3-р бүлэг: 1 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 3; 10
Оршил
1828 оны 4-р сарын дундаас 6-р сарын дунд үеийг хүртэл бошиглогч Иосеф Смит Пеннсильванийн Хармонид амьдарч байхдаа алтан ялтсуудыг орчуулж байв. Чинээлэг бизнесмен, фермийн эзэн Мартин Харрис Иосефыг Мормоны Номыг орчуулахад нь бичээчээр үйлчилж байв. Мартин Харрис Иосефоос 22 насаар ах байсан бөгөөд Эммагийн гэр бүлийнхний амьдарч байсан Хармони руу нүүж очиход нь Иосеф, Эмма хоёрт 50 ам.доллар (тэр үеийн ханшаар их мөнгө) өгч, Иосефын алтан ялтсуудыг орчуулах ажилд тусалсан байна. 1828 оны 2-р сард Иосеф ялтсууд дээрх бичгийн хувилбарыг Нью-Йоркийн 2 профессорт үзүүлэн баталгаажуулахаар авч явахыг Мартин Харрист зөвшөөрөв (Иосеф Смит—Түүх 1:63–65-ыг үзнэ үү). Мартины эхнэр Люси Харрис ялтсуудын орчуулгын талаарх сонирхол, санхүүгийн тал дээр үзүүлж буй дэмжлэгт нь маш их сэтгэл зовниж байсан байна. Эхнэр нь болон бусад хүн ялтаснуудын бодитой гэдгийг нотлохыг Мартинаас хүсэн, түүнд шахалт үзүүлж эхлэв. 6-р сарын дунд үед Мартин тэдний хүслийг биелүүлэхийн тулд гар бичмэлийн 116 хуудсыг тэдэнд үзүүлэх зөвшөөрөл олгохыг Иосефоос хүссэн юм.
Сургаал ба Гэрээ 3:1–3
Бурханы ажил хясагдаж болохгүй гэдгийг Иосеф мэдэв
Тэнгэрлэг Эцэгийн зөвлөгөө, тушаалуудыг дагалгүй, найзынхаа үгийг сонсож, уруу таталтад орж болзошгүй байсан үеийнхээ тухай бод. Жишээ нь, танд найзуудынхаа хамт гэрийн даалгавраа хуулах, зохисгүй кино, видео бичлэг интернэтээр үзэх зэргээр уруу татагдсан тохиолдол байж болох юм. Бурууг нь мэдсэн хэрнээ найзууд тань ямар нэгэн зүйл хийхийг чамаас хүсэхэд яагаад танд татгалзахад хэцүү байдаг вэ?
1828 оны 6-р сарын дундуур бошиглогч Иосеф Смит бичээч Мартин Харрисын хамт алтан ялтсуудаас 116 хуудас гар бичмэлийг орчуулаад байв. Мартин “найзууддаа тэр [магадгүй] үнэнийг ухуулж болохын тулд уншуулах” зорилгоор гар бичмэлийг авч явахыг зөвшөөрөхийг Иосефоос гуйсан ажээ (Histories, Volume 1: Joseph Smith Histories, 1832–1844, The Joseph Smith Papers-ийн Histories цуврал номын 1-р боть, [2012], 15). Иосеф Мартины хүсэлтийг Их Эзэнээс асуусан боловч Тэрээр гар бичмэлийг өгөхийг зөвшөөрсөнгүй. Мартин Иосефоос дахин асууж өгөхийг гуйсан бөгөөд Их Эзэн хоёр дахь удаагаа татгалзжээ. Мартин Иосефоос дахин нэг удаа асууж өгөхийг гуйсан бөгөөд гурав дахь удаад нь гар бичмэлийг зөвхөн эхнэр, гэр бүлийнхээ цөөн хэдэн хүнд л үзүүлэх нөхцөлтэйгөөр Их Эзэн түүнд өгөхийг зөвшөөрсөн байна. Гэвч Мартин энэ амлалтаа зөрчин гар бичмэлийг алдсан юм. Иосеф Их Эзэний эхний зөвлөгөөг хүлээн авалгүй, “ариун нандин зүйлсийг ёс бус хүмүүний гарт” (С ба Г 3:12) оруулсан тул Моронай ялтсууд болон Урим ба Туммимыг бошиглогчоос авав. Гэсэн хэдий ч Иосеф “даруу байж мөн наманчилбал” тэдгээрийг дахин авч болно гэж Моронай түүнд хэлжээ (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 134).
Мартин Харрисын тухай мөн тэр Иосеф Смитийн төлөө юу хийснийг бодож үзээд, яагаад Иосеф гар бичмэлийг авч явж болох эсэхийг Их Эзэн түүнд хоёр удаа татгалзсан байхад шаргуу асуусан гэж та бодож байна вэ?
116 хуудсыг алдсаны дараа бошиглогч сэтгэлийн маш их дарамтад оржээ. 1828 оны 7-р сард Моронай Урим ба Туммимыг Сургаал ба Гэрээний 3-т өгөгдсөн илчлэлтийг хүлээн авах зорилгоор Иосефт түр хугацаагаар эргүүлэн өгсөн байна. Сургаал ба Гэрээ 3:1–3-ыг уншаад, эдгээр шүлэгт Бурхан ямар үнэнийг Иосeф Смитэд илчилснийг тэмдэглэ.
Эдгээр шүлгээс бид Бурханы ажлууд хийгээд зорилгууд хясагдаж болохгүй гэдгийг сурч болно. Сургаал ба Гэрээ 3:1-д гарсан хясагдах гэдэг үг нь ямар нэг зүйлд саад учруулах гэсэн утгатай.
-
Судрын тэмдэглэл дээрээ энэ үнэн Иосеф Смитийг тухайн үед хэрхэн тайвшруулсан байж болох талаар бич. Яагаад Их Эзэний үйлчлэлд нэгдсэн хүмүүс Бурханы зорилгууд хясагдаж болохгүй гэдгийг мөн адил ойлгох нь чухал гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 3:4–15
Их Эзэн Иосеф Смитийг зэмлэн, түүнд наманчлахыг ухуулав
Хэдийгээр Их Эзэн Иосефыг тайвшруулж байсан ч өөрийн залуу бошиглогчид хийсэн алдаа, түүнээс гарах үр дагаврыг ойлгуулахыг хүссэн. Сургаал ба Гэрээ 3:4–6-г уншаад, Иосеф Смитэд сонсоход хэцүү санагдсан байж болох үг хэллэгүүдийг олж тогтоо.
Дараа нь Сургаал ба Гэрээ 3:12–15-ыг уншаад, Их Эзэний мэлмийд Иосефын үйлдлүүд яагаад тийм чухал байсан тухай олж мэд. Яагаад Их Эзэн Мартин Харрисыг “ёс бус хүн” хэмээсний учрыг ойлгох хэрэгтэй (С ба Г 3:12). Мартин бол нүгэл үйлдэх дуртай, наманчилдаггүй, ёс суртахуунгүй нэгэн байгаагүй. Харин ч тэр сул талуудаа, тухайлбал бардам зандаа бууж өгснөөр нүгэл үйлдсэн нэгэн байсан. Сургаал ба Гэрээ 3:13-т Мартин хэрхэн ёс бус болох шалтгааныг Их Эзэн тайлбарласныг анхаар.
Их Эзэн Иосефыг Мартин Харрисын дарамтад орохдоо юу хийх хэрэгтэй байсныг сануулсан. Сургаал ба Гэрээ 3:7-г уншаад, Иосефт өгсөн Их Эзэний зөвлөгөөн дээр үндэслэн, дараах хэллэгийг гүйцээж бич. Бид илүүгээр Бурханаас айх ёстой. Та 7-р шүлэг дээрх энэхүү зарчмыг заасан үг хэллэгийг тэмдэглэж болно.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны өгсөн дараах тайлбар энэхүү үнэний утга агуулгыг илүү сайн ойлгоход тусалж болно.
“Хүмүүн Бурханаас эмээж байх хэрэгтэйг судруудын олон хэсэгт зөвлөсөн байдаг. Бидний энэ үед эмээх гэдэг үгийг ‘хүндлэх,’ ‘бишрэх,’ эсвэл ‘хайрлах’ хэмээн хөрвүүлэн ойлгодог. Тэгэхээр эмээх гэдэг нь Бурханыг хайрлах буюу Түүнийг, Түүний хуулийг хүндлэх гэсэн утгатай юм. Энэ нь ихэнх тохиолдолд зөв утгыг агуулдаг ч зарим үед Бурханы зарлигуудыг зөрчиж, Бурханыг гомдоохоос айх тухай бошиглогчдыг ярих үед айх гэсэн үг нь үнэхээр айх гэсэн утгыг илэрхийлэхгүй байгаа мэт надад санагддаг.
… Бид бусдын дарамт шахалтаас болж Түүний мэлмийд ямар нэгэн буруу зүйл хийхээс эмээх хэрэгтэй” (“A Sense of the Sacred” [СБС-ийн залуучуудад зориулсан галын дэргэдэх ярилцлага, 2004 оны 11-р сарын 7], 6–7).
-
Эмээх нь хэрхэн хайрлах, бишрэх мөн Бурханыг гомдоохоос эмээх гэсэн утгатай болохыг мөн ахлагч Кристоффэрсоны тайлбарласнаар бусдын дарамт шахалтад орсон ч энэ нь зөв шийдвэр гаргахад тусалдаг талаар судрын тэмдэглэл дээрээ тайлбарлан бич.
Хэрвээ Иосеф Смит Өөрийнх нь өгсөн эхний хариултыг сонсож, Мартин Харрист уламжилсан бол юу хийх байснаа Бурхан Иосеф Смитэд хэлсэн. Сургаал ба Гэрээ 3:8 дээрх энэхүү баталгааг тэмдэглэ.
-
Сургаал ба Гэрээний 3:8-аас олж мэдсэн зүйлээсээ “хэрэв–тэгвэл” гэсэн дараах зарчмыг судрын тэмдэглэл дээрээ гүйцээн бич. Хэрэв бид Их Эзэний зарлигуудад итгэлтэй байх юм бол …
Бусдын ятгалга, нөлөөлөлд орохын оронд Их Эзэний зарлигуудыг дагахыг сонгож байсан тохиолдлынхоо талаар бод. Ямар арга замаар энэ амлалт таны амьдралд биелэгдэхийг та харж байсан бэ?
-
Энэ хичээлийн эхэнд танаас Тэнгэрлэг Эцэгтээ дуулгавартай байхын оронд найзынхаа үгийг сонсож, уруу татагдаж байсан үеийнхээ тухай бодохыг хүссэн. Сургаал ба Гэрээ 3:8-аас олж мэдсэн үнэн таныг уруу татагдах болон ямар нэг буруу зүйл хийх дарамтад орсон үед хэрхэн тус болох талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 3:9–11-ийг уншаад, хийсэн алдааных нь хор уршгийг үл хэрэгсэн Их Эзэний Иосеф Смитэд өгсөн амлалтыг олж мэд. Биднийг гэм нүгэл хийж, алдаа гаргах үед энэ амлалт хэрхэн хэрэгждэг вэ?
Сургаал ба Гэрээ 3:16–20
Их Эзэн Мормоны Номын талаарх Өөрийн зорилгыг тайлбарлав
Сургаал ба Гэрээ 3:16–20-д Их Эзэн Мормоны Номын талаарх Өөрийн зорилгыг тайлбарласан. Эдгээр шүлгийг уншаад, Иосеф Смитийн хийж байгаа ажил яагаад Их Эзэн болон Түүний хүмүүст тийм чухал байсныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 10:1–4
Их Эзэн Иосефын орчуулах бэлгийг сэргээв
Хэсэг хугацааны дараа Мормоны Номын ялтсууд болон Урим ба Туммимыг Иосефт эргүүлэн өгсөн ба тэр алдсан гар бичмэлийн хуудаснуудыг яах тухай удирдамжийг Их Эзэнээс хүлээн авсан юм. Их Эзэн Иосефт тэр хэсгийг дахин орчуулахгүй байхыг тушаасан бөгөөд Бурханы ажлыг устгах гэсэн Сатаны явуулгыг илчилсэн билээ. Дараа нь Тэрээр алга болсон 116 хуудсыг орлох Нифайн бага ялтсуудыг орчуулахыг Иосефт зарлигласан ба Мормоны Номын зорилго, Түүний Сүмийг байгуулахад энэ номын гүйцэтгэх үүргийн талаар тайлбарласан.
Сургаал ба Гэрээ 10:1–2-т Их Эзэн Иосефт яагаад орчуулах хүчийг өөрөөс нь авсан тухай мөн түүний хийсэн алдааны улмаас юу болсон талаар сануулсан. Дараа нь Сургаал ба Гэрээ 10:3–4-ийг уншаад, Их Эзэн Иосеф Смитийг дахин орчуулж эхлэх үед ямар зөвлөгөө өгснийг олж мэд.
Гар бичмэлийг алдсанаар ирсэн гэмшил нь Иосефын орчуулгын ажилд шаргуу ажиллах хүсэл эрмэлзэлд хэрхэн нөлөөлсөн бэ? Иосеф Смитэд эхнэрээ халамжлах, амьдралаа авч явахын тулд хөдөлмөрлөх зэрэг өөр үүрэг хариуцлагууд байгаа гэдгийг Их Эзэн мэдэж байсан. Өөрт буй хүчнээс илүү хурднаар гүйх хэрэггүй гэсэн зөвлөгөө хэрхэн таныг чиглүүлж болох вэ?
Сургаал ба Гэрээ 10:5–37
Сатан Иосеф Смитийг болон Бурханы ажлыг устгахыг эрэлхийлэв
Зурагт үзүүлсэн занга эсвэл хавх нь биднийг хуурахад чиглэсэн Сатаны зорилгыг хэрхэн төлөөлж байна вэ?
Сургаал ба Гэрээ 10:5-ыг уншаад, Их Эзэн бошиглогч Иосeф Смитэд Сатаны занганаас зугтахын тулд юу хий хэмээн заасныг олж мэд. (Сургаал ба Гэрээ 10:5 нь төгс эзэмших судар болно.)
Залбирснаар ирэх адислалуудын тухай заадаг Сургаал ба Гэрээ 10:5 дээр үндэслэгдсэн зарчмыг гүйцээж бич. Бид байнга залбирснаар . Та энэ зарчмыг зааж буй Сургаал ба Гэрээ 10:5 дээрх үг хэллэгүүдийг тодруулан тэмдэглэж болно.
Бошиглогчийг болоод Бурханы ажлыг устгах зорилгоор тавьсан Сатаны занганы тухай Их Эзэн Иосеф Смитэд сануулсан. Сургаал ба Гэрээ 10:6, 10–19-ийг уншаад, Мартин Харрисын гэртээ авч очсон гар бичмэлийг эзэмших болсон ёс бус хүмүүсийн төлөвлөгөөг олж мэд.
Сургаал ба Гэрээ 10:20–29-д гар бичмэлийн 116 хуудсыг хулгайлсан тэр хүмүүст нөлөөлсөн Сатаны нөлөөний талаар Их Эзэн айлдсан. Түүнчлэн Тэрээр Сатаны зорилгуудыг илчилсэн. Эдгээр шүлгээс бид Сатан Их Эзэний ажил болоод бидний бодгалийг устгахыг хүсдэг гэдгийг сурдаг.
-
Сатаны оролдлогыг таньж мэдэх нь таныг түүний урхи занганаас зайлсхийж мөн зугтахад хэрхэн тусалж болох вэ? Санамсаргүй байхад өмнө тань гарч ирсэн садар самуун дүрс зургийг үзэх эсвэл зайлсхийх ёстой газар руу очих зэрэг түүний занганд орохгүй байхын тулд юу хийж болох талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 10:30–37-оос бид Иосеф Смитийн нэр хүндийг болон Бурханы ажлыг устгахыг хүссэн ёс бус хүмүүсийн төлөвлөгөөнөөс болж Их Эзэн бошиглогчийн алдагдсан хуудаснуудыг дахин орчуулах хэрэггүй хэмээн зарлигласныг ойлгодог.
Сургаал ба Гэрээ 10:38–45
Их Эзэн Нифайн ялтсуудыг орчуулахыг Иосеф Смитэд зарлиглав
Сургаал ба Гэрээ 10:38–42-ыг уншаад, бошиглогч Иосеф Смитэд ялтсуудаас орчуулагдсан байсан, алдагдсан гар бичмэлийн хэсгийн оронд Их Эзэн юуг орчуул хэмээн хэлснийг олж мэд.
Алдагдсан бичиг нь Мормоны хураангуйлсан Нифайн том ялтсууд буюу Лихайн номын орчуулгыг агуулж байсан юм (МЭӨ 600-аас МЭӨ 130 он хүртэл). Нифайн бага ялтсуудыг бичих сүнслэг өдөөлт Нифайд ирсэн бөгөөд Мормон бүрэн ойлгоогүй ч гэлээ тэр үедээ “мэргэн зорилгын учир” Нифайн бага ялтсуудыг өөрийн тэмдэглэлийн хамт үүнд оруулсан ажээ. (1 Нифай 9:5; Мормоны Үгс 1:3–7-г үзнэ үү). Нифайн бага ялтсууд нь Лихайн номтой ойролцоо цаг хугацааны түүхийг хамардаг (МЭӨ 600-аас МЭӨ 130 он хүртэл).
Бурхан алдагдсан гар бичмэлийн 116 хуудсыг орлуулах арга замыг олон мянган жилийн өмнөөс бэлтгэсэн нь таныг Түүнд илүү бүрэн дүүрэн итгэхэд хэрхэн тусалсан бэ?
Сургаал ба Гэрээ 10:46–70
Их Эзэн Мормоны Номын зорилго болоод Түүний Сүмийг байгуулахад энэ номын гүйцэтгэх үүргийн талаар тайлбарлав
Сургаал ба Гэрээ 10:46–70-д Их Эзэн Өөрийн нифай үндэстэн дагалдагчдын итгэлтэй залбирлуудад хариулсан бөгөөд бидний энэ үед зориулан Мормоны Номыг хадгалан авчирсан талаар бид олж мэддэг. Бошиглогч Иосеф Смитэд Мормоны Ном нь “[Түүний] сургаалын үнэн зөв хэсгүүдийг … гэрэлд авчрах болно” хэмээн Их Эзэн заасан (С ба Г 10:62). Сургаалын тэдгээр хэсэг дээр үндэслэн Их Эзэн Өөрийн Сүмийг энэ хожмын өдрүүдэд барьж байгуулсан юм.
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 10:5
-
Сургаал ба Гэрээ 10:5-ыг дахин уншаад, залбирал танд Сатаныг ялан дийлэхэд тусалж байсан үеийн талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 3; 10-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: