25-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 117–120
Оршил
1838 оны 7-р сарын 8-нд Миссуригийн Фар Вестэд бошиглогч Иосеф Смит одоо Сургаал ба Гэрээ 117–120-д цэдэглэгдсэн дөрвөн илчлэлтийг хүлээн авчээ. Эдгээр илчлэлтийн хамгийн эхэнд (С ба Г 117) Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт Огайогийн Көртланд дахь ажил төрлөө зохицуулж, Фар Вестэд цугларч буй итгэлтэй гэгээнтнүүдтэй нэгдэхийг зарлигласан. Их Эзэн Оливер Гранжерт Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн Көртланд руу явахыг зарлиглажээ. Хоёр дахь илчлэлт дээр (С ба Г 118) Их Эзэн унасан тэдгээр хүмүүсийн оронд шинэ төлөөлөгчдийг дуудаж, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын бүх гишүүнийг Их Британид номлолд үйлчлэхэд дуудсан. Сургаал ба Гэрээ 119 болон 120-д цэдэглэгдсэн гурав дахь мөн дөрөв дэх илчлэлт дээр Их Эзэн аравны нэгийн сургаалыг зааж, аравны нэгийн санг хэрхэн ашиглах талаар Сүмийн удирдагчдад удирдамж илчилжээ.
Сургаал ба Гэрээ 117:1–11
Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт ажил төрлөө хурдхан зохицуулж, Көртландыг орхихыг зарлиглав
Сургаал ба Гэрээ 117-ийн эхний хэсэгт Их Эзэн Виллям Маркс, Ньюел К.Витней хоёрт хандаж ярьсан. Виллям Маркс Огайогийн Көртланд дахь гадасны ерөнхийлөгч байв. Тэрээр ном худалдаалах бизнес эрхэлдэг байжээ. Ньюел К.Витней Көртландад бишоп байв. Тэр маш амжилттай бизнес эрхлэгч байсан бөгөөд өмч хөрөнгөнийхөө ихэнхийг Сүмд зориулсан ажээ.
1838 оны 4-р сарын 26-нд Их Эзэн гэгээнтнүүдэд Миссуригийн Фар Вест болон өөр бусад газарт цугларахыг зарлиглав (С ба Г 115:17–18-ыг үзнэ үү). 1838 оны 7-р сарын 6-нд Көртландын 500 гаруй гэгээнтнээс бүрдсэн Көртланд суурин хэмээх нэртэй бүлэг Миссури рүү явжээ (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь, хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003], 179-ийг үзнэ үү.) Ерөнхийлөгч Маркс, бишоп Витней хоёр Көртландад үлджээ.
Сургаал ба Гэрээ 117:1–3-аас бид Их Эзэн ерөнхийлөгч Маркс, бишоп Витней хоёрт ажил төрлөө хурдхан зохицуулж, Көртланд руу явахыг зарлигласныг уншдаг. Их Эзэн тэр газар руу цас оруулахаас өмнө тэд энэ аялалд гарах ёстой байв. Өөрөөр хэлбэл тэд дөрвөн сарын дотор явах хэрэгтэй байлаа.
Та Сургаал ба Гэрээ 117:4–5 дахь Их Эзэний үгсийг уншиж байхдаа эдгээр эр Көртланд дахь өмч хөрөнгийн талаар маш их санаа зовж байсныг мэдэх болно.
4-р шүлэг дэх дараах асуултыг анхаар. “Надад өмч хөрөнгө юуны хамаа байна?” Сургаал ба Гэрээ 117:5–8-ыг уншаад, Их Эзэн яагаад ингэж хэлснийг олж мэд. (Танд “Олаха Шинехагийн талууд” гэдэг нь Миссури дэх Адам-ондай-Аманы орчмын газрыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болно.)
Таны өмнө дуртай уух зүйлийг тань хийсэн сав мөн хоосон шилэн аяга байна гээд төсөөлөн бод. Одоо хэн нэгэн хоосон аяганд хэдхэн дусал уух зүйл хийлээ гэж төсөөл. Та дүүрэн аяга эсвэл хэдхэн дуслын алийг нь сонгох вэ? Яагаад?
“Жижигхэн тэр зүйлд шунаж мөн илүү жинтэй асуудлуудыг үл хайхрах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ? (C ба Г 117:8). Шунах гэдэг нь хэн нэгэнд байгаа зүйлийг өөрийн болгохыг хүсэх гэсэн үг. Көртланд дахь өмч хөрөнгийг хадгалахын ашиг тус нь хэрхэн Миссурид цугларах Их Эзэний зарлигийг дагахаас ирэх ашиг тусын хажууд “жижигхэн” байсан бэ?
-
Их Эзэн тэдний шунаж буй өмч хөрөнгийг Өөрийнхөө тэднийг адислах хүчтэй харьцуулж, тэдэнд юу заасан тухай судрын тэмдэглэл дээрээ товч дүгнэлт бич.
Сургаал ба Гэрээ 117:5–8-аас бид материаллаг зүйлд шунах үед юу тохиолддог тухай зарчмыг олж тогтоож болно. Энэ зарчмыг илэрхийлэх нэг арга зам бол материаллаг зүйлст шунах нь илүү жинтэй зүйлсийг үл хайхрахад хүргэдэг явдал юм.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Сайн мэдээний “илүү жинтэй асуудлуудыг” үл хайхрахад хүргэж буй ямар материаллаг “жижигхэн” зүйлс таны амьдралд байдаг вэ?
-
Та мөнхийн ач холбогдолтой зүйлст илүү анхаарал хандуулахын тулд юу хийж болох вэ?
-
Бид Сургаал ба Гэрээ 117:10-аас Их Эзэн Виллям Марксыг Миссуригийн Фар Вестэд ирээд, үргэлжлүүлэн Сүмийн удирдагчаар үйлчлэхэд дуудсан гэдгийг уншдаг. Их Эзэн мөн ерөнхийлөгч Маркст хэрэв “цөөн юманд итгэмжтэй байх” юм бол “чамд ихийг хариуцуулах” болно хэмээн хэлжээ (мөн Матай 25:23-ыг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 117:11-ийг уншаад, Их Эзэн Ньюел К.Витнейг зэмлэсэн зэмлэлийг олж мэд. Энэ шүлэгт дурдаж байгаа николайчууд гэдэг нь эртний шашны бүлгийн гишүүд юм. Тэд өөрсдийгөө Христийн шашинтан гэж хэлдэг байсан ч сайн мэдээний зарчмуудаас холдож дэлхийнхний зан үйлд автсан байв. Жишээлбэл, тэдний шүтлэг бишрэлд бэлгийн харилцааны гэм нүгэл хийх зүйл ордог байжээ. (Bible Dictionary, “Nicolaitans”; Doctrine and Covenants Student Manual, 2 дахь хэвлэл, [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001], 290-ийг үзнэ үү.)
Хэрэв Ньюел К.Витней гэгээнтнүүдтэй хамт цугларахын оронд Көртланд дахь өмч хөрөнгөд анхаарлаа хандуулсан бол түүний үйлдэл хэрхэн николайчуудтай адил болох байсан бэ?
Виллям Маркс, Ньюел К.Витней хоёр Огайо дахь Сүмийн өмч хөрөнгийн талаар санаа зовон мөн Миссури дэх мөрдлөг хавчлагаас болж Фар Вест дэх гэгээнтнүүдтэй хамт цугларах боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч, тэд Их Эзэний зөвлөгөөг дагаж, итгэлтэй хэвээр үлдэн хожим нь Иллинойн Науву дахь гэгээнтнүүдтэй хамт цугларсан бөгөөд тэнд Виллям Маркс гадасны ерөнхийлөгчөөр, харин Ньюел К.Витней бишопоор үйлчлэх болсон байна.
Сургаал ба Гэрээ 117:12–16
Их Эзэн Оливер Гранжерт Тэргүүн Зөвлөлийг төлөөлөн Көртланд дахь ажил хэргийг хариуцахыг даалгажээ.
Та хүлээн авч болох дуудлага буюу үүрэг даалгаврынхаа тухай бод. Эдгээр дуудлага болон үүрэг хариуцлагад чуулга эсвэл ангийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчлэх, ариун ёслолын цуглаан дээр үг хэлэх, гэрийн багшаар үйлчлэх, хэн нэгэнтэй нөхөрлөх, бүрэн цагийн номлолд үйлчлэх зэрэг орж болно. Эдгээр дуудлага ямар золиослолыг шаарддаг вэ?
Их Эзэн Оливер Гранжерт Миссуригийн Фар Вестийг орхиж, Огайогийн Көртланд руу буцаж яваад, “Сүмийн Тэргүүн Зөвлөлийн гэтэлгэлийн төлөө тэмц” хэмээн зарлигласан (С ба Г 117:13). Уг үүрэг хариуцлагад Сүмийн өмч хөрөнгийг зарж борлуулах, Иосеф Смитийн ажил хэргийг эмхлэн цэгцлэх зэрэг ажил оржээ. Энэ нь бараг хараагүй болсон Оливероос золиослол гаргахыг шаардах байв. Сургаал ба Гэрээ 117:12–15-ыг уншаад, үүрэг хариуцлагаа биелүүлэхийн хэрээр Их Эзэний Оливерт өгнө хэмээн амласан адислалуудыг олж мэд.
13-р шүлэг дэх Их Эзэний “түүний золиослол надад илүү ариун нандин байх болно” гэсэн үгийг анхаар. Энэ нь Их Эзэн Оливерийн үүрэг даалгавраа хийж гүйцэтгэсний төлөө авах мөнгөнөөс нь илүү түүний золиослолд илүү их анхаарал хандуулж байсныг харуулдаг. Бид энэ шүлгээс дараах зарчмыг сурдаг. Их Эзэнд үйлчлэхийн тулд бидний гаргаж буй золиослол Түүнд ариун нандин байдаг. 13-р шүлэг дээрх энэхүү зарчмыг заасан үгсийг тэмдэглэ.
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Яагаад Сүмийн үүрэг даалгавар эсвэл дуудлагаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх нь чухал байдаг вэ?
-
Их Эзэнд үйлчлэхийн тулд бидний гаргаж буй золиослол нь Түүнд ариун нандин байдаг хэмээн бодоход танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?
-
Оливер Гранжер 1841 оны 8-р сарын 25-нд Көртландад нас баржээ. Тухайн үед тэрээр Тэргүүн Зөвлөлийн төлөөлөгчийн хувьд тэдний ажил хэргийг хариуцаж байсан ба Көртланд дахь Сүмийг тэргүүлэн удирдахаар дуудагдсан байсан юм. Тэрээр Сүмийн бизнес ажил хэргийг бүхий л хүрээнд амжилттай авч явж чадаагүй ч Сүмийн шударга байдал, нэр хүндийг хадгалахын тулд хөдөлмөрлөсөн юм. Тэрээр Их Эзэн болон бошиглогч Иосеф Смитэд үнэнч байсан.
Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөлийн бусад гишүүн түүнийг магтаж сайшаан бичихдээ Оливер Гранжерийг “Хамгийн чанд шударга байдал, ёс суртахууны ариун журамтай хүн байсан ба Бурханы хувьд сайн эр байлаа” гэж тодорхойлжээ (History of the Church, 3:350). Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр:
“Оливер Гранжер өөрийн нэрийг ариун нандин дурсагдахаар юу хийсэн бэ? Үнэндээ тийм ч их зүйл биш юм. Түүний хэн байсан нь түүний юу хийснээс нь илүү чухал юм. …
Их Эзэн Оливероос төгс байхыг эсвэл амжилттай байхыг шаардаагүй.
Бид үргэлж амжилттай байна гэж хүсэн хүлээх боломжгүй, харин чадах чинээгээрээ хичээх хэрэгтэй” (“The Least of These,” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 86).
Сургаал ба Гэрээ 118
Их Эзэн шинэ төлөөлөгчдийг томилж, бүх төлөөлөгчийг номлолд үйлчлэхэд дууджээ.
1838 оны 7-р сарын 8-нд Их Эзэн шинэ төлөөлөгчдийг урвасан хүмүүсийн оронд үйлчлэхэд дууджээ. Мөн Их Эзэн Арван хоёр төлөөлөгчийг сайн мэдээг тунхаглахад дуудсан юм.
Сургаал ба Гэрээ 118:4–5-ыг уншаад, Их Эзэн Арван хоёрыг хаана сайн мэдээг тунхаглуулахаар дуудсаныг олж мэд. “Агуу их усан дээгүүр” гэдэг хэллэг нь Атлантын далайг гаталж, Их Британи руу аялахыг хэлж байгаа юм. Сургаал ба Гэрээ 118:5-ыг уншаад, тэд номлолд явахаасаа өмнө хаана цугларах ёстой байсныг анхаар. Мөн Их Эзэний энэ газар цуглар хэмээн хэлсэн огноог анхаар.
Уг илчлэлт ирснээс хойш сарын дотор Миссури дэх мөрдлөг хавчлага улам бүр ихэсжээ. Эцэстээ гэгээнтнүүд мужаас хөөгдөн гарав. Энэхүү нөхцөл байдал нь Фар Вестэд уулзах Их Эзэний зарлигийг гүйцэлдүүлэхэд Арван хоёрт хүндрэл учруулсан байна. Миссуригийн олон иргэн уг илчлэлтийн биелэлтэд саад болж чадлаа гэж олны өмнө онгирон хөөрчээ. Гэвч Арван хоёр Их Эзэний зарлигийг дагахаар хатуу шийдсэн байна.
1839 оны 4-р сарын 26-ны өглөө Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга ариун сүмийн газарт цугларчээ. (Итгэлтэй чуулгын гишүүд бүгд тэнд байсангүй. Зарим нь шоронд хоригдсон байсан юм.) Тэд газрын зүүн өмнө булангийн хажууд том чулуу тавьж, ариун сүмийн суурийг дахин тавих ажлыг эхлүүлжээ (С ба Г 115:11-ийг үзнэ үү). Тэд Арван хоёрын чуулгын хоосон орон зайг нөхөх шинэ төлөөлөгчдийг томилсон байна. Дараа нь тэд дайснууддаа мэдэгдэлгүй явцгаасан юм. (Энэ үйл явдлын талаарх бүрэн түүхийг нь уншихыг хүсвэл Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff [2004], 139–141-ийг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 119–120
Их Эзэн аравны нэгийн хуулийг илчлэв
Сургаал ба Гэрээ 119 болон 120 нь аравны нэгийн хуулийн талаарх хоёр илчлэлтийг багтаадаг. Сургаал ба Гэрээ 120-д цэдэглэгдсэн илчлэлт дээр Их Эзэн Сүмийн аравны нэгийн сангийн ашиглалтыг удирдан авч явах зөвлөлийг зохион байгуулах ёстой хэмээх удирдамж өгчээ. Өнөөдөр тойрог эсвэл салбар бүр гишүүний аравны нэгийн санг Сүмийн удирдах газарт болон Аравны нэгийг захиран зарцуулах зөвлөл хэмээх энэ зөвлөлд илгээдэг. Орон нутгийн удирдагчид аравны нэгийн санг хэрхэн ашиглахыг шийддэггүй.
Сургаал ба Гэрээ 119:1–4-ийг унш. 4-р шүлэг дэх ашиг гэдэг үг нь орлого эсвэл нэмэгдэл гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Энэ хууль нь ‘бүх ашгийн аравны нэг’ гэж тодорхой хэлсэн байдаг. Ашиг гэдэг нь орлого, шагнал урамшуулал, нэмэгдэл юм. Энэ нь ажил хийсэн хүний цалин, бизнесийн үйл ажиллагааны ашиг, тарилан, үйлдвэрлэл эрхлэж буй хүний бүтээгдэхүүний ашиг эсвэл бусад эх сурвалжаас орж ирж буй орлого байдаг. Их Эзэн энэ нь өнгөрсөн цаг үед байсны нэг адилаар ‘үүрд’ байх хууль хэмээн хэлжээ” (in Conference Report, 1964 оны 4-р сар, 35).
Та Сүмийн ерөнхийлөгчдийн дараах үгсийг уншихдаа аравны нэгээ төлснөөр хүлээн авах адислалуудыг олж мэд.
Ерөнхийлөгч Ховард В.Хантэр аравны нэгээ төлдөг хүмүүсийг адислахаар “тэнгэрийн цонхыг нээх” (Малахи 3:8–11-ийг үзнэ үү) Их Эзэний амлалтын талаар ярьжээ. Тэрээр: “Мэдээж тэнгэрийн цонхыг нээнэ гэдэг нь ийм золиослолыг хийхэд бэлэн хүмүүст ирэх Бурханы илчлэлтүүдийг хэлж байгаа болно” “The Way to Eternal Life,”Ensign, 1971 оны 11-р сар, 16).
Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант аравны нэгээ төлөх үед бидэнд ирдэг сүнслэг адислалуудын талаар ярихдаа: “Аравны нэгээ төлдөг хүмүүст баялаг ирдэг. Би хөгжил цэцэглэлтийг зөвхөн доллар, центийн хувьд ярьсангүй. … Харин би амьд байгаа эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн хувьд бусад бүх зүйлээс үлэмж дээгүүр үнэ цэнтэй ганцхан зүйл бол Бурханы тухай мэдлэг, Түүний тухай гэрчлэл болон Түүний хүчин дор өсөж хөгжин, сайн мэдээний дагуу амьдрахын сацуу мөн тийнхүү амьдрахад нь гэр бүлдээ сүнслэгээр нөлөөлөхийг жинхэнэ хөгжил цэцэглэлт гэж үздэг. Энэ бол хамгийн бодит баялаг мөн” (Teachings of Presidents of the Church: Heber J. Grant [2002], 124).
Ерөнхийлөгч Грант аравны нэгээ төлөх үедээ санхүүгийн тал дээр адислагдаж болох нэг арга замыг заасан. Тэрээр: “Хэрэв бид хөрөнгөөсөө хэсэгчлэн өгч, аравны нэгээ төлөх юм бол Бурхан бидний Тэнгэрлэг Эцэг 10-аас үлдсэн 9 долларыг, 50 цент бүрээс үлдсэн 45 центийг арвижуулах ба та үлдсэн мөнгөө өөрт ашигтай арга замаар ашиглах хангалттай их мэргэн ухаантай байх болно” хэмээн хэлсэн (Teachings: Heber J. Grant, 124–125).
-
Дараах асуултад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич. Та аравны нэгийн хуулийг дагаснаар ямар адислалуудыг хүлээн авч байсан бэ?
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 117–120-ийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал: