74-р хичээл
Сургаал ба Гэрээ 68
Оршил
1831 оны 11-р сарын 1-нд бошиглогч Иосеф Смит Огайогийн Хайрамд нэгэн онцгой чуулган дээр ахлагчдын бүлэгтэй уулзжээ. Тэд бошиглогчийн хүлээн авсан илчлэлтүүдийн цуглуулга болох Зарлигуудын номыг хэвлэх талаар ярилцсан. Чуулган дээр байсан ахлагчдын дөрөв нь өөрсдийнх нь талаарх Их Эзэний хүслийг асуухыг Иосеф Смитээс хүсжээ. Энэ хүсэлтийн хариуд бошиглогч эдүгээ Сургаал ба Гэрээ 68-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авсан байна. Илчлэлт нь сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст өгөгдсөн зөвлөгөө, бишопын дуудлагын тухай зааврууд болон эцэг эхчүүд хүүхдүүддээ сайн мэдээний зарчим, ёслолуудыг заах зарлигийг багтаадаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 68:1–12
Аврагч сайн мэдээг номлохоор дуудагдсан хүмүүст зөвлөв
Та эсвэл таны дотнын хүн Сүмийн номлолд үйлчилсэн бол, хүмүүс гэрээ орхиж, бүрэн цагийн номлогч болохоор бэлтгэх үедээ мэдэрдэг зарим мэдрэмжийг хуваалцаж хичээлээ эхлүүл. Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Хэн нэгэн бүрэн цагийн номлолд үйлчлэх талаар юунд санаа зовж байж болох вэ?
-
Хүмүүс гэр бүлийн гишүүд болон найзуудтайгаа сайн мэдээг хуваалцахдаа сандардаг зарим шалтгаан юу вэ?
1831 оны 11-р сарын 1-нд болсон чуулганы үеэр номлогч болохоор дуудагдсан дөрвөн ахлагч Иосеф Смиттэй уулзаж, өөрсдийн талаарх Их Эзэний хүслийг мэдэхийг хүсжээ. Хариуд нь Их Эзэн сайн мэдээг номлох загварыг илчилсэн юм. Таван суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 68:1–5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, энэ загварын хэсгүүдийг хайж олохыг хүс. Тэднийг уншихаас өмнө 2 болон 3-р шүлэг нь үлгэр жишээ гэсэн үгсийг агуулдаг гэдгийг онцлон хэл. Үлгэр жишээ гэдэг нь загвар юм.
-
Эдгээр шүлгээс та нар бид сайн мэдээг хэрхэн хуваалцах ёстой талаар юу харж байна вэ?
-
3-5-р шүлэгт Их Эзэн үйлчлэгчдэдээ ямар амлалт өгсөн бэ?
-
Номлогчдыг хүлээн авдаг хүмүүст номлогчдын сүнслэгээр өдөөгдсөн үгс яаж нөлөөлөх вэ? (Суралцагчид өөр үгс хэрэглэж болох ч тэд дараах зарчмыг тодорхойлох ёстой. Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсээр хөдөлгөгдөх үед тэдний үгс хүмүүсийг аврал руу удирдах болно. Зарчмыг самбар дээр бич.)
-
Бид сайн мэдээг хуваалцахдаа Ариун Сүнсний нөлөөг урихын тулд юу хийж болох вэ?
Сайн мэдээг номлохоор томилогдсон хүмүүс үнэний талаар гэрчлэлтэй болоход нь хүмүүст тусалж чадах боловч зөвхөн Сүмийн ерөнхийлөгч Сүмийн өмнөөс Их Эзэний хүслийг хүлээн авч мөн тунхаглах эрх мэдэлтэй гэдгийг тайлбарла. Түүний удирдлаган доор Тэргүүн Зөвлөлийн гишүүд болон Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүд нь бидний талаарх Бурханы хүслийг тунхаглах эрх мэдэлтэй юм.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 68:6-г чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний үйлчлэгчдэдээ өгсөн нэмэлт урмын үгсийг олж мэдэхийг хүс.
-
Номлогчид тайтгарал авчирч болох ямар үнэнийг та энэ шүлэгт харж байна вэ?
-
Их Эзэн итгэлтэй үйлчлэгчдийнхээ дэргэд зогсож байдаг гэдгийг мэдэх нь та нарын хувьд яагаад чухал вэ?
6-р шүлэг нь Их Эзэний үйлчлэгчдийн үндсэн үүрэг хариуцлага болох Есүс Христийг мөн Түүний өнгөрсөн, одоо болон ирээдүйн зорилгыг гэрчлэх үүрэгтэй гэдгийг тоймлосныг онцол. Их Эзэн Сүмийн итгэлтэй ахлагчдыг сайн мэдээг номлож мөн итгэсэн хүмүүст баптисм хүртээхээр дууддаг гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 68:7–12-ыг хураангуйл.
Та Сүнсээр удирдагдан сайн мэдээг хэн нэгэнтэй хэрхэн хуваалцахаа мэдсэн туршлагынхаа талаар хуваалцахыг бодож үзээрэй.
Сургаал ба Гэрээ 68:13–24
Тэргүүн Зөвлөл бишопуудын дуудлагыг хариуцах ёстой гэдгийг Их Эзэн илчлэв
Суралцагчдыг өөр итгэл бишрэлтэй найз нь тэднээс “Танай бишоп яаж сонгогдсон бэ?” гэж асууж байна гэж төсөөлж бодоход урь.
-
Та юу гэж хариулах вэ?
Эдвард Партриж Есүс Христийн сэргээгдсэн Сүмд дуудагдсан анхны бишоп байсан гэдгийг тайлбарла (1831 оны 2-р сарын 4; С ба Г 41:9-ийг үзнэ үү). Иосеф Смит Сургаал ба Гэрээ 68-д ( 1831 оны 11-р сард ) цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авахаас өмнө Бишоп Партриж Сүм дэх цорын ганц бишоп байжээ. Бошиглогч энэ илчлэлтийг хүлээн авсны дараахан өөр бишопууд дуудагджээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 68:14–15-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, бишопууд хэрхэн сонгогддогийг хайж олохыг хүс.
Тайлбар: 15–20-р шүлэг нь тэргүүлэх бишопоор дуудагдаж болох Аароны шууд удмынхны талаар заавруудыг агуулдаг. “Аароны шууд удам” гэсэн хэллэг нь Хуучин Гэрээн дэх Мосегийн ах Аароны үр удмыг хэлж байгаа юм. Энэ удмын хүн Тэргүүн Зөвлөлөөр дуудагдаж мөн батлагдвал Тэргүүлэх Бишопын албанд томилогдох эрхтэй. 16–20-р шүлэг нь тойргуудын бишопуудад бус зөвхөн тэргүүлэх бишопд хамаатай (Жозеф Фийлдинг Смит, Doctrines of Salvation, нэгтгэсэн Брүс Р:Макконки, 3-р боть. [1954–1956 он], 3:92–93). Сүмийн эхэн үеийн номууд дээр Бишоп Партрижийг тэргүүлэх бишоп гэж нэрлэсэн байдаг. Дараагийн хэдэн жилийн турш Тэргүүлэх Бишопын үүрэг хариуцлага бий болж мөн өөрчлөгдсөн. 1847 онд Винтер Квортерст бишоп Ньюел К.Витней энэ дуудлагыг хүлээн авснаар ерөнхийлөгч Бригам Янгийн удирдлаган доор Тэргүүлэх Бишопын үүрэг хариуцлагыг илүү бүрэн дүүрэн тодорхойлжээ.
Сүмийн эхэн үед Тэргүүн Зөвлөлийн гишүүд бүх бишопыг томилж мөн онцгойлон адисалдаг байсан гэдгийг та тайлбарлаж болно. Өнөө үед Сүмийн Тэргүүлэх Бишоп энэ маягаар дуудагддаг. Гэсэн хэдий ч, бишопуудыг дуудаж, томилж мөн онцгойлон адислах ажлыг Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор гадасны ерөнхийлөгчид гүйцэтгэдэг. Гадасны ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн зөвлөл дэх зөвлөхүүдийнхээ дэмжлэгтэйгээр шинэ бишопыг хэзээ дуудах мөн хэнийг дуудахыг мэдэхийн тулд илчлэлт эрэлхийлдэг. Тэр санал болгож буй нэрээ Тэргүүн Зөвлөлөөр батлуулахаар илгээдэг. Тэргүүн Зөвлөл дуудлагыг баталсны дараа, тэд шинэ бишопыг томилж мөн онцгойлон адислах эрх мэдлийг гадасны ерөнхийлөгчид олгодог. (Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 19.6-г үзнэ үү.)
-
Тэргүүн Зөвлөл бишопын тань дуудлагыг баталсан гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?
Сургаал ба Гэрээ 68:25–35
Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ сайн мэдээг заахыг зарлиглав
Суралцагчдаас өөрсдийгөө хэдэн жилийн дараа эцэг эхчүүд болно гэж бодохыг хүс. Их Эзэн ээж аавуудад агуу үүрэг хариуцлагыг даалгасан ба тэд хүүхдүүддээ үг болон жишээгээрээ сайн мэдээг заах ёстой (С ба Г 29:46–50 болон энэ гарын авлагын төгсгөл дэх хавсралтад байгаа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” үзнэ үү). Тэднийг хүүхдүүддээ заах гурван зарчмыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Тэднээс санаануудаа өөр хоорондоо хуваалцахыг хүс. Тэднийг Сургаал ба Гэрээ 68:25–27-г хамтдаа уншаад, өөрсдийнхөө жагсаалтад нэмж болох зүйлсийг хайж олоход урь.
-
Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ юу заа хэмээн зарлигласан бэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох ёстой. Их Эзэн эцэг эхчүүдэд хүүхдүүддээ наманчлалын сургаал, Христэд итгэх итгэл, баптисм ба Ариун Сүнсний бэлгийг ойлгохыг заахыг зарлигласан. Та суралцагчдыг 25-р шүлэг дээр энэ сургаалыг заасан хэллэгүүдийг тодотгон тэмдэглэхэд урьж болно.)
-
Наманчлалыг ойлгох нь бяцхан хүүхдүүдэд яагаад чухал гэж та нар бодож байна вэ? Христэд итгэх итгэлийг? Баптисмыг? Ариун Сүнсний бэлгийг?
Суралцагчдыг эцэг эхчүүд нь тэдэнд Сургаал ба Гэрээ 68:25-д дурдагдсан зарчмууд болон ёслолуудыг зааж байхыг харсан үеийнхээ талаар бичихэд урь. Тэднийг бичиж дууссаны дараа, цөөн хэдэн суралцагчийг бичсэн зүйлийнхээ тухай хуваалцахыг хүс.
Суралцагчдыг дараагийн үйл ажиллагааг хоёр хоёроороо үргэлжлүүлэн хийхийг хүс. Сургаал ба Гэрээ 68:28–31-д Их Эзэн эцэг эхчүүдэд нэмэлт зөвлөгөө өгсөн гэдгийг тайлбарла. Дараах мэдээллийн хуулбарыг хамтрал бүрд өг. Хамтралуудыг судрын хэсэг бүрийг уншиж, асуултуудыг хамтдаа ярилцахад нь урамшуул. Тэд дууссаныхаа дараа, олж мэдсэн зүйлээ ангийнхандаа хэлнэ гэдгийг тайлбарла.
Суралцагчид энэ үйл ажиллагааг хийж дууссаны дараа тэднээс сурсан зүйлээ хуваалцахыг хүс. (Нэг суралцагчийг самбарт бусад суралцагчийн хариултуудыг бичихэд урих талаар бодож үзээрэй.) 31 болон 32-р шүлэг дээрээс таны онцолж болох нэг зарчим бол бид амьдралаасаа залхуурал болон шунаг байдлыг арилгах ёстой гэсэн зарчим юм. (Суралцагчид энэ зарчмыг ярилцах үед, бид аз жаргалтай байхын тулд найзууддаа байгаа бүх зүйлийг авах хэрэггүй гэдгийг та онцлон хэлж болно.)
-
Сайн мэдээний жишгүүдийг зааж мөн дагаж амьдрах нь эцэг эхчүүдэд яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
Залуу эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад” гэр бүлүүддээ туслахын тулд юу хийж болох вэ?
Хэрэв та эцэг эх бол Сургаал ба Гэрээ 68 дахь Их Эзэний зарлигуудыг дагахад хүүхдүүдэд тань тусалдаг арга замуудад талархаж байгаагаа илэрхийлж болно. Суралцагчдыг сайн эцэг эх болоход нь тэдэнд туслах нэг зорилго бичихэд урь. Эсвэл тэднийг эцэг эхчүүдэд нь үүргээ биелүүлэхэд нь туслах зорилго бичихэд урь. Та цөөн суралцагчаас зорилгуудаа ангийнхантайгаа хуваалцаж болно.