Семинар
31-р бүлэг: 1 дэх өдөр, Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага


31-р бүлэг: 1 дэх өдөр

Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага

Оршил

1850-аад оны үед хожмын үеийн гэгээнтнүүд болон Нэгдсэн Улсын засгийн газрын албаныхны хоорондох хурцадмал байдал, харилцан үл ойлголцол 1857–1858 оны хоорондох Ютагийн дайн гарахад хүргэжээ. 1857 оны 9-р сард хожмын үеийн зарим гэгээнтэн болон Ютагаар дамжин өнгөрч байсан цагаачдын бүхээгт тэрэгний цувааны гишүүдийн хооронд зөрчилдөөн болов. Уур хилэн болон айдаст автсан өмнөд Ютагийн хожмын үеийн зарим гэгээнтэн Калифорни руу цагаачилж явсан 120 орчим хүний алан хядлагыг төлөвлөж гүйцэтгэжээ. Энэхүү аймшигт үйлдлийг одоо Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага хэмээн нэрлэдэг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол LDS.org вэбсайт руу орж, Сайн мэдээний сэдвүүд-ийг сонгож, Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага-ыг хайж олно уу.

Хожмын үеийн гэгээнтнүүд, Нэгдсэн Улсын засгийн газар хоёрын хооронд хурцадмал байдал үүсэв

1857 оны 7-р сарын 24-нд ерөнхийлөгч Бригам Янг Нэгдсэн Улсын засгийн газраас заавар хүлээн авсан нэг арми Солт Лэйк Сити рүү ирж байгаа гэсэн урьдын мэдээний баталгааг хүлээн авах үедээ Солт Лэйк хөндийд ирсний 10 жилийн ойгоо тэмдэглэж буй гэгээнтнүүдийн бүлэгтэй хамт байжээ. Өмнөх жилүүдэд үүсэн зөрчилдөөн, үл ойлголцол нь хожмын үеийн гэгээнтнүүд, Нэгдсэн Улсын засгийн газрын албан хаагчдын хоорондох хурцадмал байдал улам ихсэхэд нөлөөлж байв. Гэгээнтнүүд өөрсдийн сонгосон удирдагчдаар захируулахыг хүсэж, харин тэдний эрхэмлэх чанарыг хуваалцдаггүй холбооноос томилогдсон хүнийг эсэргүүцэж байлаа. Энэ нь холбооны зарим албаны хүмүүсийг тэд Нэгдсэн Улсын засгийн газрыг эсэргүүцэж байна гэж бодоход хүргэжээ. Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жеймс Буканан Конгрессын зөвшөөрөлгүйгээр ютачуудыг шинэ албан хаагчдыг хүлээн авахаас өөр аргагүй байдалд оруулахын тулд 1500-аад цэргийг Солт Лэйк Сити рүү илгээсэн байна.

Хэрэв та 1857 онд хожмын үеийн гэгээнтэн байсан бол бас танай хот руу том арми ирж явааг сонссон бол та юунд санаа зовох байсан бэ? Огайо, Миссури, Иллинойгоос хүчинд автан хөөгдсөн тухай дурсамж нь хожмын үеийн олон гэгээнтний оюун санаанд мартагдаагүй байсныг санаарай. Олон хүн үнэ цэнтэй эд баялаг, газраа алдсан байсан ба Сүмийн зарим гишүүн алагдаж эсвэл эдгээр хавчлага дарамтын нөлөөнөөс болж нас барсан байв. Арми ирж яваа гэсэн мэдээ нь ийм үйл явдлууд Ютад дахин тохиолдох вий гэсэн санаа зовнилыг төрүүлжээ.

Ерөнхийлөгч Янг болон Сүмийн бусад удирдагч гэгээнтнүүдэд хандан хэлсэн номлолдоо дайсны цэргүүд ирж байгааг хэлжээ. Олон жилийн туршид гэгээнтнүүдийг үр тариагаа нөөцлөөрэй хэмээн хүсдэг байсан ерөнхийлөгч Янг хэрэв тэдэнд цэргүүдээс зугтах шаардлага гарвал идэх хоолтой байхын тулд өмнө өгсөн заавраа дахин өгөв. Тэрээр бас Юта мужийн захирагчийнхаа хувьд тухайн газар нутгийн цэргийн хүчнийхэнд газар нутгаа хамгаалахаар бэлтгэх удирдамж өгсөн байна. (Орон нутгийн цэргийн хүч бол шаардлагатай тохиолдолд орон нутгийг хамгаалах хүч болон зохион байгуулагддаг иргэдийн бүлэг юм.)

Хожмын үеийн зарим гэгээнтэн, Цагаачдын морин тэрэгтэй гишүүдийн хооронд зөрчилдөөн өрнөв

газрын зураг, Арканзасаас Калифорни руу

Арканзасаас Калифорни руу баруун зүг рүү аялж байсан цагаачдын морин тэрэгнийхэн Нэгдсэн Улсын цэргүүдийн ирэхийг эсэргүүцэхээр газар нутгаа хамгаалахаар хожмын үеийн гэгээнтнүүдийг бэлтгэж байх яг тэр эгзэгтэй үед Ютад орж ирэв. Та дараах догол мөрүүдийг уншиж байхдаа морин тэрэгний зарим гишүүн, зарим хожмын үеийн гэгээнтний хооронд үүссэн асуудлын шалтгааны доогуур зур.

Морин тэрэгний зарим гишүүн үр тариагаа нөөцлөх хэрэгтэй гэсэн заавар хүлээн авсан гэгээнтнүүдээс маш их хэмжээний шаардлагатай хүнс, үр тариа худалдан авахад хэцүү байсан учир уурлаж бухимдаж байлаа. Гэгээнтнүүд бас өөрсдийнхөө амьтдад хэрэгтэй тэжээл, усны нөөцийг цагаачдын морин тэрэгнийхний морьд болон үхэрт өгөхийг хүсэхгүй байсан нь зөрчилдөөн гарахад нөлөөлж байв.

Сөргөлдөөн Калифорни явах чиглэлийн Юта дахь хамгийн сүүлчийн суурин болох Седар хотод эцсийн цэгтээ тулсан байна. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн болон хожмын үеийн зарим гэгээнтний хооронд мөргөлдөөн болов. Бүхээгт тэрэгний цувааны зарим гишүүн гэгээнтнүүдийн эсрэг ирж яваа засгийн газрын цэрэгтэй нэгдэх болно гэж айлган сүрдүүлжээ. Хэдийгээр морин тэрэгний ахмад ийнхүү заналхийлж байгаад нь хамтрагчаа буруутгасан боловч Седар хотын зарим удирдагч, оршин суугчид цагаачдыг дайснууд мэтээр хандаж байлаа. Морин тэрэгний багийнхан ирснээсээ хойш нэгхэн цагийн дараа хотоос гарч явсан бөгөөд Седар хотын оршин суугчид, удирдагчдын зарим нь тэднийг гомдоосон эрчүүдийг хөөн мөшгиж, цээрлүүлэхийг хүсэж байв.

Та өөр нэг хүнтэй эсвэл бүлэг хүнтэй зөрчилдөж байсан цаг үеийнхээ талаар бодож үз. 3 Нифай 12:25-ыг уншаад, бусад хүнтэй хурцадмал байдал үүсэх үед биднийг чиглүүлэх Есүс Христийн заасан зарчмыг олж мэд.

“Өстөнтэйгөө замаар явж байхдаа түүнтэй хурдан эвлэр” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? Далын ахлагч Дэвид И.Сорэнсэн энэ үг нь “хүсэл шунал маань биеийн хийгээд оюун санааны догшролд орж бид уур хилэндээ боолчлогдохгүйн тулд үзэл санаа зөрчилдөх үед эртхэн шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн утгатай хэмээн бидэнд (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 11).

3 Нифай 12:25 дээрх Их Эзэний сургаал болон ахлагч Сорэнсэны тайлбар дээр үндэслэхэд, хэрэв бид зөрчилдөөнөө Их Эзэний арга замаар шийдвэрлэх юм бол дараа нь бид зөрчлийн хор хөнөөлтэй нөлөөнөөс зайлсхийж чадна гэдгийг олж мэддэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. 3 Нифай 12:25 дээрх зарчмыг дуулгавартай дагах нь морин тэрэгтэй гишүүдээс болж сэтгэлээр унасан байсан хожмын үеийн гэгээнтнүүдэд хэрхэн тусалж болох байсан бэ?

    2. Үзэл бодлын зөрчлөө Их Эзэний арга замаар шийдвэрлэхээр эрэлхийлэх нь танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд зөрчлийн хортой үр нөлөөнүүдээс зайлсхийхэд хэрхэн тусалж байсан бэ?

Седар хотын зарим оршин суугч зөрчилдөөнөө Их Эзэний арга замаар шийдвэрлээгүй учраас нөхцөл байдал илүү ноцтой болсон. Та цааш нь үргэлжлүүлэн судлах үедээ ууртай эсвэл өс санасан үедээ үйлдэл хийхийн хор уршгийн талаар тунгаан бод.

Седар хотын захирагч, цэргийн хошууч, гадасны ерөнхийлөгч Исаак Хайт Парованын ойролцоох сууринд амьдарч байсан цэргийн даргаас морин тэрэгтэй гэмт хэрэгтнүүдтэй тулалдах цэргийн хүчийг удирдах зөвшөөрөл хүсэв. Цэргийн дарга Виллиам Дэйм Исаак Хайтад цагаачдын сүрдүүлгийг тоохгүй байхыг зөвлөв. Исаак Хайт болон Седар хотын удирдагчид энэ зөвлөгөөг дагахын оронд цагаачдад шийтгэхийн тулд морин тэрэг рүү дайрч мөн үхрүүдийг хулгайлахад орон нутгийн зарим индианыг ятгахаар шийдсэн байв. Исаак Хайт орон нутгийн Сүмийн гишүүн, орон нутгийн цэргийн хүчний ахмад Жонн Д.Лийгээс энэ дайралтыг удирдахыг хүссэн ба тэр хоёр хийсэн хэргээ индианчуудад үүрүүлэх төлөвлөгөө гаргажээ.

Седар хотын удирдагчдыг Виллиам Дэймийг цэргийн хүч ашиглах хэрэггүй гэж тэдэнд зөвлөхөд юу хийх хэрэгтэй байсан бэ? Зөвлөгөөг эсэргүүцэх нь тэднийг юу хийхэд хөтөлсөн бэ?

Седар хотын эдгээр удирдагчийн үлгэр жишээнээс бидний сурах нэг зарчим бол Хэрэв бид зөв зүйл хийх зөвлөгөөг үл ойшоох аваас буруу сонголт хийхэд илүү амархан болдог. Та эдгээр удирдагчийн үйлдлүүдийн талаар цааш нь суралцахдаа энэ зарчмын нотолгоог олж хар. Та дараах догол мөрүүдийг уншиж байхдаа Седар хотын удирдагчид өгсөн зөвлөгөөг үл тоомсорлосныхоо дараа ямар арга замаар муу сонголтууд хийсээр байсныг зурж тэмдэглэ.

Исаак Хайт Сүмийн орон нутгийн удирдагчид, нийгэмлэг болон цэргийн хүчнийхний зөвлөлд морин тэрэгнийхэн рүү дайрах төлөвлөгөөг танилцуулсан. Зөвлөлийн зарим гишүүн төлөвлөгөөг хүчтэй эсэргүүцэж, Хэйт ахыг ерөнхийлөгч Бригам Янгтай энэ тухай зөвлөлдсөн эсэхийг асуув. Хайт хэлээгүй гэдгээ дурдаж, нөхцөл байдлыг тайлбарласан мөн юу хийх ёстойг асуусан захидлыг Солт Лэйк рүү Жеймс Хаслам гэх элчээр явуулна хэмээн тохирсон байна. Гэвч Солт Лэйк Сити нь Седар хотоос 250-иад бээрийн (барагцаалбал 400 км) зайтай учир Солт Лэйк явж, ерөнхийлөгч Янгийн зааврыг аваад буцаж ирэхэд элчийн хувьд 7 хоног мориор явах шаардлагатай байв.

Исаак Хайт захидал авсан элчийг явуулахынхаа өмнөхөн Жонн Д.Лий болон индианчуудын бүлгийнхэн Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага хэмээн нэрлэгдсэн газар байрлаж байсан цагаачдын бүлэг рүү дайралт хийв. Лий уг дайралтыг удирдсан ч зөвхөн индианчууд оролцсон гэж харагдуулахын тулд өөрийнхөө дүр төрхийг нуусан байв. Цагаачдын зарим нь амь үрэгдэж, шархадсан ч үлдсэн цагаачид Лий болон индианчуудыг ухрааж, тэдний халдлагыг бут цохисон байна. Цагаачид тэр даруй морин тэрэгнүүдээ хамгаалахын тулд бөөгнүүлэн шахаж түрэв. Таван өдрийн турш тэднийг бүслэн, дахин хоёр өөр халдлага хийсэн байна.

Толгод ба уулын бэл

Нэг удаа Седар хотын цэргийнхэн морин тэрэгний хашааны бүслэлтийн гадна үлдсэн хоёр цагаачийн талаар мэдэж авав. Цэргийнхэн тэдэн рүү гал нээж, нэгийг нь алжээ. Нөгөө хүн нь буудалласан газар руугаа зугтаж, тэдний эсрэг дайрсан хүмүүсийн дунд цагаан арьстай хүмүүс байна гэсэн мэдээг хүргэжээ. Дайралтыг төлөвлөсөн тэдгээр хүн заль мэхэндээ ороогдов. Хэрэв цагаачдад Калифорни руу явах боломж олгох юм бол хожмын үеийн гэгээнтнүүд бүхээгт тэрэгтнүүд рүү хийсэн дайралтын цаана байсан гэсэн мэдээ тархах байлаа. Хуйвалдагчид энэ мэдээ өөрсдөд нь болон тэдний хүмүүст сөрөг үр дагавруудыг авчрах вий хэмээн айж байв.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Энэ үед цагаачид руу хийсэн удаа дараагийн халдлагыг хариуцан хийсэн хүмүүст өөр ямар ямар сонголт байсан бэ?

    2. Тэд юу хийх хэрэгтэй байсан бэ? Яагаад?

Эдгээр эрэгтэй муу сонголтуудыг хийж байхдаа санваарын үүрэг хариуцлагынхаа эсрэг үйлдэж байв. Сургаал ба Гэрээ 121:36–37-г уншаад, шударга бусаар үйлддэг санваартнуудад Их Эзэн юу гэж сэрэмжлүүлдгийг тэмдэглэ.

Та ямар нэгэн зүйлийг буруу хийснийхээ дараа юу хийдгээ бодож үз. Та буруу хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч, үр дагавруудыг хүлээн авахыг хүсдэг үү эсвэл гэм нүглүүдээ заль хэрэглэн далдлан нуухыг хичээх үү?

Зарим хожмын үеийн гэгээнтэн Маунтэйн Мийдөүст алан хядлага төлөвлөж бас гүйцэлдүүлэв

Сүмийн гишүүд цагаачдын эсрэг дайралтад оролцсон гэм нүглээ нууж, халхлахыг хичээсэн. Хожмын үеийн гэгээнтнүүд морин тэргэн дээрх халдлагад оролцсон гэх мэдээг тараахгүй байх оролдлого хийж, Исаак Хайт, Жонн Д.Лий болон Сүмийн бусад орон нутгийн болон цэргийн удирдагч бага насны хүүхдүүдээс бусад үлдсэн цагаачдыг бүгдийг нь алах төлөвлөгөө гаргажээ. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд Жон Д.Лий цагаачид руу дөхөж очоод цагдаагийнхан тэднийг Седар хот руу аюулгүй хүргэж өгөн, цаашид гарах дайралтаас хамгаална гэж хэлжээ. Цагаачдыг Седар хот руу хөдөлж эхлэх үед цагдаагийнхан эргэж тэдэн рүү гал нээсэн байна. Зарим индиан нуугдаж байсан газраасаа дайралтад нэгдэхээр яаран гарч ирэв. Морин тэрэгнийхний нийт 140 орчим цагаачдаас ердөө 17 бага насны хүүхэд амьд үлджээ.

Чулуун дурсгалын тэмдэг

Маунтэйн Мийдөүст болсон эмгэнэлт явдлыг дурсан санасан хөшөө дурсгал

Алан хядлагаас хойш хоёр өдрийн дараа Жэймс Хаслам Седар хотод ирэхдээ ерөнхийлөгч Янгийн захидлыг авч ирсэн юм. Тэр захидалд морин тэргийнхнийг амар тайван явуул хэмээх зааврыг орон нутгийн удирдагчдад өгсөн байв. “Хэйт, Янгийн үгсийг уншаад жаахан хүүхэд мэт мэгшин уйлаад ‘Хэтэрхий хожимдсон, хэт хоцорчээ’ гэсэн үгсийг л хэлэх тэнхэлтэй байв” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” Ensign, 2007 оны 9-р сар, 20).

Өмнөд Юта дахь хожмын үеийн гэгээнтэн зарим удирдагч болон оршин суугчийн хийсэн сонголт Маунтэйн Мийдөүст болсон эмгэнэлтэй алан хядлагад хүргэсэн юм. Харин эсрэгээр нь Солт Лэйк Сити дахь Сүмийн болон бүс нутгийн удирдагчид 1858 онд энхийн яриа хэлэлцээрээр дамжуулан Нэгдсэн Улсын засгийн газартай уг зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Хожим нь Ютагийн дайн гэж нэрлэгдсэн энэ зөрчилдөөний үеэр Нэгдсэн Улсын цэргүүд, Ютагийн цагдаагийнхан дайралт хийсэн ч огт тулалдаагүй юм.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагын талаар ярьж байхдаа Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг: “Бидний эрхэмлэдэг Есүс Христийн сайн мэдээ нь, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хороосон хүйтэн цуст аллагыг жигшдэг” хэмээн хэлжээ. Үнэн хэрэгтээ, энэ нь энх тайван болон өршөөлийг дэмждэг. Олон жилийн өмнө [Маунтэйн Мийдөүст] гишүүдийн хийсэн энэ зүйл нь Христийн шашны сургаал болон биеэ авч явах байдлаас аймшигтайгаар, уучилшгүйгээр холдсоныг төлөөлдөг” (“150th Anniversary of Mountain Meadows Massacre,” 2007 оны 9-р сарын 11, mormonnewsroom.org/article/150th-anniversary-of-mountain-meadows-massacre).

Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагад 120-иод хүн амиа алдан хохирохоос гадна бас хохирогчдын амьд үлдсэн үр хүүхэд болон хамаатан садан асар их уй гашууг амссан. Паиуте индианчууд бас гэмт хэргийн шударга бус золиос болсноос зовж байлаа. Үүнээс гадна, “алан хядлагад гар бие оролцсон зарим хүн хийсэн бас харсан зүйлсийнхээ гашуун мэдрэмж, хар дарсан зүүдэн дунд амьдралынхаа үлдсэн хэсгийг туулж өнгөрүүлсэн юм” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” 20).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах даалгавруудыг гүйцээж хий. Тухайлбал:

    1. Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагад хүргэсэн алдаануудыг хураангуйл.

    2. Гэм нүглээ нуух сонголтын талаар энэ эмгэнэлт явдлаас ямар зарчим эсвэл сургамж суралцаж болох вэ?

    3. Дараах асуултуудад хариул. Тухайлбал: Та удирдагчдынхаа зөвлөгөөг дагахад анхаарч, бас хийж магадгүй гэм нүглүүдээ нуун далдлахаас зайлсхийхийн тулд ирээдүйд юу хийж болох вэ? Алдаа хийснийхээ төлөө хариуцлага хүлээж, мөн гэм нүглүүдээ нуухгүй байснаараа та ямар ямар адислал хүлээн авч чадах вэ?

Хэрэв та нар алдаа, нүглийн замаар аль хэдийн явж байгаа бол одоо Их Эзэнд эргэж мөн гэм нүглүүдээ наманчлан, хожмын зүрхний өвчин, харамслаас сэргийлж чадна.

Есүс Христ

Орон нутгийн зарим хожмын үеийн гэгээнтэн Маунтэйн Мийдөүст болсон алан хядлагыг төлөвлөж мөн гүйцэлдүүлэхэд оролцсон учраас зарим хүн энэ үйл явдлыг Сүмийн үзэл бодолд сөргөөр нөлөөлөхөд ашиглаж байв. Алмагийн номлогч хүү ариун явдлын хуулийг зөрчихөд, бусад хүн хүүгийнх нь биеэ авч яваа байдлаас болж Алмагийн үгэнд итгэхгүй байсан үйл явдал Мормоны Номон дээр бас гардаг (Алма 39:11).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич. Сүмийн зарим гишүүний буруу үйлдэл сайн мэдээний үнэн байдлыг тодорхойлдоггүй гэдгийг ойлгох нь яагаад чухал байдаг вэ?

Хиламан 5:12-ыг уншаад, Сүмийн гишүүдийн Есүс Христийн сургаалын дагуу амьдрахгүй байгаа жишээг олж харсан ч өөрийн итгэл хөдөлшгүй байж болохын тулд гэрчлэлээ өсгөж мөн хөгжүүлэхийн тулд бидний хийж болох зүйлсийг хайж ол. Юу олж мэдсэнээ товч дүгнэ.

Хиламан 5:12-оос бидний сурч болох нэг зарчим бол Есүс Христийн хадан суурин дээр итгэлээ хөгжүүлснээр хүчирхэг гэрчлэлийг бий болгож чадна.

Дараах жишээ нь энэ зарчмыг харуулдаг. “Жэймс Сэндэрс бол уг алан хядлагаас амьд гарсан хүүхдүүдийн нэгнийх нь ач хүү юм [мөн Сүмийн гишүүн]. ‘Би одоо ч гэсэн шаналдаг. Би тэр алан хядлага болсонд одоо ч гэсэн уур хүрч, бас гунигладаг. Гэхдээ би үүнийг хийсэн хүмүүс Их Эзэний өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг бас мэднэ. Мөн энэ нь надад амар амгаланг авчирдаг’ хэмээн Сандэрс ах хэлсэн юм. [Тэрээр] түүний өвөг дээдэс алан хядлагад өртөж нас барсныг олж мэдсэн нь миний итгэлд нөлөөлөөгүй. Учир нь энэ итгэл Сүмийн хэн нэгэн дээр биш харин Есүс Христэд суурилсан юм” (Бага Ричард Э.Төрлий, “The Mountain Meadows Massacre,” 21).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Сүмийн гишүүд Аврагчийн сургаалын дагуу амьдрахгүй байна гэдгийг олж мэдэх нь хэрхэн бидний Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж болох вэ?

    2. Есүс Христийн хадан дээр суурилсан итгэлийг хөгжүүлэхэд туслах ямар зүйлийг та хийдэг вэ?

    3. Есүс Христийн хадан дээр суурилсан итгэлээ илүү сайн хөгжүүлэхийн тулд та энэ долоо хоногт юу хийж болох вэ? (Та хийх нэгээс дээш зүйлээ бичиж болно.)

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би “Ютагийн дайн ба Маунтэйн Мийдөүст болсон алан хядлага” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: