13-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 57
Оршил
1831 оны 6-р сард Их Эзэн Иосеф Смит болон бусад ахлагчид Сүмийн чуулганыг Миссурид хуралдуул хэмээн зарлигласан байна (С ба Г 52-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит болон бусад хүмүүс зарлигийг дуулгавартай даган, Огайогоос Миссури хүртэл ойролцоогоор 1400 орчим км газар туулжээ. Иосеф Миссурид ирснийхээ дараа эдүгээ Сургаал ба Гэрээ 57-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлтэд Их Эзэн өмнө нь гэгээнтнүүдэд өгсөн амлалтаа биелүүлэн Сионы хотын байршлыг илчлэв (С ба Г 52-ыг үзнэ үү). Их Эзэн мөн хэд хэдэн хүнд Сионыг байгуулахад гүйцэтгэх үүргүүдийнх нь талаар зааварчилжээ.
Сургаал ба Гэрээ 57:1–6
Их Эзэн Сионы хотын байршлыг илчлэв
Сионыг барьж байгуулах талаар бошиглогч Иосеф Смит ямар сэтгэгдэлтэй байсныг илүү сайн ойлгохын тулд түүний хэлсэн дараах мэдэгдлийг унш.
“Бидний ирэхийг удаан хүлээсэн [Оливер Каудери, Бага Петр Витмер, Зиба Петерсон болон Фредерик Г.Виллямс мөн Миссурид номлолоор үйлчилж байгаа бүгд] ах нартайгаа уулзсан уулзалт бахадмаар байсан бөгөөд олон хүн нулимс унагасан билээ. Бүгд хамтдаа нэгдэн уулзалдах нь ах нарт сайхан, тааламжтай байгаа юм шиг санагдав. Гэвч зүүний ихэд өндөр хөгжсөн нийгмээс ирэн, одоо Нэгдсэн Улсын баруун хязгаарын зах буюу хил дээр, харанхуйд амьдран суух асар уудам зэлүүд нутгийг харан зогсож байгаа бидэнд олон дүр зураг харагдаж байв. Цаг үеэсээ бараг зуун жилээр хоцорч байгаа хүмүүсийн доройтол, оюуны хомсдол, харгис хэрцгий зан авир болон атаа жөтөөг ажиглан харж, иргэншил, соёлжилт юм уу шашны ашиг тусаас хүртэлгүй хэрэн тэнүүчлэх тэднийг өрөвдөн, тиймээ, бошиглогчдын адил: ‘Цөл газар хэзээ сарнай мэт цэцэглэх вэ? Эцсийн өдөр бүх үндэстнүүд цуглан ирэх Сион өөрийн алдартаа хэзээ баригдаж, мөн Таны ариун сүмүүд хаана босох вэ?’ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан. Бидний сэтгэлийн түгшүүрийг дараах [илчлэлт: С ба Г 57] арилгасан юм” (History of the Church 1:189-д).
Та баяр юм уу төрсөн өдөр тэмдэглэх, номлолд үйлчлэх, ариун сүмд очих, бэлэг хүлээн авах эсвэл хайртай нэгнээ эргэн очих зэрэг ямар нэгэн үйл явдлыг тэсэн ядан хүлээж байсан үеэ бод. Таны хүсэн хүлээж байсан үйл явдал ойртох тусам танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Яагаад тухайн үйл явдал танд чухал байсан бэ? Таны үйл хөдлөл уг үйл явдалд баярлаж байгааг тань хэрхэн харуулж байсан бэ?
Эхэн үеийн гэгээнтнүүдийн дунд олон хүн Сион хотын тодорхой байршлыг мэдэхийг тэсэн ядан хүлээж байв. Сургаал ба Гэрээ 57 дахь илчлэлт өгөгдөхөөс өмнө тэд Мормоны Номоос Америк тивд орших Шинэ Иерусалимын тухай уншсан байлаа (3 Нифай 20–21; Ифер 13-ыг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтүүдээс Сион Миссуригийн хаа нэгтээ байгаа гэдгийг гэгээнтнүүд мэдсэн ажээ (С ба Г 52:2, 5, 42-ыг үзнэ үү).
Сүмийн гишүүдийг гурван үндсэн бүлэгт хуваагдан, ойролцоогоор 1400 км газрыг туулан Миссурид ирэхэд дуудсан гэдгийг сана. Тухайлбал: Бошиглогч болон цөөн тооны ахлагч (С ба Г 52–53-ыг үзнэ үү), замдаа номлохоор дуудагдсан хэсэг номлогч (С ба Г 52-ыг үзнэ үү) болон Нью-Йоркийн Колесвиллоос Ньюел Найтаар удирдуулан ирсэн гэгээнтнүүд (С ба Г 54-ийг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 57:1–3-ыг уншаад Сионы хот хаана баригдахыг тэмдэглэ.
Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр Индепенденс хот Сионы хаана байрлаж байсан бэ?
Сургаал ба Гэрээ 57:3-ыг дахин уншаад, Их Эзэн Индепенденс буюу Сионы төв газарт юу байх ёстой хэмээн хэлснийг тэмдэглэ.
Та дараах зарчмыг судрынхаа захад тэмдэглэж болно. Ариун сүм бол Сионы төв юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сионы төвд ариун сүм байрлах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Яагаад амьдралынхаа төвд ариун сүмийг байлгах нь чухал вэ?
-
Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад хүмүүст саад болдог зүйлсийг бод. Амьдралаа дэлхийн зүйлс дээр төвлөрүүлдэг хүмүүст юу тохиолдож болох вэ?
-
Судрын тэмдэглэлдээ голдоо дугуйтай бай зур. Байныхаа төвд ариун сүм гэж бич. Тэгээд дараах асуултуудад хариул. Тухайлбал:
-
Хэрэв та ариун сүм гэх мэт сүнслэг зүйлс дээр анхаарлаа илүү бүрэн дүүрэн төвлөрүүлбэл таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
-
Ариун сүмийг амьдралынхаа төвд тавих нь хэрхэн бидэнд амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлэхэд туслах вэ?
-
Амьдралаа ариун сүм дээр төвлөрүүлснээр таны хүлээн авч чадах адислалуудыг дүрслэн харуулсан дараах мэдэгдлүүдийг унш. Унших явцдаа эдгээрээс хүлээн авсан адислалаа тэмдэглэ.
“Ариун сүмд орох зохистой болон боломжтой та бүхнийг би ариун сүмд ойр ойрхон орж байгаарай хэмээн хүсч байна. Ариун сүм бол амар амгаланг олох газар юм. Тэндээс бид сайн мэдээг дагах шинэчлэгдсэн зүтгэл мөн сургаалуудыг мөрдөх бэхжүүлэгдсэн шийдвэрийг хүлээн авдаг билээ.” (Toмас С.Moнсoн, “Биднийг дахин уулзтал,” Ensign, 2009 оны 5-р сар, 113 эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 126).
“Заримдаа бидний оюун санаа янз бүрийн асуудалд дарагдан, анхаарал тавих шаардлагатай өдий төдий асуудалтай тулгарсан үед бид зөв бодож, тодорхой харж чаддаггүй. Ариун сүмд анхаарлыг сарниулах зүйлс манан будан лугаа арилж, бид өмнө нь харж чадахгүй байсан зүйлээ ‘харж,’ урьд нь яаж гарах арга замаа мэдэхгүй байсан асуудлуудаа шийддэг” (Боид K.Пакэр, “The Holy Temple,”Ensign, 2010 оны 10-р сар, 35).
“Ариун сүмд орж, үүнийг хайрлах юм бол бидний амьдралд итгэлийг маань харуулах болно. Бид ариун өргөөнд очиж, тэнд хийсэн гэрээнүүдээ санаснаар аливаа зовлон зүдгүүр, уруу таталт бүрийг даван туулах хүч чадалтай байх болно. Ариун сүм бидний амьдралыг зорилготой болгодог. Энэ нь бидний бодгальд амар амгаланг авчирдаг” (Toмас С.Монсон, “Blessings of the Temple,”Ensign 2010 оны 10-р сар, 15).
“Хэрэв бид ариун сүмд очдог хүмүүс байвал бид илүү сайн хүмүүс болох болно. … Амьдрал тань зав чөлөө гардаггүй гэдгийг би мэднэ. Та бүгдэд хийх олон зүйл байгааг ч би бас мэднэ. Гэхдээ та нар Их Эзэний өргөөнд очиж байх юм бол адислагдаж, амьдрал чинь илүү сайн сайхан байх болно гэдэг амлалтыг би та бүхэнд өгч байна” (Гордон Б.Хинкли, “Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,”Ensign, 1997 оны 7-р сар, 73).
“Бүгдээрээ ариун сүмд ордог, ариун сүмийг хайрладаг хүмүүс байцгаая. Цаг зав, мөнгө, хувийн нөхцөл байдал боломж олгохын хэрээр ариун сүмд аль болох олон удаа ордог байцгаая. Зөвхөн нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө бус бас ариун сүмд Бурханыг шүтэн биширснээс ирдэг хувийн адислалыг авахын тулд мөн энэхүү ариулан адислагдсан өргөөн доторх ариусгал хийгээд аюулгүй байдлыг мэдрэхийн тулд ариун сүмд явцгаая. Ариун сүм бол үзэсгэлэн төгөлдөр, илчлэлтийн болон амар амгалангийн газар мөн. Энэ бол Их Эзэний өргөө. Энэ нь Их Эзэнд ариун билээ. Иймээс энэ нь бидэнд ариун байх ёстой” (Ховард В.Хантэр, “The Great Symbol of Our Membership,”Ensign, 1994 оны 10-р сар, 5).
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Дээрх мэдэгдлүүдэд дурдагдсан адислалуудаас алийг нь та хүлээж авсан бэ?
-
Эдгээр адислал нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Ариун сүмийг амьдралынхаа төвд илүү бүрэн дүүрэн байлгахын тулд та юу хийж болох талаар эргэцүүлэн бод. Ариун сүмийн эрхийн бичигтэй байхуйц зохистой хэвээр байх буюу боломж, бололцооныхоо хэрээр ариун сүмд орох зорилт тавь.
Сургаал ба Гэрээ 57:4–6-д Их Эзэн гэгээнтнүүдэд Миссуригийн Жаксон гүнлэгт болон ойролцоох газруудад Сионыг байгуулж мөн ариун сүм барих боломжтой газар худалдаж авахыг зарлигласан болохыг тэмдэглэсэн байдаг.
Сургаал ба Гэрээ 57:7–16
Их Эзэн хувь хүмүүсийн Сионыг байгуулахад гүйцэтгэх үүргийн талаар зааварчлав
Та өөрийгөө Их Эзэн Сионы байршлыг илчлэхэд Миссуригийн гэгээнтнүүдтэй хамт байж, Индепенденст хот байгуулахад туслахаар үлдэхийг танаас гуйж байна хэмээн төсөөл. Танд ийм чухал үүрэг хүлээлгэсэн гэдгийг мэдэх ямар байсан бэ? Та хэрхэн Их Эзэнд зориулан хот барьж эхлэх вэ? Үүнийг барихад та хэнээс тусламж хүсэх вэ?
-
Сургаал ба Гэрээ 57:7–13-ыг унш. Судрын тэмдэглэл дээрээ Сионыг байгуулахад туслуулахаар Их Эзэний томилсон 4 хүний нэр болон тэдний хүн тус бүрээр хийлгүүлэхээр даалгасан ажлыг жагсаан бич.
Миссурид оршин суухыг зөвлөсөн хүн бүр Сионыг байгуулахад хэрэгтэй бэлэг хийгээд авьяастай байсан. Та дараах зарчмыг судрынхаа захад тэмдэглэж болно. Бид хувь хүнийхээ хүчтэй талуудыг Их Эзэнийг биднийг дуудах үед болон Түүний хаант улсыг байгуулахад туслахад ашиглах ёстой.
Өөрсдийн хүчтэй тал, сүнслэг бэлэг, ур чадваруудаа ашиглан Сүмийг байгуулалцсан таньдаг хүмүүсийнхээ талаар бод.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Таны хүчтэй талууд юу вэ?
-
Та хүчтэй талаа гэр бүлээ болон Сүмийг адислахад хэрхэн ашиглаж болох вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврын доор бич.
Би Сургаал ба Гэрээ 57-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: