31-р бүлэг: 3 дахь өдөр
Албан тунхаг 1 ба ариун сүмийн ажлын өсөлт хөгжил
Оршил
Олон эхнэр авах ёс нь зөвхөн Их Эзэн Өөрийн зорилгуудыг биелүүлэхийн тулд үр удмыг өсгөхөөр Түүгээр зарлигдуулсан үед л хүлээн зөвшөөрөгддөг (Иаков 2:27–30-ийг үзнэ үү). Бошиглогч Иосеф Смит олон эхнэртэй болох ёсны зарчмыг заа хэмээх илчлэлтийг хүлээн авсныхаа дараа олон эхнэр авч, 1840 оны эхээр Сүмийн зарим гишүүнд олон эхнэр авахыг зөвшөөрсөн юм. Сүм энэхүү ёсны улмаас дараагийн хэдэн арван жилийн туршид олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ. “Илчлэлт хүлээн авсныхаа дараа ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф … Сүмийн зүгээс эрх мэдэл бүхий, албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрсөн тунхаг бичгийг [Албан тунхаг 1] -ийг 1890 оны 10-р сарын 6-нд гаргасан. Энэ нь Сүм дэх олон эхнэр авах ёсыг төгсгөл болгосон билээ” (Албан тунхаг 1, оршил). Энэ үеэр гэгээнтнүүд өөрсдийнхөө болон нас барагсдынхаа төлөө аврах ёслолуудыг хийх ариун сүмүүдийг барихаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж байв.
Их Эзэн хожмын үеийн гэгээнтнүүд олон эхнэр авах ёсыг зогсоох ёстой хэмээх илчлэлтийг өгөв
Бурханы хий хэмээн зарлигласан зүйлсийг хийснээс болж баривчлагдаж эсвэл шоронд орсон зөв шударга хүмүүсийн жишээг та мэдэх үү?
Нэгдсэн Улсын засгийн газраас уг ёсыг хориглосон хууль гаргасны дараа ч олон хожмын үеийн эрэгтэй олон эхнэр авах зарлигийг үргэлжлүүлэн дагасныхаа төлөө баривчлагдан, шоронд хоригдож байв. Зарим эмэгтэйг нөхрөө баривчлуулахгүйн тулд нуугдсан газрыг нь хэлээгүйгээс болж бас баривчилж байсан байна.
Та дараах догол мөрийг уншиж байхдаа эхэн үеийн Сүмийн гишүүдэд олон эхнэр авах ёсыг дага хэмээн Их Эзэний өгсөн удирдамжийг дуулгавартай дагаснаас болж тулгарч байсан зарим хүндрэлийг тэмдэглэ.
1852 оны 8-р сард Солт Лэйк Ситид болсон чуулганы үеэр Сүмийн удирдагчид Бурханы зарлигийн дагуу Сүмийн зарим гишүүн олон эхнэр авч байгаа талаар нийтэд зарласан. Нэгдсэн Улс дахь олон шашны болон улс төрийн удирдагчид энэхүү гэрлэлтийн системийг эсэргүүцэж байсан ба ёс суртахуунгүй бөгөөд бүдүүлэг хэмээн үзэж байв. Хожмын үеийн гэгээнтнүүдийг нээлттэй яриа, ном, сэтгүүл хийгээд сонинуудад дооглон тохуурхаж байлаа. Нэгдсэн Улсын Конгресс Сүмийн гишүүдийн эрх чөлөөг хязгаарлаж мөн Сүмийн эзэмших хөрөнгийн хэмжээнд хязгаар тогтоосноор Сүмийг эдийн засгийн хувьд хумих хуулиудыг гаргаж байв. Эдгээр хууль нь эцэстээ нэгээс илүү эхнэртэй эрэгтэйчүүдийг баривчилж мөн шоронд хийхэд хүргэв. Эдгээр эрэгтэйн “санал өгөх эрх, гэр орондоо тааваараа байх болон бусад иргэний эрх чөлөөгөө эдлэхийг” хориглож байлаа (Our Heritage: A Brief History of the Church of Jesus Christ of Latter-day Saints [1996], 97). 1890 онд олон зуун хожмын үеийн гэгээнтэн олон эхнэр авснаасаа болж шоронд хоригдож байв. Бусад нь баригдаж, шоронд орохгүйн тулд нуугдан явж байлаа. Эдгээр нөхцөл байдалд олон гэр бүл дарамт, гашуудал, ядуурал, өлсгөлөнгөөс болж зовж байв.
Эдгээр хүнд хэцүү нөхцөл байдал нь ерөнхийлөгч Вилфорд Вүдраффыг гэгээнтнүүдийн олон эхнэртэй байх ёсны талаар Их Эзэний удирдамжийг залбирч асуухад хүргэсэн байна. 1889 онд ерөнхийлөгч Вүдрафф Сүмийн удирдагчдад олон эхнэртэй байх зарчмыг заахаа зогсоох заавар өгсөн юм. Гэсэн хэдий ч зарим хүн Сүм олон эхнэр авах ёсны талаар заасан хэвээр байгаа хэмээх мэдээлэл нийтэлж байв. Эдгээр нийтлэл нь Сүмийн эсрэг нэмэлт арга хэмжээ авахад хүргэсэн юм. 1890 онд ерөнхийлөгч Вүдрафф өнөө үед Сургаал ба Гэрээ номон дээр Албан тунхаг 1 хэмээн танил болсон Тунхаг бичгийг гаргасан билээ.
Албан тунхаг 1-ийн эхний гурван догол мөрөнд ерөнхийлөгч Вүдрафф Сүмийн зүгээс олон эхнэр авах ёсыг дагасан хэвээр байгаа гэх мэдээллүүд нь буруу ташаа болохыг тунхаглажээ.
Албан тунхаг 1-ийн 4, 5 дахь догол мөрийг (“Олон эхнэр авах ёсыг хориглосон” хэмээн эхэлсэн) болон дараа нь байх Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч болсон Лорэнзо Снөүгийн гаргасан мэдэгдлийг унш. Ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдэд юу хийхийг зааварласныг олж мэдэн, тэмдэглэ.
Ерөнхийлөгч Лорэнзо Снөүгийн хэлснээр олон эхнэр авах ёсыг дагахгүй байх удирдамж Сүмийн ерөнхийлөгчөөс ирэх нь яагаад чухал байсан бэ?
Газар дэлхий дээр лацдан холбох ёслолуудын түлхүүрүүдийг атгадаг цорын ганц хүн бол Сүмийн ерөнхийлөгч гэдгийг ойлгох нь чухал. Олон эхнэр авахыг зөвхөн Сүмийн ерөнхийлөгчид өгөгдсөн санваарын түлхүүрүүдээр дамжуулан зөвшөөрдөг байв (С ба Г 132:7, 48-ыг үзнэ үү).
Тунхаг бичгийн дараа байгаа “Тунхаг бичгийн талаарх ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг”-ийн эхний догол мөрийг унш. Ерөнхийлөгч Вүдраффын гэгээнтнүүдэд заасан зарчмыг хайж олоод тэмдэглэ.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдэд ямар зарчим заасан бэ?
-
Бид Их Эзэн хэзээ ч Сүмийн ерөнхийлөгчид Сүмийн замыг алдагдуулахыг зөвшөөрөхгүй гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Сүмийн зарим гишүүн тэднийг яагаад олон эхнэртэй байх зарчмаар амьдарч мөн дараа нь болих удирдамж хүлээн авсныг гайхаж байсан байна. Их Эзэн ерөнхийлөгч Вүдраффт гэгээнтнүүдээс асуух удирдамж өгсөн. “Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг” (“Сүүлийн үед би өөрийн хувьд нэн чухал ач холбогдолтой илчлэлтүүдийг хүлээн авсан билээ” хэмээн эхэлсэн)-ээс гурав, дөрөв, тав дахь догол мөрүүдийг уншаад, ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдээс ямар юу асуусныг олж мэд.
Гэгээнтнүүд Ютагийн Ст.Жорж, Логан, Манти ариун сүмүүдээ алдах аюулд ороод байв. Мөн Солт Лэйк ариун сүмийн барилгын ажил бараг дууссан байв. Хэрэв Нэгдсэн Улс ариун сүмүүдийг хураан авсан бол ямар чухал ажил зогсох байсан бэ?
“Ерөнхийлөгч Вилфорд Вүдраффын гурван удаагийн хэлсэн үгнээс авсан хэсэг”-ийн долоодугаар догол мөрийг (“Хэрэв ямар нэгэн юм хийхгүй бол” хэмээн эхэлсэн) уншаад, хэрэв Бурхан олон эхнэртэй болох ёсоо зогсоохыг Сүмийн удирдагчдадаа зарлиглаагүй байсан бол ерөнхийлөгч Вүдрафф юу хийх байсныг олж мэд.
Бид ерөнхийлөгч Вүдраффын “Мөн Их Эзэн бич хэмээн надад хэлснийг бибээр бичсэн билээ” хэмээх хэлсэн үгнээс юу мэдэж авч болох вэ?
Бидний энэ хэсгээс сурч болох нэг сургаал бол Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгсөн илчлэлтээрээ дамжуулан Сүмээ удирддаг.гэх сургаал юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах үйл ажиллагаануудын хоёрыг эсвэл бүгдийг нь хий.
-
Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгсөн илчлэлтээр дамжуулан Сүмээ удирдаж байгааг гэрчилж байсан үеэ бод. Та бодсон жишээнээсээ хоёрыг дүрслэн бич.
-
Энэ сургаалд итгэх таны итгэл таны өмнө хийсэн сонголтуудад хэрхэн нөлөөлсөн талаар 2-3 өгүүлбэр бич.
-
Их Эзэн Сүмийн ерөнхийлөгчид өгсөн илчлэлтээрээ дамжуулан Сүмээ удирддагийг гэр бүлийн гишүүн эсвэл найз тань хэрхэн мэддэгийг асуу. Энэ ярианаас мэдэж авсан зүйлийнхээ талаар бич.
-
Цөөн тооны хожмын үеийн гэгээнтэн энэ тунхаг бичиг гарсны дараа ч гэсэн олон эхнэр авах ёсоо үргэлжлүүлсээр байв. 1904 онд ерөнхийлөгч Жозеф Ф.Смит “олон эхнэр авахыг хориглогдсон ба хэрэв Сүмийн ямар нэгэн албан хаагч эсвэл гишүүн ийм төрлийн гэрлэлтэд орсон бол үүнийг Сүмийн эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж [авч үзэж] … мөн Сүмээс хасна” хэмээн албан ёсны мэдэгдэл гаргасан байна (Conference Report, 1904 оны 4-р сар, 75-д). Энэ журам өнөөдөр ч хүчинтэй байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол LDS.org вэбсайт руу орж мөн Gospel Topics-ыг сонгоод, олон эхнэр авах ёсыг хай.
Судруудын 2013 оны хэвлэл дээрх Албан тунхаг 1-ийн оршил хэсэг болох мэдэгдэл нь танд 1800-аад оны үед хожмын үеийн гэгээнтнүүдийн олон эхнэр авах ёсны талаар байгаа асуултуудад хариулахад тань тусална.
“Библи ба Мормоны Ном нь ганц эхнэр эсвэл нөхөртэй байх нь Бурхан өөрөөр зарлиглаагүй бол гэрлэлтийн жишиг болой хэмээн заадаг (2 Самуел 12:7–8 болон Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Иосеф Смитэд өгөгдсөн илчлэлтийн дараа олон эхнэр авах ёсыг Сүмийн гишүүдийн дунд 1840-өөд оны эхээр танилцуулжээ (132-р хэсгийг үзнэ үү). 1860 оноос 1880 он хүртэл, Нэгдсэн Улсын засгийн газар олон эхнэртэй байх шашны энэ ёсыг хууль бус болгох хуулиудыг гаргасан. Эдгээр хууль нь эцэстээ Нэгдсэн Улсын Дээд шүүхээр дэмжигдэв. Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф, илчлэлт хүлээн авсныхаа дараа тунхаг бичгийг гаргасан бөгөөд энэ нь 1890 оны 10-р сарын 6-нд Сүмийн зүгээс эрх мэдэл бүхий, албан ёсны хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ нь Сүмийн олон эхнэр авах ёсыг эцэслэсэн юм.”
-
Өнөөдөр мэдэж авсан зүйл дээрээ үндэслэн, хэрэв хэн нэгэн хүн танаас хожмын үеийн гэгээнтнүүд олон эхнэртэй байх ёсыг дагадаг тухай асуувал та хэрхэн хариулах вэ? Хариултаа судрын тэмдэглэл дээрээ бич.
Ариун Сүмийн ажил урагшилж байна
Энэ тунхаг бичиг гарсны дараа холбооны засгийн газар ариун сүмүүд болон Сүмийн өмч хөрөнгийг хураана гэж айхаас больсон билээ. Ийм саад алга болсноор гэгээнтнүүд ариун сүмийн ажилд анхаарлаа илүү түлхүү хандуулах боломжтой болов. 1893 онд Солт Лэйкийн ариун сүмийн суурь тавигдсанаас хойш 40 жилийн дараа үйл ажиллагаагаа явуулж буй ариун сүмийн тоог дөрөв болгон ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф уг ариун сүмийг онцгойлон адисалсан билээ.
1894 оны 4-р сард Солт Лэйкийн ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш нэг жилийн дараа ерөнхийлөгч Вүдрафф лацдан холбох ёслолын буюу мөнхийн холболтын зан үйлийг тодорхойлсон илчлэлт хүлээн авснаа зарлан тунхагласан. Энэ илчлэлтээс өмнө Сүмийн гишүүд мэддэг зүйлийнхээ дагуу үйлдэж, өөрсдийн эцэг эхийн оронд Сүмийн удирдагчидтай холбогдож эсвэл тэдний өргөмөл хүүхдүүд болох нь элбэг байв. “Энэ хүмүүст хандсан Их Эзэний хүсэл” хэмээн түүний гэрчилсэн энэ шинэ илчлэлт дээр үндэслэн ерөнхийлөгч Вүдрафф гэгээнтнүүдэд “чадахынхаа хэрээр гэр бүлийн бичээсээ хөтөлж, эцэг эхтэйгээ лацдан холбогдох” удирдамж өгсөн. Хүүхдүүдийг эцэг эхтэй нь холбож, энэхүү гинжин хэлхээг өөрийнхөө чадахын хэрээр ахиул” хэмээн тэрээр зааварлажээ (Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], xxxiv–xxxv).
Ерөнхийлөгч Вүдраффын хэлсэн энэ мэдэгдэл дээр үндэслэн бид дараах зарчмыг сурдаг. Бид лацдан холбох ёслолоор дамжуулан бидний өмнө ирсэн болон бидний дараа ирэх хүмүүсийг оролцуулан гэр бүлийн гишүүдтэйгээ лацдан холбогдох боломжтой.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бич: Лацдан холбох ёслол нь таныг болон таны гэр бүлийнхнийг энэ амьдрал болон үүрд мөнхөд хэрхэн адислах вэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би “Албан тунхаг 1 ба ариун сүмийн ажлын зогсолтгүй хөгжил” хичээлийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: