16-р бүлэг: 1 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 72–74
Оршил
1831 оны 12-р сарын 4-нд бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 72-т цэдэглэгдсэн Их Эзэн Огайод шинэ бишоп дуудаж мөн түүний зарим үүргүүдийг илчилсэн илчлэлтийг хүлээн авчээ. 1832 оны 1-р сард өгөгдсөн Сургаал ба Гэрээ 73-т Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Библийн орчуулгын ажлаа дахин эхлүүлэх заавар өгсөн байна. Тэдний орчуулгын ажлын үр дүнд Их Эзэн 1 Коринт 7:14-ийн тайлбар болох Сургаал ба Гэрээ 74 дээрх илчлэлтийг өгсөн.
Сургаал ба Гэрээ 72:1–8
Их Эзэн Ньюел К.Витнейг Огайо дахь бишопоор дуудав
Сүмд дуудлага хүлээн авч эсвэл ямар нэгэн хэцүү зүйлийг танаас хийхийг хүсэх үед та сандарч эсвэл хийж чадахгүй байх гэсэн мэдрэмж төрж байсан уу? Сургаал ба Гэрээ 72:1–2-ыг уншаад, Огайод шинээр өгөх хэрэгтэй байсан дуудлагыг олж мэд (Их Эзэний талбайн энэ хэсэгт).
1831 оны зун Сүмийн анхны бишоп болох бишоп Эдвард Партриж Огайогийн Көртландаас 900 милийн (1400 км) зайд орших Миссуригийн Индепенденс рүү Сионы бишопоор үйлчлэхээр нүүж очсон. Үүний үр дүнд Их Эзэн Огайод шинэ бишоп хэрэгтэйг тунхагласан. Сургаал ба Гэрээ 72:3–6-г уншаад, бүхнээ зориулах хуулиар амьдарч байсан даамлууд болох Огайогийн гэгээнтнүүдэд яагаад бишоп хэрэгтэйг тайлбарласан үг хэллэгийг олж тогтоо. (Танд бүхнээ зориулах хуулийг энэ суралцах удирдамжийн “10-р бүлэг: 3 дахь өдрийн” хичээлийн материал буюу Сургаал ба Гэрээ 42:30–42-т танилцуулсан.)
Бишоп юм уу салбарын тань ерөнхийлөгч Сүмийн гишүүний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлахад танд хэрхэн тусалдаг талаар эргэцүүлэн бод.
Сургаал ба Гэрээ 72:7–8-ыг уншаад, Их Эзэн Огайогийн шинэ бишопоор хэнийг дуудсаныг олж хар.
Ньюел К.Витней Огайогийн бишопоор дуудагдахдаа өөрийгөө ийм албан тушаалд үйлчлэх чадваргүй гэж үзэж байжээ. Түүний ач хүү, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Ф.Витнейгийн өгсөн дараах мэдээлэл Ньюел К.Витнейд ямар мэдрэмж төрж байсан мөн түүний дуудлага хаанаас ирсэн талаар юу сурсныг нь ойлгоход бидэнд тусална.
“Энэ чухал үүрэг хариуцлагыг (бишопын алба) хүлээж авна гэсэн бодол түүнд даахын аргагүй хүнд байлаа. Хэдийгээр ийм албан тушаалд түүнээс илүү тохирох төрөлхийн авьяастай эрчүүд олон байгаагүй ч тэрээр өөрийнхөө чадварт эргэлзэж байснаас гадна өндөр, ариун итгэмжлэлийг хүлээн авах чадвартай гэдэгтээ өөртөө итгэхгүй байв. Сандарсан тэрээр бошиглогчид хандан ийнхүү хэлжээ.
‘Би өөрийгөө бишоп хийж чадна гэж бодохгүй байна Иосеф ах аа, гэхдээ та энэ нь Их Эзэний хүсэл гэвэл би хичээе.’
‘Та ганц миний үгээр үг хийх хэрэггүй’ хэмээн бошиглогч хариулаад, ‘яваад Эцэгээс өөрөө асуу’ гэж эелдгээр хэлжээ.
Ньюел … [бошиглогчийн] зөвлөснөөр хийхээр шийдсэн байна. Түүний даруу, чин зүрхний залбирал хариулагдсан юм. Шөнийн чимээ аниргүй үед, танхимдаа ганцаар байхдаа тэрээр тэнгэрээс ‘Таны хүч чадал надад буй’ гэсэн дуу хоолойг сонсжээ. Эдгээр нь цөөн мөн энгийн байсан ч утга агуулгатай үг байв. Түүний эргэлзээ үүрийн туяаны өмнөх шүүдэр мэт замхран алга болжээ. Тэр шуудхан бошиглогчийг эрж олоод, түүнд сэтгэл хангалуун байгаагаа мөн дуудагдсан албаа хүлээн авахад бэлэн гэдгээ хэлжээ” (Б.Х.Робертс, A Comprehensive History of the Church, 1:271-д).
-
Дараах нөхцөл байдалд судрын тэмдэглэлдээ хариул: Таны найз эсвэл гэр бүлийн тань гишүүн Сүмд үйлчлэхээр дуудагдахад сандарч, энэ дуудлагыг хийх чадваргүй гэж бодож байна гэж төсөөлөн бод. Сургаал ба Гэрээ 72 болон дуудлагын талаарх Ньюел К.Витнейн туршлагаас сурсан зүйл дээрээ тулгуурлан тухайн хүнд дуудлагыг хүлээн авч хийж чадна гэдэгт өөртөө итгэлтэй болоход нь туслах зөвлөгөө юмуу гэрчлэлээ оруулан цөөн хэдэн өгүүлбэр бич.
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Сүмд үйлчлэх дуудлагын эх сурвалжийн тухай мөн адил заасан.
“Дуудагдсан юмуу дуудагдах гэж байгаа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, охид, хөвгүүд бүгдэд нь би зөвлөгөөгөө өгье. Үнэн гэдгийг нь мэдэх ёстой цөөн хэдэн зүйл байдаг. …
Нэгдүгээрт, та Бурханаар дуудагдсан. Их Эзэн таныг мэддэг. Тэр Өөрийнхөө Сүмийн дуудлага бүрд хэнийг үйлчлүүлэхээ мэднэ. Тэр таныг сонгосон. … Танд энэ дуудлагыг санал болгох нь зүйтэй хэмээн сүнслэгээр өдөөгдсөн хүн үүнийг та таалагддаг болохоор юм уу тодорхой даалгаврыг хэн нэгнээр хийлгэх хэрэгтэй байгаа учраас таныг дуудаагүй. Тэд залбирч, таныг дуудах ёстой гэсэн хариултыг мэдэрсэн.
Дуудлага өгсөн хүн тань дуудлагыг зүгээр л тантай ярилцлага хийж, үйлчлэхэд зохистой бөгөөд хүсэлтэй байгааг мэдэрсэн учраас өгөөгүй. Тэр Их Эзэний хүслийг мэдэхээр залбирсан. Их Эзэний эрх мэдэл бүхий хүмүүсийн залбирал хийгээд илчлэлт таныг энд авчирсан юм” (“Rise to Your Call,”Ensign, 2002 оны 11-р сар, 75–76).
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултад хариул. Их Эзэний Сүмд үйлчлэх дуудлагууд нь Бурханаас ирдэг гэдгийг ойлгох нь таныг дуудлага хүлээн авч, хийхэд гаргах хүчин чармайлтад хэрхэн туслах вэ?
Сургаал ба Гэрээ 72:9–26
Их Эзэн бишопын үүргүүдийг тайлбарлав
-
Бишоп болон салбарын ерөнхийлөгчийн бүх үүрэг, хариуцлагаас санаж байгаа зүйлээ судрын тэмдэглэлдээ жагсаан бич.
Сургаал ба Гэрээ 72:9–26-д Их Эзэн бишоп Ньюел К.Витнейн зарим үүргийг илчилжээ. Их Эзэний өгсөн үүргүүд нь гол төлөв бишоп Витнейн бүхнээ зориулах хууль доор гүйцэтгэх үүрэгтэй нь холбоотой байв. Гэхдээ, өнөө үед Сүм дэх бишоп болон салбарын ерөнхийлөгчийн зарим үүрэг хариуцлага Сүмийн анхны бишопын эдгээр үүрэгтэй нь холбоотой байдаг.
Сургаал ба Гэрээ 72:10–12-ыг уншаад, Их Эзэний бишоп Ньюел К.Витнейд өгсөн үүргийг олж мэд. Судрын тэмдэглэлдээ жагсаан бичсэн үүргүүд тань эдгээр шүлэгт дүрслэгдсэн үүргүүдтэй адил байвал дугуйлна уу.
Их Эзэний бишоп Витнейд биелүүлэхийг зарлигласан зарим үүрэг нь өнөөгийн бишопуудаас шаардагддаг үүрэг хариуцлагатай төстэй. Сургаал ба Гэрээ 72:16–18-ыг уншаад, бишоп Витней Миссури рүү нүүж байгаа Сүмийн гишүүдэд юу өгөх ёстой байсныг олж мэд.
Миссури рүү нүүж байгаа гэгээнтнүүд Сион дахь өв хөрөнгийг авах зохистой гэдгийг нь баталсан гэрчилгээг бишоп Партрижэд авч очих ёстой байв. Бидний үед ариун сүмийн эрхийн бичиг нь бишоп, салбарын ерөнхийлөгчид Сүмийн гишүүдэд зохистой гэдгийг нь баталж, ариун сүмд орохыг нь зөвшөөрч өгдөг байсан “гэрчилгээний” нэгэн төрөл юм.
Бишоп Витнейн үүрэг хариуцлагын талаарх энэ илчлэлтээс бишоп болон салбарын ерөнхийлөгчид Сүмийн материаллаг болон сүнслэг асуудлуудыг тойрог болон салбарынхаа хүрээнд зохицуулдаг гэдгийг бид мэдэж авч болно. (Материаллаг гэдэг үг нь бие махбодын хувьд амьдралд шаардлагатай хувцас хунар, хоол хүнс, эд хөрөнгө болон мөнгө төгрөг гэх мэт зүйлийг хэлж байгаа болно.)
Их Эзэн бишоп болон салбарын ерөнхийлөгчийг танд болон таны гэр бүлд үйлчлэхэд дуудсанаар амьдрал тань аль талаараа адислагдсан болохыг бодож үз.
Сургаал ба Гэрээ 73
Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрыг Библийн орчуулгыг үргэлжлүүлэн хийхийг зааварчлав
Сургаал ба Гэрээ 73-р хэсгийн оршлыг уншаад, бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёр 1831 оны 12-р сарын эхнээс хойш юу хийж байсныг олж мэд.
Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Эзра Бутын захиануудыг хэвлэн гаргаснаас үүдэн гарсан Сүмийн тухай буруу ташаа мэдээллүүдийг дарж намжаахад туслахаар номлосоор байсан. Сургаал ба Гэрээ 73:1–2-т Их Эзэн номлож байсан ахлагч нарыг дараагийн чуулган хүртэл үргэлжлүүлэн номло хэмээн илчилсэн. Уг чуулган нь хоёр долоо хоногийн дараа хуралдах байв.
Сургаал ба Гэрээ 73:3–4-ийг уншаад, тухайн үед Их Эзэн Иосеф, Сидней хоёрт ямар ажил дээр анхаарлаа хандуулах зарлиг өгснийг олж мэд. Иосеф, Сидней хоёрын анхаарлаа дахин хандуулах ёстой байсан “орчуулгын ажил” нь Библийн сүнсээр өдөөгдөн зассан хувилбар байсан юм. Бошиглогч Иосеф Смитийн сүнсээр өдөөгдөн засаж залруулсан хэсгүүд нь одоо Библийн зүүлт тайлбарт (ИСО) болон Библийн хавсралтад (Иосеф Смитийн Орчуулга) байдаг. Агуу Үнэт Сувд дахь Мосегийн ном болон Иосеф Смит—Матайг мөн сүнсээр өдөөгдсөн орчуулгаас авсан болно.
Сургаал ба Гэрээ 74
Их Эзэн 1 Коринт 7:14-ийн утга санааг тайлбарлав
Өөрийгөө Сүмд бүрэн цагийн номлогчоор үйлчилж байна гэж төсөөлөн бод. Сүмийг сонирхож байгаа гэрлэсэн хостой ярилцаж байхдаа тэд хэдхэн сартай хүүгээ алдсаныг нь олж мэджээ. Шашны удирдагч нь хүү нь нас барахаасаа өмнө баптисм хүртээгүй учраас тэнгэрт байх боломжгүй гэж хосод хэлжээ. Эцэг эх хүүгээ алдсандаа мөн бяцхан хүү нь аврагдаж чадахгүй болсонд нь үлэмж ихээр шаналж байв.
Та энэ эцэг эхэд юу гэж хэлэх байсан бэ? (Та энэ хичээлийн төгсгөлд хариултаа бичих боломжтой.)
Сургаал ба Гэрээ 74-т 1 Коринт 7:14-ийн Их Эзэний тайлбар байдаг. 1 Коринт 7:14 дээрх төлөөлөгч Паулын хэлсэн үг болох Сургаал ба Гэрээ 74:1-ийг унш. 1-р шүлэг дээрх үл итгэгч гэдэг үг нь Есүс Христийн сайн мэдээг хүлээн аваагүй иудейчүүдийг хэлж байгаа болно. Паул хүмүүн нь эхнэр юм уу нөхрийнхөө зөв шударга байдлын улмаас аврагдана гэж хэлээгүй, харин нэгнийх нь хөрвөлт гэр бүлд нь ариусгагч нөлөөг авчирна хэмээн хэлсэн. 1 Коринт 7:14 дээрх “Тийм бишсэн бол та нарын хүүхдүүд бузар байх байсан” гэсэн үг хэллэгийг нялх хүүхдэд баптисм хүртээх ёсыг зөвтгөхөд хэрэглэж байв.
Сургаал ба Гэрээ 74:2–6-г уншаад, төлөөлөгч Паулын өдрүүдэд гэрлэсэн хосын нэг нь Есүс Христийн сайн мэдээнд хөрвөсөн байхад нөгөө нь Мосегийн хуулийг дагасан хэвээр байснаас үүссэн асуудлыг олж мэд.
Есүс Христийн Цагаатгалаар Мосегийн хууль гүйцэлдэж, хөвч хөндөх ёслол дахин шаардагдахгүй болсон. Хэдий тийм ч, Мосегийн хуулийг дагадаг иудейчүүд эрэгтэй хүүхдийг ихэвчлэн төрсний дараах найм дахь өдөр хөвчийг хөндөхгүй юм бол бузар гэж итгэдэг байсан байна. Сургаал ба Гэрээ 74:2–6-д Их Эзэн хүүхдүүдийн сүнслэг байдал, хөвч хөндөх ёслолын тухай энэхүү хуурамч сургаал хэрхэн эцэг эхийнх нь нэг Есүс Христийн сайн мэдээнд хөрвөсөн байхад нөгөө нь Мосегийн хуулийг дагасан хэвээр байсан гэр бүлүүдэд асуудал үүсгэж байгааг тайлбарласан. Үүний адил өнөө үед эхнэр нөхөр хоёрын нэг нь Сүмийн гишүүн байхад нөгөө нь гишүүн бус гэр бүлд шашны үзэл баримтлал, дэг жаягийн зөрчил гарч болно.
Сургаал ба Гэрээ 74:7-г уншаад бяцхан хүүхдийн талаар Их Эзэний заасан сургаалыг тэмдэглэж болно. Дараа нь Моронай 8:8–12-ыг унш. Эдгээр шүлэг өмнө танилцуулсан номлогчийн нөхцөл байдалтай хэрхэн холбогдож байгааг эргэцүүлэн бод. Та Моронай 8:8–12-ыг Сургаал ба Гэрээ 74:7-гийн хажууд солбицсон эшлэл болгон бичиж болно.
-
Өөд болсон бяцхан хүүхэд нь тэнгэрт очиж чадахгүй гэж итгэдэг гэрлэсэн хосуудад юу заах байснаа судрын тэмдэглэлдээ бич. Тэдэнд бага насны хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар ариусгагдсан хэмээх эдгээр шүлэг хэрхэн тусалж чадах вэ?
Далын чуулгын ахлагч Шэйн М.Бөүэн Чили улсад залуудаа бүрэн цагийн номлогчоор үйлчилж байхдаа олж авсан туршлагаасаа хуваалцсан. Ахлагч Боуэн болон түүний хамтрагчийн зааж байсан эмэгтэйд бага насны хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар ариусгагддаг гэсэн үнэн сургаал хэрхэн нөлөөлснийг анхаар.
“Хичээлийн явцад Рамирез эгч маш эрчимтэй сүнслэг байдлаар өсч байв. Тэр бидний заасан бүх сургаалыг тун идэвхийлэн сурч байлаа. Нэгэн үдэш бид нялх хүүхдүүд баптисм хүртдэг эсэх талаар ярилцаж, тэд гэм зэмгүй учир баптисм хүртэх шаардлагагүй тухай заав. Бид түүнээс Моронайн номноос [Моронай 8:10–12-ыг] уншихыг хүссэн юм]. …
Энэ судрыг уншсаныхаа дараа Рамирез эгч учир зүггүй уйлж эхлэв. Хамтрагч бид хоёр ихэд сандарцгаав. Би түүнээс, ‘Рамирез эгчээ, бид таныг гомдоох ямар нэгэн зүйл хэлж эсвэл хийчихэв үү?’ гэж асуув.
Тэр өгүүлрүүн: ‘Өө үгүй ээ, Ахлагч аа, та нарт ямар ч буруу байхгүй. Зургаан жилийн өмнө би нэг нярай хүүтэй байсан юм л даа. Бид түүнд баптисм хүртээхээс өмнө тэр маань өөд болчихсон юм. Нэгэн санваартан лам түүнийг баптисм хүртэж чадаагүй тул мөнхөд хоёр ертөнцийн заагт үлдэх болно гэсэн билээ. Зургаан жилийн турш би тэр зовлон, гэмийг үүрсээр ирсэн. Энэ судрыг уншсаны дараа би Ариун Сүнсний хүчээр энэ бол үнэн гэдгийг мэдэж байна. Нуруунаас маань хүнд ачаа авагдсан мэт санагдсан болохоор би баярын нулимс унагаж байна’ гэлээ. …
Бараг тэвчихийн аргагүй зовлон шаналал, уй гашуугаар зургаан жилийн турш зовсны эцэст Тэнгэр дэх хайрт Эцэгийн маань амьд бошиглогчоор дамжуулан илчилсэн үнэн сургаал энэ тарчлан зовсон эмэгтэйд гайхамшигт амар амгаланг авчирчээ. Рамирез эгчид найм болон түүнээс дээш настай хүүхдүүдтэйгээ баптисм хүртсэнийг дурдах ч хэрэггүй буй за” (“Яагаад гэвэл би амьд байна. Та нар ч амьд байна,” Ensign, 2012 оны 11-р сар, 15–16 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17).
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 72–74-р хэсгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: