16-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 76:50–80
Оршил
Хүүгийн алдар суу, Люсиферийн уналт болон мөхлийн хөвгүүдийн нөхцөл байдлын тухай үзэгдлийг харсныхаа дараа бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр селестиел болон террестриел хаант улсуудыг өвлөн авах шударга хүмүүс амилалтаар урагш гарч ирэхийг харсан.
Сургаал ба Гэрээ 76:50–70
Их Эзэн селестиел алдар сууд тавигдах шаардлага болон адислалуудыг илчилдэг
1832 оны 2-р сарын 16-нд бошиглогч Иосеф Смит Библийн орчуулга дээр ажиллаж байхдаа, шударга ба шударга бус хүмүүсийн амилалтын талаарх Иохан 5:29-ийн үгийн найруулгад сүнсээр өдөөгдсөн өөрчлөлт хийсэн (С ба Г 76:15–17-г үзнэ үү). Сидней Ригдон тэр хоёр Иоханы дүрсэлсэн шударга болон шударга бус хүмүүсийн амилалтын тухай эргэцүүлэн бодож байхдаа Сургаал ба Гэрээ 76-д орсон үзэгдлийг хүлээн авчээ. Сургаал ба Гэрээ 76:50-ийг уншаад, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр мөхлийн хөвгүүдийн талаарх үзэгдлийг хүлээн авсны дараа хэнийг харсныг олж мэд. (Үүнийг уншихдаа шударга гэдэг үг нь зөв шударга гэсэн утгатай болохыг мэдэх нь тустай байж болно. Та энэ тодорхойлолтыг судрынхаа захад Сургаал ба Гэрээ 76:50-ийн хажууд бичиж болно.)
Сургаал ба Гэрээ 76:70-ыг уншаад, Иосеф, Сидней хоёрын харсан шударга хүмүүс амилалтын үеэр амилах, эхний бүлэг хүмүүсийн дунд хэн байгааг тэмдэглэ. Их Эзэн энэ үзэгдлийн нэг хэсэг болгон селестиел хаант улсыг өвлөх хүмүүсийн зан чанарыг илчилсэн.
-
Селестиел хүн болох нь гарчгийг судрын тэмдэглэл дээрээ бич. Сургаал ба Гэрээ 76:51–53-ыг уншаад, судрын тэмдэглэл дэх гарчгийнхаа доор селестиел хаант улсыг өвлөх хүмүүст зориулсан шүлгүүдэд дүрсэлсэн зан чанарыг жагсаан бич. Дор хаяж дөрвөн зан чанарыг олохыг хичээ.
Олж тогтоосон зарим хэллэгийг илүү сайн ойлгоход “Есүсийн тухай гэрчлэлийг [хүлээн авсан]” (C ба Г 76:51) гэдэг нь хувийн илчлэлтээр Есүс Христ бол Аврагч гэсэн гэрчлэлийг олж авах мөн тухайн гэрчлэлийнхээ дагуу үйлдэх гэсэн утгатай үг гэдгийг мэдэх нь тустай байж болно. “Итгэлээр дийл[эх]” (С ба Г 76:53) гэдэг нь Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэн уруу таталт, нүглийг ялан дийлэх гэсэн үг юм. Хувь хүн “амлалтын Ариун Сүнсээр лацдагдана” (С ба Г 76:53; мөн С ба Г 132:7-г үзнэ үү) гэдэг нь хүлээн авсан санваарын ёслолууд болон хийгдсэн гэрээнүүдийг Бурхан хүлээн зөвшөөрсөн гэдгийг Ариун Сүнс баталдаг гэсэн утгатай үг болно. Энэ баталгаа хүмүүний итгэлтэй байдал дээр тулгуурлагддаг.
-
Селестиел хүний зан чанарыг илүү сайн ойлгохын тулд судрын тэмдэглэл дээрээ дараах нэг юм уу түүнээс дээш асуултад хариулж бич.
-
Та Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авч, уг гэрчлэлээ хүчтэй байлгахын тулд юу хийсэн бэ?
-
Та Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авахын тулд юуг илүү сайн хийж чадах вэ?
-
Есүс Христийн тухай гэрчлэлийг хүлээн авч, зарлигуудыг дагах нь хэрхэн хэн нэгэнд селестиел хаант улсад байхаар илүү зохистой болоход туслах вэ?
-
Селестиел хаант улсыг өвлөх хүмүүсийн зарим зан чанарыг илчлэхээс гадна Их Эзэн селестиел хаант улсын оршин суугчдын хүлээн авах зарим адислалыг үргэлжлүүлэн дурсэлсэн. Сургаал ба Гэрээ 76:54–68-ыг уншаад, тэдгээр адислалыг олж тогтоо. Танд чухал утга учиртай байж болох адислалуудыг тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 76:69–70-ыг уншаад, селестиел хаант улсад ороход зохистой хүмүүст юу тохиолдохыг олж мэд. Та уншиж байхдаа, 69-р шүлэг дэх төгс гэдэг үг нь өө сэвгүй гэсэн биш, харин энэ нь бүрэн бүтэн гэсэн утгатай үг болохыг мэдэх нь тустай байж болно. (Матай 5:48-ын зүүлт тайлбар б-гийн орчуулгын өөр нэгэн хувилбар бол грек үгс болох “бүрэн бүтэн, хийж дууссан, бүрэн хөгжсөн” юм.)
Бүх зарлигийг сахихын тулд гаргадаг хамгийн сайн хичээл зүтгэл маань биднийг төгс болгохгүй ч тэдгээр нь биднийг Аврагчийн ач ивээлийг хүлээн авч, Түүний “өөрийнхөө цус урсгалтаар дамжуулан энэхүү төгс цагаатгалаар” (C ба Г 76:69) цэвэрших болох боломжийг олгодог. Бидний хүн нэг бүр Есүс Христээр төгс болж, гэр бүлтэйгээ хамт селестиел хаант улсын хамгийн дээд түвшинд өргөмжлөгдөж чадна (Моронай 10:32–33-ыг үзнэ үү). Энэ үнэн нь биднийг эдгээр агуу адислалыг хүлээн авч болохын тулд зарлигуудыг сахиж, авралын ёслолуудыг хүлээн авахад урамшуулдаг юм. Тиймээс, бид Есүс Христийн Цагаатгалаар төгс болж чадна. Та энэ зарчмыг судрын тэмдэглэл дэх “Селестиел хүн болох нь” гарчгийн доор бичиж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сургаал ба Гэрээ 76:69–70-д заасан зарчмууд хэрхэн таны итгэлийг хүчирхэгжүүлэн, селестиел хаант улсад өргөмжлөлийг эрэлхийлэхэд урамшуулж байна вэ?
-
Эдгээр шүлэгт заасан зарчмууд нь хэрхэн бидэнд селестиел алдар сууд орохын тулд хичээл зүтгэл гаргахдаа шантарч бууж өгөхгүй байхад туслах вэ?
-
Сургаал ба Гэрээ 76:71–80
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр үзэгдэлдээ террестриел хаант улсыг харав
Хэрэв та найзуудаасаа селестиел хаант улсыг өвлөн авч, гэр бүлээрээ Тэнгэрлэг Эцэгтэй мөнхөд хамт амьдрахаар эргэн очно гэдэгт итгэдэг эсэхийг нь асуувал тэдний хэд нь үүнд итгэдэг гэж хэлэх вэ? Та селестиел хаант улсыг өвлөнө гэдэгт итгэдэг үү?
Тэргүүлэх Бишопын зөвлөлийн бишоп Жозеф Л.Вөртлин: “Бид бүгд селестиел хаант улсад орох боломжтой” хэмээн гэрчилсэн (Conference Report, 1952 оны 4-р сар, 118-д). Та энэ мэдэгдлийг судрын тэмдэглэл дээрээ юм уу судрынхаа захад бичиж болно.
Хэдийгээр бүх хүн селестиел хаант улсад орох боломжтой ч, зарим нь өөрсдийн чадавхыг бүрэн нээхийг хүсдэггүй. Сургаал ба Гэрээ 76:71-ийг уншаад, бошиглогч Иосeф Смит, Сидней Ригдон хоёр цааш нь үзэгдлээр юу харсныг олж тэмдэглэ.
Судрууд террестриел болон селестиел хаант улсын алдар суугийн хоорондын ялгааг сар, нарнаас шууд цацрах гэрлийг ашиглан бэлгэдэн харуулсныг анхаар. Хэдийгээр селестиел болон террестриел хаант улсын оршин суугчдын аль аль нь шударга хүмүүсийн амилалтад багтах ч селестиел бие махбодыг хүлээн авах хүмүүс террестриел бие махбодыг хүлээн авах хүмүүсээс илүү агуу алдар суу, адислалуудыг хүлээн авна.
Сургаал ба Гэрээ 76:72–80-ыг уншаад, террестриел хаант улсын оршин суугчид селестиел хаант улсын оршин суугчдаас хэрхэн ялгаатай болохыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 76:71–79-ийг уншаад, террестриел хаант улсын оршин суугчдын талаар олж мэдсэн зүйлээ тэмдэглэ. “Хүн бүрийн зүрх сэтгэлийг мэддэг зөвхөн Бурхан л хувь хүний хамгийн эцсийн шүүлтийг хийж чадна гэдгийг сана (Илчлэлт 20:12; 3 Нифай 27:14; C ба Г 137:9-ийг үзнэ үү)” (Итгэлдээ Үнэнч Байх нь: Судрын заалт [2004 он], 62). Зөвхөн Их Эзэн бидний зүрх сэтгэлийг мэддэг учраас бусад хүн аль хаант улсыг өвлөж авах талаар бид шүүх ёсгүй гэдгийг анхаарна уу.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Хүмүүний башир арга хэрхэн өнөөдөр зарим хүнийг харалган болгож байна вэ?
Есүс Христийн тухай гэрчлэл нь селестиел болон террестриел хаант улсыг өвлөн авагчдын хоорондын нэгэн чухал ялгаа юм. Террестриел хаант улсыг өвлөгчид “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй биш” хүмүүс юм (C ба Г 76:79). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки үүнийг тайлбарласан.
“Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
Энэ нь эрэлхэг зоригтой байж, дэлхийнхэнтэй хийх тэмцэлд өөрсдийн бүхий л хүч чадал, эрч хүч, чадварыг ашиглах, итгэлээр сайн тэмцэх явдал юм. … Зөв шударга үйлсийн төлөө зоригтой байхын үндэс суурь бол бүхий л сайн мэдээний хуулинд дуулгавартай байх явдал мөн. …
Мөн Есүсийн талаарх гэрчлэлдээ хүчтэй байх нь Христ болон Түүний сайн мэдээнд гуйвшгүй итгэлтэй байх явдал юм. Энэ нь дэлхий дээрх Бурханы ажлын үнэн зөв болон тэнгэрлэг байдлыг мэдэх явдал юм.
Гэвч энэ нь хангалтгүй. Энэ нь итгэж мөн мэдэхээс илүү ихийг хэлнэ. Бид үгийг зөвхөн сонсогч биш харин хэрэгжүүлэгч байх ёстой. Энэ нь амаараа ярихаас илүү, Аврагчийн тэнгэрлэг гарал үүслийг хүлээн зөвшөөрөх төдий зүйл биш юм. Энэ бол дуулгавартай, хүлцэнгүй мөн хувийн зөв шударга байдлыг хэлнэ. …
Есүсийн тухай гэрчлэлдээ нэн хүчтэй байна гэдэг нь … ‘эцсээ хүртэл тэвчих’ явдал юм. (2 Нифай 31:20.) Энэ нь шашин шүтлэгийнхээ дагуу амьдарч, номлодог зүйлээ хийж, зарлигуудыг сахих явдал билээ” (“Be Valiant in the Fight of Faith,” Ensign, 1974 оны 11-р сар, 35).
Бидний хүн нэг бүр хийх сонголтоороо дамжуулан селестиел хаант улсыг өвлөх боломжтой. Энэ хичээл дээр суралцсан судруудын зааснаар, Хэрэв бид Есүсийн тухай гэрчлэлдээ итгэлтэй байвал Бурханы селестиел хаант улсыг өвлөн авч чадна. Та энэ зарчмыг судрын тэмдэглэл дэх “Селестиел хүн болох нь” гарчгийнхаа доор нэмж бич.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Есүсийн гэрчлэлдээ нэн хүчтэй хэмээн боддог өөрийн мэдэх нэг хүний талаар бод. Түүний ямар зан чанар, үйлдэл хүчтэй байдлыг нь харуулдаг вэ?
-
Есүс Христийн гэрчлэлдээ нэн хүчтэй байхад юу танд тусалдаг вэ?
-
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 76:50–80-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: