Семинар
7-р бүлэг: 3 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 28


7-р бүлэг: 3 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 28

Оршил

1830 оны 4-9-р саруудын хооронд Сүмийн зарим гишүүн Сүмийн илчлэлтийг удирддаг зарчмуудыг буруу ойлгож байв. Эдгээр үл ойлголцол нь бошиглогч Иосеф Смитэд асуудал үүсгэж байв. Сургаал ба Гэрээ 28-д агуулагдаж буй илчлэлтэд Их Эзэн тэдгээр асуудлыг цэгцлэх шийдлийг өгсөн болно.

Сургаал ба Гэрээ 28:1–7

Их Эзэний Сүмийг удирддаг илчлэлтүүд нь зөвхөн Түүний томилсон бошиглогчоор дамжин ирдгийг Тэрээр тайлбарлав

Дэлхийд жинхэнэ, бодит, сайн зүйлсийн ердөө л дуураймал хуурамч хувилбарын олон жишээ бий. Ямар нэгэн бодит зүйлийг хуурамч зүйлтэй андуурч ойлгох нь ямар үед хор хөнөөлтэй вэ?

Сүнслэг хуурамч зүйлс хамгийн аюултай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүкс дараах сэрэмжлүүлгийг өгсөн. “Чөтгөр бол худал хуурмагийн эцэг бөгөөд өөрийнхөө ухаалаг хуурамч зүйлсээр дамжуулан Бурханы ажилд саад болохыг үргэлж эрэлхийлдэг” (“Two Lines of Communication,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 84).

Судрынхаа Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн оршлыг унш. Уншиж байхдаа эхэн үеийн Сүмийн зарим гишүүнийг хууран мэхлэхийн тулд Сатаны ашигласан хуурамч зүйлсийг олж тогтоо. Та олж мэдсэнээ тэмдэглэж болно.

Хайрам Пейжийн чулуугаар дамжуулан илчлэлт хүлээн авдаг мөн Бурхан үнэнийг бошиглогч Иосеф Смитээр дамжуулан илчилдэг хоёр хоорондоо ижил төстэй байсан учраас Оливер Каудери болон Сүмийн гишүүд Хайрам Пейжээр дамжуулан Сатаны өгсөн илчлэлтүүдэд итгэх болов. Сургаал ба Гэрээ 28 дахь Оливер Каудерид хандан хэлсэн Их Эзэний үгсийг судлахдаа таныг Сатаны хуурамч, дуураймал зүйлд хөтлөгдөхөөс зайлсхийхэд туслах чухал үнэнүүдийг олж мэд.

Сургаал ба Гэрээ 28:1-5-ыг унш. Бидний сурах нэг чухал үнэн бол Сүмийн ерөнхийлөгч бол бүхэл Сүмийн өмнөөс илчлэлт хүлээн авдаг цорын ганц хүн юм. Энэхүү зарчмыг судрынхаа захад эдгээр шүлгийн хажууд бичиж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:

    1. Энэ зарчмыг мэдэх нь хэрхэн Сүмийн гишүүдэд мэхлэгдэхгүй байхад туслах вэ?

    2. Оливер Каудерийн гүйцэтгэж байсан Сүмийн хоёр дахь ахлагчийн үүрэг хариуцлага Иосеф Смитийн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэдэг байсан үүрэг хоёр хоорондоо юугаараа ялгаатай байсан бэ?

Их Эзэнийг Сургаал ба Гэрээ 28-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгөхийн өмнөхөн Оливер Каудери өөрийнхөө Сүмийн үүрэг хариуцлага мөн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Иосеф Смитийн үүрдэг үүрэг хариуцлага хоёрын хоорондын ялгааг ойлгодоггүй байсан байна.

Иосеф Смит Пеннсильванийн Хармонид амьдарч байхдаа Нью-Йоркийн Фейеттед байсан Оливер Каудеригаас захидал хүлээн авчээ. Бошиглогч ийнхүү тэмдэглэжээ.

Иосеф ах

“Тэр нэг зарлигаас [одоо Сургаал ба Гэрээний 20-р хэсэгт цэдэглэгдсэн илчлэлт] алдаа олсон гэдгээ мэдэгдээд, ‘Бидний дунд санваараар мэргэших асуудал гаргахгүйн тулд танаас эдгээр үгийг арилгахыг Бурханы нэрийн өмнөөс тушааж байна!’ хэмээн нэмж бичсэн байлаа.

Би тэр даруй түүн рүү захидал бичсэн бөгөөд ямар эрх мэдлээр Бүхнийг чадагч Бурханы зарлигийг өөрчилж, арилгаж, дээр нь нэмэх эсвэл хасахыг тушааж байгааг нь түүнээс асуусан юм.

Хэдэн өдрийн дараа би түүн дээр мөн н. Витмерийн гэр бүлийнхэн дээр айлчилж очсон бөгөөд уг үгийн … талаарх ерөнхий бодлыг нь олж мэдээд, энэ сэдвээр тэдний хүн нэг бүртэй дуугаа өндөрсгөхгүйгээр учирлаж ярихад нэлээн хичээл зүтгэл, хөдөлмөр гаргасан. Гэхдээ … эцэст нь, … би Витмерийн гэр бүлийнхнээс гадна Оливер Каудерид буруу гэдгийг нь итгүүлж чадсан юм” (History of the Church, 1:105-д).

Сургаал ба Гэрээ 28:6–7-г уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн удирдамжийг олж мэд. 6-р шүлэг бидэнд Есүс Христийн Сүмд хувь хүмүүс өөрсдийг нь тэргүүлж буй хэн нэгний өмнөөс удирдан чиглүүлэх илчлэлтийг хүлээн авдаггүй гэдгийг ойлгоход тусалдаг.

Иосеф Смит

Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг заасан. “Сүмийн аль нэг гишүүн эсвэл хэн нэгэн хүн өөрсдөөсөө дээгүүр, эрх мэдэлтэй хүмүүсийн өмнөөс заавар хүлээж авах нь Бурханы жаягт харш юм. Тиймээс ийм хүмүүст анхаарал тавих нь зохимжгүйг та нар ойлгох болно. Харин ямар ч хүн тэнгэрлэг элчээс үзэгдэл хүлээн авсан буюу тэрээр түүн дээр хүрч ирсэн бол энэ нь зөвхөн түүний өөрийнх нь ашиг тусын төлөө өөрт нь өгсөн заавар байх ёстой. Сүмийн тулгуур зарчмууд, удирдлага болон сургаал нь хаант улсын түлхүүрүүдээр хянагддаг билээ” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит [2007], 197–198).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Сүмд хүлээн авах илчлэлтийг удирдах зарчмыг ойлгож, дагах нь бидэнд Сүмийнхээ удирдагчдыг дэмжиж, батлахад хэрхэн тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 28:8–10

Их Эзэн леменчүүдэд сайн мэдээг тунхаглуулахаар Оливер Каудериг дууджээ

Доорх үүрэг ба дуудлагын жагсаалтыг хараад, хувь хүн өөрийн үүргийг хийж гүйцэтгэхэд тусламж авахаар илчлэлт авах эрхтэй гэж үзэж байгаа дуудлага, үүргүүдээ дугуйл.

Эцэг эх

Ерөнхий эрх мэдэлтэн

Гэрийн эсвэл айлчлагч багш

Бишоп эсвэл салбарын ерөнхийлөгч

Ням гаргийн хичээлийн багш

Номлогч

Миа мэйд эсвэл багш нарын чуулгын ерөнхийлөгч

Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч

Сургаал ба Гэрээ 28:8–10-т Их Эзэн Оливер Каудерид өгсөн хариултаас бид үүргээ биелүүлэхэд туслах илчлэлтийг хэн хүлээн авах эрхтэй болоход суралцдаг. Эдгээр шүлгийг уншаад, Их Эзэн Оливерийг юу хийлгэхээр дуудсаныг олж мэд.

Леменчүүд гэдэг нэр томъёо нь Мормоны Номон дахь хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг бөгөөд зарим нь Лихайн ууган хүү Лемений үр удам байсан. Сургаал ба Гэрээ 28:8-д орсон Леменчүүд гэдэг нь Нэгдсэн Улсын баруун хилээр амьдардаг америкийн уугуул иргэд бөгөөд зарим нь Мормоны Номон дээрх хүмүүсийн үр удам байж болох юм.

Сургаал ба Гэрээ 28:8-д чухам хэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд туслах илчлэлтийг хүлээн авах эрхтэй гэдгийг бидэнд мэдэхэд туслах Их Эзэний Оливерт өгсөн амлалт, зөвлөгөөг тэмдэглэ.

Их Эзэн Оливер Каудерид номлолын ажилд нь туслах илчлэлтийг хүлээн авч болно хэмээн хэлсэн. Сургаал ба Гэрээ 28:8 нь бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө мөн бидэнд оногдсон дуудлага, үүрэг даалгавруудад тус болох хувийн илчлэлтийг хүлээн авч болно гэдгийг ойлгоход тусалдаг.

Та энэ хэсгийн эхэнд байх жагсаалтан дээрх бүх үүрэг, дуудлагыг дугуйлсан байх. Яагаад гэвэл хувь хүн оногдсон үүрэгтээ илчлэлт хүлээн авах эрхтэй. Тэдний хүлээн авсан илчлэлт хэнд тусална гэж та бодож байна вэ? Хариуцсан хүмүүстээ зориулан илчлэлт хүлээн авах нь тэдэнд хэрхэн туслах вэ?

Илчлэлт хэрхэн таны хувийн амьдралд, Сүмийн дуудлага эсвэл оноосон даалгаварт туслах талаар бод.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр хувийн илчлэлт нь дээгүүр албан тушаалтай хүний өмнөөс илчлэлт хүлээн авах эсвэл хувь хүнд илчлэлтийн талаар зөвлөгөө өгөх эрх олгодоггүй хэмээн сэрэмжлүүлсэн.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Илчлэлт нь Сүмд эмх цэгцтэй байдлаар ирдэг. Бид хувийн илчлэлт хүлээн авах эрхтэй. Гэвч, хэрэв бид ямар нэг тэргүүлэх албан тушаалд онцгойлон адислагдаагүй бол бусад хүн юу хийх ёстой талаар илчлэлт хүлээн авдаггүй.

Сүм дэх илчлэлт нь зохих ёсоор дуудагдаж, дэмжигдэн батлагдаж, томилогдож мөн онцгойлон адислагдсан хүмүүст өгөгддөг. …

Бусдыг удирдан чиглүүлэх ер бусын сүнсний удирдамж хувь хүнд ирдэг гэж үзэх ёсгүй. Хувийн онцгой, ариун туршлага зөвхөн хувь хүнд өөрт нь ирэх бөгөөд үүнийгээ нандигнан хадгалах ёстой гэдэгт би итгэдэг.

Илчлэлтийн сувагт саад болдог хэдэн зүйл бол сонгогдоогүй атлаа бусдад зааварчлахаар сонгогдсон хэмээн төөрөгдөлд орсон хүмүүс юм” (“Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 14–15).

Сургаал ба Гэрээ 28:11–16

Их Эзэн Хайрам Пейжийг залруулж, Сүмийг дэг жаягт оруулахад Оливер Каудериг удирдав

Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн оршлыг дахин уншина уу. Дараа нь Сургаал ба Гэрээ 28:11-14 дэх Их Эзэний Оливер Каудерид өгсөн удирдамжийг унш. Их Эзэн Хайрам Пейжийн асуудлыг шийдэхэд туслахын тулд Оливерт юу хийхийг зарлигласан бэ?

Сургаал ба Гэрээ 28:11-14-өөс бид Сүмийн удирдагчид бусдыг буруу тийш залж буй хүмүүсийг залруулах үүрэгтэй гэдгийг сурдаг. “Чи өөрийн ах Хайрам Пейжтэй ганцаарчлан уулзах ёстой” (С ба Г 28:11) гэснийг анхаар. Энэ нь яриаг ганцаарчлан, нүүр тулж өрнүүлэх хэрэгтэй гэдгийг заадаг.

Түүнчлэн Сургаал ба Гэрээ 28:13 Есүс Христийн Сүмд бүх зүйл эмх цэгцэд хийгдэх ёстой гэдгийг заадаг.

Сургаал ба Гэрээ 28:15-16-г уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн сүүлчийн удирдамжийг олж мэд. Бошиглогч Иосеф Смитийг Сургаал ба Гэрээ 28-д буй илчлэлтийг хүлээн авсны дараахан чуулган эхлэв. Иосеф Смит “Өмнө нь дурдагдсан чулууны асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд ихээхэн судалгаа хийгдсэний эцэст [Хайрам] Пейж ах мөн цугларсан байсан Сүмийн бүх хүн уг чулуу болон чулуутай холбоотой бүх зүйлээс татгалзсандаа сэтгэл хангалуун, баярлаж байв” (History of the Church, 1:115-д) хэмээн бичсэн байдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСургаал ба Гэрээ 28-д заасан зарчим ба сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд дараах нөхцөл байдал бүрийг уншаад, өнөөдрийн хичээлээр хамгийн цагаа олсон гэж бодож байгаа нэг үнэнийг судрын тэмдэглэл дээрээ бич. Танд жишээ болгон харуулахаар эхний асуултыг хариулав.

    1. Та ариун ёслолын цуглаан дээр үг хэлэхээр бэлдэж байгаа бөгөөд хэлэх үгэндээ оруулж болох олон судар, эшлэл, түүхийг олов. Та алиныг нь хэрэглэхээ мөн юу хэлэхээ сайн мэдэхгүй байна.

      Зарчим: Бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө мөн бидэнд оногдсон дуудлага, үүрэг даалгавруудад тус болох хувийн илчлэлтийг хүлээн авч болно.

    2. Та Есүс Христийн Хоёр дахь ирэлтийн талаар мэдээлэл байна гэсэн э-мэйл хүлээн авлаа. Харин энэ нь бошиглогчийн сургаалтай нийцэхгүй байв.

    3. Найз тань тойргийнхоо Залуу эмэгтэйчүүдийн шинэ ерөнхийлөгчийг саяхан дуудсан бишоптоо уурласан байв. Найз тань өөр хүн ерөнхийлөгчөөр дуудагдах ёстой гэж бодож байлаа.

    4. Эгч тань Сүмийн гишүүнтэй болзож байв. Найз залуу нь санваартны хувьд эгчийг нь өөртэй нь суух илчлэлт хүлээн авлаа гэж хэлсэн байна. Гэхдээ эгч нь энэ шийдвэрийн талаар залбиран тодорхой хариулт хүлээн аваагүй бөгөөд түүнд таагүй, дарамттай санагдаж байв.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 28-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: