7-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 29:1–30
Оршил
1830 оны 9-р сарын 26-нд эхэлсэн Сүмийн чуулганы өмнөхөн Их Эзэн Сургаал ба Гэрээ 29 дэх илчлэлтийг “зургаан ахлагчийн дэргэд” (С ба Г 29-р хэсгийн оршил) хүлээн авчээ. Энэ илчлэлтээр дамжуулан өгсөн удирдамж нь сайн мэдээг номлохоор дуудагдсан бүх хүнд хамаатай.
Сургаал ба Гэрээ 29:1–5
Их Эзэн Өөрийн Цагаатгал болон Өөрийн хүмүүсийг цуглуулах хүслийнхээ талаар гэрчлэв
Бурхан таныг хайрлаж, хамгаалан, өршөөх болов уу гэж та бодож байсан уу? Сургаал ба Гэрээ 29:1-5-ыг уншаад, Аврагч хэрхэн хайрлаж, хамгаалан, өршөөдөг болохыг олж мэд.
Сургаал ба Гэрээ 29:2-т цэдэглэгдсэнээр, Аврагч Өөрийгөө юутай зүйрлэсэн бэ?
Эм тахиа аюулыг мэдэрсэн үедээ дэгдээхийнүүдээ дууддаг. Тэднийг ирэх үед эм тахиа далавчин доороо цуглуулж, хамгаалдаг. Тэр дэгдээхийнүүдээ аврахын тулд өөрийгөө золиосолдог байна.
Дэгдээхийнүүд эх тахианыхаа хамгаалалтан доор аюулгүй цугларахын тулд юу хийх ёстойг бодож үз. Дэгдээхийнүүд хийх ёстой зүйлээ хийхгүй бол тэдэнд юу тохиолдох вэ? Есүс Христ хэрхэн дэгдээхийнүүдээ цуглуулан, хамгаалж буй эм тахиатай адилхан бэ?
Сургаал ба Гэрээ 29:2-ыг дахин уншаад, бид Есүс Христэд аюулгүй цугларч хамгаалагдахын тулд юу хийх хэрэгтэй вэ? 1–2-р шүлэгт дараах үнэнийг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэ. Хэрэв бид Есүс Христийн дуу хоолойг сонсож, өөрсдийгөө даруусгаж, Түүнийг залбиралдаа дуудах юм бол Тэрээр биднийг нигүүлслийн мутартаа цуглуулах болно. (Анхаарагтун гэдэг үг нь анхааралтай сонсож, дуулгавартай дагах гэсэн утгатай гэдгийг сана.)
-
Дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Тухайлбал:
-
Та Их Эзэний дуу хоолойг яг одоо, амьдралдаа сонсохын тулд юу хийж байна вэ? Та өөр юу хийх ёстой вэ?
-
Та Аврагчийн дуу хоолойг сонсон эсвэл залбирлаар дамжуулан хэзээ Түүнд илүү ойр байгаагаа мэдэрсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 29:5 нь “зүрх сэтгэлээ өргөж мөн баяртай бай” хэмээх хэллэгээр эхэлдэг. (Та энэ хэллэгийг судар дээрээ тэмдэглэж болно.) Яагаад Их Эзэн тэдэнд баяртай бай хэмээн хэлсэн бэ? Бид Сургаал ба Гэрээ 29:1–5-аас яагаад зүрх сэтгэлээ өргөж, баясаж болох талаар юу сурч болох вэ?
Бид үүнээс Есүс Христ бидний гэм нүглийг цагаатгаж мөн Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болдог учраас бид зүрх сэтгэлээ өргөж мөн баясаж чадна гэсэн зарчмыг сурч болно. Та энэхүү үнэнийг судрынхаа захад 5-р шүлгийн хажууд бичиж болно.
-
Есүс Христийн Цагаатгал хэрхэн таны болон таны мэдэх хэн нэгний амьдралд аз жаргал, баяр баясгаланг авчирсан талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
Сургаал ба Гэрээ 29:6–13
Есүс Христ Өөрийн сонгосон хүмүүсийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхээр цуглуулна
Бид Есүс Христийн Цагаатгалын талаарх гэрчлэлийг хүлээн авсныхаа дараа уг мэдээг бусадтай хуваалцах үүрэгтэй. Сургаал ба Гэрээ 29:7–8-ыг уншаад, Их Эзэн ахлагчдыг сайн мэдээг номлосноор хэнийг цуглуулахыг хүссэнийг олж мэд. 7-р шүлэгт Их Эзэн Өөрийн сонгосон хүмүүсийн талаар юу гэж хэлсэн бэ?
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Их Эзэний сонгосон хүмүүсийн талаар сурсан зүйл дээрээ үндэслэхэд, Бурханы сонгосон хүмүүсийн нэг нь болохын тулд та амьдралдаа юу хийж байна вэ?
Сургаал ба Гэрээ 29:10–13-т Аврагч “сүр хүч хийгээд агуу алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно“ (7-р шүлэгт) буюу өөрөөр хэлбэл, Тэрээр тэнгэрээс дэлхийд дахин ирж, 1000 жил зөв шударга ёсонд удирдах болно хэмээн заасан. Түүнийг дахин ирэхэд төлөөлөгчид нь “баруун гар талд” (12-р шүлэг) нь байх бөгөөд дэлхийн хүмүүсийг шүүж, нас барсан зөв шударга хүмүүс амилах болно.
Сургаал ба Гэрээ 29:14–21
Их Эзэн Өөрийнхөө Хоёр дахь ирэлтийн өмнө болох тэмдгүүдийг илчлэв
Хэдийгээр дэлхий дээр ганц ч хүн Хоёр дахь ирэлт тохиох тодорхой цагийг мэдэхгүй ч Их Эзэн зөв шударга хүмүүст бэлдэх боломж олгохын тулд Хоёр дахь ирэлтийн өмнө болох тэмдгүүдийг бидэнд өгсөн. Сургаал ба Гэрээ 29:14-21-ийг уншаад, Хоёр дахь ирэлтийн өмнө болох зарим үйл явдлыг тэмдэглэ.
-
Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэх нь хэрхэн бидэнд итгэлтэй хэвээр үлдэхэд туслахыг судрын тэмдэглэл дээрээ тайлбарлан бич.
Эм тахиа дэгдээхийнүүдээ дуудсан зүйрлэлийг санах нь танд эдгээр шүлэг дээр Аврагчийн өгсөн захиасыг ойлгоход тусална. Сургаал ба Гэрээ 29:17-г дахин уншаад, Аврагчийн дуудахыг сонсоогүй хүмүүст юу тохиохыг олж тогтоо.
Сургаал ба Гэрээ 29:17-оос хэрэв бид наманчлахгүй бол Есүс Христийн цагаатгагч цус биднийг цэвэршүүлэхгүй гэсэн зарчмыг сурдаг.
Амьдралд тань наманчлах ёстой зүйл байгаа эсэхийг мөн цэвэршигдэхийн тулд юу хийж болохоо тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 29:22–30
Мянган жил ба Эцсийн шүүлт
Хоёр дахь ирэлтийн талаар заасныхаа дараа Их Эзэн Мянган жилийн дараа юу болохыг гэгээнтнүүдэд заасан. Мянган жил нь дэлхий дээр Есүсийг дэлхийд хаанчлахаар Өөрийн биеэр эргэн ирэх үед эхлэх 1000 жилийн хугацаа юм. Сургаал ба Гэрээ 29:22–30-ийг уншаад, Мянган жилийн дараа юу болохыг олж тогтоо. (26-р шүлэгт дурсан тэргүүн тэнгэр элч Михаил нь [С ба Г 107:54-ийг үзнэ үү] нь Адам гэдгийг мэдэх нь тус болж болно.)
Эдгээр үнэнийг мэдэх нь эхэн үеийн номлогчдод сайн мэдээг номлож, сонгосон хүмүүсийг цуглуулах дуудлагаа илүү сайн биелүүлэхэд хэрхэн тусалсан байж болох талаар тунгаан бод.
Сургаал ба Гэрээ 29:27-г дахин уншаад, Аврагчид цугларсан хүмүүст өгөгдөх адислалыг олж мэд. Та дараах зарчмыг зааж буй үг, хэллэгийг тэмдэглэ. Зөв шударга амьдарч, Есүс Христэд ирсэн хүмүүс мөнх амьдралыг хүлээн авах болно.
-
Та Есүс Христэд ирэхийн тулд юу хийж байна вэ? Та Түүнтэй илүү ойртохын тулд өнөөдөр юу хийж болох вэ? Хариултаа судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 29:1-30-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: