20-р бүлэг: 2 дахь өдөр
Сургаал ба Гэрээ 93
Оршил
1833 оны 5-р сарын 6-нд, бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 93-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Есүс Христ энэхүү илчлэлтийн эхний хэсгийн зорилгыг ийнхүү илчлэв (С ба Г 93:1–20): “Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдваруудыг би та нарт өгдөг” (С ба Г 93:19). Эдгээр шүлгийг багштайгаа энэ долоо хоногийн хичээлээр илүү дэлгэрэнгүй судлах болно. Энэ хичээл үндсэндээ Сургаал ба Гэрээ 93:21–53-т Их Эзэний илчилсэн зүйл дээр илүү төвлөрөх болно. Эдгээр шүлэг үнэнийг болон гэрлийг олж авах мөн “гэр орондоо илүү хичээнгүй байх” шаардлагын тухай Их Эзэний зааврыг агуулдаг (С ба Г 93:50).
Сургаал ба Гэрээ 93:1–20
Их Эзэн биднийг хэрхэн Тэнгэрлэг Эцэгтэйгээ болон Өөртэй нь адил болж болох тухай илчлэв
Сургаал ба Гэрээ 93:1–20-оос бид Есүс Христийн тухай, Түүний болон Тэнгэрлэг Эцэг хоёрын хоорондын харилцаа мөн бид хэрхэн “Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг” (С ба Г 93:16) хүлээн авч болох тухай сурдаг.
Төлөөлөгч Иохан Есүс Христийг мөнх бус амьдрал дахь тохинуулалаа эхлэх үед Иохан Баптистын шавь байсан. Тэрээр Шинэ Гэрээний Иоханы сайн мэдээнд Аврагчийг гэрчилсэн Иохан Баптистын гэрчлэлийн цэдгийг хөтөлжээ. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Брүс Р.Макконки Иохан Баптистын гэрчлэлийг оруулсан тухай тайлбарласан.
“Хожмын үеийн илчлэлтээс бид Иоханы (Төлөөлөгч, Илчлэгч хийгээд Хайрт шавь) сайн мэдээний өмнөтгөл хэсгийг Иохан Баптист бичсэн гэдгийг сурдаг. Их Эзэн илчлэлтээр дамжуулан Иохан Баптистын бичсэн зүйл мөн хүмүүнийг тэрхүү цэдгийг хүлээн авах хангалттай итгэлтэй болох үед илчилнэ хэмээн амласан хэсгийг Иосеф Смитэд сэргээсэн. (С ба Г 93:6–18.) [Сургаал ба Гэрээ 93:15] бол яг аль Иоханы талаар өгүүлж байгаагийн түлхүүр юм. …
… Хайрт шавийн өмнө Баптистын сайн мэдээгээ бичсэн цэдэг байсан нь гарцаагүй. Сүүлд нь Иохан ижил нэртэй өмнөх бошиглогчийн бичсэн зүйлийг хуулбарласан эсвэл өөрчилсөн аж. Өөр нэгэн боломжит хувилбар бол Их Эзэн сайн мэдээний зохиолчдод өмнөх замыг нь бэлдсэн эртний элчийн цэдэглэгдсэн үгийг илчилсэн байж болох юм” гэсэн (Doctrinal New Testament Commentary, 3-р боть, [1966–1973 он], 1:70–71).
Сургаал ба Гэрээ 93:6–17-д, Их Эзэн Иоханы цэдгээс Өөрийнх нь талаар бидэнд илүү сайн ойлгоход туслах мэдээллийг өгсөн. Иохан Есүс Христ Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд өсөн торниж байсан гэдгийг заасан.
Бид ч мөн адил Есүс Христийн үлгэр жишээг дагаснаар Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авч чадна. Та Сургаал ба Гэрээ 93:19–20-д өгөгдсөн үнэнийг заасан хэллэгүүдийг тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 93:21–39
Их Эзэн үнэн ба гэрлийг хэрхэн хүлээн авч болохыг Өөрийн үйлчлэгчдэд зааварлав
Айлын ууган хүүхэд ямар ямар үүрэг хариуцлага хүлээдэг вэ?
Сургаал ба Гэрээ 93:21–23-ыг уншаад, Есүс Христ Өөрийнхөө тухай юу илчилснийг олж мэд.
Та эдгээр шүлгээс дараах зарчмыг заасан үг, хэллэгийг тэмдэглэж болно. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдийн Ууган нь байсан.
Есүс Христ Эцэгийн сүнсээр төрсөн Ууган Хүү байсан учраас Түүнийг Эцэгт байгаа бүхний “өвлөгчөөр томилсон” (Еврей 1:2). Гэхдээ Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхэдтэй энэхүү өвөө хуваалцахыг хүссэн. Бид “Христийн хамтран залгамжлагчид” (Ром 8:17) байх мөн ”Ууган Хүүгийн сүм” (С ба Г 93:22; мөн С ба Г 76:51–54-ийг үзнэ үү) дунд тоологдох боломжтой. Ахлагч Брүс Р.Макконки: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн өргөмжлөлийн дээд түвшний ёслолуудыг хүлээн авахын тулд өөрсдийгөө зөв шударга үйлд зориулсан гишүүд Ууган Хүүгийн сүмийн гишүүд болдог” хэмээн заажээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966 он], 139). Ийнхүү бид ч мөн адил Эцэгт байгаа бүхнийг хүлээн авч чадна (С ба Г 76:55; С ба Г 84:37–38).
Сургаал ба Гэрээ 93:22-т цэдэглэгдсэнээр, бид Ууган Хүүгийн сүр жавхланг хүртэгчид байхын тулд Есүс Христээр дамжин төрөх ёстой. Есүс Христээр дамжин төрөх гэдэг нь сүнслэг байдлаар дахин төрөх, Цагаатгалын хүчээр дамжуулан бүх нүглээсээ цэвэрших гэсэн утгатай.
-
Судрын тэмдэглэл дээрээ Эцэгийн Ууган Хүүгийн хувьд Есүс Христийн хүлээсэн үүргийг ойлгох нь яагаад таны хувьд чухал болохыг тайлбарлан бич. Та бас Эцэгийн Ууган Хүүгийн хувьд гүйцэтгэсэн Есүс Христийн үүрэг таны хувьд ямар утга учиртай болохыг эргэцүүлэн бодож байхдаа Түүний талаар төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж болно.
Сургаал ба Гэрээ 93:21-д Есүс Христ Өөрийгөө “эхлэлд … Эцэгтэй хамт” байсан хэмээн хэлснийг анхаар. 23-р шүлэгт цэдэглэгдсэнээр өөр хэн Эцэгтэй хамт эхлэлд байсан бэ?
Сургаал ба Гэрээ 93:23 Тэнгэрлэг Эцэгийн бүх сүнсэн хүүхдэд хамаатай. Та энэ шүлгийн та нар гэсэн үгийн оронд өөрийнхөө нэрийг орлуулж болно. Судрынхаа захад нэрээ бичээд, та нар гэсэн үгтэй сумаар холбон зур.
Мөнх бус байдлын өмнөх амьдралд Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христтэй хамт амьдарч байхдаа бидэнд Тэднээр заалгуулж, үнэнийг хүлээн авах эсвэл хүлээн авахаас татгалзах боломж байсан. Сургаал ба Гэрээ 93:24–26-г уншаад, эдгээр шүлэгт Их Эзэний үнэний талаар заасан зүйлийг олж мэд.
24-р шүлэгт өгүүлсэн үнэний тухай Их Эзэний өгсөн тодорхойлолтоос сурсан зүйлээ өгөгдсөн хоосон зайд бич.
Сургаал ба Гэрээ 93:25-д Сатаныг хэрхэн дүрсэлснийг анхаар. Үнэний тухай бидний мэдлэгийг гуйвуулах, бууруулах маягаар тэр бидэнд хэрхэн нөлөөлөхөөр эрэлхийлж байдгийг анхаар. Үүнтэй харьцуулаад, 26-р шүлгээс Аврагчийн тухай олж мэдсэн зүйлээ тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 93:36–37-г судлаад, Их Эзэний гэрэл ба үнэний талаарх нэмэлт зарчмуудыг олж тогтоо. Та 36-р шүлгээс “Бурханы алдар суу бол оюун билиг, эсвээс, өөрөөр хэлбэл, гэрэл ба үнэн юм” гэсэн хэллэгийг тэмдэглэж болно. Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд алдар суугийн буюу оюун билгийн бүрэн байдал өөрөөр хэлбэл гэрэл ба үнэн байдаг гэдгийг санаарай. Амьдралдаа гэрэл ба үнэнийг хүлээн авах нь бидэнд ямар ашигтай болох талаар тунгаан бод. Нэг ашиг тустай зүйл бол бид гэрэл ба үнэнийг хүлээн авснаар Есүс Христ, Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болж чадна. (Энэхүү зарчмыг судрынхаа захад 36-р шүлгийн хажууд бичиж болно.
-
Судрын тэмдэглэл дээрээ яагаад гэрэл ба үнэнийг хүлээн авснаар Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой адилхан болж чадна гэдгийг ойлгох нь чухал болохыг бич.
Сургаал ба Гэрээ 93:27–28-ыг уншаад, бид гэрэл ба үнэнийг хүлээн авахын тулд юу хийх ёстойг олж мэд. Дараах бүдүүвч зургийн дагуу баруун гар талын зууван дүрсэн дотор бид хэрхэн гэрэл ба үнэнийг хүлээн авдаг талаар заадаг зарчмыг бич.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Тушаалуудыг дагах нь хэрхэн бидэнд үнэн ба гэрлийг хүлээн авахад тусалдаг вэ?
-
Та хэзээ тушаалуудыг сахиснаар үнэн ба гэрлийг хүлээн авч байгаагаа мэдэрч байсан бэ?
-
Бид дэлхийд төрөхөөс өмнө Бурхантай хамт амьдарч байхдаа өөрсдөө үйлдэх чадвар буюу сонгох эрх чөлөөтэй байсан. Сургаал ба Гэрээ 93:29–32-ыг уншаад, сонгох эрх чөлөөгөө ашиглах нь бидний гэрэл ба үнэнийг хүлээн авах чадавхад хэрхэн нөлөөлдгийг олж мэд.
31–32-р шүлэгт цэдэглэгдсэнээр, бид үнэн ба гэрлийг хүлээн авахгүй байх нь ямар үр дагавартай вэ?
Бид авах боломжтой гэрлийг хүлээн авахаас татгалзвал өөрсдийгөө буруушаалт доор оруулж, сүнслэг өсөлт хөгжилдөө саад учруулах болно гэдгийг энэ шүлгүүд бидэнд ойлгоход тусалдаг.
Бид аль хэдийн хүлээж авсан гэрэл ба үнэнээ алдаж болох уу? Сургаал ба Гэрээ 93:39-ийг судлаад, энэ асуултын хариуг олж мэд.
Бүдүүвч зургийн зүүн гар талын зууван дүрсэн дотор биднийг гэрэл ба үнэнээ алдахад юу хүргэдгийг хэлсэн зарчмыг бич.
-
Судрын тэмдэглэл дээрээ биднийг гэрэл ба үнэнийг алдахад хүргэдэг ёс заншлыг эсвэл хүмүүсийн нийтээрээ зохион байгуулдаг үйл ажиллагаануудын зарим жишээг жагсаан бич. Эдгээр ёс заншлын аль нэгэнд оролцох нь Тэнгэрлэг Эцэгээсээ гэрэл ба үнэнийг хүлээн авах чадавхад маань хэрхэн нөлөөлдгийг хэдэн өгүүлбэрээр тайлбарлан бич.
Дараах нөхцөл байдал Бурханы тушаалуудыг дагах эсвэл үл дагахаар хийсэн хувийн сонголт маань хэрхэн бидний гэрэл ба үнэнийг хүлээн авах эсвэл алдах чадавхад нөлөөлдгийг харуулах болно. Дараах өгүүллэгийг уншаад, Мариагийн сонголт түүний гэрэл ба үнэнийг хүлээн авах чадавхад хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоо. Догол мөр бүрийн дараа хэсэг завсарлан, Мариагийн нөхцөл байдал яагаад өөрчлөгдсөн шалтгааныг бод.
-
Судрын тэмдэглэл дээрээ, таны өдөр бүр гаргадаг шийдвэр хэр ач холбогдолтой байдаг мөн тэдгээр шийдвэр хүлээн авдаг мөн дагадаг гэрэл ба үнэнд тань хэрхэн нөлөөлдөг тухай бич.
Сургаал ба Гэрээ 93:40–53
Их Эзэн Өөрийн үйлчлэгчдийг гэр орноо цэгцлэхийг зөвлөв
Таны эцэг эхтэйгээ болон гэр бүлийнхээ бусад гишүүнтэй харьцах харьцаа гэрэл ба үнэнд өсөж хөгжихөд тань хэрхэн тусалж болох талаар бодож үз.
Сургаал ба Гэрээ 93:40-ийг уншаад, Бурханы эцэг эхчүүдэд өгсөн үүрэг хариуцлагыг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 93:41–48-д, Их Эзэн Фредерик Г.Виллямс, Сидней Ригдон, Иосеф Смит нарт гэр бүлээ цэгцлэх замаар хүүхдүүддээ гэрэл ба үнэнийг илүү сайн заахыг зааварлажээ.
Сургаал ба Гэрээ 93:49–50-ийг уншаад, бүх гэр бүлүүдэд хамаатай Их Эзэний өгсөн сэрэмжлүүлгийг олж мэд. Та эдгээр шүлгийг судалж байхдаа дараах зарчмыг заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэж авч болно. Бид байнга залбиран, гэр орондоо хичээнгүй байж, санаа зовдог байх ёстой, эс бөгөөс ёс бус нэгэн та нарын дээр хүчтэй байх болно.
Хэдийгээр энэ сэрэмжлүүлгийг эцэг хүнд өгсөн ч энэ нь гэр бүлийн бүх гишүүнд хамаатай. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байх” арга замыг тайлбарласан. Тэрээр:
“Эхний санал: Хайраа илэрхийлж, харуул
Бид эхлээд хайртай хүмүүстээ хайраа илэрхийлснээр гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж чадна. Иймэрхүү илэрхийлэл гоё чамин эсвэл урт дэлгэрэнгүй байх албагүй. Бид чин сэтгэлээсээ хайраа илэрхийлэх ёстой. …
… Хүүхдүүд ээ, та нар хамгийн сүүлд хэзээ аав ээждээ хайртай шүү гэж хэлсэн бэ? …
‘Хайртай шүү!’ гэж хэлэх нь зөвхөн эхлэл гэдгийг бид санах ёстой. Бид ийн хэлж чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй, мөн хамгийн чухал нь үүнийгээ харуулах хэрэгтэй. Бид хайраа илэрхийлж, бас үүнийгээ харуулж чаддаг байх хэрэгтэй. …
Хоёр дахь санал: Гэрчлэлээ хуваалцаж, үүгээр амьдар
Мөн Ариун Сүнсний гэрчлэлээр үнэнийг нь олж мэдсэн зүйлсийнхээ талаарх гэрчлэлээ хайртай хүмүүстэйгээ хуваалцсанаар гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа тавьж чадна. Сунжирсан уран гоё үгсээр гэрчлэлээ хуваалцах хэрэггүй. …
… Хүүхдүүд ээ, та нар хамгийн сүүлд хэзээ аав ээж болон гэрийнхэнтэйгээ гэрчлэлээ хуваалцсан бэ? …
Чин сэтгэлээсээ гэрчлэлээ хуваалцах нь зөвхөн эхлэл гэдгийг санах хэрэгтэй. Бид гэрчлэлээ хуваалцаж, чин сэтгэлээсээ хандаж, хамгийн чухал нь түүнийгээ амьдралдаа дагаж мөрдөх хэрэгтэй. Бид гэрчлэлээ хуваалцаж, гэрчлэлээ чанд мөрдөж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Гурав дахь санал: Байнга хийж бай
Гэр бүлийн залбирал ба гэр бүлээрээ судраас суралцах үе болгон, мөн гэр бүлийн үдэш болгон бидний зүрх сэтгэл дэх зураг дээр нэгэн бийрний зураасыг зурдаг. Ямар нэгэн үйл явдал дангаараа дурсгалтай, сэтгэл хөдөлгөм байдаггүй байж болох юм. Гэхдээ … бид жижиг зүйлсийг байнга хийх нь агуу сүнслэг байдалд хүргэнэ. … Бид хувь хувийн амьдралдаа агуу ажлын үндэс суурийг тавихын тулд, гэр орондоо анхаарал төвлөрүүлж, санаа зовдог байхыг байнга хичээх нь уг ажлын үндсэн зарчим юм” Ensign, 2009 оны 11-р сар, 17–20 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 18–21).
-
Таны бодлоор “гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа зовж байх” гэсэн нь ямар утгатай үг вэ (С ба Г 93:50)? Судрын тэмдэглэл дээрээ гэр орондоо илүү хичээнгүй байж, санаа тавихын тулд хийх нэг зүйлээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 93-ыг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: