19-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 88:41–69
Оршил
Энэ хичээл бол Сургаал ба Гэрээ 88-д цэдэглэгдсэн илчлэлтийг судлах гурван хичээлийн хоёр дахь нь юм. Энэ хичээлээр судлах илчлэлтийн нэг хэсэг нь 1832 оны 12-р сарын 27, 28-ны өдрүүдэд Огайогийн Көртландад болсон дээд пристүүдийн чуулган дээр өгөгджээ. Энэ илчлэлтэд Бурхан бүтээлүүдээ хэрхэн захирдаг тухай Есүс Христийн тайлбар, биднийг Түүнд илүү ойртох урилга зэрэг ордог.
Сургаал ба Гэрээ 88:41–50
Аврагч бүх зүйл тэнгэрлэг хуульд захирагддаг гэдгийг илчлэв
Та оддыг хараад Бурхан болон Түүний бүтээлүүдийн тухай бодож байсан уу? Та тэнгэр өөд ширтэж байхдаа ямар асуулт тавьж, ямар бодлыг тунгаан бодож байсан бэ?
Заримдаа хүмүүс Бурханы бүтээлүүдийн өргөн уудам хүрээг эргэцүүлэн бодох үедээ өчүүхэн, ач холбогдолгүй гэдгээ мэдэрдэг. Тэд Бурхан өөрсдийг нь мэддэг болов уу гэж боддог. Өнөөдөр Сургаал ба Гэрээ 88-аас судлах олон шүлэг нь Бурхан таныг мэддэг, танд илүү ойртохыг хүсдэг гэдгийг нь харуулна.
Сургаал ба Гэрээ 88:41-ийг унш. Бурханд таныг болон таны хэрэгцээ юу болохыг мэдэх хүч байгаа гэдгийг энэ шүлэг хэрхэн харуулж байгаа талаар бод. Дараа нь Сургаал ба Гэрээ 88:42–45-ыг уншаад, Бурхан нар, сар, одод, гаргууд гэх мэт бүтээлүүдээ хэрхэн захирдгийг олж тогтоо. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
-
Бурханы тэнгэр дэх мөн газар дээрх зарим бүтээлийн талаар бод. Судрын тэмдэглэл дээрээ, таныг гайхшируулдаг Бурханы нэг бүтээлийн тухай бич. Энэ бүтээл Бүтээгчийн тухай танд юу зааж байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 88:46–47-г уншаад, Бурханы бүтээлүүдийг харж байхдаа Их Эзэний бид юуг харж байна хэмээн хэлснийг олж мэд. Тэгээд дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Бид Бурханы бүтээлүүдийн хамгийн өчүүхнийг ч гэсэн харж байхдаа юуг харж байдаг вэ?
-
Таны тэнгэр, газар дээр харсан бүтээлүүд Бурханы талаарх гэрчлэлийг тань хэрхэн өсгөн нэмэгдүүлсэн бэ?
-
-
Сургаал ба Гэрээ 88:48–50-ийг судал. Эдгээр шүлгийг өөрийн үгээр судрын тэмдэглэл дээрээ бич. Эдгээр шүлэг Есүс Христийн тухай юу заадаг вэ?
Сургаал ба Гэрээ 88:51–61
Их Эзэн талбайд хөдөлмөрлөж, хариуд нь өөрсөд дээр нь зочилж ирсэн хүмүүсийн тухай сургаалт зүйрлэлийг өгөв
Сургаал ба Гэрээ 88:51–60-д Бурханы Өөрийнхөө бүтээсэн хаант улсууддаа хэрхэн ханддагийг ойлгоход бидэнд туслах сургаалт зүйрлэл агуулагддаг. Сургаалт зүйрлэл нь бэлгэдлийг ашиглан үнэнийг заадаг түүх юм.
Сургаал ба Гэрээ 88:51–55-ыг уншаад, сургаалт зүйрлэл дэх хүн зарц бүрдээ юу хийхийг зарлигласан мөн тэдэнд юу амласныг олж мэд.
Сургаал ба Гэрээ 88:56–60-д талбайн эзэн ээлж нь болж, зарц бүр дээрээ зочлоход: “Тэд бүгдээр хүн болгон өөрийнхөө цагт … эзнийхээ дүр төрхийн гэрлийг хүлээж авсан ажгуу” (С ба Г 88:58).
Сургаал ба Гэрээ 88:61-ийг уншаад, энэ сургаалт зүйрлэл Бурхан Өөрийн бүтээсэн хаант улсуудтайгаа хэрхэн харьцдаг талаар юу зааж байгааг олж мэд.
Бидний амьдарч байгаа дэлхий бол Их Эзэний зочлохоор амласан хаант улсуудынх нь нэг юм. Энэхүү сургаалт зүйрлэлээс Их Эзэн хаант улсуудад болон тэдгээрийн оршин суугчдад Өөрийн цагт зочилж очно гэсэн нэг үнэнийг мэдэж авч болно. Та энэ үнэнийг судар дээрээ бичиж болно.
Их Эзэний Хоёр дахь ирэлтийн дараах Мянган жилийн туршид дэлхий дээр Их Эзэн бидэнтэй хамт байх болно.
Сургаал ба Гэрээ 88:62–69
Бурхан биднийг Өөрт нь ойртохын хэрээр бидэн рүү ойртоно хэмээн амлав
Дараах асуултуудыг тунгаан бод. Тухайлбал: Та өөрийгөө Их Эзэнд хэр ойр байна гэж бодож байна вэ? Та Түүнд илүү ойртохыг хүсэж байна уу?
Сургаал ба Гэрээ 88:62–63-ыг уншаад, Их Эзэнийг илүү ойртуулан урихын тулд бидний зүгээс хийж болох зүйлийг олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
-
Дараах дасгалыг судрын тэмдэглэл дээрээ хий. Тухайлбал:
-
Та Сургаал ба Гэрээ 88:63-аас Их Эзэнд илүү ойр байх талаар мэдэж авсан зарчмаа бич.
-
63-р шүлгээс Их Эзэнд хэрхэн илүү ойртох талаар ойлголт өгөх үйлдэл хийх гурван үгийг бич.
-
Дараах асуултад хариул. Их Эзэнд илүү ойртож, эрэлхийлэн, асууж, тогшихын тулд та юу хийсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 88:64-ийг уншаад, Эцэгт хандан Их Эзэний нэрээр залбирдаг хүмүүст амласан Их Эзэний амлалтыг олж мэд.
Тэнгэрлэг Эцэг бидний залбиралд хэрхэн хариулдаг талаар Аврагч юу заасан бэ? Энэ шүлгийн “өөрсдөд чинь шаардлагатай” гэсэн хэллэгийг “та нарт хамгийн сайн” гэж өөрчлөн хэлж болно. Тиймээс, Тэнгэрлэг Эцэг бидэнд хамгийн сайн хэмээн мэдэх арга замаараа бидний залбиралд хариулдаг гэх нь энэ шүлгээс мэдэж авах нэг зарчим юм.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах мэдэгдэл Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулахдаа таны хүссэн эсвэл хүлээж байгаагаас өөрөөр хариулсан ч та яагаад талархах ёстой гэдгийг ойлгоход тусална. Тэрээр: “Ямар нэг хүссэн зүйлийнхээ төлөө чин сэтгэлээсээ залбирахад таны залбирлыг хүссэнээр тань хариулахгүй байх хэцүү. Дуулгавартай амьдарч, гүн гүнзгий, чин сэтгэлээсээ итгэж байхад яагаад энэ нь хүсэн хүлээсэн үр дүнг авчрахгүй байгааг ойлгоход хэцүү. … Заримдаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр таны хувьд юу нь хамгийн сайн буюу шаардлагатай болохыг танин мэдэхэд хэцүү болдог. Амьдралд тань Бурханы хийж буй зүйл таны мөнхийн сайн сайхны төлөө гэдгийг хүлээн зөвшөөрөхөд амьдрал тань илүү хялбар байх болно” (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 9).
-
Таны залбирлын хариулт хүсэн хүлээсэн арга замаар тань ирээгүй үед та юу хийх хэрэгтэй вэ? Судрын тэмдэглэл дээрээ, таны залбиралд Тэнгэрлэг Эцэг таны хувьд хамгийн сайн болох арга замаар хариулж байсан тохиолдлоосоо бич.
Бид Сургаал ба Гэрээ 88:66-гаас Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй харьцдаг нэг арга зам бол “аглаг буйдад хашгирах нэгний дуу хоолой мэт” гэдгийг мэдэж авдаг. Уг шүлгийг уншаад, Бурханы дуу хоолой хэрхэн бидэнд хүрдгийг олж мэд. Та Бурханыг хараагүй ч танд ойр байгааг нь мэдэрч байсан үеийнхээ тухай бод.
Сургаал ба Гэрээ 88:67–69-ийг уншаад, Их Эзэнд ойр байх өөр бусад арга замын тухай олж мэд. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэ.
Эдгээр шүлгийг ашиглан дараах мэдэгдлийг гүйцээ. Би Бурханы сүр жавхлангийн төлөө бүхнээ зориулах аваас, дараа нь .
67-р шүлэг дэх “миний сүр жавхлангийн төлөө бүхнээ” гэсэн хэллэг нь Бурханы ажил, зорилгын төлөө бүхнээ зориулах гэсэн утгатай.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Их Эзэний гэрлээр дүүргэгдсэн байж болох хэнийг та мэдэх вэ?
-
Та ямар байдлаар Их Эзэний гэрлийг тэр хүнээс харж байсан бэ?
-
68-р шүлэгт Бурханд оюунаа бүхлээр нь зориулахын тулд та өөрийгөө ариусгах хэрэгтэй гэдгийг анхаар. “Өөрсдийгөө ариусгах” гэсэн хэллэг нь нүглээс ариусгагдан, цэвэршигдэх хэрэгтэй гэсэн санааг агуулдаг. Та нүглээ наманчлан, санваарын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдээ сахих юм бол Есүс Христийн Цагаатгал болон Ариун Сүнсний нөлөөгөөр дамжуулан ариусгагдаж чадна.
-
Та энэ хичээлээр олж тогтоосон сургаал, зарчмаа эргэж хар. Дараа нь Бурхан өөрийг нь мэддэггүй гэж боддог нэг найзтайгаа одод руу харж байна гэж төсөөлөн бод. Судрын тэмдэглэл дээрээ найздаа хэлэх байсан зүйлээ бич.
Хичээлийнхээ төгсгөлд Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах мэдэгдлийг унш.
“Ах, эгч нар аа, орчлон ертөнцийн агуу уудамтай харьцуулахад хүмүүн нь юу ч биш гэдэг нь үнэн байж болно. Заримдаа бид чухал биш, анзаарагдахгүй байгаа мэт, ганцаараа эсвэл мартагдсан мэт санагдаж болно. Гэхдээ та нар Түүнд чухал гэдгээ үргэлж санаж байгаарай!
Бурхан таныг нэгэн жижигхэн гараг дээр түр хугацаагаар амьдарч байгаа зуурдын нэгэн бодгаль биш харин Өөрийн хүүхэд хэмээн үздэг. Тэрээр таныг ирээдүйд хэн болж чадахаар тань хардаг. Түүнд та чухал болохыг Тэр таныг мэдээсэй гэж хүсдэг” (“Та нар Түүнд чухал,”Ensign, 2011 оны 11-р сар, 22 эсвэл 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 25).
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 88:41–69-р шүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: