4-р бүлэг: 4 дэх өдөр
Сургаал ба Гэрээ 14–16
Оршил
1829 оны 5-р сарын сүүлээр Иосеф Смит, Оливер Каудери хоёр Мормоны Номын орчуулгын ажлаа дуусгаж байхдаа танхайрагчдын заналхийлэлд өртжээ. Тэднийг энэ мөрдлөгөөс зугтаж, Пеннсильванийн Хармонигоос Нью-Йоркийн Фейеттэд байдаг Витмерийн гэрт нүүж очиход нь Давид Витмер тусалсан байна. Витмерийн гэр бүлийнхэн энэхүү Сэргээлтийн үйл явдлыг ихэд анхааран сонирхож байв. Давид, Жон болон Бага Петр Витмерийг Иосеф Смит “ажилд хичээнгүй найз нөхөд, туслахууд, мөн … өөрсдийн үүрэг хариуцлагыг мэдэх асар их хүсэлтэй” хэмээн дүрсэлжээ (History of the Church, 1:49-д). Бошиглогч Их Эзэнд хандан залбирч, ах дүү гурвын хүн тус бүрд чиглэсэн зааврыг хүлээн авсан юм.
Сургаал ба Гэрээ 14
Их Эзэн Давид Витмерийг хожмын өдрийн ажилд туслуулахаар дуудав
Дараагийн цэдэгт Иосеф Смит, Оливер Каудери хоёрт мөрдлөг хавчлагаас зугтан гарахад нь Давид Витмер тусалсан гайхалтай үйл явдлыг өгүүлсэн байдаг.
Иосеф, Оливер хоёрт туслахаар Пеннсильванийн Хармони руу яв хэмээн хэлэх үед Давид Витмер Фейеттийн дэргэд байдаг Нью-Йоркийн Ватерло дэх гэрийнхээ ферм дээр улаан буудай тариалж байжээ. Тэр ферм дээрх ажлаа дуусгаад тийшээ явахаар төлөвлөж байсан байна. Бүх л тариан талбайгаа тэрээр өглөөнөөс орой хүртэл нэг өдөрт борнойдож дуусгав. Дараа өдөр нь тэр талбайгаа бордох гэж байтал, эгч нь түүнд өчигдөр “үдээс өмнө” гурван хүн талбайд үр цацаж байхыг харсан гэжээ. Дараах тэмдэглэл бол энэ гайхалтай үйл явдлын тухай Люси Мак Смитийн бичсэн тэмдэглэл болно.
“Давид талбай дээрээ очоод өөрт нь бүтэн хоёр өдрийн ажил байгааг мэдэв. … Тэр тэгээд морьдоо анжсанд хөллөөд, тариаланчдын хэлдгээр талбайгаа хуваалгүйгээр дээр нь үд болтол ажиллаад, оройн хоол идсэнийхээ дараа эргэж харахад талбайнхаа хагасыг нь борнойдсоныг хараад гайхжээ. Оройн хоолны дараа урьдынх шигээ ажиллаж, үдэш гэхэд тэр бүтэн хоёр өдрийн ажлаа дуусгав.
Түүний аав тэр оройдоо талбай дээр ирээд юу болсныг хараад, ‘Чиний энэ ажилд Бурхан тусалж байгаа нь гарцаагүй. Чи шохойн бордоогоо цацаж дуусангуутаа Пеннсильвани руу явах хэрэгтэй гэж би бодож байна’ гэж хэлжээ.
Маргааш өглөө нь Давид хоёр өдрийн өмнө эгчийнхээ байшингийн ойролцоо овоолоод орхисон бордоогоо цацахаар модон хэмжүүр гартаа бариад гарсан боловч орхисон газар нь бордоо байхгүй байв! Тэр эгч рүүгээ гүйн очоод түүнээс энэ талаар асуужээ. Эгч нь гайхсан байдалтайгаар, ‘Надаас яагаад асуугаад байгаа юм бэ? Өчигдөр цацчихсан биз дээ?’ гэж хэлэв.
‘Би цацаагүй шүү дээ’ гэж Давид хариулжээ.
Эгч нь ‘Би бүр гайхаад байна. Учир нь хүүхдүүд үдээс өмнө над дээр ирээд, гадаа гарч талбай дээр бордоо цацаж байгаа эрчүүдийг хараач гэсэн бөгөөд бордоог тийм хурдан цацдаг хүмүүсийг амьдралдаа үзээгүй гэж хэлсэн. Би гараад, гурван хүн талбай дээр ажиллаж байхыг харсан. Тэгээд чамайг яарч байгаа болохоор хүн хөлслөн ажиллуулсан байх гэж бодоод, гэртээ орж цааш нь анхаарал тавиагүй’ гэжээ.
Давид болсон явдлыг нягтлан үзэж, хамаатан мөн хөршүүдээсээ асуусан боловч хэн үүнийг хийснийг мэдэж чадаагүй ажээ” (History of Joseph Smith by His Mother, Прэстон Ниблий [1958], 148–149).
Та нар өөрсдийгөө Давид Витмерийн оронд тавин төсөөлөөд үз дээ. Энэ гайхамшиг танд хэрхэн нөлөөлөх байсан бол?
Бошиглогч болон Оливер Каудери хоёрыг Давид Витмер Нью-Йоркийн Фейетт рүү авчирсны дараа Их Эзэн Өөрийн хожмын үеийн ажлыг урагш гаргаж мөн энэхүү ажилд оролцсон бүх хүнд амлагдсан адислалууд байгаа болохыг зарласан (С ба Г 14:1–5-ыг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 14:6–7-г уншаад, Их Эзэн Давидад юу хий хэмээн зааварласныг мөн үр дүнд нь түүнд ямар бэлэг өгснийг олж мэд. Их Эзэн түүнд ямар бэлэг өгөхөөр амласан бэ? Энэ адислалыг хүлээн авахын тулд Давид юу хийх ёстой байсан бэ?
-
Судрын тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич. Тухайлбал:
-
Мөнх амьдрал бол Бурхантай адилхан болж, гэр бүлээрээ Түүний оршихуйд амьдарна гэсэн үг юм. Яагаад мөнх амьдрал Бурханы хамгийн агуу бэлэг болохыг ойлгоход энэ тодорхойлолт танд хэрхэн тусалдаг вэ?
-
Мөнх амьдралын амлалт Бурханы зарлигуудыг сахихад мөн эцсээ хүртэл тэвчихэд тань хэрхэн урамшуулдаг вэ?
-
Сургаал ба Гэрээ 14:7-д Их Эзэн бидний хүн нэг бүрд хамаатай нэгэн чухал зарчмыг заасан. Хэрэв бид Бурханы зарлигуудыг сахин, эцсээ хүртэл тэвчих юм бол, мөнх амьдралыг хүлээн авах болно. Энэ зарчмыг та судар эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичих талаар бодож үз.
Энэ зарчмыг илүү сайн ойлгохын тулд дараах нөхцөлүүдэд эцсээ хүртэл тэвчих гэдэг нь юу гэсэн утгатай байж болохыг бодож үз. Тухайлбал:
-
Саяхан Сүмд нэгдсэн залуу эрэгтэй тойрогт өөрт нь найз байхгүй гэж боддог.
-
Нэгэн залуу эмэгтэй өвдсөн бөгөөд байнгын эмнэлгийн хяналт болон бусдын халамжинд байх шаардлагатай болсон.
-
Нэгэн залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэйн эцэг эх саяхан салсан бөгөөд эцэг эхийнх нь нэг нь Сүмийн идэвхгүй гишүүн.
-
Нэгэн залуу эрэгтэй эсвэл залуу эмэгтэй донтолтод хөтлөх уруу таталттай байнга тэмцдэг.
Сургаал ба Гэрээ 14:8-ыг уншаад, Давид Витмерт дуулгавартай байсныхаа төлөө хүлээн авна гэж Их Эзэний хэлсэн өөр нэгэн адислалыг олж мэд.
Энэхүү илчлэлтийг авсныхаа дараахан Давид Витмер Мормоны Номын гурван гэрчийн нэг болсон юм. Тэрээр тэнгэр элч Моронайг мөн алтан ялтсуудыг харж, цэдэг үнэн болох тухай гэрчлэх Бурханы дуу хоолойг сонссон.
-
Сургаал ба Гэрээ 14:11-д Их Эзэнээс Давид Витмерт түүний итгэлтэй байдал дээр үндэслэн өгсөн өөр нэгэн амлалтын тухай унш. Уг шүлгээс “Хэрэв–тэгвэл” гэсэн зарчмыг судрын тэмдэглэл дээрээ өөрийнхөө үгээр тайлбарлан бич. (Үүнийг бичих нэг аргыг энэ хичээлийн төгсгөлөөс олж болно.)
Сургаал ба Гэрээ 15–16
Жон болон Петр Витмер хоёрт Есүс юу хамгийн үнэ цэнтэй болохыг заав
Жон болон Петр Витмерт өгсөн илчлэлтүүдийг судлахдаа, боломжтой бол гэр бүлийн нэг гишүүн эсвэл найзыгаа цөөн хэдэн шүлэг уншихад урь. Сургаал ба Гэрээ 15:1-ийг өөрөө уншаад, Сургаал ба Гэрээ 16:1-ийг гэр бүлийн гишүүн эсвэл найзаараа уншуул. Үүнтэй адилаар хоёр хэсгийн хоёулангийнх нь 2–6-р шүлгүүдийг ээлжлэн, адил маягаар уншуул. Энэ хоёр илчлэлт юугаараа ер бусын онцгой болохыг олж тогтоо.
Энэ хоёр илчлэлт дэх үгсийн цорын ганц ялгаа юу вэ?
Эдгээр илчлэлтийн 2–6-р шүлэг адилхан байгаа нь Их Эзэн нэг илчлэлтийг хоёр хүнд зориулан өгсөн мэт харагдаж байна. Жон, Петр хоёрт хоёуланд нь Тэрээр ганцаарчлан ярих цаг гаргасан явдлаас бид юу сурч болох вэ?
Их Эзэн өөр өөр хүнд адилхан зүйлсийг илчилсэн байдаг нь тэр хүмүүст адил хэрэгцээ, нөхцөл байдал, хүслүүд байдгаас болсон байж болно. Сургаал ба Гэрээ 15:3–4 болон Сургаал ба Гэрээ 16:3–4-ийг дахин уншаад, Жон, Петр Витмер хоёрт байсан адил хүслүүдийг олж тогтоо. Жон болон Петр Витмер хоёр юуг хүссэн бэ?
Эдгээр илчлэлтэд Их Эзэн бусдыг Христэд авчрахад гаргасан бидний идэвх зүтгэл агуу үнэ цэнтэй болохыг заасан. Хүмүүсийг Христэд авчрахад тусалснаар хүмүүс Бурхан тэднийг мэддэг бас хайрладаг гэдгийг ойлгоно.
Эдгээр илчлэлт нь Бурхан биднийг хэн болохыг мэддэг гэдгийг заадаг. Тэр бидэнд юу хамгийн сайн бэ гэдгийг мэддэг.
-
Судрын тэмдэглэл дээрээ санваарын адислал эсвэл номлолын дуудлага нь Бурхан биднийг хэн болохыг мэддэг гэдгийг хэрхэн харуулдаг болох талаар өөрийн бодлыг бич.
Бурхан бидний хүн нэг бүрийг мэддэг тухай Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидэнд тайлбарласан.
“Хэдэн жилийн өмнө гадасныхаа 13–21 насны бүх өсвөр үеийнхний нэрийг чээжлэх сүнслэг удирдамж хүлээн авсан санваарын нэг удирдагчтай би уулзсан билээ. Тэр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн зургийг ашиглан, солигддог картууд хийж, ажлаар аялж байхдаа эсвэл өөр үед тэдгээрийг хардаг байжээ. Энэ санваарын удирдагч бүх өсвөр үеийнхнийхээ нэрийг ийм маягаар хурдан чээжилжээ.
Нэгэн шөнө санваарын удирдагч зөвхөн зургаар нь таних болсон нэг хүүг зүүдэлжээ. Тэрээр зүүдэндээ уг залуу эрэгтэйг цагаан цамц өмсөж, номлогчийн нэрийн тэмдэг зүүсэн байгаагаар харсан аж. Уг залуу эрэгтэй хажуудаа суугаа хамтрагчтайгаа хамт нэг гэр бүлд зааж байв. Тэр гартаа Мормоны Номыг барьсан ба номны үнэнийг гэрчилж байгаа мэт харагджээ. Тэгээд санваарын удирдагч зүүднээсээ сэрэв.
Үүнээс хойш болсон нэг санваартнуудын цугларалт дээр удирдагч зүүдэндээ харсан залуу эрэгтэй дээр очиж, хэдэн минут ярилцаж болох уу гэж асуужээ. Удирдагч өөрийгөө товч танилцуулаад, залуу эрэгтэйг нэрээр нь дуудаж ингэж хэлжээ. ‘Би үргэлж зүүдлээд байдаггүй. Би чамаас өөр энэ гадасны ямар ч гишүүний тухай зүүдэлж байгаагүй. Би чамд зүүдээ ярьж өгье, харин чи энэ нь ямар утгатай болохыг ойлгоход надад туслаарай’ гэв.
Санваарын удирдагч зүүдээ ярьж дуусаад, залуу эрэгтэйгээс ямар утгатай болохыг нь асуусан байна. Залуу эрэгтэйн хоолой зангирч, ‘Бурхан намайг хэн гэдгийг мэддэг гэсэн үг’ гэж хариулжээ. Залуу эрэгтэй, санваарын удирдагч хоёрын хооронд өрнөсөн яриа маш их ач холбогдолтой болсон ба тэр хоёр үе үе уулзаж, зөвлөлдөж байхаар тохирсон байна” (“The Tender Mercies of the Lord,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 5-р сар, 100).
Бурхан таны хэн болохыг мэддэг гэдгийг ухааран ойлгох нь яагаад бидэнд тустай болохыг (эсвэл хамт уншиж буй хүнтэйгээ ярилц) тунгаан бод.
-
Бурхан хувь хүний тань хувьд таныг мэддэг гэдгийг ойлгох нь ямар нэгэн байдлаар танд тусалж байсан эсвэл Бурхан таны хэн болохыг мэддэг гэсэн ойлголт таны өдөр тутам гаргадаг шийдвэрүүдэд хэрхэн нөлөөлж болох талаар судрын тэмдэглэл дээрээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэл дээрээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич.
Би Сургаал ба Гэрээ 14–16-г судалж, энэ хичээлийг (огноо)-нд хийж дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсэж байна. Тухайлбал:
2 дахь даалгаварт зориулсан тайлбар: Сургаал ба Гэрээ 14:11 дэх зарчмыг хэлэх нэг арга зам бол: Хэрэв бид Их Эзэний ажилд итгэлтэй тусалбал Тэрээр биднийг сүнслэг байдлаар болон материаллаг зүйлээр адислах болно.