Семинар
2-р бүлэг: 1 дэх өдөр, Иосеф Смит—Түүх 1:1–20


2-р бүлэг: 1 дэх өдөр

Иосеф Смит—Түүх 1:1–20

Оршил

1838 онд Иосеф Смит өөрийн албан ёсны түүх дээр ажиллаж эхэлсэн. Үүнд тэрээр өөрийн гэр бүл, амьдарч байсан газруудын тухай бичсэн юм. Мөн тэр 1820 онд баруун Нью-Йоркод тархаад байсан шашны “ер бусын үймээний” талаар энд дурдсан. (Иосеф Смит—Түүх 1:5) Шашны талаарх гайхширал, “янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн” нь түүнийг “буурь суурьтай бясалгал, их хүндрэл”-д хүргэсэн аж (Иосеф Смит—Түүх 1:8).

Тэрээр судруудаас эрэлхийлж байхдаа мэргэн ухаанаар дутагч хүмүүс “Бурханаас асуу” хэмээсэн Иаков 1:5-р шүлгийг уншив (Иосеф Смит—Түүх 1:11-ийг үзнэ үү). Иосеф тэмдэглэлдээ: “Судрын ямар ч хэсэг энэ удаад надад тохиолдсоноос илүү хүчтэйгээр хүмүүний зүрх сэтгэлд ирж байсан нь хэзээ ч үгүй бөлгөө. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Хэрэв хэн нэгэн хүнд Бурханаас мэргэн ухаан хэрэгтэй байгаа бол тэр нь би мөн гэдгийг мэдсэнээр би энэ талаар дахин дахин тунгаан бодсон; учир нь би яахаа мэдэхгүй байлаа, мөн хэрэв тэр үед өөртөө байснаас илүү мэргэн ухааныг би олж авч чадаагүй бол, би хэзээ ч үүнийг мэдэхгүй байсан биз ээ; учир нь өөр өөр урсгалуудын шашны багш нар судрын яг адил хэсгүүдийг өөр өөрөөр ойлгодог байсан нь Библид хандан асуудлыг шийдэхэд итгэлтэй биш болгодог байв” гэжээ (Иосеф Смит—Түүх 1:12). Тэр өөрийнхөө асуултад хариулт авахын тулд залбирч, Бурханаас асуухаар шийдэв. Түүний залбирлын хариуд Бурхан Эцэг болон Түүний Хүү, Есүс Христ түүнд үзэгдсэн.

Иосеф Смит—Түүх 1:1–4

Иосеф Смит түүхээ бичиж эхэлсэн

Канадад номлолын ерөнхийлөгчөөр үйлчилж байсан ерөнхийлөгч Томас С.Монсон өөрийн хоёр номлогчийн тухай дараах түүхийг ярьжээ.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Хоёр номлогч маань ноён Элмер Поллардын гэрт дуудагдан очсон. Тэрээр даараад хөлдөх шахсан номлогчдыг эелдгээр урьжээ. Тэд захиасаа танилцуулж мөн түүнийг өөрсөдтэй нь хамт залбирах уу гэж асуусан байна. Тэрээр залбирал хийхийг зөвшөөрчээ.

Түүний энэ залбирал номлогчдыг бүр гайхшрахад хүргэв. Тэр, ‘Тэнгэрлэг Эцэг минь энэ хоёр азгүй, төөрөлдсөн номлогчийг гэртээ буцаж мөн маш гайхалтай боловч өөрсдийнхөө маш бага мэддэг захиасыг Канадын хүмүүстэй хуваалцаж цагаа дэмий үрэхгүй байхаар адислаарай’ гэж хэлжээ.

Тэд залбирч дуусаад босоход ноён Поллард номлогчдоос түүний гэрт дахин хэзээ ч ирэхгүй байхыг хүсжээ. Тэднийг явахад тэрээр ‘Та нар Иосеф Смит үнэхээр Бурханы бошиглогч байсан гэдэгт итгэдэг гэдгээ надад хэлж чадахгүй шүү дээ’ хэмээгээд хаалгаа тас саван хаав” (“The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Ensign, 2005 оны 11-р сар, 69).

Та тэдгээр номлогчийн нэг байсан бол ноён Поллардад бошиглогч Иосеф Смитийн тухай юу гэж хэлэх байсан бэ?

Бошиглогч Иосеф Смит 1838 онд Иосеф Смит—Түүх дээр байдаг өөрийн цэдгийг Сүмийн албан ёсны түүхийг хэвлүүлэх зорилгоор бичсэн юм. Иосеф Смит—Түүх 1:1–2-ыг уншаад, Иосеф Смит энэ албан ёсны түүхийг бичих болсон шалтгааныг олж мэд.

Иосеф Смит—Түүхэнд бошиглогчийн өөрийнх нь бичсэн Анхны үзэгдлийн тухай цэдэг ордог. Анхны үзэгдлийн тухай олны мэдэх хэд хэдэн цэдэг байдгаас дөрвийг нь Иосеф Смит өөрөө бичиж эсвэл хэлж бичүүлсэн байдаг бөгөөд бусдыг нь түүний түүхийг цааш нь дамжуулан ярьсан хүмүүс бичсэн байдаг. Эдгээр цэдэг өөр өөр цаг үед, өөр өөр сонсогчдод зориулан, өөр өөр зорилгоор бэлтгэгдсэн байна. Эдгээр бүх цэдэг нь тэнгэр Иосеф Смитэд үнэхээр нээгдэж, тэрээр тэнгэр элчүүдийг мөн Бурхан Эцэг болон Их Эзэн Есүс Христийг харсан гэдэг чухал үнэнд санал нэгддэг. 1838 оны цэдэг Иосеф Смитийн дэлхийд гаргасан албан ёсны түүх болон гэрчлэлийн нэг хэсэг болсон учраас Агуу Үнэт Сувдад орсон билээ.

Иосеф Смит—Түүх 1:5–13

Шашны төөрөгдлийн дунд Иосеф Смит Бурханаас аль сүм нь үнэн болохыг асуухаар шийдсэн

Иосеф Смит шашны талаар агуу их сонирхол, үймээний цаг үед амьдарч байв. Иосеф Смит—Түүх 1:5–7-г уншаад, Иосефт тулгараад байсан нөхцөл байдлыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг олж мэд. Та эдгээр үг хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно. Хийж дууссаныхаа дараа Иосеф Смит—Түүх 1:8, 10-ыг уншаад, Иосеф Смитэд тэр үед ямар мэдрэмж төрж байсныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Иосеф Смит—Түүх 1:5–7-г Иосефт тулгарсан нөхцөл байдал, хүндрэл бэрхшээлийн тухай сонсож байгаагүй хүнд тайлбарлаж байгаагаар төсөөлөн хураангуйлан бич. Иосеф Смитийн тухай онцлон хэлэх ёстой гэсэн доод тал нь гурван санааг оруулна уу.

Хэдэн зүйл асуух хэрэг гарч байсан нөхцөл байдлаа эргэн бодож, уг асуудлаа шийдвэрлэхийн тулд юу хийсэн талаараа тунгаан бод. Иосеф Смит—Түүх 1:11–ийг уншаад, Иосеф Смит асуултынхаа хариултыг олсон газрыг ол. Цаг зав гарган Иаков 1:5-ыг 11-р шүлэгт эш татсанаар чанга уншин давтаж, чээжил.

Иаков 1:5-д орсон хэрэв бид Бурханаас итгэлээр асуух юм бол, Тэрээр залбирлуудад маань хариулах болно гэсэн зарчим Иосеф Смитэд асуултынхаа хариултыг олж авахад тусалсан. Иосеф Смит—Түүх 1:11-д энэ зарчмыг зааж байгаа үг, хэллэгүүдийг тэмдэглэ. Бурхан бидний залбирлуудад Өөрийн цагт, Өөрийн арга замаар хариулдаг болохыг ойлгон, энэ зарчим үнэн болохыг амьдралаас хэрхэн олж харснаа тунгаан бод.

Иосеф судрын энэ хэллэг өөрт нь хэрхэн нөлөөлснийг дүрсэлсэн. Иосеф Смит—Түүх 1:12–13-ыг уншаад, Иаков 1:5-ыг уншсаны дараа Иосефт тохиолдсон үйл явдал, хийсэн зүйлийнх нь тухай дүрсэлсэн хэллэгүүдийг олж тогтоо. Судар ер нь таны зүрх сэтгэлд хүчтэй нөлөөлж байсан уу? Иосеф Смит—Түүх 1:13-т цэдэглэгдсэнээр Иосеф Смит юуг даван туулахыг хүсэж байсан бэ? Тэр өөрийгөө юу хийх ёстой хэмээн төгсгөлд нь шийдсэн бэ?

Иосеф Смит—Түүх 1:14–20

Иосеф Смит Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг харсан

Иосеф Смит—Түүх 1:15–20 нь төгс эзэмших судар юм. Та үүнийг судар дээрээ тэмдэглэж болно.

Хэрэв танд ХҮГ-ийн дууллын ном байгаа бол “Иосеф Смитийн анхны залбирал”-ын үгийг унш (Hymns, хууд. 26). Дараа нь Иосеф Смит—Түүх 1:14–15-ыг унш.

Яагаад Сатан Иосеф Смитийн залбирлыг зогсоох гэж оролдсон гэж та бодож байна вэ? Иосеф Смит энэ “гайхмаар хүчтэй” нүүр тулсныхаа дараа юу хийсэн тухай олж мэдэхийн тулд Иосеф Смит—Түүх 1:16-г унш. “Бурханыг дуудахад бүх хүчээ шавхан дайчилж” хэмээн бошиглогч хэлсэн нь юу гэсэн утгатай үг гэж та бодож байна вэ? Та хүнд нөхцөл байдалд эсвэл Сатаны уруу таталтад орох үед Иосеф Смитийн үзүүлсэн энэ үлгэр жишээ танд хэрхэн хариу үйлдэл хийх талаар юу зааж болох тухай тунгаан бод.

Хүн төрөлхтний түүхэнд болсон хамгийн чухал үйл явдлын нэг нь Иосеф Смит—Түүх 1:17-д бичигдсэн байдаг. Энэ шүлгийг уншихдаа та уг ариун нандин үйл явдлыг ой ухаандаа төсөөлөхийг хичээ. Уг шүлгээс сурч болох нэгэн чухал үнэн бол Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёрыг Иосеф Смит харсан явдал юм. Тэр бас Тэдэнтэй ярьсан бөгөөд Тэднээс удирдамж хүлээн авсан билээ. Иосеф Смитийн Анхны үзэгдэл бол хожмын өдрүүд дэх сайн мэдээний Сэргээлтийн суурь нь болсон үйл явдал юм.

Анхны үзэгдэл
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа болон Сүмийн гишүүн нэг бүр Иосеф Смит Бурхан Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг харсан гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад чухал гэж бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Иосеф Смит—Түүх 1:15–17-г уншаад, Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн тухай цэдгээс мэдэж авч болох өөр нэмэлт үнэнүүдийг олж мэд.

Уруу таталт, сорилт бэрхшээл сүнслэг туршлагын өмнө эсвэл дараа ирж болох юм. Иосеф Смит Анхны үзэгдлийн яг өмнөхөн сорилт бэрхшээлтэй тулгарсан. Мосегийн хувьд сорилт бэрхшээл Бурхантай ярьсных нь дараахан ирсэн байдаг (Мосе 1:9–12-ыг үзнэ үү). Сатаныг биднийг сөхрүүлэхээр хичээх үед бид Бурханы тусламжийг чин үнэнээсээ эрэлхийлэх юм бол Бурхан биднийг чөлөөлөх болно гэдгийг Иосеф Смит ойлгосон.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Бид бэрхшээл, урам хугарах явдлыг даван туулахдаа Бурханы тусламжийг хүлээн авч чадна гэдгийг мэдэх нь танд хэрхэн туслах вэ?

    2. Иосеф Смит—Түүх 1:15–16-аас уруу таталтыг ялан дийлэхэд туслах өөр ямар туршлагыг та сурч болох вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИосеф Смит—Түүх 1:15–17-оос бид Бурхан Тэргүүтэний талаар юу суралцаж болох вэ? Хариултаа судрын тэмдэглэл дээрээ бич.

Иосеф Смит—Түүх 1:15–17-оос бид Бурхан Эцэг ба Түүний Хүү, Есүс Христ амьд гэсэн Бурхан Тэргүүтэний тухай зарим сургаалыг олж болно. Тэнгэрлэг Эцэг мөн Түүний Хүү Есүс Христ хоёр тусдаа бөгөөд ангид биес юм.

Иосеф Смит Их Эзэнээс эдгээр сүмийн алинд нь нэгдэх талаар асуусан. Иосеф Смит—Түүх 1:18–20-ийг уншаад, Иосефын энэ асуултад хүлээн авсан хариултыг тэмдэглэ.

Хичээлийн эхэнд ярьсан номлогчдын талаарх түүхийг санаж байна уу? Тэр хүнийг тэдний ард хаалгаа саван хаасны дараа номлогчид юу хийсэн тухай ерөнхийлөгч Монсон ярьсан. Тэрээр:

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Номлогчдыг гараад алхаж явтал хамтрагч нь, ‘Ахлагч аа, бид ноён Поллардад хариулт өгөөгүй юм байна шүү дээ’ гэв.

Ахлах хамтрагч хариуд нь, ‘Тэр бидэнд татгалзсан биз дээ. Явцгаая’ гэв.

Залуу номлогч ятгасан тул, номлогчдоос татгалзсан байсан ч тэд ноён Поллардынд буцаж ирлээ. Ноён Поллард хаалгаа тайлан ууртайгаар, ‘Залуус минь, би та нарыг хэзээ ч бүү эргэж ир гэж хэлсэн биз дээ!’ гэв.

Бага хамтрагч нь зоригоо чангалж байгаад, ‘Поллард, биднийг гарч явах үед та биднийг Иосеф Смит бол бошиглогч байсан гэдэгт итгэдэггүй гэж хэлсэн. Ноён Поллард, би Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан гэдгийг, тэр сүнсний өдөөлтөөр Мормоны Ном хэмээх цэдгийг орчуулсан ба тэр Бурхан Эцэг болон Есүс Хүүг харсан гэдгийг мэднэ гэдгээ гэрчилж байна’ гэв. Номлогчид тэгээд тэндээс явжээ.

[Ноён Поллард дараа нь ингэж гэрчилжээ:] ‘Тэр шөнө би огт унтаж чадалгүй, нааш цааш хөрвөөв. “Иосеф Смит Бурханы бошиглогч байсан. Би үүнийг мэднэ. … Би үүнийг мэднэ. … Би үүнийг мэднэ” гэсэн үг толгойд минь дахин дахин сонсогдож байв. Би өглөөг арай ядан хүлээж байлаа. Итгэлийн тунхагтай жижигхэн картанд байсан номлогчдын утсыг би олж, тэдэн рүү залгасан юм. Тэд эргэн ирсэн бөгөөд энэ удаа би эхнэр, гэр бүлийнхээ хамт үнэнийг эрэлхийлэн, ярилцлагад урамтай нэгдсэн. Эцэст нь бид бүгдээрээ Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан билээ’” гэжээ (“The Prophet Joseph Smith,” 69).

Хэрвээ та Иосеф Смит—Түүхийг уншаагүй бол хувиараа уншаад, Иосеф Смитийн Анхны Үзэгдлийн тухай цэдэг үнэн гэдгийг мэдэхэд эсвэл үнэн гэсэн итгэл үнэмшлийг тань гүнзгийрүүлэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй. Та мөн Анхны үзэгдлийн тухай хэн нэгэнтэй хуваалцах боломжуудыг эрж хайж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИосеф Смитийн тухай өөрийн гэрчлэл эсвэл өөрт төрсөн мэдрэмжээ судрын тэмдэглэл дээрээ бич.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Иосеф Смит—Түүх 1:15–20

Цаг гарган төгс эзэмших судрын энэ хэсгийг чээжлэх гэж хичээ. Танд бүх шүлгийг чээжлэхэд хэцүү юм шиг санагдвал 16–17-р шүлгийг жижиг хэсгүүдэд хувааж эсвэл шүлгийн товчилсон хэсгийг чээжилж болно. Эдгээр шүлгийг чээжилтлээ давтан унших нь чээжлэхэд тань туслах нэг арга байж болно. Хоёр дахь хэллэгийг нэмж чээжлэх хүртлээ хоёуланг давт. Дараа нь гурав дахийг нь нэмэх гэх мэтээр үргэлжлүүлнэ. Аль хэдийн чээжилсэн хэсгээ хурдан уншаад, шинэ хэсгээ арай удаан давт.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич. Тухайлбал:

    Би Иосеф Смит—Түүх 1:1–20-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: