Семинар
7-р бүлэг: 2 дахь өдөр, Сургаал ба Гэрээ 27


7-р бүлэг: 2 дахь өдөр

Сургаал ба Гэрээ 27

Оршил

Ньюел Найт болон түүний эхнэр Салли гээд өөр 12 хүн Эмма Смиттэй 1830 оны 6-р сарын 28-нд Нью-Йоркийн Колесвиллд баптисм хүртжээ. Гэвч тэднийг гишүүнээр батлах цуглааныг орон нутгийн танхай этгээдүүд тасалж, бошиглогч Иосеф Смитийг “Мормоны Номын тухай номлосноор улс оронд үймээн самуун дэгдээхэд хүргэсэн” хэргээр баривчилжээ. (History of the Church, 1:87–88-ыг үзнэ үү.) Иосеф бүх заргаас чөлөөлөгдсөн ч танхай бүлгийнхэн түүнийг 1830 оны 8-р сар хүртэл ихэнх шинэ хөрвөгчийг гишүүнээр батлах хүртэл Колесвилл руу оруулсангүй. Иосеф Смит дараа нь Пеннсильванийн Хармони дахь гэртээ буцжээ.

1830 оны 8-р сарын эхээр Ньюел Найт эхнэртэйгээ хамт Иосеф, Эмма Смит хоёр дээр зочлохоор Хармони руу аялав. Салли Найт, Эмма хоёрыг гишүүнээр хараахан батлаагүй байсан тул тэднийг баталж, цугларсан хүмүүстэй хамт ариун ёслолоос хүртэхээр болсон байна. Тэр ариун ёслолд зориулж дарс авахаар гартал бошиглогч Иосефын өмнө нэгэн тэнгэрлэг элч гарч ирэн, Сургаал ба Гэрээ 27-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгчээ (History of the Church, 1:106-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 27:1–4

Их Эзэн ариун ёслолын бэлгэдлийн талаар заавар өгөв

Хэрэв та ариун ёслолд төмсний хальс ашиглаж байгааг харсан бол юу гэж бодох байсан бэ?

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон Дэлхийн 2-р дайны үеэр дайнд нэрвэгдсэн Европт айлчилсан юм. Тухайн үед хоол хүнс ховор байсан учраас олон хүн амиа зогоох гэж зүдэрч байлаа. Хоол хүнс ховор байсан учраас Сүмийн гишүүд ариун ёслолд ашиглах зүйлээ орлуулах шаардлагатай байсан. Ерөнхийлөгч Бэнсон: “Талх байгаагүй учраас төмсний хальсыг ариун ёслолын бэлгэдэл болгон ашиглаж байсан франц гэгээнтнүүдийг би хэзээ ч мартахгүй” хэмээн дурссан (“Prepare for the Days of Tribulation,” Ensign, 1980 оны 11-р сар, 33–34).

  1. Сургаал ба Гэрээ 27:1–2-ыг уншаад, тэнгэр элч ариун ёслолын бэлгэдлийн талаар Иосеф Смитэд юу гэж хэлснийг олж мэд. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич. Тухайлбал:

    1. Франц гэгээнтнүүдийн байсан тухайн нөхцөлд ариун ёслолын бэлгэдэл болох талхны оронд яагаад өөр зүйл хэрэглэхийг зөвшөөрсөн гэж та бодож байна вэ?

    2. Сургаал ба Гэрээ 27:2-т цэдэглэснээр бид ариун ёслолоос хүртэхдээ юунд анхаарлаа хандуулах ёстой вэ?

Хоосон зайг бөглөснөөр дараах зарчмыг гүйцээж бич. Ариун ёслолоос хүртсэнээр бид Есүс Христийн цагаатгагч золиослолыг .

  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Ариун ёслолоос “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулан” хүртэх гэдэг нь ямар утгатай вэ?

    2. Ариун ёслолоос хүртэх үедээ та хэрхэн Аврагчийн Цагаатгалыг бүрэн дүүрэн санаж болох вэ?

Сургаал ба Гэрээ 27:3–4-т Их Эзэн Иосеф Смитэд дарс болон хүчтэй ундааг (согтууруулах чанартай бүх ундаа) ариун ёслолд зориулан дайснуудаасаа худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлсэн. Гэгээнтнүүд зөвхөн хэрэглэх дарсаа хийдэг байсан (энэ нь мэргэн ухааны үг [С ба Г 89] илчлэгдэхээс өмнө). Өнөөдөр ариун ёслолд дарсны оронд ус хэрэглэдэг.

Сургаал ба Гэрээ 27:5–14

Их Эзэн дэлхий дээр дахин ариун ёслолоос хүртэх болно

Аврагчийн дэргэд ариун ёслолоос хүртэхээр бол таны хүртэх байдал хэрхэн өөрчлөгдөж болохыг тунгаан бод.

Их Эзэн ариун ёслолыг төлөөлөгчдөдөө сүүлчийн зоогийн үеэр танилцуулахдаа дэлхийд дахин ирж, шавь нартайгаа ариун ёслолоос дахин хүртэх цаг ирнэ хэмээн бошигложээ (Матай 26:26–29-ийг үзнэ үү).

Дэлхий ертөнцийн түүхэнд Их Эзэн Өөрийн сайн мэдээний ёслолыг хийж гүйцэтгэхэд туслуулахаар зөв шударга эрчүүдэд санваарын эрх мэдлийг өгдөг байсан. Тэрээр мөн санваарын удирдагчдад санваарын түлхүүрүүдийг өгч байсан ба тэгснээр тэд дэлхий дээрх Түүний санваарыг хэрхэн ашиглахыг удирдаж, хянаж, захирч чаддаг байжээ.

  1. Бид Сургаал ба Гэрээ 27:5-12-оос тухайн ариун ёслолд Есүс Христтэй оролцох зарим хүний талаар уншдаг. Эдгээр шүлгийг уншаад, энэ ариун ёслолд оролцох хүмүүсийг түлхүүр буюу үүрэг хариуцлагатай нь хамт судрын тэмдэглэл дээрээ жагсааж бич.

Сургаал ба Гэрээ 27:13-ыг уншаад, Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн түлхүүрүүдийг олж мэд. Та “эцсийн үеүдэд зориулсан сайн мэдээний эрин үе; цаг хугацааны бүрэн байдал” гэсэн хэллэгийг тэмдэглэж болно. Энэ шүлгээс цаг хугацааны бүрэн байдлын эрин үе нь сайн мэдээний бүх түлхүүр, ёслол болон өнгөрсөн эрин үеийн үнэнүүдийг хамтад нь авчирдаг гэдгийг сурдаг.

Эрин үе бол Их Эзэн Өөрийн сайн мэдээний сургаал, ёслолууд болон санваарыг илчилдэг нэгэн тодорхой үе юм. Энэ бол дэлхийн оршин суугчдад сайн мэдээг өөрийнхөө үед хүргэх бурханлаг итгэмжлэл хүлээсэн, ариун санваар болон түлхүүрүүдийг эзэмшигч, эрх мэдэл олгогдсон, наад зах нь нэг үйлчлэгчийг Их Эзэн дэлхий дээр томилон ажиллуулсан үе юм. Энэ нь сайн мэдээ шинээр илчлэгдэж, ингэснээр хүмүүс өнгөрсөн эрин үеийн авралын төлөвлөгөөний мэдлэгт тулгуурлах хэрэггүй болдог үед тохиодог (Bible Dictionary, “Dispensations”).

Бидний үе бол эцсийн эрин үе мөн. Энэ эрин үеийг “сайн мэдээний бүрэн байдлын эрин үе” гэж нэрлэдэг. Учир нь энэ үед Их Эзэний хүүхдүүдийг адислах зориулалттай бүх түлхүүрийг Тэр сэргээсэн байдаг (Ефес 1:10). Бошиглогч Иосеф Смит нь Адам, Енох, Ноа, Мосе нар сайн мэдээний өөр өөрийн эрин үеийг тэргүүлж байсны адил энэ эрин үеийн тэргүүн буюу удирдагч юм.

Сургаал ба Гэрээ 27:14-ийг уншаад, Аврагчтай хамт ариун ёслолын цуглаанд өөр хэн хэн байхыг олж тогтоо.

Аврагчийн “дэлхийгээс Эцэгийн минь надад өгсөн тэд бүгдтэй хамт буюу” гэж хэлсэн нь хэнийг хэлсэн гэж та бодож байна вэ?

Зураг
Ахлагч Брүс Р.Макконки

Ахлагч Брүс Р.Макконки: “Дэлхийн бүхэл түүхийн турш дахь итгэлтэй хүн бүр мөн Эцэгийн хаант улсад мөнх амьдралыг өвлөн авахаар амьдарсан хүн бүр уг ариун ёслолд оролцож, ариун ёслолоос хүртэн, Их Эзэнтэй хамт байх болно” хэмээн хэлсэн (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 595).

  1. Судрын тэмдэглэл дээрээ аль хэдийн бичсэн хүмүүсийн нэрийн жагсаалт доор өөрийнхөө нэрийг бич. Дараа нь дараах асуултад хариул. Их Эзэнтэй хамт энэ ариун ёслолд оролцоно гэдгийг мэдэхэд танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Сургаал ба Гэрээ 27:15–18

Их Эзэн Өөрийн хүмүүст Бурханы өвч хуяг дуулгыг өмсөхийг зарлиглав

Сургаал ба Гэрээ 27:15–18 нь 4–14-р шүлэгт дурдсан ариун ёслолын цуглаанд оролцох адислалаас гадна Их Эзэний адислалыг хүлээн авах зохистой байхад бидэнд туслах зөвлөгөөг агуулдаг.

Хэрэв та дайнд явах гэж байвал ямар хувцас өмсөх вэ?

  1. Сургаал ба Гэрээ 27:15-ыг уншаад, судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариул. Тухайлбал:

    1. Их Эзэн сүнслэг дайнд бэлтгэлтэй байхын тулд юу хийхийг бидэнд зөвлөсөн бэ?

    2. Их Эзэн хэрэв бид өөрсөд дээрээ Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг авах юм бол хилэнцийг тэвчих боломжтой байх болно хэмээн бидэнд амласан. “Муу ёрын өдөр” нь юуны тухай гэж та бодож байна вэ? “Тэсч гарах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 27:15–18-ыг судлаад, хавсаргасан диаграмм дахь хуяг дуулгын хэсэг бүрийг шүлгүүдэд дурдсан үг, хэллэгээр нэрлэ.

Зураг
Бурханы хуяг дуулга
  1. Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:

    1. Яагаад Их Эзэн Бурханы бүрэн өвч хуяг дуулгыг өмсөхөд биднийг урьсан бэ?

    2. Бурханы хуяг дуулгын хэсэг бүртэй холбоотой зан чанарууд хэрхэн биднийг уруу таталт, хилэнцээс хамгаалах вэ?

    3. Та Бурханы хуяг дуулгыг өмсөхийг эрэлхийлснээр ямар арга замаар амьдралдаа хамгаалалтыг мэдэрсэн бэ?

Та амьдралынхаа аль хэсгийг сайжруулах хэрэгтэй гэдгээ эргэцүүлэн бодож, Бурханы хуяг дуулгыг илүү бүрэн дүүрэн өмсөхийн тулд юу хийж болохоо тунгаан бод.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.

    Би Сургаал ба Гэрээ 27-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:

Хэвлэх