14-р бүлэг: 3 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 64:1–19
Оршил
1831 оны 9-р сард бошиглогч Иосеф Смит хэсэг ахлагчтай хамт Сионд буюу Миссуригийн Индепенденст газар нутаг болон ариун сүмийн барилгын талбайг онцгойлон адислах аяллаасаа Огайод дөнгөж эргэж ирээд байлаа. Энэ аяллын үеэр ахлагчдын дунд зарим үл ойлголцол, гомдол гарсан ч ихэнх нь бие биетэйгээ эвлэрч чадсан байв. 9-р сарын 11-нд бошиглогч Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан.
Сургаал ба Гэрээ 64:1–7
Их Эзэн ахлагчдад уучлахад бэлэн байдгаа батлав
Хэн нэгэн хүний үг юм уу үйлдэлд гомдсон мөн үүнд хэрхэн хариу үйлдэл хийснээ бод.
Бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 64-т цэдэглэгдсэн илчлэлтийг хэсэг ахлагчтай хамт Миссуригийн Индепенденсээс Огайод буцаж ирснээс хойш бараг сарын дараа хүлээн авсан аж. Эдгээр ахлагч болон Сүмийн бусад гишүүн өөр хоорондын үл ойлголцол, уур хилэнцээс болж хүнд хэцүү үетэй тулгараад байв. Энэ илчлэлтэд Их Эзэн “та нарын дунд нүгэл үйлдсэн тэд буй” (С ба Г 64:3) хэмээн хэлжээ. Энэ илчлэлт дэх Их Эзэний үгс бусад хүн биднийг гомдоовол хэрхэн хариу үйлдэл хийхийг заадаг.
Сургаал ба Гэрээ 64:1–4-ийг уншаад, Их Эзэн нүгэл үйлдсэн тэдэнд хэрхэн хариулсныг дүрсэлсэн хэллэгүүдийг олж мэд. Тэдгээрийг дараах хүснэгтэд бич. (Та мөн судартаа тэмдэглэж болно.)
-
Сургаал ба Гэрээ 64:1–4 бидэнд Их Эзэн бол өрөвч сэтгэлтэй, өршөөнгүй мөн нигүүлсэнгүй гэдгийг заадаг. Яагаад Аврагчийн тухай энэ зарчим танд чухал болох талаар судрын тэмдэглэлдээ бич.
Энэ илчлэлтийг хүлээн авах үед, зарим Сүмийн гишүүн, тухайлбал Иосеф Смиттэй хамт аялж байсан зарим ахлагч бошиглогчийг шүүмжилж байв. Сургаал ба Гэрээ 64:6-д Их Эзэн бошиглогчийн тухай шүүмжлэлийг “түүний эсрэг далим эрэгч” гэсэн хэллэгийг ашиглан илэрхийлсэн. Сургаал ба Гэрээ 64:5–6-г уншаад, Их Эзэн юу заасныг олж мэд.
Дараах асуултуудыг тунгаан бод. Тухайлбал:
-
Их Эзэн Иосеф Смитийн тухай юу гэж хэлсэн бэ?
-
Бид эдгээр шүлгээс юу сурч болох вэ?
Түүнчлэн Их Эзэн өршөөлийн зарим нөхцөлийг тайлбарласан. Сургаал ба Гэрээ 64:7-д цэдэглэгдсэнээр, бид Их Эзэний өршөөлийг хүлээн авахын тулд юу хийх ёстой вэ?
Сургаал ба Гэрээ 64:8-19
Их Эзэн үйлчлэгчдэдээ бие биенээ өршөөхийг зарлиг болгов
Та хортой амьтанд хазуулж эсвэл хатгуулбал бие махбодын өвдөлтийг мэдрэхээс гадна танд ямар мэдрэмж төрнө гэж бодож байна вэ? Хоржигнуурт могой нь Америк тивд элбэг тааралддаг хортой могой юм. Хоржигнуурт могойн хатгалт нь өвдөлт, хавдалт, мэдээ алдах болон арьсны өнгөнд өөрчлөлт өгдөг. Тэдгээрийг эмчлэхгүй орхивол эд эсэнд нөхөж сэргэшгүй гэмтэлд эсвэл үхэлд ч хүргэж болно.
Далын ахлагч Марион Д.Ханкс хоржигнуурт могойд хатгуулсан хүнд тулгардаг сонголтуудын тухай өгүүлсэн. Тэрээр: “Хоржигнуурт могойнд хатгуулсан хүн хоёр арга хэмжээ авч болно. Нэгдүгээрт, уурлаж, айн эсвэл өс санасандаа тэр амьтныг хөөж алах. Эсвэл аль болох хурдан хорыг өөрийнхөө биенээс гаргах явдал болно” хэмээн хэлсэн (“Forgiveness: The Ultimate Form of Love,”Ensign, 1974 оны 1-р сар, 21).
Энэ хоёр аль нь илүү ухаалаг үйлдэл гэж та бодож байна вэ? Яагаад?
Мөн ахлагч Ханкс: “Хэрэв бид [хоёр дахь] арга хэмжээг авбал аврагдах боломжтой, харин [нэг дэх] арга хэмжээг авбаас хүслээ ч гүйцэлдүүлж амжилгүй үхэх байх” (“Forgiveness,” 21) хэмээн хэлжээ.
Бид бусад хүний үг юм уу үйлдлийн улмаас өвдсөнөөсөө болж хийх сонголтоо хоржигнуурт могойд хатгуулсан хүний хийх сонголттой харьцуулж болно. Сургаал ба Гэрээ 64:8-ыг уншаад, бие биенээ өршөөхөөс татгалзсан учраас Их Эзэний зарим шавьд ирсэн үр дагавруудыг олж мэд.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Тухайн хүн бусдыг уучлахгүй байснаар хэрхэн зовж (эсвэл шаналах) вэ?
-
Энэ нь өөрийг нь хатгасан хоржигнуурт могойн хойноос хөөх хүний үр дагавартай хэрхэн адилхан байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 64:9-ийг судлаад, бусдыг уучлахгүй байснаар ирэх өөр нэгэн үр дагаврыг олж мэд.
Бид Сургаал ба Гэрээ 64:9-өөс хэрэв бид бусдыг уучлахгүй бол Их Эзэний өмнө буруутгагдах болно гэдгийг мэдэж авдаг.
Энэ судрын хэсгээс бидний сурч болох хамгийн хэрэгтэй сургамж бол уучилдаг байх явдал юм. Бид бусдыг уучилснаар амьдралдаа агуу амар амгаланг хүлээн авна. Далын ахлагч Дэвид И.Сорэнсэны хэлсэн дараах үгийг уншихдаа уг үг нь энэ үнэнтэй хэрхэн холбогдож байгааг бодно уу. Тэрээр: “Бидэнд муу зүйл хийсэн хүнийг өршөөж уучлах үнэхээр хэцүү ч уучлах юм бол бид өөрсдөдөө илүү сайн ирээдүйг нээж өгөх юм. Хэн нэгний буруу үйлдэл бидний амьдралд нөлөөлөхгүй болно. Бусдыг өршөөж уучлах юм бол энэ нь биднийг чөлөөлж, өөрсдийн амьдралыг хэрхэн амьдрахаа сонгох боломжийг бидэнд олгодог. Өршөөл гэдэг нь өнгөрсөн үеийн асуудлууд бидний хувь тавиланг цаашид захирахгүй бөгөөд бид зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг тээн, ирээдүйд анхаарлаа хандуулахыг хэлнэ” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 12).
Сургаал ба Гэрээ 64:10–11-ийг анхааралтай судлаад, өршөөлийн тухай Их Эзэний заасан зарчмуудыг олж тогтоо.
-
Сургаал ба Гэрээ 64:10–11-ээс сурсан зарчмууд дараах нөхцөл байдлын аль нэгэнд орсон хүнд хэрхэн тусалж болохыг тайлбарлан судрын тэмдэглэлдээ бич. Тухайлбал:
-
Нэгэн залуу эмэгтэй үеийнх нь хэдэн охин түүний тухай хов тарааж байгааг мэдсэнийхээ дараа гомдож мөн ичжээ. Хожим нь зарим нь түүнээс уучлалт гуйсан ч зарим нь уучлалт гуйсангүй. Залуу эмэгтэй уучлалт гуйсан хүмүүсийг өршөөсөн ч уучлалт гуйгаагүй хүмүүст хорссон хэвээр байв.
-
Нэгэн залуу эрэгтэй зарлигийг зөрчив. Тэр өршөөлийн төлөө залбирч, бишоптойгоо асуудлаа ярилцсан аж. Хэдийгээр бишоп нь түүнийг бүрэн дүүрэн наманчилсан гэдгийг баталсан ч өнгөрсөн гэм нүглээсээ болж тэр өөрийгөө зохисгүй гэж бодсон хэвээр байв.
-
Нэгэн залуу эмэгтэй аавынхаа хийсэн үйлдлээс болж сэтгэлээр унаж, эргэлзэж эхлэв. Аав нь гэр бүлээ орхин явсан байлаа. Тэр явахаасаа өмнө гэр бүлдээ хайраа бараг үзүүлдэггүй байсан ба ширүүн зан авир олонтоо гаргадаг байв. Тэр аав нь яагаад ийм зан гаргадаг байсныг ойлгодоггүй байсан ба түүнд уур нь хүрдэг байлаа. Тэр түүнийг уучлах гэж хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж байсан ч уучилж чадна гэдэгтээ итгэхгүй байв.
-
Та хэн нэгнийг уучлах хэрэгтэй эсэхээ бодож үз. Заримдаа бусдыг уучлах нь хийхэд хамгийн хэцүү зүйл ч байж болно. Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах зөвлөгөөг уншихдаа өөрт тань хэн нэгнийг уучлах хэцүү байгаа бол юу хийж болохоо олж мэд. Тэрээр: “Та нарын дунд зүрх сэтгэлдээ хэн нэгний эсрэг дайсагналын хорт хандыг нэрж суугаа хүн байвал би өршөөх хүчийг өгөхийг Бурханаас гуйхыг би та нараас хүсэж байна. … Энэ нь амаргүй мөн тийм ч хурдан хийгддэг зүйл биш байж болно. Гэхдээ та нар үүнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж, өөртөө хөгжүүлбэл энэ нь ирэх болно” (“Of You It Is Required to Forgive,” Ensign, 1991 оны 6-р сар, 5).
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич. Бусдыг уучилж өршөөх хүчийн төлөө залбирах нь танд хэрхэн тусална гэж бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 64:12–14-ийг судална уу. Бидний хийсэн бусдыг уучлах сонголт нь үйлдсэн хэргүүдийнхээ өмнөөс хүлээх хариуцлагаас нь чөлөөлдөггүй хэмээн Их Эзэн заасныг тайлбарла. Тэд хийсэн буруу үйлүүдийнхээ төлөө Их Эзэний өмнө хариуцлага хүлээсэн хэвээр байдаг.
Сургаал ба Гэрээ 64:15–17-г уншаад, Их Эзэн Исаак Морлей, Эдвард Партриж хэмээх хоёр үйлчлэгчээ гэм нүглээ наманчилсан тул өршөөсөн гэдгээ онцлон хэлснийг анхаар.
Энэ хичээлийн эхэнд Их Эзэн бол өрөвч сэтгэлтэй, өршөөнгүй мөн нигүүлсэнгүй гэдгийг та мэдэж авсан. Та өршөөснөөр Түүнтэй илүү адилхан болох юм. Өнөөдрийн суралцсан өршөөлийн зарчмуудыг та хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэхээ шийд.
Төгс эзэмших судар--Сургаал ба Гэрээ 64:9–11
Сургаал ба Гэрээ 64:9–11-ийг чангаар уншихад хэдэн минут зарцуул. Судрын хэсгийг доод тал нь таван удаа давтаж уншаад, үүнийг чээжлэхэд тань туслах ах дүүс, эцэг эх, найз нөхдийг ол. Тэр хүндээ судрын хэсгийг чээжээр хэлж чаддаг болтлоо давт. Эдгээр шүлэг дээрх зарчмууд нь таны амьдралд хэрхэн туслахыг уг хүндээ тайлбарла. Дараа нь өнөөдрийн судрын тэмдэглэлдээ бичсэн зүйл дээр гарын үсгээ зурахыг түүнээс хүс.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 64:1–19-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: