20-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 97
Оршил
1833 оны 8-р сарын 2-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 97-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэхүү илчлэлтээр Их Эзэн Миссури дэх санваартан ах нарын сургуулийг тэргүүлдэг Парлей П.Праттад болон уг сургуульд сурдаг ах нарт заавар өгч, урамшуулжээ. Их Эзэн түүнчлэн Миссури дэх гэгээнтнүүдийг ариун сүм бариасай хэмээх хүслээ онцлон хэлэв. Тэрээр хэрэв тэд ариун сүмийг баривал мөн тэдний зүрх сэтгэл цэвэр ариун болбол Түүний алдар суу болон оршихуй тэнд байх болно хэмээн амлажээ.
Сургаал ба Гэрээ 97:1–9
Их Эзэн Миссури дэх ахлагчдын сургуулийн гишүүдэд Өөрөөр нь хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийх ёстой гэдгийг зааж өгөв.
Та хэрэв найздаа хэрхэн сайн суралцагч байхыг заах болбол ямар хандлага, зан чанарыг хөгжүүлэхийг урамшуулан дэмжих байсан бэ?
1832–1833 оны өвөл Их Эзэн Огайогийн Көртландад бошиглогчдын сургууль байгуулахыг Сүмийн удирдагчдад зааварлажээ. Бошиглогч Иосеф Смитийн удирдлаган доор Парлей П.Пратт Миссуригийн Индепендест үүнтэй адил сургуулийг удирдан явуулж байв. Энэ сургуулийг ахлагчдын сургууль гэж нэрлэдэг байв. Ахлагчдын сургуулийн гишүүд Огайод байсан Иосеф Смитэд захидал бичсэн байна. Хариуд нь тэрээр одоо Сургаал ба Гэрээ 97-д цэдэглэгдсэн илчлэлтийг агуулсан захидлыг тэдэнд илгээжээ. Сургаал ба Гэрээ 97:1-ийг уншаад, Их Эзэн Миссурид байсан олон ахыг хэрхэн дүрслэн хэлснийг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 97:2-ыг уншаад, Их Эзэн эдгээр ахыг итгэлтэй хэвээр байвал юу амласныг олж тогтоо.
Бид Сургаал ба Гэрээ 97:1–2-оос хэрэв бид өөрсдийгөө даруусган, суралцахаар хичээнгүйлэн эрэлхийлэх аваас мэргэн ухаан ба үнэнийг олж авах болно гэдгийг мэдэж авдаг. Та энэхүү зарчмыг судар дээрээ бичиж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Яагаад мэргэн ухаан болон үнэнийг олж авах нь таны хувьд чухал вэ?
-
Даруу, хичээнгүй байх нь таныг мэргэн ухаан болон үнэнийг олж авахад хэрхэн тусална гэж та бодож байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 97:3–5-ыг уншаад, Их Эзэн Парлей П.Праттын үйлчлэлийн талаар юу гэж бодож байгааг мөн Түүний Пратт ахад амласан амлалтыг олж мэд.
Та бас Парлей П.Праттын адил Их Эзэнийг үргэлжлүүлэн дагах юм бол Түүний таалалд нийцнэ гэдгийг мэдэж болно.
-
Сургаал ба Гэрээ 97:7, 9-ийг унш. Судрын тэмдэглэл дээрээ эдгээр шүлэгт дүрсэлсэн моддыг зур. (Зурахыг хүсэхгүй бол моддыг хоёр өгүүлбэрээр дүрслэн бичиж болно.)
Модны 2 төрөл нь Сүмийн гишүүдийг, харин үр жимс нь гишүүдийн ажил үйлс болон үйлдлүүдийг төлөөлж байгаа болно. Миссури дэх олон гэгээнтэн даруу мөн итгэлтэй байсан гэдгийг санаарай. Гэвч, зарим нь бардам мөн дуулгаваргүй байв. Сургаал ба Гэрээ 97:6–7-г уншаад, эдгээр шүлгээс олж мэдсэн захиасуудаа тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 97:8–9-ийг уншаад, эдгээр шүлгээс олж мэдсэн захиасуудаа мөн адил тунгаан бод.
-
Ах нар Өөрийг нь үргэлжлүүлэн дагавал Их Эзэн тэдэнд юу амласан бэ? Судрын тэмдэглэл дээрээ 9-р шүлэг дэх модод, орчин тойрныг нь дүрсэлсэн байдал хэрхэн таныг илүү итгэлтэй байхад урамшуулж болохыг хоёр юм уу гурван өгүүлбэрээр тайлбарлан бич.
Сургаал ба Гэрээ 97:8-д цэдэглэгдсэнээр, Их Эзэнийг хүлээн зөвшөөрсөн хүнд ямар зан чанар байдаг вэ? Энэ асуултад хариулахын тулд, дараах зарчмыг гүйцээх үгсийг бич. Бид Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ёстой.
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та “гэрээнүүд[ээ] … дагах” (С ба Г 97:8)-ын тулд ямар золиослол хийсэн бэ?
Та Их Эзэний өмнө эзэлж буй байр сууриа тунгаан бод. Сургаал ба Гэрээ 97:8 дахь зарчмыг хэрхэн хэрэгжүүлж болохоо бод.
Сургаал ба Гэрээ 97:10–21
Их Эзэн Сион дахь гэгээнтнүүдэд ариун сүм бариасай хэмээх хүслээ онцлов
Сургаал ба Гэрээ 97:10–12-ыг уншаад, Их Эзэний Сион (Миссури) дахь гэгээнтнүүдээс гаргахыг шаардсан золиослолыг олж мэд. Эдгээр шүлэг дэх аравны нэг гэсэн үг нь ерөнхийдөө өргөлийг хэлж байгаа бөгөөд хожим илчлэгдсэн аравны нэгийн хуульд заасан хүний жилийн орлогын 10 хувиар зөвхөн хязгаарлагдахгүй юм (С ба Г 119-ийг үзнэ үү). Гэгээнтнүүдийн аравны нэгээс илүүтэй цаг зав, хүч хөдөлмөр, бусад эх сурвалж ариун сүмийг барихад хэрэгтэй байсан юм.
Их Эзэн энэ илчлэлтийг өгөхөөс хоёр жилийн өмнө Сионд ариун сүм барих газрыг тодорхойлсон байв (С ба Г 57:1–3-ыг үзнэ үү). 1833 оны 6-р сард, бошиглогч Иосеф Смит Миссури дэх Сүмийн удирдагчдад захидал бичсэн бөгөөд ариун сүмийн барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхийг тэдэнд зааварлажээ (History of the Church 1:363). Гэхдээ Сургаал ба Гэрээ 97 дахь илчлэлт өгөгдөх үед буюу 1833 оны 8-р сарын 2-нд Миссури дэх гэгээнтнүүд барилгын ажлыг эхлүүлээгүй л байв.
Сургаал ба Гэрээ 97:12–14-ийг судлаад, Миссури дэх гэгээнтнүүдээс ариун сүм бариасай хэмээн Их Эзэний хүссэн шалтгааныг олж тогтоо.
Ариун сүм таны хувьд хэрхэн “талархлын газар” (С ба Г 97:13) байсан бэ? Ариун сүм хэрхэн “зааврын газар” (С ба Г 97:13) байсан бэ?
Та Сургаал ба Гэрээ 97:15–20-ийг судалж байхдаа, гэгээнтнүүдийг ариун сүм баривал Их Эзэний өгнө хэмээн амласан амлалтыг олж мэд.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид Б.Хэйт ариун сүмд Бурханыг харах амлалт (15–16-р шүлгийг үзнэ үү) нь Түүнийг бид өөрсдийн нүдээр бодит байдлаар харахаас илүү гүн утгатай байж болохыг тайлбарласан. Тэрээр: “Зарим хүн Аврагчийг харсан гэдэг нь үнэн ч гэлээ толь бичгээс харах юм бол үзэх/харах гэх үг нь Түүнийг мэдэх, бусдаас ялган таних, Түүнийг болон ажлыг нь хүлээн зөвшөөрөх, чухал гэдгийг харах буюу ойлгох зэрэг өөр олон утга байдгийг мэддэг” гэж тайлбарлажээ (“Temples and Work Therein,”Ensign, 1990 оны 11-р сар, 61).
Сургаал ба Гэрээ 97:15–17-д цэдэглэгдсэнээр, та ариун сүмд Бурханы алдар суу болон оршихуйг мэдрэхийн тулд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? Эдгээр шүлгээс зүрх сэтгэлээрээ цэвэр хүмүүст Бурхан Өөрийгөө ариун сүмд үзүүлнэ гэсэн зарчмыг заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Таны бодлоор зүрх сэтгэлээрээ цэвэр байх гэдэг нь юу гэсэн утгатай үг вэ?
-
Бид ариун сүмийн адислалуудыг хүлээн авахын тулд хэрхэн зүрх сэтгэлээ цэвэр байлгаж чадах вэ?
-
Та ариун сүмд ороход өөрийгөө бэлтгэж байхдаа хэрхэн адислагдсанаа мэдэрч байсан бэ?
-
Сургаал ба Гэрээ 97:21-ийг уншаад, Их Эзэн Сион гэсэн үгийг хэрхэн тодорхойлсныг олж тогтоо. Та судар дээрээ дараах үнэнийг заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэж болно. Сион бол зүрх сэтгэлээрээ цэвэр ариун хүмүүсийг хэлнэ.
Сургаал ба Гэрээ 97:22–28
Их Эзэн бидэнд Түүний зэвүүцлээс зайлхийж, адислалуудыг нь хүлээн авахын тулд юу хийх ёстойг тайлбарлав
Сургаал ба Гэрээ 97:22–24-т өгсөн Их Эзэний захиасыг ойлгохын тулд дараах мэдээллийг бодож үз. Хуй салхи газар сайгүй болдог. Хүчтэй хуй салхи замд нь байх бүхнийг устгадаг хар шуурга болон хувирч болно. Та хуй салхи эсвэл хар шуургыг бодитоор эсвэл тэдгээрийг харуулсан видео бичлэг үзэж байсан уу?
Сургаал ба Гэрээ 97:22–24-ийг уншаад, Их Эзэн юуг хуй салхитай харьцуулж зүйрлэснийг олж тогтоо.
22-р шүлгийн өс хонзон гэсэн үг нь Их Эзэнийг дагаагүйн улмаас гарах үр дагаврыг хэлж байгаа болно. Их Эзэний өс хонзон хэрхэн хуй салхитай адил байж болохыг өгөгдсөн хоосон зайд бич.
Сургаал ба Гэрээ 97:25–28-ыг судлаад, Их Эзэний өс хонзонгоос зайлсхийж, Түүний адислалуудыг хүлээн авахын тулд бид юу хийх хэрэгтэйг олж мэд. Та эдгээр шүлэгт хэрэв гэсэн үгийг тааралдах бүрд тэмдэглэж болно.
25–28-р шүлэгт өгсөн Их Эзэний захиас таны өмнө нь судалсан хоёр төрөл модтой хэрхэн холбогдож байгааг бодож үз. 27–28-р шүлэг наманчлал, өршөөлийн талаар юу зааж байна вэ?
Хэрэв бид дуулгавартай байвал Их Эзэний өс хонзонгоос зайлсхийж, Түүний адислалуудыг үй олноор хүлээн авах болно гэдгийг бид эдгээр шүлгээс мэдэж авдаг.
Сургаал ба Гэрээ 97-г судалж байхад танд юу хийх сэдэл төрж байгааг бодож үз. Их Эзэний адислалуудыг хүлээн авах өдөөлтийнхөө дагуу үйлд.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Сургаал ба Гэрээ 97-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: