21-р бүлэг: Хоёр дахь өдөр
Сургаал ба Гэрээ 99–100
Оршил
Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 99-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1832 оны 8-р сарын 29-нд хүлээн авчээ. Энэ илчлэлтэд Их Эзэн, Жон Мурдокийг номлолоо үргэлжлүүлэн хийж, Нэгдсэн Улсын дорнод руу явуулахаар дуудав. Иосеф Смит Сургаал ба Гэрээ 100-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1833 оны 10-р сарын 12-нд, Нью-Йоркт Сидней Ригдонтой хамт номлогчоор хөдөлмөрлөж байхдаа хүлээж авчээ. Энэ илчлэлтээр Их Эзэн Иосеф, Сидней хоёрт Огайо дахь гэр бүлүүд нь сайн байгаа гэж тайвшруулсан. Түүнчлэн Их Эзэн Миссурид хавчигдан зовж байсан гэгээнтнүүдийн талаар Иосефыг тайтгаруулсан юм.
Сургаал ба Гэрээ 99
Их Эзэн Жон Мурдокийг сайн мэдээг тунхаглуулахаар дуудав
Сүмийн гишүүн биш нэгэн найз чинь танаас яагаад ийм олон залуу эрэгтэй болон залуу эмэгтэйчүүд амьдралынхаа 2 жил эсвэл 18 сарыг золиосолж номлолд үйлчилдэг юм бэ гэж асууж байна гэж төсөөлөн бод. Хэн нэгэн номлолд үйлчлэхийн тулд яагаад тийм их золиослол гаргахад бэлэн байдгийг та хэрхэн тайлбарлах вэ?
Жон Мурдок Сүмийн эхэн үеийн гишүүдийн нэг байв. Дараах мэдээллийг уншихдаа, Их Эзэнд үйлчлэхийн тулд түүний гаргасан золиослолуудыг анхаар.
Жон Мурдок олон сүмийг сонирхсон бөгөөд эцэст нь бүх шашин замаасаа төөрсөн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байжээ. Гэтэл 1830 оны сүүлчээр тэр Мормоны Номыг уншаад, Ариун Сүнс үнэн болохыг нь гэрчлэхийг мэдэрсэн аж. Тэр Христийн үнэн Сүмийг олсон гэдэгтээ итгэлтэй байв. 1830 оны 11-р сарын 5-нд баптисм хүртсэнийхээ дараахан Жон Мурдок номлолд үйлчилсэн бөгөөд Огайогийн Оранж болон Варренсвиллд дөрвөн сарын дотор 70 орчим хүнд баптисм хүртээжээ.
1831 оны 4 сарын 30-нд Жоныг номлолоосоо ирээд удаагүй байхад түүний эхнэр Жулиа ихэр хүүхэд төрүүлснийхээ дараахан нас барсан юм. 1831 оны 6-р сард Их Эзэн түүнийг Миссури рүү явж мөн замдаа сайн мэдээг номло хэмээн дуудав (С ба Г 52:8–9-ийг үзнэ үү). Жон явахаасаа өмнө, 7 хүртэлх насны 5 хүүхдээ хэн нэгний асаргаанд үлдээхэд анхаарах хэрэгтэй байлаа. Тэр том хүүхдүүдээ хэдэн хүний халамжинд захиж үлдээсэн бөгөөд хоёр нялх ихрийг нь Иосеф, Эмма Смит хоёр үрчилж авчээ. Жон Мурдок 1831 оны сүүлийн хагас болон 1832 оны эхний хагаст Мичиган бүс, Индиана, Миссури болон Огайод номлов. Тэр 1832 оны 6-р сард Огайогийн Хайрамд буцаж ирэхдээ удаан хугацааны өвчнөөс болж шаналж байв. Тэр бас ихэр үрсийнх нь нэг нь өмнөх 3-р сард нас барсныг мэдсэн ба 3 том хүүхдийг нь асарч байсан хүмүүс харж хандсаныхаа хариуд мөнгө нэхэж байв.
Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 99 дэх илчлэлтийг Жон Мурдокийг хоёр дахь номлолоосоо буцаж ирээд 2 сар орчим болж байхад хүлээж авсан байна. Сургаал ба Гэрээ 99:1-ийг уншаад, Их Эзэн Жон Мурдокийг юу хийхэд дуудсаныг олж мэд.
Энэ илчлэлтэд сайн мэдээг номлох дуудлагаас гадна, Жоны үйлчлэлд хамаатай маш олон амлалт орсон байдаг. Сургаал ба Гэрээ 99:2–3-ыг уншаад, Жон Мурдок болон түүний заасан хүмүүсийн аль аль нь түүний үйлчлэлээс болж хэрхэн адислагдсаныг олж мэд.
Бид 2–3-р шүлгээс дараах үнэнүүдийг сурдаг. Бид номлолд үйлчлэхдээ Их Эзэнийг төлөөлдөг бөгөөд бяцхан хүүхдүүд адил сайн мэдээг хүлээн авах хүмүүс нигүүлслийг хүртдэг.
Жон Мурдокийг дорнод мужууд тийш номлолд явахын өмнөхөн, Бошиглогчдын сургуульд түүнд маш гүнзгий нөлөө үзүүлсэн нэгэн үйл явдал болжээ. “[Залбирлын цуглаануудын] нэгэн дээр бошиглогч бидэнд, хэрвээ бид Бурханы өмнө өөрсдийгөө даруусган мөн хүчит итгэлийг харуулах аваас Их Эзэний нүүрийг харах болно гэж хэлсэн юм. Үд дундын орчимд миний оюун ухаанд үзэгдлүүд нээгдэж, ойлголтын мэлмий минь гэгээрсэн ба би нэгэн сайхан хүнийг харсан бөгөөд түүний царай нар мэт гэрэлтэй, сайхан байв. … Түүний төрх байдал хамаг бүхнийг нэвтлэм, бас хамгийн дур булаам байлаа. Би уг хүнийг толгойноос хөл хүртэл бүхэлд нь ухааран ойлгохыг хичээж байх зуур, гэнэт алга болж, үзэгдэл дууссан. Гэхдээ энэ үзэгдэл, өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их хайрын мэдрэмжийг оюунд минь олон сарын турш үлдээсэн юм” (John Murdock, autobiography and diary, 13, L. Tom Perry Special Collections, Харолд М.Лигийн нэрэмжит номын сан, Бригам Янгийн Их Сургууль, Юта, Прово).
-
Их Эзэнд үйлчлэхээр золиослол хийсэн гурван хүнийг өөрийн амьдралаас эсвэл судар дээрээс бодож ол. Тэдний нэрсийг судрын тэмдэглэл дээрээ бич. Дараа нь тэр хүмүүс гаргасан золиослол, хийсэн үйлчлэлийнхээ төлөө ямар ямар адислал хүлээж авсныг бичээрэй.
Сургаал ба Гэрээ 99:4–5-ыг уншаад, Жон Мурдокийн заасан захиасыг хүлээн аваагүй хүмүүст юу тохионо хэмээн Их Эзэн хэлснийг олж мэд.
Сургаал ба Гэрээ 99:6–8-ыг уншиж байхдаа Их Эзэн, Жон Мурдокийн хэрэгцээ болон түүний гаргасан золиослолыг мэдэж байсан гэдгийг харуулсан баталгааг ол.
Жон Мурдок Их Эзэний зөвлөгөөг даган мөн гурван том хүүхдээ Миссурид байгаа бишоп Партрижийнх руу явуулах болсон ба хүүхдүүд нь тэнд өөр өөр гэр бүлд тус тусдаа амьдарч байжээ. Жон дуудлага авснаасаа нэг сар орчмын дараа 1832 оны 9-р сард номлолдоо явсан юм. Тэр ахиад өөр хэд хэдэн номлолд үйлчлээд, дараа нь Миссурид байгаа хүүхдүүд дээрээ очжээ. Жон Мурдок номлогч, бишоп болон патриархаар дуудагдан, Их Эзэнд амьдралынхаа туршид итгэлтэйгээр үйлчилсэн юм.
Сургаал ба Гэрээ 100:1–12
Их Эзэн, Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт тайвшрал болон удирдамжийн үгсийг өгөв
Номлогчид номлолоо эхлэх үедээ ямар зүйлд санаа зовдог байж болох вэ? Сургаал ба Гэрээ 100-р хэсгийг судлах явцдаа эдгээр санаа зовоох зүйлийг бодолдоо хадгална уу.
1833 оны 4-р сард Фриман Никерсон хэмээх хүн Нью-Йоркт Сүмд нэгдсэнийхээ дараа Огайогийн Көртланд руу явжээ. Фриман Иосеф Смиттэй уулзаад, бошиглогчийг Нью-Йорк болон Канадад байгаа Никерсоны гэр бүлийнхэнд зочлохыг хүссэн байна. Иосеф Смит, Сидней Ригдон хоёр түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй хамт 1833 оны 10-р сарын 5-нд Көртландаас хөдөлжээ. Тэд аян замдаа сайн мэдээг номлосоор явав. 1833 оны 10-р сарын 12-нд, тэд Нью-Йоркийн Перрисбург дэх Никерсоны гэрт ирсэн бөгөөд Иосеф Сургаал ба Гэрээ 100-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.
Сургаал ба Гэрээ 100-р хэсгийн оршлыг уншаад, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Нью-Йоркт ирэхдээ юунд санаа зовж байсныг олж мэд.
Их Эзэн энэ илчлэлтээр Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын гэр бүлийнхнийхээ талаар санаа зовж байсан явдалд хариулжээ. Сургаал ба Гэрээ 100:1–2-ыг уншаад, Аврагч тэдний зовнилд хэрхэн хариулсныг олж мэд. Иосеф, Сидней хоёрт тайвшрал өгсөн байж болох үгсийг та тэмдэглэж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ Сургаал ба Гэрээ 100:1–2-т Их Эзэний хэлсэн үгс өнөөдөр гэр бүлийнхээ талаар санаа зовж буй номлогчдод хэрхэн тусалж болохыг дүрслэн бич.
Их Эзэн Иосеф, Сидней хоёрт гэр бүлийнх нь талаар мөн тэднийг номлогчийн ажилдаа адислагдах болно хэмээн батлан хэлэв. Сургаал ба Гэрээ 100:3–4-ийг уншаад, эдгээр баталгааны заримыг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 100:5–8-ыг уншаад, Их Эзэний нэмэлт амлалтуудыг олж мэд.
5–6-р шүлэг нь бид сайн мэдээг хуваалцахаар дуу хоолойгоо өргөх аваас, Их Эзэн юу хэлэхээ мэдэхэд бидэнд тусална гэсэн амлалтыг агуулдаг. (Энэхүү амласан тусламжийг авахын тулд бид зөв шударгаар амьдарч мөн өөрсдийгөө үйлчлэхэд бэлдэх ёстой гэдгийг сана.)
Сургаал ба Гэрээ 100:7-оос номлогчид сайн мэдээг “зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон дөлгөөн байдлын сүнсэнд” тунхаглах ёстой болохыг бид сурдаг. Энэ зөвлөгөө нь бид сайн мэдээг чанд байдлаар мөн даруухнаар хуваалцах ёстойг хэлж байгаа юм.
Сургаал ба Гэрээ 100:8-ыг уншаад, хэрвээ бид сайн мэдээг ийнхүү заах аваас Их Эзэн бидэнд юу амласныг олж мэд. Дараа нь дараах зарчмыг гүйцээж бич. Хэрвээ бид сайн мэдээг бусадтай зүрх сэтгэлийн чанд байдалд, номхон дөлгөөн байдлын сүнсэнд хуваалцах аваас, Ариун Сүнс болно.
-
Таны хэлсэн эсвэл заасан ямар нэгэн зүйлийг Сүнс зөв гэж батлахыг мэдэрч байсан үеийнхээ талаар тунгаан бод. Үүнд, найз нөхөд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ сайн мэдээний талаар ярих, гэрчлэлээ хуваалцах эсвэл Сүмийн цуглаанд үг хэлэх, хичээл дээр санал, бодлоо хуваалцах гэх мэт зүйл орж болно. Сэтгэгдлээ судрын тэмдэглэл дээрээ дүрслэн бич. Түүнчлэн, та өөр хэн нэгний хэлж байгаа зүйл үнэн гэж Ариун Сүнсний гэрчлэхийг мэдэрч байсан туршлагаасаа дүрслэн бичиж болно.
Сургаал ба Гэрээ 100:9–12-ыг уншаад, Их Эзэний бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгсөн заавар болон амлалтуудыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариул. Хэрвээ та номлолд үйлчилж байсан бол Сургаал ба Гэрээ 100:12 дахь амлалт танд ямар учир утгатай байх байсан бэ?
Бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын хийсэн номлолын ажил Сүмд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн юм. Сидней Ригдон Нью-Йорк дахь Никерсоны гэрт цугларсан нэгэн том бүлэгт номлосон бөгөөд дараа нь уг гурван ах хойшоо Канадын Онтарио тийш үргэлжлүүлэн аялж, тэнд өөр олон бүлэгт номложээ. Тэнд номлогчид 20-иод хүнд баптисм хүртээж мөн Сүмийн нэг салбарыг үүсгэн байгуулсан байна. Хэсэг хугацааны дараа, Парлей П.Пратт Канадад номлолд үйлчилж байхдаа уг салбарт зочилжээ. 1833 оны номлолын үед хөрвөгдсөн Мозес Никерсон гэдэг хүн, ахлагч Праттыг Жон Тэйлортой танилцуулсан бөгөөд Жон Тэйлор амжилттай номлогч болж, хожим нь Сүмийн ерөнхийлөгч болсон юм. Эдгээр үйл явдал нь “дорнын энэ нутаг дахь эргэн тойрны нутгуудад үр дүнтэй хаалга нээгдэх болно” хэмээх Их Эзэний амлалтын зарим хэсгийн биелэлт байв (C ба Г 100:3).
Сургаал ба Гэрээ 100:13–17
Их Эзэн Миссури дэх гэгээнтнүүдийн зовлон бэрхшээлийн талаар санаа зовж байсан Иосеф, Сидней хоёрыг тайвшруулав
1833 оны 8-р сард, бошиглогч Иосеф Смитийг номлолд явахын өмнөхөн Оливер Каудери, Миссури дэх Сүмийн дайснууд тэндхийн хожмын үеийн гэгээнтнүүдийг хэрцгийлэн түрэмгийлж байгаа талаар сураг дуулгажээ. Иосеф Миссури дэх гэгээнтнүүдэд өөрийн зөвлөгөөг дамжуулахаар Оорсон Хайд, Жон Гөүлд хоёрыг явуулав. Тэд мормончуудыг эсэргүүцэгч танхайрагчдын нутаг дэвсгэрт ойр аялах байсан учир энэ аялал маш аюултай байсан юм. Сидней Ригдон, Фриман Никерсон хоёртой номлолд байхдаа бошиглогч, Оорсон, Жон болон Миссурид хавчигдаж байсан бүх гэгээнтний төлөө санаа нь зовж байв.
-
Сургаал ба Гэрээ 100:13–17-г уншаад, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд юу гэж хэлснийг олж мэд. Дараах даалгаврыг судрын тэмдэглэл дээрээ хий. Тухайлбал:
-
15-р шүлэгт сурсан зүйл дээрээ үндэслэн, энэ зарчмыг гүйцээж бич. Хэрвээ бид … аваас бүх зүйл бидний сайн сайхны тулд хамтдаа үйлчлэх болно.
-
Их Эзэний өмнө “цэх шулуун алхах” гэдэг нь шударга байж мөн зарлигуудыг сахихыг хэлж байгаа юм. Их Эзэний өмнө илүү “цэх шулуун алхахын” тулд та өөрийн амьдралд хийж чадах тодорхой зүйлсийн талаар бод. Эдгээр зүйлийн нэгийг сонгон авч, үүний дагуу үйлдэх, уг адислалыг амьдралдаа илүү ихээр урих зорилго тавьж мөн түүнийгээ бич.
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 99–100-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах нэмэлт асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: