Семинар
15-р бүлэг: 4 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 69–71


15-р бүлэг: 4 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 69–71

Оршил

1831 оны 10-р сарын сүүл буюу 11-р сарын эхээр Оливер Каудери Зарлигуудын номын гар бичмэлийг Огайогоос Миссури руу авч явах даалгавар хүлээн авчээ. Миссурид Виллям В.Фелпс хэвлэлийн газартаа номыг хэвлэх байв. 1831 оны 11-р сарын 11-нд Их Эзэн Жон Витмерийг Оливерийн аяллын хамтрагч байхаар томилон, Сүмийн түүхчийнхээ үүрэг хариуцлагыг үргэлжлүүлэн хийхийг зарлигласан байна (С ба Г 69-ийг үзнэ үү). Дараагийн өдөр нь Их Эзэн зургаан эрийг илчлэлтүүдийн даамлаар үйлчлүүлэхээр томилов (С ба Г 70-ыг үзнэ үү). 1831 оны 12-р сард Их Эзэн бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Сүмийн эсрэг найрсаг бус хандлагыг арилган, хэвлэгдэх илчлэлтүүд болон зарлигуудад зориулан замыг бэлтгэх номлолд үйлчлэхийг зарлиглажээ (С ба Г 71-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 69

Их Эзэн түүхээ бичихийн чухлыг илчлэв

Үнэт чулуунууд

Хэн нэгэн хүн танд ямар нэгэн үнэтэй зүйлээ итгэл хүлээлгэн үлдээж байсан уу? Тэр нь юу байсан бэ? Хүлээлгэсэн итгэл нь тухайн үнэт зүйлд санаа тавих байдалд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

Сургаал ба Гэрээ 69-р хэсгийн оршлыг уншаад, Оливер Каудерид юу итгэмжилснийг олж тэмдэглэ.

Хэрэв энэ үнэт зүйлсийг танд итгэмжлэсэн бол та тэдгээрт хэрхэн санаа тавих байсан бэ?

Сургаал ба Гэрээ 69:1–2-ыг уншаад, Их Эзэн тэдгээр үнэт зүйлийн талаар өгсөн зөвлөгөөг олж мэд.

Яагаад эдгээр үнэт зүйлд нэгээс илүү хүн санаа тавих нь чухал байсан гэж та бодож байна вэ?

Их Эзэн Жон Витмерт Оливер Каудерид илчлэлтүүд болон мөнгийг Миссури рүү авч явахад нь туслахын зэрэгцээ өөр нэгэн чухал үүрэг хариуцлагыг итгэмжилжээ. Сургаал ба Гэрээ 69:3–8-ыг уншаад, Их Эзэний Жон Витмерт хүлээлгэсэн өөр нэгэн үүрэг хариуцлагыг олж мэд. Та олсон зүйлээ тэмдэглэж болно.

Сургаал ба Гэрээ 47-д Жон Витмерийн Сүмийн түүхч, хөтлөгчөөр томилогдсон тухай юу зааж байгааг эргэн хар.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 69:8-д цэдэглэгдсэнээр яагаад Жон Витмерт Сүмийн түүхийг хөтлөх чухал байсан бэ?

    2. Яагаад эдгээр нь танд хувийн түүхээ хөтлөх сайн шалтгаан болж болох вэ?

Дараах зарчмыг судрынхаа захад бичиж болно. Их Эзэн түүхийг Сүмийн ба өсвөр үеийнхний сайн сайхны төлөө хөтлөгдөхийг хүсэн хүлээдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Таны бодлоор Сүмийн болон хувийн түүхийг хөтлөх нь Сүмд хэрхэн өгөөжтэй гэж та бодож байна вэ?

    2. Тэдгээр нь өсвөр үеийнхэнд хэрхэн ач тустай байх вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах үйл ажиллагаануудын нэг юм уу хоёуланг хийгээд, туршлагынхаа товч дүгнэлтийг судрын тэмдэглэлдээ бич. Тухайлбал:

    1. Танд ямар нэгэн байдлаар тусалсан Сүмийн юм уу гэр бүлийнхээ нэг түүхийг бод. Уг түүхээ гэр бүлийнхээ гишүүн юмуу найзтайгаа хуваалц.

    2. Гэр бүлийнхээ нэг гишүүнээс өөрт нь тусалсан гэр бүлийн нэг түүхийг танд ярьж өгөхийг хүс.

Сургаал ба Гэрээ 70:1–4

Аврагч илчлэлтүүдийг нь харж хандах даамлуудыг томилов

Бошиглогч Иосеф Смит ч мөн адил хувийн түүхээ хөтөлдөг байжээ. Сургаал ба Гэрээ 70-р хэсгийн оршлыг уншаад, Иосеф Смитийн түүхэнд Сургаал ба Гэрээний талаар юу гэж хэлснийг олж тэмдэглэ.

Сургаал ба Гэрээний олон хэл дээр хэвлэгдсэн хувиуд
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ дэлхийд хэрхэн ашиг тусаа өгдөг вэ?

    2. Сургаал ба Гэрээ танд хэрхэн тус болсон бэ?

Сургаал ба Гэрээ 70:1-ийг уншаад, энд дурдагдсан зургаан нэрийг олж тогтоо. Дараа нь Сургаал ба Гэрээ 70:2–4-ийг уншаад, Их Эзэн тэр зургаан хүнд өгсөн үүргүүдийг олж мэд.

“Би энэ ажил үүргийн тайланг тэднээс шаардах болно” (C ба Г 70:4) гэсэн хэллэг юу гэсэн утгатай үг гэж бодож байна вэ? Хэдийгээр Их Эзэний бидэнд өгдөг үүрэг хариуцлага энэ эрсийнхтэй адил төрлийнх биш байж болох ч энэ зарчим шүүлтийн өдөр Их Эзэний биднээс юу шаардах талаар юу сануулж байна вэ?

Эдгээр шүлгээс сурсан зүйлс дээрээ үндэслэн дараах зарчмыг гүйцээж бич. Их Эзэн бидэнд хүлээлгэн өгсөн үүрэг даалгаврынхаа төлөө хариуцлага хүлээлгэнэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Энэ зарчим Сүмийн дуудлага болон үүрэг даалгавартаа хандах бидний хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

    2. Их Эзэний өмнө хариуцлага хүлээх ямар ямар үүрэг хариуцлага танд байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 70:5–18

Их Эзэн Сүмд бүрэн цагаар үйлчилж байгаа хүмүүсийн материаллаг хэрэгцээг хэрхэн хангах талаар тайлбарлав

Сургаал ба Гэрээ 70:5–18-д илчлэлтүүд хийгээд зарлигуудын даамал байхаар итгэмжлэгдсэн хүмүүс Сүмийн ном хэвлэлүүдийг хэвлэж, тараах ажлыг хийх болсныг заадаг. Бидний үед Сүмийн эрх мэдэлтнүүд амьжиргаагаа орхин бүрэн цагаар үйлчилдэг учраас өөрсдийгөө болон гэр бүлээ тэжээж тэтгэхэд хүрэлцэхүйц бага хэмжээний тэтгэмжийг хүлээн авдаг.

Яагаад бүрэн цагаар үйлчлэхээр дуудагдсан Сүмийн удирдагчдад хэрэгцээнд нь тохирсон цалинг өгөх нь зүйтэй вэ?

Сургаал ба Гэрээ 71

Их Эзэн бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Сүмийг шүүмжлэгчдэд хэрхэн хариулахыг заав

Та өмнө нь Сүмийн талаарх шүүмжлэлийг сонсож байсан уу? Сүмийг шүүмжлэгчдэд ямар арга замаар хариулах нь зүйтэй вэ?

Сургаал ба Гэрээ 71-т цэдэглэгдсэн илчлэлтийн түүхэн нөхцөл байдлыг ойлгоход тань туслах дараах догол мөрийг унш. Уншиж байхдаа Сүм болон Сүмийн удирдагчдыг энэ илчлэлтийг авч байх үед хэрхэн шүүмжлүүлж байсныг олж мэд.

Өмнө нь методист сүмийн шашны удирдагч байсан Эзра Бут эдгээлтийн гэрч болсныхоо дараа Сүмд нэгджээ. Тэр Миссури руу номлохоор явсан ч бусдыг үнэнд итгүүлэхийн тулд гайхамшгуудыг хийж чадахгүй байгаадаа урам нь хугарсан аж. Үүнээс гадна, Бут ах Иосеф Смитийн биеэ авч яваа байдал бошиглогч эсвэл сүнслэг удирдагчид нийцэхгүй хэмээн бодож байв. Тэрээр бошиглогч Иосеф Смитэд ихэд шүүмжлэлтэй хандаж, Сүмийг орхин, улмаар Сүм болон удирдагчдыг нь шүүмжилсэн 9 захиа бичсэн байна. Ohio Star (Огайогийн Од) сонинд хэвлэгдсэн эдгээр захидал зарим хүнийг Сүм болон үүний удирдагчдад найрсаг бус хандлагатай болоход хүргэжээ. Бошиглогч Иосеф Смит Эзра Бутын бичвэрүүд буюу “Өнгөлөн далдлалт, худал хуурмаг үгс, дэмий хоосон тооцоолол хийх замаар Их Эзэний ажлыг унагаах гэсэн хэд хэдэн захидал нь [Эзра Бутын] сул тал, ёс бус байдал, тэнэг явдлыг илчилсэн бөгөөд өөрийнхөө талаар дэлхийнхнийг гайхшируулам шившигт дурсамжийг үлдээсэн юм” (History of the Church, 1:216–217-д).

Сүмийн өөр нэгэн үнэнч бус гишүүн Саймондс Райдер хүмүүсийг Сүмд нэгдэхээс холдуулахыг оролдон зарим илчлэлтийн хувийг өөр сонинд өгчээ. Эзра Бут, Саймондс Райдер хоёрын өдөөсөн дургүйцэл улмаар ноцтой асуудал болж хувирсан юм.

Сургаал ба Гэрээ 71:1–4-ийг уншаад, сонины өгүүллээс болж үүссэн найрсаг бус хандлагыг намжаахын тулд юу хий хэмээн Их Эзэн бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт хэлснийг олж мэд.

1-р шүлэг дэх Иосеф, Сидней хоёрын сайн мэдээг тунхаглах ёстой арга замыг анхаар. Энэ зааварчилгаанаас Сүмийн шүүмжлэлд хэрхэн хариулах талаар бид ямар зарчим сурч болох вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултанд судрын тэмдэглэлдээ хариулж бич. Сүм эсвэл Сүмийн удирдагчдын эсрэг шүүмжлэлд хариулахад одооноос өөрсдийгөө бэлтгэхийн тулд та юу хийж болох вэ?

Та дараах зарчмыг судрынхаа захад, Сургаал ба Гэрээ 71:1-ийн хажууд бичиж болно. Хүмүүс Сүмийг шүүмжлэхэд бид судрууд дээр үнэнийг хуваалцаж, Сүнсний удирдамжийг даган хариулж болно.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахад бидэнд Сүнс хэрхэн туслах талаар тайлбарласан. Тэрээр: “Бид бусдад хариулах бүрд нөхцөл байдал нь өөр өөр байна. Аз болоход Их Эзэн биднийг эсэргүүцэгчдийн зүрх сэтгэлийг мөн бид тэдэнд хэрхэн хамгийн үр дүнтэй хариулж болох вэ гэдгийг мэддэг. Үнэнч шавь нар Сүнсний удирдамжийг эрэлхийлдэг бөгөөд тохиолдол бүрд таарсан сүнслэг удирдамжийг хүлээн авдаг. Ямар ч тохиолдолд үнэнч шавь нар Их Эзэний Сүнсийг урин дуудах арга замаар хариуг өгдөг” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 73 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Сургаал ба Гэрээ 71:5–11-ийг уншаад, Их Эзэний бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахад өгсөн зөвлөгөө, тайтгарлыг олж мэд. Мөн 7 ба 10-р шүлгүүдэд цэдэглэгдсэн Их Эзэний тэдэнд өгсөн амлалтуудыг олж мэд.

Энэ илчлэлт Сүмийн хоёр удирдагч болох бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт ил болон нууцаар Сүмийн эсрэг олны өмнө болон далдуур дайралт хийж буй хүмүүстэй уулзаж, худал хуурмаг зүйлс тарааж буй үйлдэл дээр нь барих зорилготой өгөгдсөн гэдгийг анхаар. Ерөнхийдөө энэ нь санваарын удирдагчид өөр нэгнээр хийлгэхээр удирдах юм уу томилоогүй бол Сүмийн удирдагчийн хүлээдэг үүрэг юм. Хэдий тийм ч гэлээ Сүмийн өсвөр үеийнхэн Сүмийн талаарх худал хуурмаг мэдээлэлд ахлагч Хэйлсийн дээр тайлбарласанчлан хариулахад бэлэн байх ёстой.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Түүнчлэн ахлагч Хэйлс Сүм буюу Сүмийн удирдагчдыг шүүмжилдэг хүмүүст хэрхэн хандах ёстой талаар бидэнд зөвлөгөө өгсөн. Тэрээр: “Бид үнэнч шавь нарын хувьд анхаарах зүйл бол өөрсдийнхөө зөв гэдгийг нотлохын тулд бус харин бусдын сайн сайхны төлөө байх ёстой. Асуултууд болон шүүмжлэлүүд нь бидэнд болон Тэнгэрлэг Эцэгт тэдгээр хүмүүс хамаатай шүү гэдгийг харуулж, туслах боломжийг олгодог. Бидний зорилго бол үнэнийг ойлгоход бусдад туслах ёстой болохоос өөрсдийнхөө санаа бодлыг баталж, хэн нэгнийг маргаанд ялж, эсвэл онолын мэтгэлцээн үүсгэх явдал биш юм. Бидний зүрх сэтгэл дэх гэрчлэл нь биднийг эсэргүүцэн буруушаагчдад өгөх хамгийн хүчтэй хариулт болдог. Ийм гэрчлэлүүдээ зөвхөн хайраар болон даруу байдлаар хуваалцах учиртай” (“Христэд итгэгчийн зориг,” 84).

Сидней Ригдон Их Эзэний зөвлөгөөг дагаж Эзра Бутын захидлуудыг олны өмнө нээлттэй хэлэлцэхээр Огайогийн Равенна хотод уулзахаар түүнийг урьсан. Сидней ч гэсэн Саймондс Райдерийг Мормоны Номны тухай нээлттэй мэтгэлцээнд урьжээ. Хоёр эр хоёулаа урилгыг хүлээн авахаас татгалзжээ. Сидней үнэний тухай Равенна болон өөр бусад газарт гэрчилжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Сургаал ба Гэрээ 71:8–9 дэх сургаалууд Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулах хүмүүсийг хэрхэн тайвшруулдаг вэ?

    2. 10-р шүлэгт цэдэглэснээр бид яагаад Сүмд хандсан хүмүүсийн шүүмжлэлд хэт их ач холбогдол өгөх хэрэггүй вэ?

Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахад өөрийгөө илүү сайн бэлтгэхийн тулд юу хийж болох талаар бодож үз.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 69–71-р хэсгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: