсдог. Энэ дохио одоо илүү тод болсон” хэмээн хэлсэн (“Prayers and Answers,” Ensign, 1979 оны 11-р сар, 21).

Ахлагч Скотт:

Ахлагч Ричард Г.Скотт

Оюун санаанд ирэх өдөөлт маш тодорхой байдаг.

Тодорхой үгс хэлж, бичүүлж байгаа мэт сонсогдон, мэдрэгдэж, бичигддэг.

Зүрх сэтгэлд ирэх мэдрэмж нь илүү ерөнхий мэдрэмж байдаг. Их Эзэн ихэвчлэн мэдрэмж төрүүлэх замаар эхэлдэг. Тэдгээр нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагаснаар оюундаа илүү тодорхой зааврыг хүлээн авах хүмүүний чадавх хөгждөг. Зүрх сэтгэлд төрсөн сэтгэгдлийн хамт оюун санаанд илүү онцгой зааврууд дагалдан орж ирдэг” гэж заасан (“Helping Others to Be Spiritually Led” [Сүмийн Боловсролын Системийн багш нарт хандан хэлсэн үг, 1998 оны 8-р сарын 11], 3–4; si.lds.org).

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 8:2–3

Их Эзэн оюун санаа, зүрх сэтгэлд тань хэрхэн ярьдгийг санахын тулд Сургаал ба Гэрээ 8:2–3-т буй хэсгүүдийг карт эсвэл цаасан дээр бич. Эдгээр шүлгийг чээжлэхийн тулд өглөө, орой бүр хувийн залбирлынхаа өмнө давтаж хэл. Чээжилсэн бол, үүнийг найзтайгаа эсвэл гэр бүлийн нэг гишүүнтэйгээ хуваалцаж, энэ нь таны хувьд ямар утга учиртай болохыг тайлбарла.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр оюун санаа, зүрх сэтгэлд тань ярьж байсан үеийн тухай судрын тэмдэглэл дээрээ бич.

Сургаал ба Гэрээ 9

Яагаад Оливер Каудерид орчуулахад хэцүү байсан тухай Их Эзэн тайлбарлав

Ирэх жил та ямар чухал шийдвэр гаргах вэ? Ирэх 5 эсвэл 10 жилд? Энэ чухал шийдвэрүүдийг гаргахын тулд яагаад Их Эзэнээс удирдамж авахыг хүсэх талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 9 дээр ялтсуудыг орчуулах нь Оливер Каудерид яагаад хүнд байсан талаар Их Эзэн тайлбарласан. Их Эзэний тайлбар нь танд амьдралдаа гаргах шийдвэртээ хэрхэн удирдамж эрэлхийлж, хүлээн авах талаар ойлгоход тусална.

Сургаал ба Гэрээ 9:1–4-ийг уншаад, Оливерийг орчуулахын оронд ямар ажил дээр анхаарлаа төвлөрүүлэхийг Их Эзэн зааварласныг олж мэд. Дараа нь Сургаал ба Гэрээ 9:5–6, 11-ийг уншаад, Оливер орчуулах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон шалтгаан юу байсныг тэмдэглэ.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит: “Оливерын бүтэлгүйтсэн шалтгаан тэр эхэлсэн шигээ үргэлжлүүлж чадаагүй ба даалгавар нь түүнд хүнд байсан тул итгэл нь үгүй болсон явдал юм” гэжээ Church History and Modern Revelation, 2-р боть, [1953], 1:51).

Их Эзэнээс илчлэлт авахын тулд хийх ёстой зүйлийн талаар бид Оливер Каудерийн туршлагаас юу сурч болох вэ? Айдас, итгэл дутах зэрэг нь ямар замаар Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад саад болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийнхүү тайлбарласан.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Илчлэлт ирэх явцад мөн чухал шийдвэр гаргах үед айдас нь сүйтгэгч, заримдаа бүр хөнөөгч үүрэг гүйцэтгэдэг. Амьдралд нь олдсон агуу боломжийг ашиглаж чадаагүйн учир Оливер Каудерид Их Эзэн ‘Чи эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй’ хэмээн хэлжээ. Энэ нь гэрэл хүлээн авсан боловч өөр бодол, эргэлзээнд автсан хүмүүстэй адилхан сонсогдож байна уу? …

… Та нар захиасыг авч, Түүний хайрыг мэдрэн, Их Эзэний үгийг сонсох төлөөсийг төлснийхөө дараа урагш тэмүүл. Бүү ай, бүү эргэлз, бүү марга, бүү гомдолло. … Илчлэлтийн сүнсээр удирдуулж, айдсаасаа салж, эрчээрээ яв” (“Cast Not Away Therefore Your Confidence,”Ensign, 2000 оны 3-р сар, 10).

Их Эзэний хариултыг эрэлхийлж, үүний дагуу үйлдэхийн тул итгэлээ хөгжүүлэх хэрэгтэй байсан үеийнхээ тухай бод. Хариултаа олж авахын тулд та юу хийж чадах вэ?

Сургаал ба Гэрээ 9:7–8-ыг уншаад, Оливер орчуулах ажилдаа Их Эзэний тусламж дэмжлэгийг авч чадаагүйн өөр нэг шалтгааныг олж мэд. “Оюундаа тунгаан бодох” гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ?

Эдгээр шүлгээс бид илчлэлтийг таних, хүлээн авахад бидний зүгээс хичээл зүтгэл шаардагддаг гэдгийг сурч болно. Та энэ үнэнийг 1-р даалгаврын судрын тэмдэглэл дээр бичсэн Их Эзэнээс илчлэлт эрэлхийлэх арга замуудын жагсаалтад нэмж болно. Бид шийдвэрээ зөв эсэхийг судалсныхаа дараа Их Эзэнээс асуух хэрэгтэй гэдгийг сана.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Яагаад Их Эзэн шийдвэр гаргахдаа Өөрөөс нь зүгээр асуухын оронд асуудлыг өөрөө судлан, тунгаан бодоод, гаргасан шийдвэрээ бататгахын тулд Өөрт нь авчрахыг биднээс шаарддаг вэ?

Сургаал ба Гэрээ 9:7–8 дахь үнэнүүдийг доор бичсэн хүмүүс өөрсдийн нөхцөл байдлын талаар илчлэлт хүлээн авахдаа ашиглаж болох тухай тунгаан бод.

  • Нэгэн залуу коллежид орох, ажил олох, мэргэжил эзэмшихийн алиныг нь сонгохоо мэдэхгүй байв.

  • Нэг залуу эмэгтэй өөрт нь сөргөөр нөлөөлдөг найзуудаасаа холдохыг хичээж байгаа.

  • Буцаж ирсэн номлогч залуу гэрлэх талаар бодон, нэг хүнийг тохирох хүн мөн эсэхийг бодож байна.

Сургаал ба Гэрээ 9:8–9-ийг уншаад, Оливер Каудери шийдвэрээ зөв эсвэл буруу гэдгийг хэрхэн мэдэж болох байсныг олж мэд. Бидний гаргасан шийдвэр зөв эсэхийг Их Эзэнээс асуух юм бол Тэрээр хэрхэн хариулах талаар 8-р шүлгээс бид юу мэдэж авч болох вэ?

Оливер Каудерид амлагдсан цээжин дотор шатах мэт болдог мэдрэмж нь Ариун Сүнсний зөв сонголтыг баталж болох арга замуудын зөвхөн нэг нь юм. Сүнсний баталгаа нь хувийн бөгөөд гүн гүнзгий олон арга замаар ирж болно.

Ахлагч Ричард Г.Скотт

Ахлагч Ричард Г.Скотт “энэ нь зөв юм байна” (С ба Г 9:8) хэмээн мэдрэх арга замын талаар ярьсан. Тэрээр: “Миний хувьд амар амгаланг мэдрэх нь хамгийн нийтлэг гэрчлэгч баталгаа юм. Би ямар нэгэн чухал зүйлийн талаар ихэд санаа зовж, шийдвэрлэх гэсэн хүчин чармайлт маань үр дүнд хүрэхгүй байх үед итгэлтэй байснаар цааш нь үргэлжлүүлдэг. Дараа нь Түүний амласнаар бүхнийг хамрагч амар амгалан ирж, миний зовнилыг арилгадаг” хэмээн хэлсэн (“Залбирлын онцгой бэлгийг ашиглах нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 10).

Ахлагч Скотт буруу шийдвэр гаргасан гэх хариулт түүнд хэрхэн мэдрэгддэг талаар “Tэр [дүйнгэ бодол санаа] нь миний хувьд тайван бус, таагүй мэдрэмж байдаг” гэсэн (“Using the Supernal Gift of Prayer,” 10).

Та ахлагч Скоттын хэлсэн хоёр дахь мэдэгдлийг судрынхаа захын зайд, Сургаал ба Гэрээ 9:9-ийн хажууд эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.

Сургаал ба Гэрээ 9:10–14-т Их Эзэн Оливерыг орчуулах оролдлого нь бүтэлгүйтсэнд зэмлээгүй гэдгээ батлан хэлсэн. Их Эзэн Оливерт бошиглогчид зориулан бичих ажлаа үргэлжлүүлж мөн түүнийг Өөрийнх нь дуудсан “ажилд чанд шаргуу зогсогтун” хэмээн зааварласан юм (С ба Г 9:14). Их Эзэн Оливерт тууштай хичээл зүтгэл, дуулгавартай байдал л мөнх амьдралд хүргэнэ гэж амласан.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 8–9-өөс мэдэж авсан зүйлээ ашиглан, Их Эзэнээс илчлэлт хүлээн авах тухай 2–3 минутын хэлэх үгийг судрын тэмдэглэл дээрээ ноороглон бич. Үүндээ Их Эзэнээс илчлэлт эрэлхийлэхийн тулд бид юу хийх ёстой талаарх зөвлөгөө мөн Тэрээр бидэнтэй хэрхэн харьцдаг талаарх удирдамжийг оруул.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврын доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 8–9-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: