Семинар
29-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 135


29-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 135

Оршил

1844 оны 6-р сарын 27-нд Иллинойн Картейжид бошиглогч Иосеф Смит ба түүний ах Сүмийн ерөнхийлөгчийн туслах, патриарх Хайрум нарын амь насыг бүрэлгэсэн. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга хэвлэгдэхэд бараг бэлэн болоод байсан Сургаал ба Гэрээний 1844 оны хэвлэлийн төгсгөлд энэ үхлийн талаарх мэдэгдлийг оруулахыг зөвшөөрсөн байна. Энэ мэдэгдлийг үйл явдлын гэрч асан Арван хоёрын чуулгын гишүүд болох ахлагч Жон Тейлор, Виллярд Ричардс нар бичсэн байна. Энэ түүх одоо Сургаал ба Гэрээ 135-д цэдэглэгдсэн байдаг.

Сургаал ба Гэрээ 135

Иосеф ба Хайрум Смит нарын амь насыг бүрэлгэснийг зарлан мэдэгдэв

Сургаал ба Гэрээ 135:1-ийг унш. Та өөрийгөө 1844 онд Иллинойн Наувуд амьдарч байсан Сүмийн гишүүн гэж төсөөлөн бод. Тэгээд энэ эмгэнэлт мэдээг хүлээн авахад танд ямар байх байсан талаар бодож үз.

Олон гэгээнтэн Иосеф болон Хайрум Смит нарын үхлийн талаар олж мэдээд, уй гашууд автсан байв. Та бошиглогч Иосеф Смитийн амьдралын сүүлийн өдрүүдийн талаар суралцаж байхдаа түүний талаарх өөрийн мэдрэмж, гэрчлэлийг тунгаан бод.

Иосеф Смит болон гэгээнтнүүд Иллинойд бараг 3 жилийн турш харьцангуй амар тайван амьдарч байв. Гэтэл 1842 он гэхэд тэд эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн юм. Сүм доторх тэрслүү үзэлтнүүд болон Сүмийг эсэргүүцэгчид бошиглогч болон Сүмийн эсрэг хүчин чармайлтаа нэгтгэв. Иллинойн зарим иргэд айдаст автан, бас гэгээнтнүүдийн улс төрийн нөлөөнөөс эмээж, цэрвэж эхлэв. Бусад хүн Наувугийн эдийн засгийн өсөлтөд улам ихээр атаархаж, Науву хотын засгийн газар болон цэргийн гэрээт хүчинд шүүмжлэлтэй хандаж байлаа. Олон эхнэр авах ёс гэх мэт Мормоны зарим өвөрмөц сургаал болон дэг хаягийг Сүмийн урвагч гишүүд гуйвуулж байсны улмаас зарим хүн буруугуур ойлгож гэгээнтнүүдэд дургүй болж эхлэв. (Church History in the Fulness of Times Student Manual [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 263–266, 270–271.)

1844 он гэхэд Сүмийн эсрэг дайсагнах хандлага улам бүр хурцдаж байв. Иллиной дахь зарим иргэн гэгээнтнүүдийг улсаасаа хөөн гаргах талаар ярилцаж байхад зарим нь Иосеф Смитийг алахаар хуйвалдаан зохиож байлаа. Бошиглогчийн болон Сүмийн эсрэг хуйвалдаж байсан хүмүүсийн зарим нь Сүмээс урвасан гишүүд байв. 1844 оны 6-р сарын 7-нд Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр үйлчилж байсан Виллиам Лоо бусад урвагчийн хамт Nauvoo Expositor хэмээх нэртэй сонины анхны дугаарыг хэвлэжээ. Эдгээр эр бошиглогч болон Сүмийн эсрэг олон нийтийг өдөөн хатгахыг хичээж, Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг гүтгэн гүжирдэхдээ уг сониныг ашигладаг байв. Иосеф Смит болон Науву хотын зөвлөл өдөөн турхирсан уг сониныг хотын эсрэг танхайрагч бүлгийн хүчирхийллийг дэгдээнэ гэдгийг ойлгожээ. Тэд үүнийг нийгмийн хэв журмыг зөрчсөн явдал хэмээн зарлаж, Nauvoo Expositor хэвлэлийг устгах захирамж гаргажээ.

Сонины хуудас

Урвагчид Nauvoo Expositor сониныг бошиглогч Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчийг гүтгэн доромжилж, мөн Сүмийн эсрэг олон нийтийг турхирахдаа ашиглаж байв.

Nauvoo Expositor сонин дээр хэвлэгдсэн зүйлс болон хэвлэлийг устгасан явдал нь мормончуудын дайснуудын өс хонзон өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Уг хэвлэлийн эзэд үймээн самуун гаргасанд Иосеф Смит болон хотын бусад удирдагчийг буруутган, тэдний эсрэг хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Иосеф Смитийг хожмын үеийн гэгээнтэн ба гэгээнтэн бус шүүгчид ял шийтгэлээс цагаатгасан хэдий ч энэ нь цаашид түүний дайснуудыг хилэгнүүлсэн юм. Танхайрагчид Науву хот руу дайрахаар цугларч байна гэсэн мэдээ тархаж эхлэхэд хотын даргын хувьд Иосеф Смит Иллинойн захирагч Томас Фордын удирдлагаар, Науву хот цэргийн хуулийн (цэргийн түр дүрэм) дагуу хамгаалагдах болно хэмээн зарлаж, Наувугийн Армид хотоо хамгаалах тушаал өгөв.

Тэр бүс нутагт үймээн самуун ихэд хурцадсан учраас аюултай нөхцөл байдлыг намжаахын тулд захирагч Форд тухайн бүсийн засгийн газрын төв, Картейж руу явсан байна. Тэрээр Иосеф Смитэд, бошиглогч хийгээд бусад удирдагчийг шүүх ажиллагааг зөвхөн Мормон бус шүүгчээр Картейжэд явуулах нь хүмүүсийн санааг амраах болно гэж бичжээ. Захирагч Форд тэднийг сайн дураараа ирвэл бүрэн хамгаалалтад авч мөн шударгаар шүүх болно гэж амласан байна. Иосеф энэ аялал амь насанд нь аюултай байх бөгөөд очихгүй гэж хариуд нь бичжээ.

Энэ хэцүү цаг үед бошиглогч, Хайрум хоёр хамтдаа зөвлөлдсөний эцэст, хэрэв тэр хоёрыг Наувуг орхин явж, Баруун зүгийг чиглэн аялах юм бол Науву дахь гэгээнтнүүд хохирохгүй гэж тэд боджээ. Иосеф, Хайрум хоёр энэ сүнслэг өдөөлтийнхөө дагуу Айова руу Миссиссиппи голыг гаталсан байна. Гэсэн хэдий ч Науву дахь Сүмийн зарим гишүүн бошиглогчийн төлөвлөгөөнд эргэлзэж байлаа. Хэдэн хүн түүн дээр ирж, хавчлага дарамтыг ганцааранг нь үүрүүлэхээр гэгээнтнүүдийг орхин явж байна гэж үзэн, түүнийг аймхай хулчгар хэмээн буруутгаж байв. Бошиглогч “Хэрэв миний амь найз нөхдөд маань үнэ цэнгүй бол надад ч гэсэн үнэ цэнгүй” (History of the Church, 6:549-д) хэмээн хариулж байжээ. Иосеф, Хайрум хоёр зөвлөлдсөнийхөө дараа Наувуд эргэн иржээ. Тэд 1844 оны 6-р сарын 24-ний өглөө эрт Картейж руу явав.

Сургаал ба Гэрээ 135:4-ийг уншаад, Картейжийн ойролцоо Иосеф Смитийн хэлсэн бошиглолыг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Гэр бүлийнхэн дээрээ эргэж ирэхгүй гэдгээ мэдсээр байж, гэр бүлээ орхиж явах нь Иосеф Смитэд ямархуу байсан гэж та бодож байна вэ?

    2. Бошиглогч яагаад “хурга адил аллага уруу” явж байгаагаа мэдэж байсан ч “зуны өглөө лугаа тайван” байсан гэж та бодож байна вэ?

Бошиглогч өөрийнх нь үхэл гэгээнтнүүдийн амьдралыг хамгаална гэдгийг мэдэж байв.

Сургаал ба Гэрээ 135:5-ыг уншаад, Хайрум Картейж руу явахынхаа өмнө юу уншиж, тэмдэглэснийг анхаар.

Мормоны Номын хуудас

Хайрум Смит Картейж руу явахаасаа өмнө Мормоны Номын энэ хувь дээрх энэ хуудсыг уншиж, тэмдэглэжээ. Энэ хуудасны буланг нугалсан байсныг анхаар.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Ифер номноос авсан эдгээр шүлгийг (Ифер 12:36–38) тэр үед, ялангуяа Хайрум унших нь яагаад илүү их утга учиртай байсан гэж та бодож байна вэ?

1844 оны 6-р сарын 25-нд Иосеф, Хайрум болон бусад удирдагчийг бослого өдөөн турхирсан хэмээн шийтгэл ногдуулах албан ёсны шүүх хурал болтол барьцаагаар суллагдсан байв. Гэтэл тэр орой Иосеф, Хайрум хоёр урвасан хэргээр шийтгүүлж, Картейжийн шоронд хоригджээ. Үүнийг өмнөх батлан даалтын асуудлыг авч хэлэлцэх шүүх хуралд дурдаагүй байсныг Иосеф болон түүний хуульчид эсэргүүцсэн ч урвасан хэргээр батлан даалтаар гаргадаггүй байсан учраас тэд Картейжид, аюултай байдалд үлдэхээс өөр аргагүй болов.

1844 оны 6-р сарын 26-нд Иосеф шоронд захирагч Фордтой уулзав. Амбан захирагч Форд Науву руу явах санаагаа илэрхийлэхэд Иосефт Картейжид байх нь аюултай гэдгийг мэдэж байсан тул хамт явахыг хүсжээ. Захирагч Форд хэрэв Картейжаас явбал Иосеф, Хайрум хоёрыг дагуулж явна гэж амлав. Тэр орой бошиглогч Мормоны Номын бодит байдал болон сайн мэдээний сэргээлтийн талаар харуулуудад гэрчлэлээ хуваалцжээ.

1844 оны 6-р сарын 27-ны өглөө Иосеф эхнэр Эммадаа хандан захидал бичихдээ: “Би зөвтгөгдөнө гэдгээ мэдэж байгаа болохоор хувь төөрөг тавиландаа найдаж байна. Би бас чадахынхаа хэрээр хамгийн сайнаараа хийсэн. Хүүхдүүдэд маань болон миний бүх найзад тэдэнд хайртайг минь дамжуулаарай” гэжээ (History of the Church, 6:605-д). Тэр өдрийн оройхон шорон руу ширүүн дайралт хийж, хоригдлуудыг алахаар төлөвлөж байгааг сэрэмжлүүлж байсан ч захирагч Форд Наувугийн иргэдэд очиж, үг хэлэхээр Картейжаас явав. Тэрээр амлалтаа зөрчиж, Иосеф, Хайрум хоёрыг дагуулж яваагүй ажээ. Захирагч Форд явахынхаа өмнө Картейжийн Грийсүүд болох Картейжид хамгийн ихээр дайсагнасан цэргүүдийг шоронг хамгаалах даалгавар өгч, бусад цэргийг буулгажээ.

6-р сарын 27-ны үдээс хойших бүгчим, халуунд Жон Тейлор, Виллярд Ричардс хоёр Картейжийн шоронд Иосеф, Хайрум нартай хамт байлаа. Бошиглогч болон түүнтэй хамт байсан хүмүүсийг шоронгийн хоёрдугаар давхарт орон дээрээ сууж байх үед тэдэнд муу совин төрөв. Бошиглогч Жонн Тейлорыг “A Poor Wayfaring Man of Grief” (Hymns, no. 29-ийг үзнэ үү) сүмийн дуулал дуулахыг хүсэв. Хэрэв та энэ дуулал руу орж үзэх боломжтой бол lds.org/music/text/hymns/a-poor-wayfaring-man-of-grief) вэбсайт руу орж үгсийг нь сонсон, дуулж эсвэл уншиж бас бошиглогчийн амьдралын яг тэр цаг мөчид эдгээр үгс яагаад түүнд чухал байсныг бодож үзнэ үү.

Та Картейжийн шоронд бошиглогч Иосеф Смиттэй хамт байна хэмээн дараах үйл явдлыг төсөөлөн бодохыг хичээ.

Картейжийн шоронгийн өрөө

Бошиглогч, түүний ах Хайрум, Жонн Тейлор болон Виллярд Ричардс нар руу бүлэг дээрэмчдийн дайрсан Картейжийн шорон дахь хоригдлуудын унтлагын өрөө

1844 оны 6-р сарын 27-нд үдээс хойш 5 цаг өнгөрөөд удаагүй байтал дүр төрхөө нууж, нүүрээ будсан ойролцоогоор 150-200 бүлэг дээрэмчин шоронг бүслэн авав. Хэдэн танхайрагчийг бошиглогч, түүний ах Хайрум болон түүний найзуудын байсан өрөө рүү дээш шатаар өгсөх үед хамгаалагчид бага зэрэг эсэргүүцэл үзүүлсэн байна.

Танхайрагчдаар хаалгыг хүчээр онгойлгуулахгүйн тулд Иосеф бусдынхаа хамтаар хаалгыг түлхэж байв. Танхайрагчдын нэг хаалганы дээд хэсгээр буудсан нь Хайрумын хамрын зүүн талд оножээ. “Би үхлээ” хэмээн тэр дуу алдаж, арагшаа унав. (History of the Church, 6:617-д) Жон Тейлор хожим нь бичихдээ: “‘Ээ халаг, миний муу, хайрт ах Хайрум минь!’ хэмээн уулга алдан Хайрумыг налан, түүнд ойртох үед Иосеф ахын царайд илэрсэн тэрхүү өрөвдөн хайрласан бас хүндэтгэсэн гүн гүнзгий мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй” гэжээ. (Б.Х. Робэртс, The Rise and Fall of Nauvoo [1965], 443-д).

Тэр өдрийн өглөөгүүр ирсэн хүн Иосефт нэг гар буу өгсөн байжээ. Иосеф өрөөнд байсан хүн бүрийг хамгаалж, хаалганы ирмэгт очин бууг хаалгаар гадагш чиглүүлэн буудав. 6 сумаас 3-аар нь л буудсан бөгөөд танхайрагчдын гурвыг нь шархдуулжээ. Танхайрагчдыг хагас хаагдсан хаалгаар буунуудаа тулгах үед Жон Тейлор тэдний буунуудын амыг таягаараа цохисоор байв.

Хаалган дээрх зөрчил хурцдах үед Жон Тейлор цонхоор гарч, өрөөнөөс зугтахаар оролдов. Тэр цонхоор харайхаар хичээж байхдаа хаалганаас гуя руугаа бас цонхны гадна талаас буудуулав. Тэр шалан дээр унаж, цонхны хажуугийн орон доогуур шургах гэж байхдаа дахин гурав буудуулж, хүндээр шархаджээ. Энэ хооронд Виллярд Ричардс хаалгаар орж ирж байгаа буунуудыг таягаараа цохиж эхлэв.

Дараа нь Иосеф Смит цонхоор гарч зугтахаар шийдэв. Энэ шийдвэрийг Иосеф өөрийнх нь болон Жон Тейлорын амийг аврахаар гаргасан гэдэгт Виллярд Ричардс итгэлтэй байв. Виллярд Ричардсыг хаалган дээрх дээрэмчдэд саад болохоор хичээх үед бошиглогч онгорхой цонхон дээр очоод “Өө, Их Эзэн, Миний Бурхан” хэмээн дуу алдав (History of the Church, 6:618-д). Бошиглогчийг цонх онгойлгоход шоронгийн дотор талаас болон газар доороос олон сум түүнийг онож, бошиглогч цонхоор доош газарт унасан юм. Шорон дотор байсан дээрэмчид Иосефыг үхсэн эсэхийг өөрсдөө баталгаажуулахаар гадагш яаран гарав. Хэдийгээр ойр хавьд нь Сүмийн гишүүд байгаагүй ч “Мормончууд ирж байна” гэж хэн нэгнийг хашгирахад дээрэмчид бүхэлдээ зугтав. (History of the Church, 6:618, 620–21-ийг; мөн Church History in the Fulness of Times Student Manual, 283-ийг үзнэ үү.)

цонх

Бошиглогчийн унасан худаг дээрх цонх

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 135:3-ыг унш. Иосеф болон Хайрум Смит нарын амийг бүрэлгэсэн талаарх энэ түүхийг уншсаныхаа дараа өөрт төрсөн бодол, мэдрэмжээ судрын тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэ.

Сургаал ба Гэрээ 135:2-ыг уншаад, Жон Тейлорын болон Виллярд Ричардсын хувь тавилангийн тодорхойлолтыг анхаар.

Виллярд Ричардсын зүүн чихийг сум дөнгөж шүргэж, хөнгөн шархадсан бөгөөд энэ нь нэг жил гаруйн өмнө Иосефын хэлсэн бошиглол биелсэн хэрэг байв. “Сумнууд түүний дэргэдүүр мөндөр мэт нисэх бөгөөд найзууд нь түүний баруун болон зүүн талд унах хэдий ч түүний хувцсанд нүх ч гарахгүй гэдгийг тэр харах цаг ирэх болно” (History of the Church, 6:619-д).

Сургаал ба Гэрээ 135:1 дээрх “Энэ номны мөн Мормоны Номны тухай гэрчлэлийг лацдахын тулд” хэмээх хэллэгийг анхаар. Энэ тохиолдолд “лацдах” хэмээх энэ хэллэг нь гэрчлэл гэх мэт ямар нэгэн зүйлийг баттай суурилуулах гэсэн утгатай юм. Судар дээрээ энэ тайлбарыг бичих талаар бодож үз. Та 1-р шүлэг дээрх амь насыг бүрэлгэх гэдэг үгэнд анхаарлаа хандуулж болох юм. Амиа зольсон хүн гэдэг нь өөрийн итгэл үнэмшил эсвэл ямар нэгэн үнэнийг гэрчилж, үхсэн хүнийг хэлдэг. Амиа зольж үхсэн хүн гэдэг үг нь ‘гэрч’ гэсэн утгатай грек үгнээс гаралтай” (Bible Dictionary, “Martyr”).

Иосеф ба Хайрум Смит хоёрын хөшөөнүүд

Иллинойн Науву дахь Иосеф ба Хайрум Смит хоёрын хөшөөнүүд

Сургаал ба Гэрээ 135:7-г уншаад, Иосеф, Хайрум Смит хоёрын амь юуны гэрч болсныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Иосеф, Хайрум Смит хоёр сэргээгдсэн сайн мэдээний үнэний талаарх өөрсдийн гэрчлэлийг лацадсан гэдгийг мэдэх нь сэргээгдсэн сайн мэдээний талаарх таны гэрчлэлд хэрхэн нөлөөлж чадах вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 135-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: