Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхэнд тавтай морилно уу
Сургаал ба Гэрээ гэж юу вэ?
Сургаал ба Гэрээ бол өнөө үеийн Сүмийн удирдагчид, гишүүд мөн дэлхийн оршин суугчдад өгсөн бурханлаг илчлэлт болон сүнсээр ирсэн тунхаглалын цуглуулгаас бүрдсэн судар юм. Энэ нь орчин үеийн илчлэлт бөгөөд Библи, Мормоны ном ба Агуу Үнэт Сувдын адил Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дөрвөн жишиг бүтээлүүдийн нэг мөн.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит Сургаал ба Гэрээ бидэнд хэр үнэ цэнтэйг тайлбарласан юм: “Сургаал ба Гэрээ нь одоо энд оршин сууж буй тэдэнд өгсөн Бурханы үгийг агуулдаг. Энэ бол бидний ном. Энэ нь хожмын үеийн гэгээнтнүүдэд харьяалагдах ном. Энэ нь алтнаас ч илүү үнэтэй тул бид үүнийг дэлхийн баялгаас илүү үнэлэх ёстой” (Doctrines of Salvation, эмхэтгэсэн Брүс Р.Макконки, 3-р боть [1954–1956], 3:199).
Яагаад Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхийг судлах нь надад чухал вэ?
Сургаал ба Гэрээг хэрэглэдэг хүмүүст Их Эзэн Өөрийн даалгаврыг өгсөн:
“Эдгээр зарлигуудыг судлагтун, учир нь тэдгээр нь үнэн бөгөөд итгэмжлэгдсэн юм, мөн тэдгээрт буй бошиглолууд хийгээд амлалтууд бүгд биелэгдэх болно.
Их Эзэн миний бие ярьснаа би ярилаа, мөн би өөрийгөө зөвтгөх нь үгүй; мөн тэнгэр хийгээд газар үгүй болсон ч, миний үг алга болох нь үгүй, харин миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил, бүгд биелэгдэх болно” (C ба Г 1:37–38).
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли
“Сургаал ба Гэрээ бусад судраас өвөрмөц юм. Энэ бол Сүмийн үндсэн хууль юм. Сургаал ба Гэрээнд төрөл бүрийн эх сурвалжаас авсан бичээс, мэдэгдлүүд багтдаг ч энэ нь ерөнхийдөө энэ үеийнхэнд бошиглогчоор дамжуулан өгсөн үндсэн чухал илчлэлтүүдийн ном юм.
Эдгээр илчлэлт нь Бурханы хожмын үеийн агуу ажлын сэргээлтэн дэх зарлигуудыг нь аянгын дуу мэт хүчтэй тунхаглан эхэлдэг:
“‘АНХААРАГТУН, Ай, миний сүмийн хүмүүс, хэмээн дээд тэнгэрт оршигч хийгээд мэлмий нь бүх хүмүүс дээр байх түүний дуу хоолой хэлэх ажгуу; тийм ээ, үнэнээр би хэлнэ: Холын хүмүүс та нар анхаарагтун; мөн тэнгис далайн арлууд дээрх та нар хамтдаа дуулагтун.
Учир нь үнэхээр Их Эзэний дуу хоолой бүх хүмүүнд хандсан болой, мөн зайлан зугтах хэн ч үгүй; мөн харах нь үгүй нүд гэж үгүй болой, мөн сонсох нь үгүй чих гэж үгүй, бас нэвтрэх нь үгүй зүрх сэтгэл гэж үгүй бөлгөө.’ (С ба Г 1:1–2.)
“Энэхүү хүчирхэг эхлэлээс мөнхийн үнэний оргилон буй булгаас ундран ирэх гайхамшигт сургаалын дүр зураг нээгддэг. Зарим нь Их Эзэн өөрийн бошиглогчид шууд илтгэн хэлсэн илчлэлт байдаг. Зарим нь Ариун сүнсээр урагш хөдөлгөгдөх лугаа адил Иосеф Смитийн хэлээр яригдан бичигдсэн байдаг. Мөн янз бүрийн нөхцөл байдлын дунд болсон үйл явдлуудын тухай түүний өгүүлсэн өгүүлэл байдаг. Эдгээр нь хамтдаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал болон дэг жаяг үнэн бодит болох дүгнэлтийг өгч тунхагладаг. …
Энэ номонд гардаг олон төрлийн үйл явдлууд үнэхээр гайхалтай. Тэдгээр нь Сүмийн удирдлагын талаарх зарчмууд, горим журмыг багтаасан байдаг. Бие махбодын болоод сүнсний аль алинд нь өгсөн амлалт бүхий эрүүл мэндийн хосгүй хуулиуд ч буй. Мөнхийн санваарын гэрээг аль ч судраас оломгүй тийм маягаар дүрслэн үзүүлсэн байдаг. Нар, сар, одны алдар суугийн тухай Паулын товч сануулган дээр үндэслэсэн алдар суугийн гурван зэрэглэлд хамаарах онцгой эрх болон адислалууд, хязгаарлалтууд болон боломжууд илчлэгдсэн байдаг. Наманчлалыг маргашгүй тодорхой хэлээр тунхагласан. Баптисмын зөв хэв маяг өгөгдөв. Зуун зууны туршид шашны үзэлтнүүдийн дунд маргаантай байсаар ирсэн Бурхан Тэргүүтэний үнэн бодит байдал олон түмэнд ойлгомжтой хэлээр дүрслэгдсэн байна. Сүмийн үйл хэргийг явуулах санг хэрхэн олж, зарцуулах Их Эзэний санхүүгийн хууль гарч ирсэн. Бурханы бүх үеийн охид, хөвгүүдийг адислах нас барагсдын төлөөх ажил илчлэгдсэн” (“The Order and Will of God,”Ensign, 1989 оны 1-р сар, 2, 4).
Сургаал ба Гэрээг судалснаар та Есүс Христийн дуу хоолойг (C ба Г 18:33–36-г үз) мөн Ариун Сүнсний харилцааг (С ба Г 8:2–3-ыг үз) илүү сайн ялган таньж чадах болно.
Сургаал ба Гэрээний тухай
Сургаал ба гэрээ нь 138 хэсэг, 2 албан ёсны тунхгаас бүрддэг. Эдгээрийн олон илчлэлт нь 1833 онд Зарлигуудын ном нэрээр анх удаа ном болон хэвлэгдсэн байна. Тэргүүн Зөвлөлийн удирдамж доор Сургаал ба Гэрээнд орсон нэмэлт илчлэлт, бусад үйл явдлын тэмдэглэлийг Сүмийн Чуулгануудын туршид гишүүдэд танилцуулж мөн тэд хүлээн зөвшөөрсөний дараа нэмсэн юм.
Ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлагаар ахлагч Оорсон Праттын бэлтгэсэн хувилбар нь илчлэлтүүдийг он дарааллаар нь эмхтгэн түүхэн оршлын хамт шинэ гарчгуудыг нэмэн оруулжээ.
Сургаал ба Гэрээний 1981 оны хэвлэлд анх удаа гурван баримт бичгийг оруулсан. Эдгээр нь нас барагсдын авралын тухай үндсэн сургаалууд болох 137, 138-р хэсэг ба Албан тунхаг 2 юм.
Сургаал ба Гэрээний 2013 оны хэвлэлд шинэ гэрэл зургууд, шинэчлэгдсэн газрын зургууд зэрэг суралцахад туслах хэрэгслүүд мөн оршил хэсэгт орсон засваруудыг нэмж оруулсан юм. Судрын агуулгыг илүү тодорхой, алдаагүй, нягт болгохын тулд оршил хэсэгт жижиг засваруудыг оруулжээ.
Иосеф Смитийн тэмдэглэлүүд
Энэ гарын авлага дээрх түүхэн мэдээллийн ихэнх хэсгийг Сүмийн түүх болон Иосеф Смитийн тэмдэглэлийн төслүүдээс авсан. Ялангуяа, Сүмийн түүхчийн хэвлэлээс гаргасан Иосеф Смитийн тэмдэглэлийн төслүүдийн 1, 2-р баримтуудын цувралаас тусламж авсан (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сүмийн Түүхийн албаны хэвлэл) Иосеф Смитийн тэмдэглэлийн эх хувийг дижитал хэлбэрээр уншихыг хүсвэл josephsmithpapers.org руу орж болно.