Семинар
18-р бүлэг: 1 дэх өдөр, Сургаал ба Гэрээ 84:1–42


18-р бүлэг: 1 дэх өдөр

Сургаал ба Гэрээ 84:1–42

Оршил

1832 оны 9-р сард, Нэгдсэн Улсын дорнод хэсэгт сайн мэдээ номлосныхоо дараа номлогчид Огайогийн Көртландад буцаж ирэв. Тэднийг баяр хөөртэй уулзах үеэр, бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 84-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Тэрээр 9-р сарын 22, 23-нд хоёр өдөр дараалан энэ илчлэлтийг хүлээн авсан. (1–41-р шүлгийг 9-р сарын 22-нд, 42–120-р шүлгийг 9-р сарын 23-нд хүлээн авсныг нотлох түүхэн баримт байдаг.) Та Сургаал ба Гэрээ 84-ийг хоёр хичээл болгон хувааж судална. Эхний энэ хичээл санваар болон санваар нь хэрхэн биднийг Тэнгэрлэг Эцэгт байгаа бүхнийг хүлээн авахад бэлддэг тухай Их Эзэний зааврыг онцлон судална.

Сургаал ба Гэрээ 84:1–30

Их Эзэн ариун сүм баригдана хэмээн тунхаглаад, санваарын зорилгыг тайлбарлав

Та өөрийн очсон эсвэл очихыг хүсэж буй ариун сүмийнхээ тухай бод. Та өөр шашин шүтлэгтэй найздаа ариун сүм болон сүмийн өөр бусад барилга байгууламжийн хоорондох ялгааг хэрхэн тайлбарлах вэ?

Сургаал ба Гэрээ 84:2–5-ыг уншаад, гэгээнтнүүдэд ариун сүмийн барилгын ач холбогдлыг ойлгоход туслах Их Эзэний ашигласан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.

Доминиканы Бүгд Найрамдах Улсын Санто Доминго ариун сүм

Эдгээр шүлэг Шинэ Иерусалим хот болон ариун сүм Миссуригийн Жаксон гүнлэгт баригдана гэсэн бошиглолыг давтан илэрхийлдэг. Гэхдээ хожим нь, 1841 онд Их Эзэн Сүмийн дайснуудын хүчтэй мөрдлөг хавчлагын улмаас тэр үед хот эсвэл ариун сүмийг Миссурид барих шаардлагагүй хэмээн гэгээнтнүүдэд хэлсэн (С ба Г 124:49-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 84:5 дахь “энэ үеийнхэн” гэх хэллэг нь Шинэ Иерусалим болон ариун сүм барих тухай бошиглолын талаар хэлж байгаа бөгөөд энэ бошиглол ирээдүйд хэзээ нэгэн цагт биелж, гүйцэлдэнэ гэсэн утга санааг агуулдаг (Мосе 7:62-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 84 нь ариун сүмд хүлээн авч болох чухал адислалуудын ач холбогдлын талаар суралцах боломжийг танд олгодог. Энэ хэсгийг үргэлжлүүлэн судлахынхаа өмнө, энэ илчлэлтэд Их Эзэний заасан зарчмуудтай холбоотой зарим түлхүүр нэр томьёог эргэж харах нь зүйтэй. Дараах хүснэгтийн баруун талд байгаа судрын тодорхойлолтыг анхааралтай унш. Тодорхойлолт бүрийг зүүн талд байх тодорхойлолттой тааруул.

Нэр томьёо

Тодорхойлолт

  1. Гэрээ

  2. Авралын ёслол

  3. Мелкизедек санваар

  4. Аароны санваар

  1. Сүнслэг ажлыг удирдан явуулдаг дээд буюу илүү агуу санваар

  2. Тэнгэр элчүүдийн тохинууллын хийгээд наманчлал, баптисмын сайн мэдээний түлхүүрүүдийг атгадаг бэлтгэл санваар

  3. Бурхан, хүн хоёрын хоорондох ариун гэрээ

  4. Өргөмжлөлд зайлшгүй хэрэгтэй бөгөөд гэрээтэй дагалдах ариун зан үйл

(Энэ хичээлийн төгсгөлд байх тохируулах үйл ажиллагаанаас хариултуудыг үзнэ үү.)

Дараах санваарын ёслол, адислалуудын жагсаалтыг уншаад, авралын ёслолуудад тооцогдох ёслолын хажуу багананд чагт тавь.

Баптисм

Гишүүний баталгаа

Хүүхдэд нэр өгөх ба адислах

Мелкизедек санваар (эрэгтэйчүүдэд) хүртээх

Өвчтэй хүнд адислал өгөх

Ариун сүмийн хишиг

Гэрлэлтийн лацдан холболт

Жагсаалтад байгаа ёслолуудаас хүүхдэд нэр өгөх, хүүхдийг адислах, өвчтэй хүн адислах зэргээс бусад нь бүгд авралын ёслол юм. Хүүхдэд нэр өгөх, хүүхэд адислах, өвчтэй хүнд адислал өгөх зэрэг санваарын ёслол нь адислалыг хүртэж буй хүмүүсийг адислах ч авралд зайлшгүй хэрэгтэй ёслолууд биш юм.

Бид Сургаал ба Гэрээ 84:6–19-өөс Мосе Мелкизедек санваар буюу “дээд санваар” атгадаг байсан гэдгийг сурдаг (С ба Г 84:19). Түүнд байсан санваарын эрх мэдлийн эх сурвалж нь Бурхан юм. Зөв шударга санваартны хувьд Мосегийн хүсэл бол санваарын авралын ёслолуудаар дамжуулан бусдыг Бурханд илүү ойртоход нь туслах явдал байв.

Сургаал ба Гэрээ 84:19–22-ыг уншаад, бид Мелкизедек санваараар дамжуулан ямар ямар адислал хүлээн авч болохыг олж мэд.

20-р шүлэгт Мелкизедек санваарын ёслолуудад бурханлаг чанарын хүч илэрхийлэгддэг гэсэн байгааг анхаар. Өмнөх хүснэгтэд харуулсан ёслолуудын баптисмаас бусдыг Мелкизедек санваарын эрх мэдлээр хийж гүйцэтгэдэг. Та Бурханлаг чанарын хүч эдгээр ёслолоор илэрхийлэгдэж байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ?

Мелкизедек санваараар хийж гүйцэтгэдэг авралын ёслолуудаас ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболт хоёрыг зөвхөн ариун сүмд хийдэг. Сургаал ба Гэрээ 84:22-т цэдэглэгдсэнээр яагаад бидний хувьд Мелкизедек санваараар хийж гүйцэтгэдэг авралын ёслолуудыг хүлээн авах чухал вэ?

22-р шүлэг энэ амьдралд Бурханыг харах гэсэн утгатай боловч эцсийн эцэст бидний Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд мөнхөд амьдрах чадавхыг хэлж байгаа юм. Та судрынхаа захад 21–22-р шүлгийн хажууд дараах зарчмыг бичиж болно. Бурхантай адил болж, Түүний оршихуйд амьдрахын тулд бид Мелкизедек санваарын авралын ёслолуудыг хүлээн авсан байх ёстой.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, Сургаал ба Гэрээ 84-ийг судлахдаа мэдэж авсан зарчим хэрхэн танд санваар болон ариун сүмийн ач холбогдлыг ойлгоход тусалсан талаар бич.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншиж байхдаа авралын бүх ёслолыг, ялангуяа зөвхөн ариун сүмд хийгддэг сайн мэдээний бүхий л ёслолыг хүлээн авах яагаад чухал болох талаар бод. Тэрээр: “Ариун сүм бол сүмийн үйл ажиллагаа, хичээл, сүмд үргэлжилж буй алхам бүрийн зорилго юм. Сайн мэдээг тунхаглах, гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, нас барагсдыг гэтэлгэх бидний бүхий л хүч чармайлт ариун сүм рүү хөтөлдөг. Ариун сүмийн ёслолууд үнэхээр шийдвэрлэгч ач холбогдолтой юм. Тэдэнгүйгээр бид Бурханы алдар сууд буцаж очиж чадахгүй” (“Prepare for the Blessings of the Temple,”Ensign, 2010 оны 10-р сар, 41).

Сургаал ба Гэрээ 84:23-ыг уншаад, Мосегийн хийхийг эрэлхийлж байсан зүйлийг олж мэд. Та ариусгах гэдэг нь цэвэрших болон ариун болгох гэсэн утгатай гэдгийг бүү март. Дараа нь Сургаал ба Гэрээ 84:24–25-ыг уншаад, Израилын хүүхдүүд Мосегийн тэдэнд зааж сургах гэсэн хүчин чармайлтад хэрхэн хариу үйлдэл хийснийг олж тогтоо. Тэдний үйлдлийн үр дагавар юу байсан бэ?

Таны олж мэдсэнээр Израилын хүүхдүүд Мелкизедек санваараар дамжуулан хийгддэг авралын ёслолыг хүлээн авах боломжоо алдсан. Гэсэн хэдий ч Их Эзэн тэднийг өсөж хөгжихөд нь туслах гэсэн оролдлогоо зогсоогоогүй юм. Тэрээр тэдэнд доод санваар буюу Аароны санваарыг үргэлжлүүлэн ашиглахыг зөвшөөрсөн. Сургаал ба Гэрээ 84:26–28-ыг уншаад, Их Эзэн Израилын хүүхдүүдийг хэрхэн үргэлжлүүлэн адисалж байсныг олж тогтоо. Судлах явцдаа Аароны санваараар дамжуулан хүлээн авч болох адислалуудаа тэмдэглэж болно.

28-р шүлэгт “тэрээр бүр хүүхэд ахуй үедээ баптисм хүртсэн байлаа” гэсэн нь Иохан найман настай байхдаа баптисм хүртсэн гэсэн санааг агуулж байгааг ойлгох нь тустай байж болно. “Түүнийг Бурханы элч томилоход, төрөөд найман өдөр болж байв” гэсэн нь Иохан “Их Эзэний замыг … шулуун болгох [мөн] Их Эзэний ирэлтэд [хүмүүсийг] бэлтгэх” үүрэгт онцгойлон адислагдсан гэсэн утгатай. Энэ нь Иоханыг Аароны санваар хүлээн авсан цаг хугацааг заагаагүй юм. Иохан баптисм хүртсэнийхээ дараа Аароны санваарт томилогдсон. (Брүс Р.Макконки, The Mortal Messiah: From Bethlehem to Calvary, 4-р боть, [1979–1981 он], 1:384–385-ыг үзнэ үү.)

Аароны санваар нь биднийг Мелкизедек санваарын ёслол, адислалуудыг хүлээн авахад бэлтгэдэг. Жишээлбэл, бид Аароны санваарын нэг ёслол болох баптисмын дараа Мелкизедек санваарын эрх мэдлээр дамжуулан Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг. Бид Аароны санваарын нэг ёслол болох ариун ёслолоос хүртсэнээр цэвэршигдэн, Ариун Сүнсний байнгын нөхөрлөлийг мөн ариун сүмийн ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг хийхэд өөрсдийгөө бэлдэхэд тусалдаг гэрээнүүдээ шинэчилдэг. Аароны санваартан залуу эрэгтэйн үйлчлэл түүнийг Мелкизедек санваар хүлээн авахад бэлтгэдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та өөрийгөө сайн мэдээний авралын бүх ёслолыг хүлээн авахад бэлдэхийн тулд одооноос эхлэн юу хийж болох вэ?

Сургаал ба Гэрээ 84:31–42

Их Эзэн санваарын тангараг ба гэрээний тухай заав

Мосе Аароныг тохинуулалд дуудав

Та санваарын тангараг, гэрээний тухай судалж байхдаа “амлалтууддаа үнэнч хийгээд итгэлтэй байхын тулд тангарагладаг. Гэрээ бол хоёр талын хоорондох чанд амлалт мөн. Аароны Санваарыг зөвхөн гэрээгээр хүлээн авдаг. Мелкизедек санваартнууд санваарыг үгээр үйлдээгүй тангаргаар мөн түүнчлэн гэрээгээр хүлээн авдаг. Санваартнуудын хувьд итгэлтэй байж мөн Бурханаас чиглүүлсний дагуу дуудлагаа эрхэмлэн гүйцэтгэхэд, тэрээр тэднийг адисалдаг. Эцсээ хүртэл тэвчээртэй байж мөн Түүний хүссэн болгоныг хийдэг хүмүүс Эцэгт байгаа бүхнийг хүлээн авах болно гэдгийг санаарай (С ба Г 84:33–39)” (Судруудын удирдамж, “Санваарын тангараг ба гэрээ” scriptures.lds.org.) “Гэрээ” бол хүний Бурхантай хийсэн зөвшилцөл, харин “тангараг” бол гэрээгээ сахидаг хүмүүст амласан Бурханы ариун амлалт мөн.

Сургаал ба Гэрээ 84:31–32 хожмын өдрүүдийн санваартнууд (“Мосегийн хийгээд Аароны хөвгүүд”) Их Эзэний өргөөнд (ариун сүмд) хөдөлмөрлөн, Их Эзэний алдар суугаар дүүргэгдэх болно гэдгийг заадаг. Сургаал ба Гэрээ 84:33–44 санваарын тангараг ба гэрээг агуулдаг. Үүнээс бид дараах зарчмыг мэдэж авдаг: Санваарыг хүлээн авсан хүмүүс дуудлагаа эрхэмлэн биелүүлбэл Бурхан тэднийг ариусган мөн байгаа бүхнээ тэдэнд өгөх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ Их Эзэн … амладаг гэж бичээд, дараа нь Сургаал ба Гэрээ 84:33–44-ийг судлан, санваарын тангараг ба гэрээнд орсон хүмүүст Их Эзэний амласан наад зах нь таван амлалтыг олж тогтоо. (Хийж дууссаныхаа дараа та хариултаа хичээлийн төгсгөл дэх хариулттай тулга.)

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли санваартнууд дуудлагаа эрхэмлэн биелүүлэх талаар дараах зүйлийг заасан.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Бид зохих эрх мэдлээр дуудагдсан үүрэг хариуцлагадаа хичээнгүй, урам зоригтой үйлчилснээр санваараа эрхэмлэн биелүүлж, дуудлагаа өргөжүүлэн тэлдэг. …

Бид мөн гай зовлонд унасан хүмүүст хүрч, доройтсон тэдэнд хүч тэнхээ өгөх үед санваарын чадавхаа өргөжүүлэн тэлж, дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг. …

Эцэст нь бид зөв шударга мөн зарчимч байдлаар алхах үедээ дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг” (“Magnify Your Calling,” Ensign, 1989 оны 5-р сар, 48–49).

Дуудлага хүлээн авсан, онцгойлон томилогдсон Сүмийн бүх гишүүн дуудлагаа эрхэмлэн биелүүлэх адислалыг Мелкизедек санваараар дамжуулан хүлээн авдаг. Ерөнхийлөгч Томас С.Монсон бидний хүн нэг бүр дуудлагаа хэрхэн эрхэмлэн биелүүлж болох талаар энгийн тайлбар өгсөн. Тэрээр: “Хүн дуудлагаа хэрхэн эрхэмлэн биелүүлдэг вэ? Энгийнээр хэлэхэд, дуудлагатай холбоотой үйлчлэлийг хийснээр үүнийг хийдэг” (“Priesthood Power,”Ensign, 1999 оны 11-р сар, 51).

Аароны санваарын чуулгын цуглаан
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ, дуудлагаа эрхэмлэн биелүүлэх нь юу гэсэн үг болох тухай дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Санваартнууд санваарын дуудлагаа хэрхэн эрхэмлэн биелүүлдэг вэ?

    2. Хэн нэгэн дуудлагаа эрхэмлэн биелүүлснээр та хэрхэн адислагдаж байсан бэ?

Бүх санваартны үүрэг хариуцлага бол сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралыг хүлээн авч болохын тулд дагалдах гэрээнүүдийн дагуу амьдрахад өөрсдийгөө болон бусдыг бэлдэх явдал юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 84:1–42-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: