Институт ба семинар
10-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:55–65


10-р хичээл

Иосеф Смит—Түүх 1:55–65

Оршил

Бошиглогч Иосеф Смит 17–22 настай байхад нь тохиолдсон хэд хэдэн чухал үйл явдлыг дүрсэлжээ. Эдгээр үйл явдалд гэр бүлдээ туслахын тулд түүний хийсэн ажлууд, түүний ах Алвины үхэл болон түүний Эмма Хэйлтэй гэрлэсэн гэрлэлт багтдаг. Иосеф мөн тэнгэр элч Моронайгаас олон жилийн турш заавар авсны эцэст ялтсуудыг хүлээн авч мөн Мормоны Номыг орчуулж эхэлсэн талаараа бичжээ. Мартин Харрис ялтсууд дээрх зарим бичгийг болон тэдгээрийн орчуулгыг Нью-Йорк дахь эрдэмтдэд үзүүлэв. Эдгээр эрдэмтэн бичгүүд жинхэнэ бөгөөд тэдгээрийн орчуулга үнэн зөв гэдгийг баталсан байна. Гэсэн хэдий ч, нэг эрдэмтэн Иосеф Смитийн ялтсуудыг олж авсан түүхийг үгүйсгэсэн бөгөөд ингэснээрээ Исаиагийн ном дахь бошиглол биелжээ (Исаиа 29:11–12 болон 2 Нифай 27:15–20-ийг үзнэ үү).

Заах зөвлөмж

Иосеф Смит—Түүх 1:55–58

Иосеф Смит Жозиа Стоалд хөлсөөр ажилладаг байсан ба Эмма Хэйлтэй гэрлэв

Тайлбар: Иосеф Смит—Түүх дээр Жозиа Стоалын тухай бошиглогч дурдсан байдаг. Зарим түүхийн бичээст Стоал гэдэг нэр нь түүнчлэн Стовэлл болон өөр байдлаар бичигдсэн байдаг.

Цөөн суралцагчийг сүүлийн хэдэн жилд амьдралд нь тохиолдсон чухал үйл явдлыг нэрлэхэд урь. Энэ үйл явдал тэдний зан чанар болон ирээдүйд хэрхэн нөлөөлснийг тайлбарлахыг тэднээс хүс. Дараа нь ангийнхнаас ирэх таван жилд тэдний амьдралд тохиолдоно гэж таамаглаж байгаа чухал үйл явдлуудын заримыг нь нэрлэхийг хүс. Өнөөдрийн хичээл дээр тэд бошиглогч Иосеф Смитийн амьдралын таван жилийн хугацаанд болсон чухал үйл явдлуудын тухай мэдэж авах болно гэдгийг тайлбарла. Иосеф Смит—Түүх 1:55–65-д цэдэглэгдсэн түүх дээр Иосеф Смит 17–22 настай буюу семинарын насны суралцагчидтай үе тэнгийн байсан гэдгийг хэл.

Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:55–58-ыг дотроо уншаад, Иосеф Смитийн амьдралын чухал үйл явдлуудыг олж мэдэхэд урь.

  • Иосеф Смитийн амьдралын энэ үед ямар ямар чухал үйл явдал тохиолдсон бэ? (Суралцагчдын хариултууд нь дараах зүйлийг агуулж болно. Тухайлбал: Иосефын ах Алвин нас барсан; Жозиа Стоал Иосеф Смитийг хөлсөөр ажиллуулсан; Иосеф Эмма Хэйлтэй гэрлэсэн.)

Иосеф Смит—Түүх 1:59–62

Иосеф ялтсуудыг хүлээн авч, тэдгээрийг орчуулж эхлэв

Маш их үнэ цэнтэй бөгөөд болгоомжтой ханддаг ямар нэгэн зүйлийг гэрээсээ авчир (эсвэл ангид байгаа эд зүйлийг ашигла). Үүний ач холбогдол болон яагаад үүнд болгоомжтой ханддагаа тайлбарла.

  • Та нар өмнө нь үнэ цэнтэй зүйлдээ хайхрамжгүй эсвэл болгоомжгүй хандаж байгаа хэн нэгнийг харж байсан уу? Яагаад зарим хүн үүнийг хийдэг вэ?

Иосеф Смитэд маш чухал зүйлийг даалгаж өгсөн байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Иосеф Смит—Түүх 1:59–62-ыг судлах үедээ түүний жишээнээс юу сурч болох талаараа бодож үзэхэд урамшуулан дэмж.

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:59-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас тэнгэр элч Моронайн Иосеф Смитэд өгсөн чухал зүйлсийг олж тогтоохыг хүс.

  • Моронай ямар ямар зүйлийг Иосеф Смитэд хариуцуулж өгсөн бэ? (Алтан ялтсууд, Урим ба Туммим мөн цээжний хуяг. Урим ба Туммим нь орчуулгын ажилд болон илчлэлт хүлээж авахад үзмэрчид тусалдаг тэнгэрлэгээр бэлтгэгдсэн зэмсэг гэдгийг тайлбарла.)

  • Моронай ялтсуудын талаар Иосефт ямар үүрэг хариуцлага өгсөн бэ? (Та суралцагчдад “өөрийн бүх хүчээр тэдгээрийг хадгалахыг” гэдэг үг хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно.)

Самбар дээр дараах өгүүлбэрийг бич. Бид Их Эзэний бидэнд өгсөн зүйлсэд хариуцлагатай хандаж мөн тэдгээрийг хадгалах аваас Их Эзэн .

  • Хэрэв Иосеф ялтсуудыг хариуцлага болгоомжтой хадгалбал Их Эзэн түүнд юу амласан бэ?

Суралцагчдыг самбар дээрх өгүүлбэрийг гүйцээх арга замуудыг санал болгоход урь. Тэд дараах маягаар хариулж болно. Бид Их Эзэний бидэнд өгсөн зүйлсэд хариуцлагатай хандаж, тэдгээрийг хадгалах аваас Их Эзэн Өөрийн хамгаалалт болон тусламжийг өгөх болно.

Суралцагчдыг Иосефын туршлагыг өөрсдийнхөө нөхцөл байдалтай харьцуулахад туслахын тулд дараах асуултыг тавь.

  • Их Эзэний бидэнд хүлээлгэсэн ариун нандин итгэлийн ямар жишээ байдаг вэ? (Хариултууд нь бие махбоддоо хүндэтгэлтэй хандах, баптисмын ба ариун сүмийн гэрээнүүд, санваарын эрх мэдэл ба үүргүүд, Сүмийн дуудлагууд, оюун санаа ба сүнсээ тэжээх үүрэг хариуцлага, гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаа ба тэдний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага болон бидний гэрчлэлүүд орж болно.)

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:60-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Иосефыг өөрт нь өгөгдсөн итгэл найдварт үнэнч байснаар Их Эзэн Өөрийн амлалтыг биелүүлсэн тухай өгүүлбэрийг олж мэдэхийг хүс. (“Гэвч Бурханы мэргэн ухаанаар, тэдгээр нь миний гарт аюулгүй байдалд, гарт минь даалгасан тэдгээрийг биелүүлтэл үлдсэн юм.”)

Иосеф Смит ялтсуудыг хадгалахаар хичээнгүйлэн эрэлхийлэх үед Их Эзэн хэрхэн хамгаалалт болон тусламжаа өгснийг харуулахын тулд нэг суралцагчийг дараах түүхийг чанга уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө Иосеф Смит Кумора гүвээн дээр Моронайгаас ялтсуудыг авсны дараа тохиолдсон үйл явдлын талаар Иосеф Смитийн ээж Люси Мак Смитийн бичсэн түүхээс энэ хэсгийг хэсэгчлэн авсан гэдгийг тайлбарла. Түүнчлэн Иосеф Смит Моронайгаас ялтсууд хүлээж аваад, тэдгээрийг гэрээсээ 3 милийн зайд өмхөрсөн хус модон дотор нуусан гэдгийг тайлбарла. Тэр дараа нь ялтсуудыг нуусан газраасаа авч, гэртээ авчрах үед юу тохиолдсоныг Иосеф Смитийн ээж ингэж бичсэн байна.

Люси Мак Смит

“Иосеф тэднийг нуусан газраасаа авч, урт даавуун хүрмээрээ ороон, гараараа халхлаад гэрийнхээ зүг явав.

Хэсэг газар яваад тэр замаар биш модон дундуур явбал илүү аюулгүй байх гэж боджээ. Замаас гараад хэсэг явж байгаад тэр нэгэн том унанги модонд тулж ирээд үүн дээгүүр үсрэх үед нь араас нь нэг хүн гарч ирээд түүнийг буугаар хүчтэй цохив. Иосеф эргэж хараад, түүнийг цохиж унагаад хамаг хурдаараа гүйжээ. Хагас миль орчмын зайд түүн рүү өмнөхтэй адилаар нэг хүн дайрсан бөгөөд тэр энэ хүнийг өмнөх шигээ цохиж унагаад дахин гүйв. Гэртээ очихоосоо өмнө тэр гурав дахь удаагаа дайралтад өртөв. Сүүлийн хүнийг цохихдоо тэр эрхий хуруугаа мулталсан бөгөөд гэрийнхээ барааг харж, амьсгаагаа дарахын тулд хашааны буланд унах хүртлээ үүнийгээ анзаараагүй байжээ. Тэр амьсгаагаа дарж аваад, босож, гэртээ орж ирсэн юм. Тэр айж, гүйж ядарснаасаа болоод ярьж чадахгүй байлаа” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 108).

  • Та нар (эсвэл та нарын мэддэг хэн нэгэн) хэзээ Их Эзэний хүлээлгэсэн итгэл найдварт үнэнч байхыг хичээнгүйлэн эрэлхийлснээр Их Эзэний хамгаалалт болон тусламжийг хүлээн авч байсан бэ?

Их Эзэний өөрсдөд нь хүлээлгэсэн ариун итгэл найдварыг хадгалах хүсэл эрмэлзлээ тунгаан бодоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихыг хүс.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Их Эзэний танд өгсөн тэр зүйлд ухаалаг бай. Энэ бол итгэл найдвар. …

“Хайхрамжгүй байдал руу хазайж орохын оронд та нарын амьдрал өсөн нэмэгдэж буй яг таг дуулгавартай байдлын жишээ болох болтугай. Та нарыг ариун нандин зүйлүүд, ариун нандин газрууд, ариун нандин үеүдэд бишрэл болон хүндэтгэл үзүүлэхүйцээр бодож, мэдэрч, хувцаслаж мөн үйлдэх байх гэж би найдаж байна” (“A Sense of the Sacred” [Залуучуудад зориулсан Сүмийн Боловсролын Системийн галын дэргэдэх цугларалт, 2004 оны 11-р сарын 7], 9, 10; speeches.byu.edu).

Нэг суралцагчийг Иосеф Смит—Түүх 1:61–62-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэн Иосеф, Эмма хоёрыг ариун нандин зүйлүүдэд хариуцлагатай хандахдаа итгэлтэй байсных нь төлөө адисалсан жишээнүүдийг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн энэ үед бошиглогч ба түүний эхнэрийг хэрхэн адисалсан бэ? (Их Эзэн Мартин Харрисын тусламжаар дамжуулан Өөрийн хүслийг биелүүлэхэд Иосефт тусалсан гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.)

Иосеф Смит—Түүх 1:63–65

Мартин Харрис ялтсуудаас авсан бичгүүдийг Нью-Йорк дахь эрдэмтдэд үзүүлэв

Хэрэв боломжтой бол алтан ялтсууд дээр сийлэгдсэн бичгүүдийн жишээг харуулж буй дагалдах зургийг суралцагчдад үзүүл. 1828 онд Иосеф бичгүүдийн заримыг нь цаасан дээр буулгажээ. Мартин Харрис ялтсууд дээрх зарим бичгийн хуулбарыг эртний хэл ба соёл иргэншлийн талаар мэдлэгтэй Нью-Йорк дахь эрдэмтэнд үзүүлж болох эсэхийг асуужээ. (Та зургийг үзүүлэх үедээ бичгүүдийг хэд хэдэн хувь хэвлэсэн гэдгийг хэлж болно. Мартин Харрис эрдэмтдэд эх хувийг үзүүлсэн эсэх нь тодорхойгүй юм.)

ялтсууд дээрх бичгүүд

Самбар дээр Иосеф Смит—Түүх 1:63–65 ба Исаиа 29:10–12 гэж бич. Иосеф Смит—Түүх дээрх шүлэг нь Мартин Харрисын эрдэмтэдтэй уулзаж байгааг дүрсэлдэг гэдгийг тайлбарла. Исаиа дээрх хэсэг нь хожмын өдрүүд дэх нэг бошиглолыг агуулдаг. Суралцагчдыг хоёр хоёроороо ажиллаж мөн эдгээр шүлгийг ээлжээр нэг нэгэндээ чанга уншиж өгөхөд урь. Тэдэнд эхлээд Иосеф Смит—Түүх дээрх шүлгийг унших заавар өг. Та тэдэнд Исаиа 29-ийг уншихаасаа өмнө бүлгийн оршил хэсгийг уншихыг зөвлөж болно. Тэднийг Исаиа 29 дэх шүлгүүдийг унших үед тэднээр Мартин Харрисын түүхтэй төстэй зүйлийг хайж олуул. Суралцагчдыг энэ хоёр хэсгийг уншиж мөн ярилцсаны дараа дараах асуултыг тавь.

  • Эдгээр шүлэг нь Их Эзэний урьдчилан харах чадвар болон Түүний үйлчлэгчдийн бошиглолуудын талаар бидэнд ямар үнэнийг зааж байна вэ? (Мартин Харрис ялтсууд дээрх бичгүүдийг Нью-Йорк дахь эрдэмтдэд үзүүлснээр тэр Исаиа 29:11–12 дахь бошиглолыг биелэхэд тусалсан гэдгийг та тайлбарлаж болно).

Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Их Эзэний үйлчлэгчдийн бошиглолууд биелэх болно. Та энэ үнэнийг самбар дээр бичиж болно. Та бас үүнийг судар дээрээ Иосеф Смит—Түүх 1:65-ын дэргэд бичихийг суралцагчдад зөвлөж болно.) Суралцагчдаас энэ үнэнийг заадаг төгс эзэмших судрын хэсгүүдийг бодохыг хүс (жишээ нь, С ба Г 1:37–38 ба Амос 3:7-г үзнэ үү). Та тэдэнд эдгээр судрын эшлэлийг Иосеф Смит—Түүх 1:65-ын дэргэд судрынхаа зайд бичихийг зөвлөж болно.

  • Тэнгэрлэг амлалтууд эсвэл бошиглолуудын биелэлт нь та нарын итгэлийг хэрхэн хүчирхэгжүүлдэг вэ?

Суралцагчдыг өнөөдрийн хичээлээс олж мэдсэнээ дүгнэж хичээлийн дэвтэр юм уу судрын тэмдэглэл дээрээ цөөн өгүүлбэрт багтаан бичихэд урь. Суралцагчдад сурсан зүйлсээ тайлбарлаж мөн хуваалцах боломж олгохын тулд цөөн хэдэн суралцагчаас өөрсдийн бичсэн зүйлсийг хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Иосеф Смит—Түүх 1:56. Иосеф Смитэд өгсөн Алвин Смитийн сүүлийн зөвлөгөө

Алвин Смит нас барахаасаа өмнө дүү Иосефтоо хандаж дараах үгсийг хэлсэн гэж Люси Мак Смит бичжээ.

“Би чамайг сайн хөвгүүн байгаасай гэж мөн цэдгийг олж авахын тулд чадах бүхнээ хийгээсэй гэж хүсч байна. Удирдамж хүлээж авахдаа, хүлээж авсан зарлиг бүрийг сахихдаа үнэнч байгаарай. Алвин ах чинь чамайг орхих ёстой боллоо; гэхдээ миний чамд үзүүлсэн жишээг санаж мөн үүнтэй адил жишээг дүү нартаа үзүүлж мөн аав ээж хоёрт үргэлж сайн хандаж байгаарай” (Люси Мак Смит, History of Joseph Smith by His Mother, хянасан Прэстон Нибли [1958], 87).

Иосеф Смит—Түүх 1:56. “Бибээр мөнгө ухагч байсан тухай нэн өргөн тархсан түүх эндээс үүдэлтэй юм”

Иосеф Смит өсвөр насандаа мөнгө олох зорилгоор ухах ажил хийж байсан учраас Сэргээлтийн эхэн үеэс хойш шүүмжлэгчид түүн рүү дайрсаар иржээ. Шүүмжлэгчид түүний зан чанарыг гутаахын тулд түүний ажлыг “мөнгө ухагч” эсвэл “эрдэнэс хайгч” гэж нэрлэж байв. Иосеф Смит эрдэнэсийн эрэл эсвэл газар доорх алт болон мөнгийг ухах явдал нь нийтлэг, хүлээн зөвшөөрөгдсөн байсан цаг үед амьдарч байсан юм. Иосеф Смит өөрийн бичсэн түүхэндээ өөрөө болон гэр бүлийнхэн нь хөлсөөр мөнгө ухах ажил хийж байсныг тайлбарлажээ (Иосеф Смит—Түүх 1:56-г үзнэ үү).

Иосеф Смит—Түүх 1:59–62. Бурханы хүч болон бэлгээр орчуулав

Зарим хүн дараах асуултыг тавьдаг. Мормоны Ном хэрхэн орчуулагдсан тухай дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд байгаа юу? Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл дараах хариултыг өгсөн юм.

Ахлагч Нийл А.Максвэлл

“Мормоны Номын ихэнх уншигч үүний үүсэл болон орчуулгынх нь яг таг үйл явцыг илүү сайн мэдэхийг хүсдэг. Үүнтэй адил итгэлт, үнэнч Хайрум Смит ч мэдэхийг хүсэж байлаа. Энэ талаар лавлах үед, бошиглогч Иосеф ‘Мормоны Номын үүслийн талаар бүх зүйлийг дэлхийд мэдүүлэх нь Бурханы зорилго байгаагүй’ ба ‘эдгээр зүйлийг хэлэх нь түүнд шаардлагатай биш’ гэж Хайрумд хэлжээ (Сүмийн түүх, 1:220). Иймээс Мормоны Номын талаар бидний мэддэг зүйл бүрэн дүүрэн бус ч бидэнд хангалттай юм.

Орчуулгын үйл явц ямар байсан нь хамаагүй ба энэ нь хөрвүүлэгч зэр зэмсгийн тусламжаас гадна Иосефоос хүч чадал, хувийн хичээл зүтгэлийг шаардсан юм. Иосефын ур чадвар өсч тэлэх тусам орчуулах үйл явц өөрчлөгдсөн байж магадгүй. Бошиглогч эцэстээ Урим ба Туммим зэрэг зэмсгээс бага хамааралтай болсон байх. Иосеф Смит орчуулгын ажилд туршлагагүй байхдаа Урим ба Туммимыг ашиглаж байсан бөгөөд дараа нь үүнийг хэрэглээгүй мөн Иосеф Библийн олон шүлгийг орчуулахдаа үүнийг ашиглаагүй гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Праттад Иосеф Смит хэлжээ (Latter-day Saints’ Millennial Star, 1874 оны 8-р сарын 11, 498–499-ийг үзнэ үү). …

“Бидэнд яагаад Мормоны Номын орчуулгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй вэ? Орчуулах үйл явцын бүх мэдээлэл байсан ч бид үүнийг ойлгоход бэлэн биш учраас бидэнд өгөгдөөгүй байж болно. Хэдийгээр Мормоны Ном нь бодит нотолгоонуудаар дүүрэн боловч Их Эзэн хүмүүсийг үүнийг итгэлээр хүлээн аваасай гэж хүссэн байж ч болох юм. Эцэст нь, нифайчуудын дунд өгөгдсөн Аврагчийн сургаалуудыг дүгнэж байсан Мормонд Христ бүх зүйлийг ялтсууд дээр бичих хэрэггүй, учир нь ‘би өөрийн хүмүүсийн итгэлийг сорих болно’ хэмээн хэлсэн юм (3 Нифай 26:11). Магадгүй бид энэ ном хэрхэн орчуулагдсан тухай үйл явцад санаа зовохын оронд уг номд агуулагдаж буй зүйлсийг судлах ёстой учраас орчуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд өгөгдөөгүй байж болох юм” (“By the Gift and Power of God,” Ensign, 1997 оны 1-р сар, 39, 41).

Хэдийгээр бид Мормоны Ном хэрхэн орчуулагдсан тухай дэлгэрэнгүй мэдэхгүй ч энэ нь “Бурханы бэлэг болон хүчээр” орчуулагдсан гэдгийг (С ба Г 135:3) мөн орчуулагдсан хэсэг нь үнэн гэдгийг бид мэднэ (С ба Г 17:6-г үзнэ үү).

Иосеф Смит—Түүх 1:59–62 “Би Урим ба Туммимыг ашиглан орчуулсан”

Урим ба Туммим нь “илчлэлт олж авах хийгээд хэлнүүдийг орчуулахад нь хүнд туслахаар Бурханы бэлтгэсэн зэмсэг” (Судруудын удирдамж, “Урим ба Туммим”). Иосеф Смит Мормоны Номын орчуулгад туслуулахын тулд Урим ба Туммимыг ашигладаг байв. Бошиглогч орчуулгын үйл явцдаа Урим ба Туммимын хамт үзмэрч чулууг ашигладаг байв.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэлл орчуулгын үйл явц, Иосеф Смит Урим ба Туммим болон үзмэрч чулууг хэрхэн ашиглаж байсан талаар дараах зүйлийг хэлсэн байна.

Ахлагч Нийл А.Максвэлл

Бошиглогч Иосеф ганцаараа бүрэн дүүрэн үйл явцыг мэддэг бөгөөд нарийн мэдээллийг тайлбарлах хүсэлгүй байсан. Бид Мормоны Номыг орчуулаагүй ч хөндлөнгөөс ажиглаж байсан Давид Витмер, Иосеф Найт, Мартин Харрис нарын үгсийг мэднэ. Бошиглогч өөрийг нь тусламжаар хангах бурханлаг зэмсгийг ашигласан бөгөөд ‘нууцлаг зүйлс ил гарч ирэн, Англи хэл дээрх орчуулга тод томруун үсгээр харагдаж байсан билээ’ хэмээн Давид Витмер дүрсэлжээ. Тэгээд Иосеф тэр үгсийг Оливерт уншиж өгдөг байжээ (Жэймс Х. Харт, “About the Book of Mormon,” Deseret Evening News, 1884 оны 3-р сарын 25, 2). Мартин Харрис үзмэрч чулууны талаар ийн хэлжээ. ‘Өгүүлбэрүүд харагдаж, бошиглогч уншиж мөн Мартин бичдэг байв’ (Эдвард Стивэнсон, “One of the Three Witnesses: Incidents in the Life of Martin Harris,” Latter-day Saints’ Millennial Star, 1882 оны 2-р сарын 6, 86–87). Иосеф Найт үүнтэй төстэй ажиглалт хийсэн байдаг (Дийн Жэсси, “Joseph Knight’s Recollection of Early Mormon History,” BYU Studies 17 [Autumn 1976]: 35-ыг үзнэ үү).

“Урим ба Туммим нь Иосефт ‘ялтсууд дээр сийлэгдсэн шинэчлэгдсэн египет бичгүүдийг англиар унших’ чадвар олгосон гэж Оливер Каудери шүүхийн өмнө гэрчилсэн гэсэн түүх байдаг (“Mormonites,” Evangelical Magazine and Gospel Advocate, 1831 оны 4-р сарын 9). Хэрэв энэ мэдээлэл зөв бол энэ нь Бурханы Иосефт өгсөн ‘орчуулах бэлэг хийгээд хүчийг’ (С ба Г 3:12) нотолж байгаа хэрэг юм (С ба Г 3:12).

“Хэрэв бошиглогч эдгээр тэнгэрлэг зэмсгийн тусламжтайгаар эртний үгсийг англи хэл болгон харж мөн бичээчид хэлж байсан юм бол тэр ялтсууд дээрх бичгүүдийг байнга нарийн ажиглаж, орчуулгын тогтсон үйл явц болох эртний бичгүүдийг уншаад, тунгаан бодсоноор орчин үеийн хэлбэрт оруулан бичих байдлаар ажиллаагүй байх.

Энэхүү илчлэлтийн үйл явц бошиглогчоос эртний хэлэнд гарамгай байхыг шаардаагүй. …

Орчуулгын үйл явц ямар байсан нь хамаагүй ба энэ нь хөрвүүлэгч зэр зэвсгийн тусламжаас гадна Иосефоос хүч чадал, хувийн хичээл зүтгэлийг шаардсан юм. Иосефын ур чадвар өсч тэлэх тусам орчуулах үйл явц өөрчлөгдсөн байж магадгүй. Бошиглогч эцэстээ Урим ба Туммим гэхчилэн зэмсгээс бага хамааралтай болсон байх. Иосеф Смит орчуулгын ажилд туршлагагүй байхдаа Урим ба Туммимыг ашиглаж байсан бөгөөд дараа нь үүнийг хэрэглээгүй мөн Иосеф Библийн олон шүлгийг орчуулахдаа үүнийг ашиглаагүй гэж Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Орсон Праттад Иосеф Смит хэлжээ (Latter-day Saints’ Millennial Star, 1874 оны 8-р сарын 11, 498–499-ийг үзнэ үү)” (“By the Gift and Power of God,” Ensign, 1997 оны 1-р сар, 39).

Иосеф Смит—Түүх 1:63–65. Мартин Харрисын уулзсан эрдэмтэд хэн хэн байсан бэ?

Мартин Харрис бичиг үсгийн мэдлэгээрээ алдаршсан наад зах нь гурван хүнтэй уулзжээ. Тэрээр Нью-Йоркийн Албанид Лутэр Брадиш гэдэг дипломат, улс төрч, дэлхийг тойрон аялагч, хэл судлаачтай ярилцжээ. Нью-Йорк хотод тэрээр Рутгерс анагаах ухааны коллежийн дэд ерөнхийлөгч доктор Самуел Митчелтэй уулзжээ. Тэр бас еврей ба бабилон гэх мэт хэд хэдэн хэл мэддэг хүнтэй уулзсан байна. Энэ хүн бол тухайн үеийн шилдэг эрдэмтдийн нэг болох Нью-Йорк хотын Колумбийн Коллежийн профессор Чарльз Антон байсан юм. Мартин Харрисыг ирэх үед Чарльз Антон грек, латин хэлний туслах профессор байжээ. Тэр франц, герман, грек латин хэл мэддэг байсан бөгөөд номын санд нь байсан номуудаас үзэхэд египет хэлний хамгийн сүүлийн үеийн нээлтүүд болон Шамполионы бичсэн зүйлүүдийг гадарладаг байжээ.