5-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 18
Оршил
Сургаал ба Гэрээ 18-д цэдэглэгдсэн илчлэлтийг 1829 оны 6-р сард, Петр, Иаков, Иохан нар Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Мелкизедек санваарыг хүртээсний дараахан хүлээн авчээ. Тэдний айлчлал Есүс Христийн Сүмийн суурийг тавихад төлөөлөгчдийн гүйцэтгэх чухал үүргийг онцолсон байна. Сургаал ба Гэрээ 18:1–16 нь Оливер Каудери, Давид Витмер хоёрын хүлээн авсан, Есүс Христийн үйлчлэгч болж, бусдад наманчлалыг номлох дуудлага дээр төвлөрдөг. Сургаал ба Гэрээ 18:17–47 Христийн нэрийг өөр дээрээ авахын ач холбогдлыг заадаг. Их Эзэн удахгүй дуудагдах арван хоёр төлөөлөгчийн тухай мөн өөрсдийн дээр “зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор” Есүс Христийн нэрийг авах хүслийнх нь талаар дурджээ (С ба Г 18:27). Оливер Каудери, Давид Витмер хоёрт “Арван хоёрыг эрж олох” өвөрмөц үүрэгт ажлыг хүлээлгэн өгсөн байна (С ба Г 18:37).
Сургаал ба Гэрээ 18:1–5
Их Эзэн Өөрийн Сүмийг хэрхэн барьж байгуулах тухай заав
Та газар хөдлөлтийн эвдрэл, сүйрлийг харж байсан уу? 1989 оны 10-р сарын 17-ны 17:04 цагт Нэгдсэн Улс дахь Калифорнийн Сан Францискод 6.9 рихтерийн шаталбартай хүчтэй газар хөдлөлт болжээ. Мянга мянган барилга эвдэрч, нурсан байна. Зарим байшин гаднаасаа зүгээр мэт харагдаж байсан ч албаны хүмүүс байрны суурь цуурсан буюу тогтворгүй болсон тул хүмүүсийг тийш орохыг хоригложээ. Тогтворгүй суурьтай байшинд амьдарвал та юунд санаа зовох вэ?
Сургаал ба Гэрээ 18-д цэдэглэгдсэнээр, Их Эзэн Сүмийг хэрхэн тогтвортой суурин дээр барихыг Иосеф Смит, Оливер Каудери хоёрт илчилсэн. Энэхүү илчлэлтийн эхэнд Их Эзэн бошиглогч Иосеф Смитийн бичээчээр үйлчилж байхдаа Оливерийн цэдэглэсэн Мормоны Номын үгс болох Оливер Каудерийн бичсэн зүйлсийг дурджээ.
Сургаал ба Гэрээ 18:2–5-ыг уншаад, Мормоны Ном дээр ямар зүйл бичигдсэн болоод Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд үүнийг Сүмийг босгох суурь хэмээн зарлигласныг олж тогтоо.
Бид Их Эзэний заавраас Түүний үнэн Сүмийн гол шинж чанарыг сурдаг. Дараах зарчмыг эдгээр шүлэгт өгсөн илчлэлт дээр үндэслэн гүйцээж бич. Үнэн Сүм … дээр баригдсан байдаг.
Бошиглогч Иосеф Смит суурь болон хадны талаар дараах зүйлийг заасан.
“Христ бол Сүмийн тэргүүн, булангийн гол чулуу, Сүм дээр нь баригдсан сүнсний хад байсан бөгөөд тамын үүд үүнийг дийлж эс чадах бөлгөө” [Матай 16:18; Ефес 2:20]. Тэрээр хаант улсыг байгуулж, төлөөлөгчдийг сонгон, тэднийг Мелкизедек санваарт томилж, сайн мэдээний ёслолуудыг гүйцэтгэх хүчийг тэдэнд олгосон юм.” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 95).
Есүс сургаалдаа ‘Энэ хадан дээр Би Өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй’ хэмээн хэлсэн [Maтай 16:18]. Юун хад билээ? Илчлэлт” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 531).
Их Эзэн Өөрийн үйлчлэгчдэд хэрэв тэд Өөрийнх нь сайн мэдээний суурин дээр Сүмийг нь барих юм бол тодорхой зүйлийг өгнө гэж амласан. Сургаал ба Гэрээ 18:5-ыг уншаад, Их Эзэний амлалтыг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 18:6–16
Оливер Каудери, Давид Витмер хоёрыг наманчлалыг номлоход дуудав
Та өнөөдрийн бидний амьдарч байгаа дэлхийн сүнслэг болон ёс зүйн нөхцөл байдлыг хэрхэн дүрслэх вэ? Сургаал ба Гэрээ 18:6-г уншаад, Их Эзэн дэлхийг хэрхэн дүрсэлснийг олж тогтоо. Дэлхийд өсөн нэмэгдэж байгаа шударга бус явдлын талаарх Сургаал ба Гэрээ 9-д цэдэглэгдсэн Их Эзэний шийдлийг олж тогтоо.
Гэрт тань байдаг нэг үнэтэй зүйлийн талаар бод. Тухайн эд ойролцоогоор ямар үнэтэй гэдгийг та мэдэх үү? Ямар нэгэн зүйлийн үнэ цэнийг тодорхойлох нэг арга зам бол хүмүүс үүний төлөө хэр их мөнгө төлөхөд бэлэн байгааг олж мэдэх явдал юм. Хувь хүн тухайн эдийг тодорхой хэмжээний мөнгөний үнэ цэнтэй гэж хэлж болох ч өөр хэн нэгэн хүн хэлсэн үнээр нь авахад бэлэн байгаа тохиолдолд тэр үнийг зөв гэж тооцно.
Бодгаль ямар үнэ цэнтэй вэ? Сургаал ба Гэрээ 18:10 нь Бурханы мэлмий дэх хүмүүний үнэ цэнийн талаар заадаг. Энэ шүлгийг уншаад, Их Эзэн биднийг ямар үнэ цэнтэй хэмээн тунхагласныг олж мэд.
-
Та яагаад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийн хувьд ийм асар их үнэ цэнтэй хэмээн бодож байгаагаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэнгэрлэг Эцэгийн хувьд бидний үнэ цэн ямар болохыг тайлбарласан. “Бурхан таныг нэгэн жижигхэн гараг дээр түр хугацаагаар амьдарч байгаа зуурдын нэгэн бодгаль биш харин Өөрийн хүүхэд хэмээн үздэг. Тэрээр таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг. Түүнд та чухал болохыг Тэр таныг мэдээсэй гэж хүсдэг” (“Та нар Түүнд чухал,”Ensign, 2011 оны 11-р сар, 22 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).
Бодгаль бүр Их Эзэнд чухал бөгөөд Сүмийн удирдагчид хувь хүнд хүрч үйлчлэх Сүнсний удирдамж хүлээн авдаг. Жишээлбэл, ерөнхийлөгч Томас С.Монсон Ерөнхий чуулганы үеэр Сүнсний өдөөлтийг дагаж, бэлдсэн захиасаа өөрчлөн, нэгэн охинд хандан үг хэлсэн.
“Зүүн талын тагтан дээр 10 настай бололтой нэгэн хөөрхөн охин байгааг би харж байна. Бяцхан охин чамайг хэн болох мөн хаанаас ирснийг би мэдэхгүй. Гэхдээ чиний гэнэн цайлган инээмсэглэл, нүдний чинь зөөлөн харц намайг энд хуваалцахаар бэлдсэн захиасаа түр хойш нь тавихад ятгалаа. Өнөөдөр надад чамд хандан үг хэлэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрлөө.
Дараа нь ерөнхийлөгч Монсон Их Эзэн хүүхдүүдэд ямар их хайртай болох талаарх ойлголтыг нь хүчирхэгжүүлсэн нэгэн үйл явдлыг хуваалцав. Тэр Луизианагийн Шрэвэпорт гадсанд гэр бүлээрээ амьдардаг байсан 10 настай Кристал Мэтвиний талаар ярив. Кристал уушгинд нь тархсан хорт хавдартай гэж оношлогдсон байлаа. “Мэтвиний гэр бүлийнхэн сэтгэлээр унасангүй, харин Солт Лэйк Сити руу нисэхээр төлөвлөж байв. Кристал Тэргүүн Зөвлөлийн нэгнээс нь адислал авч болох байлаа. Мэтвинийхэн аль ч ахтай биечлэн уулзаж байгаагүй учраас Кристалын өмнө бүх ерөнхий эрх мэдэлтний зургийг дэлгэж тавихад тэр сонголтоо хийсэн аж. Азаар миний нэр сонгогдсон байв.
Харин Кристалд Солт Лэйк Сити руу нисэх боломж олдоогүй юм. Түүний биеийн байдал муудсан байлаа. Амьсгалаа хураах мөч ойртсоор. Гэхдээ түүний итгэл алдарсангүй. Тэр эцэг эхдээ ‘Гадасны чуулган болох гэж байгаа билүү? Ерөнхий эрх мэдэлтэн томилогдсон гэсэн үү? Монсон ах ирэх ч юм билүү? Би өөрөө очиж чадахгүй юм бол Их Эзэн над руу түүнийг явуулна’ гэж тэр хэлсэн аж.
Харин тэр мөчид Солт Лэйкэд Шрэвэрпортод болж байгаа үйл явдалтай огт холбоогүй нэгэн сонин үйл явдал өрнөжээ. Луизианагийн Шрэвэпорт гадасны чуулган болох өдөр намайг Техасын Эл Пасод томилсон байв. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон намайг ажлынхаа өрөөнд дуудаад, өөр ах Эл Пасогийн гадсыг хуваах ажлын бэлтгэлд оролцож байгаа гэлээ. Дараа нь Эл Пасод өөр хүн томилоод, харин намайг өөр газар томилбол ямар вэ гэж тэр асуув. Мэдээж хаана ч байсан миний хувьд асуудалгүй гэж би хэллээ. Тэгээд ерөнхийлөгч Бэнсон надад хандан ‘Монсон ах аа, надад таныг Луизианагийн Шрэвэпорт гадсанд очих нь зүйтэй гэсэн мэдрэмж төрөөд байна’ гэв. Би ч даалгаврыг хүлээж авлаа. Өдөр нь ч боллоо, Шрэвэпортод ч ирлээ.
Бямба гаргийн үдээс хойш уулзалтаар дүүрсэн байв. … Гадасны ерөнхийлөгч Чарлз Ф Кэйгл надаас хорт хавдартай 10 настай охинд адислал өгөх цаг гарах болов уу гэж эмээсхийн асуулаа. Түүний нэрийг Кристал Мэтвин гэдэг гэлээ. Би боломжтой бол адислал өгье гэснээ, охин чуулган дээр ирэх үү эсвэл Шрэвэпортын эмнэлэгт байгаа юу гэж асуув. Цагийн хуваарь битүү байгааг мэдэж байсан ерөнхийлөгч Кэйгл бараг шивнэсээр, охин Шрэвэпортоос 80 гаруй бээрийн газар, гэрээсээ гарч ч чадахгүй байгаа гэлээ.
Би тэр оройн, мөн дараа өдрийн өглөөний, бүр буцах нислэгийнхээ хуваарийг дахин нэг шалгав. Ямар ч цаг зав гарахгүй байлаа. Харин надад өөр нэгэн санаа төрөв. Бид чуулганыхаа нийтийн залбиралд бяцхан охины нэрийг оруулж болохгүй гэж үү? Их Эзэн ойлгох нь гарцаагүй гэв. Ийнхүү бид цагийн хуваарийн дагуу цуглаануудаа үргэлжлүүлэн хийх боллоо.
Энэ нь Мэтвиний гэр бүлийнхний сонорт хүрэхэд тэд ойлгосон ч сэтгэлээр унав. Их Эзэн тэдний залбирлыг сонсоогүй гэж үү? Тэр Монсон ахыг Шрэвэпортод авчраагүй гэж үү? Тэд гэр бүлээрээ дахин нэг залбираад, сүүлчийн удаа хайрт Кристалынх нь хүслийг биелүүлж өгөхийг хүсжээ.
Мэтвинийхэн өвдөг сөгдөн залбирч байх үед гадасны төвийн цагийн зүү яг 19:45 гэж зааж байлаа. Удирдагчдын цуглаан сүнслэг болж байв. Би ч бичиг цаасаа цэгцлэн, индэр дээр гарахаар явж байтал сүнсэнд маань нэгэн дуу хоолой ярихыг сонсов. Захиас нь богино, үгс нь танил байлаа. ‘Хүүхдүүдийг над руу ирэхийг зөвшөөр, Тэднийг бүү хорь. Учир нь Бурханы хаанчлал бол тэдэн шиг хүмүүсийнх юм.’ (Марк 10:14.) Бичсэн зүйл маань бүрэлзэх нь тэр. Бодол санаа маань адислал хэрэгтэй бяцхан охин дээр төвлөрч байлаа. Би ч шийдвэрээ гаргаж, уулзалтын хуваарьтаа өөрчлөлт орууллаа. Эцсийн эцэст хүн цуглаанаас чухал шүү дээ. …
Би өглөө эрт Мэтвины гэр гэх диваажинд очсон аяллаа хэзээ ч мартахгүй. …
Гэр бүлийнхэн нь Кристалын орны дэргэд цугларсан байв. Би хүнд өвчнөөсөө болж өндийж, бараг ярьж ч чадахгүй болсон охин руу харлаа. Өвчин нь түүнийг хараагүй болгосон байв. Маш хүчтэй сүнс мэдрэгдсэн тул би өвдөг сөгдөн, түүний турьхан гарыг атгасаар, ‘Кристал, би энд байна’ гэж хэллээ. Тэр амаа хөдөлгөн, ‘Монсон ах аа, би таныг ирнэ гэдгийг мэдэж байсан юм’ гэж шивнэсэн юм. Би өрөөг тойруулан харав. Хэн ч зогсоогүй, бүгд өвдөг сөгдөн суусан байлаа. Би адислал өгөхөд Кристалын царайд сул инээмсэглэл тодров. Түүний шивнэн байж хэлсэн ‘баярлалаа’ гэсэн үг нь яг таарсан хаалтын залбирал болсон юм.
Дөрвөн өдрийн дараа, мягмар гаргийн өглөөгөөр Шрэвэпортын гишүүд итгэлээрээ Мэтвиний гэр бүлийнхэнтэй нэгдэн, Кристалын нэрийг энэрэнгүй, хайрт Тэнгэрлэг Эцэгт хандсан онцгой залбиралдаа дурдсан гэдэг. Цэвэр ариухан Кристал Мэтвины сүнс өвчинд нэрвэгдсэн биеэ орхин, Бурханы диваажинд орсон байлаа. …
Дээд талын тавцанд суугаа бяцхан найз чамд болон дэлхийн өнцөг булан бүрд байх итгэгчдэд хандан би Назарын Есүс бяцхан хүүхдүүддээ хайртай бөгөөд Тэр таны залбирлыг сонсож, тэдгээрт хариулдаг гэдгийг би гэрчилж байна” (“The Faith of a Child,” Ensign, 1975 оны 11-р сар, 20–22).
Сургаал ба Гэрээ 18:11–12-ыг уншаад, бидний Аврагч, Есүс Христ биднийг гэтэлгэхийн тулд ямар төлөөс төлснийг олж мэд. (“Бүх хүмүүн” гэдэг нь бүх эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийг хэлж байгаа болно.) (Сургаал ба Гэрээ 18:10–11 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно.)
Бодгаль бүрийн үнэ цэн агуу учраас хэн нэгэн наманчилж, Аврагчийн золиослолыг хүлээн авахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ юу мэдэрдэг гэж та бодож байна вэ? Сургаал ба Гэрээ 18:13-ыг уншаад, Их Эзэний хариуг олж тогтоо. Яагаад биднийг наманчлахад Их Эзэн агуу их баяр хөөрийг мэдэрдэг вэ?
Бид Сургаал ба Гэрээ 18:14-өөс Их Эзэн Оливер Каудери, Давид Витмер хоёрыг “хүмүүст наманчлахыг тунхаглахаар” дуудсан гэдгийг мэдэж авдаг. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах үгс үүнийг ийнхүү тайлбарлажээ. “Наманчлалыг тунхаглах гэдэг нь хүмүүст Бурханд эргэж очиход нь туслах гэсэн энгийн утгатай” (“Preparing for Your Spiritual Destiny”, [2010 оны 1-р сарын 10], 7, speeches.byu.edu).
-
Хэн нэгэнд наманчилж, Бурханд буцаж очиход нь тусалж болох арга замуудыг судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.
Сургаал ба Гэрээ 18:15–16-г уншаад, бусдыг Есүс Христэд ирэхэд тусалсан хүнд юу тохиолдохыг олж мэд. (Сургаал ба Гэрээ 18:15–16 нь төгс эзэмших судрын хэсэг юм. Та дараа нь үүнийг олоход хялбар байлгахын тулд тусгайлан тэмдэглэж болно.) Энэ шүлгүүдэд буй Их Эзэний амлалт дээр үндэслэн, дараах зарчмыг гүйцээж бич. Хэрэв бид бусдыг Их Эзэн ирэхэд туслах юм бол бидний баяр хөөр .
-
Та өөрөө эсвэл таны мэддэг өөр нэг хүн бусдыг наманчилж, Их Эзэнд илүү ойртоход нь тусалснаар баяр хөөрийг хэрхэн мэдэрснийг судрын тэмдэглэл дээрээ бич. Түүнчлэн бодгалийг аврах ажилд туслахын тулд хийх нэг зүйлээ бичиж тэмдэглэ. Тусалж болох тодорхой нэг хүнийг бодож үз.
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 18:10–11
Сургаал ба Гэрээ 18:10–11 дээрх үгсийг карт эсвэл цаасан дээр бич. Цаасаа биедээ авч яван, Бурханы мэлмий дэх өөрийн болон бусдын үнэ цэнийг санахын тулд өдрийн туршид үе үе эргэж хар.
-
Дараах хэллэгийг судрын тэмдэглэл дээрээ, харин өөрийн нэрийг хоосон зайд нь нөхөж бич. -ийн үнэ цэн асар их учраас Есүс Христ бусдад наманчилж, Тэнгэрлэг Эцэгт буцаж ирэх боломж олгохын тулд зовж, амиа өгсөн юм. Дараа нь дараах асуултуудад хариул. Тухайлбал:
-
Энэ үнэнийг мэдэх нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжинд хэрхэн нөлөөлөх вэ?
-
Есүс Христийн бусдын бодгалийн төлөө төлсөн төлөөсийг санах нь тэдэнд хандах таны хандлагад хэрхэн нөлөөлөх вэ?
-
Төгс эзэмших судар—Сургаал ба Гэрээ 18:15–16
Гэр бүлийнхээ нэг гишүүнээс эсвэл найзаасаа Сургаал ба Гэрээ 18:15–16-г уншихыг хүс. Доор үзүүлсэн төгс эзэмших судрын эхний мөрийг нэг хүнээр уншуул. Дараагийн хүнийг эхний мөрийг чээжээр унших гэж оролдсоны дараа дараагийн мөрийг нэм. Нэг хүнээс нөгөө хүн рүү шилжүүлэх маягаар өмнөх мөрөн дээр нь өөр мөрийг нэмэн хэлүүлж энэ үйл явцыг хийж дуустал давт. Та судрын хэсгийг хэд хэдэн удаа уншиж дуустал энэ үйл явцыг давтан хийж болно.
“Мөн, хэрэв та нар энэ хүмүүст наманчлалыг тунхаглахад”
“өөрсдийн бүхий л өдрүүдэд хөдөлмөрлөж”
”мөн зөвхөн нэг бодгалийг надад авчрах аваас,”
“миний Эцэгийн хаант улсад түүнтэй хамт”
“та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”
“Мөн эдүгээ, хэрэв миний Эцэгийн хаант улсад”
“надад авчирсан нэг бодгальтай хамт”
“та нар агуу баяр хөөртэй байх аваас,”
“хэрэв та нар олон бодгалийг надад авчрах юм бол”
“та нарын баяр хөөр хичнээн агуу байх билээ!”
-
Та энэ төгс эзэмших судраас чээжилсэн хэсгээ судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 18:17–25
Есүс Христ Оливер Каудери, Давид Витмер хоёрт Өөрийн нэрийн хүчийн талаар заав
Та хэсэг хугацаанд өөрийн овог нэрийг бод. Таны нэр болон гэр бүлтэй холбоотой ирдэг үүрэг хариуцлагын талаар та бодож байсан уу? Эдгээр онцгой эрхэд хайр, хүлээн зөвшөөрөлт, амьдрах газар, аюулгүй байдал, таныг харж ханддаг хүмүүс орж болно. Таны үүрэг хариуцлага дотор гэр бүлийнхээ гишүүдийг хүндлэх, гэр орны ажил хийх, гэр бүлдээ нэр хүнд авчрах зэрэг орж болно.
Хэрэв гэр бүлийн амьдрал тань сайнгүй мөн овог нэр тань чухал гэж бодохгүй байвал та баптисм хүртэхдээ хүлээн авсан Есүс Христийн нэрийг өөртөө ав. Сургаал ба Гэрээ 18:17–25-ыг уншаад, Есүс Христийн нэрийг өөр дээрээ авснаар ирэх онцгой эрх мөн үүрэг хариуцлагыг олж тогтоо. Хариултуудаа дараах хүснэгтэд бич.
Онцгой эрх |
Үүрэг хариуцлага |
---|---|
Сургаал ба Гэрээ 18:23-т цэдэглэгдсэнээр, Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авах нь яагаад бидний хувьд чухал байдаг вэ?
-
Та өөр дээрээ Есүс Христийн нэрийг авсан гэдгээ бусдад мэдэгдэж болох хэд хэдэн арга замыг судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 18:26–47
Их Эзэн Арван хоёр төлөөлөгчийн дуудлага болон номлолыг илчлэв
Ахлагч Жэффри Р.Холланд шинээр төлөөлөгчөөр дуудагдсан анхныхаа Ерөнхий чуулганаар ийнхүү хэлсэн.
“Мэдээж хэрэг миний бүх ухаарал ойлголт дундаас хамгийн агуу мөн баяр хөөртэй нь Нифайн хэлсэнчлэн амьдралынхаа эцсийн амьсгалыг хүртэл хаана мөн хэнтэй ч байсан бай ‘Христийн тухай ярьж, … Христэд баясаж, … Христийн талаар номлож, [мөн] Христийн тухай бошигло[х]’ (2 Ни. 25:26) боломж надад байгаа явдал юм. ‘Бүх дэлхийд Христийн нэрийн тусгай [гэрч]’ (С ба Г 107:23) болохоос илүү дээд зорилго мөн агуу боломж гэж байхгүй.
… Би хэлсэн үг, сургаал болон ярьсан зүйлийнхээ гэрч байхаас гадна амьдрал маань Есүс Христийн энэхүү гэрчлэлийн нэг хэсэг болох ёстой. Миний оршин буй байдал нь уг ажлын тэнгэрлэг байдлыг тусгах ёстой. Хэрэв миний хэлэх эсвэл хийх аливаа зүйл та нарын Христэд итгэх итгэл, сүмийг хайрлах хайр мөн ариун төлөөлөгч байх дуудлагыг хүндэтгэх хүндлэлийг багасгавал би үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч чадахгүй.
Би Их Эзэнд болон эдгээр ахад амласны адил та нарт ч мөн энэхүү итгэл найдварыг даах зохистой амьдрахын төлөө хичээж, бүх авьяас чадвараа бүрэн дайчилж үйлчилнэ гэдгээ амлаж байна” (“Miracles of the Restoration,” Ensign, 1994 оны 11-р сар, 31).
Их Эзэн арван хоёр төлөөлөгчийн дуудлага болон номлолын талаар Сургаал ба Гэрээ 18:26–32, 37–47-д өгүүлсэн байдаг.
-
Сургаал ба Гэрээ 18:26–29-д цэдэглэгдсэнээр, Их Эзэний арван хоёр төлөөлөгч бүхэл дэлхийд сайн мэдээг тунхаглаж, танилцуулахаар дуудагдсан. 30–32-р шүлгийг уншаад, Их Эзэн арван хоёр төлөөлөгч өөр юу хийх ёстой хэмээн хэлснийг судрын тэмдэглэл дээрээ бич.
Яагаад зарим дуу хоолойг танихад илүү хялбар байна вэ? Таны хувьд Их Эзэний дуу хоолойг таних, танд хандан ярьж байгааг мэдэх хэцүү юү?
Бид Их Эзэний дуу хоолойг Түүний үйлчлүүлэгчдээр дамжуулан сонсож болно. Сургаал ба Гэрээ 18 дээр Их Эзэний дуу хоолойг сонсож, танил болж болох хэд хэдэн арга замыг Тэрээр тайлбарласан. Сургаал ба Гэрээ 18:34-36, 47-г уншаад, Их Эзэний бидэнтэй харилцдаг энэхүү чухал аргыг олж мэд. Сургаал ба Гэрээ 18:34 дээрх “эдгээр үгс” гэсэн хэллэг нь Их Эзэний Сургаал ба Гэрээн дээр өгсөн илчлэлтүүдийг хэлж байгаа болно. Эдгээр шүлэгт цэдэглэгдсэнээр, хэн нэгэн Их Эзэний бидэнтэй ярьж байгааг бид хэрхэн сонсдогийг мэдэхийг хүсвэл та юу гэж хэлэх вэ?
Уг зарчмыг судар эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичиж болно. Бид судруудыг Сүнсний хүчээр уншсанаар Есүс Христийн дуу хоолойг сонсож чадна.
Бид Их Эзэний дуу хоолойг чихэнд сонсогдохгүй арга замаар сонсож болно. Бид Ариун Сүнсээр дамжуулан оюун санаандаа мөн зүрх сэтгэлдээ мэдрэмж, захиас маягаар хүлээн авч чадна (С ба Г 8:2–3-ыг үзнэ үү). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч М.Рассэлл Баллард “Бид илчлэлтийг уншиж, судлах юм бол Сүнс бидний зүрх сэтгэлд сурч байгаа зүйл үнэн гэдгийг батлах бөгөөд энэ арга замаар Их Эзэний дуу хоолой бидний хүн нэг бүртэй ярьдаг юм” хэмээн заасан (“Marvelous Are the Revelations of the Lord,” Ensign, 1998 оны 5-р сар, 32).
Таныг судраас уншиж эсвэл тунгаан бодож байхад Их Эзэн сүнслэгээр нөлөөлж байсан үеийг бод. Дараах асуултуудыг эргэцүүлэн бод.
-
Ариун Сүнс танд Түүний үгсийг унших үед Аврагчийн дуу хоолойг сонсоход тусална гэдгийг мэдэх нь хэрхэн таны судрын талаарх бодлыг өөрчилсөн гэж та бодож байна вэ?
-
Энэхүү үнэн нь судрыг унших цаг, газар, орчноо сонгоход таныг хэрхэн чиглүүлж болох вэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 18-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: