106-р хичээл
Сургаал ба Гэрээ 101:43–101
Оршил
1833 оны 12-р сарын 16, 17-нд бошиглогч Иосеф Смит хавчлагаас зугтан гэр орноо орхин явсан Миссуригийн гэгээнтнүүдийн талаар нэгэн илчлэлт хүлээн авчээ. Уг гэгээнтнүүдийн олонх нь бүх эд хөрөнгөө орхихоос аргагүйд хүрсэн юм. Бошиглогчийн хүлээн авч, Сургаал ба Гэрээ 101-д цэдэглэгдсэн энэ илчлэлт гарын авлагад 3 тусгай хичээл болон орох юм. Энэ 3-р хичээлд язгууртан ба чидун моддын тухай Их Эзэний сургаалт зүйрлэл, Сионы гэтэлгэлийн талаарх Түүний сургаал орно. Үүнд мөн гэгээнтнүүд цугларалтаа үргэлжлүүлэх тухай (улаан буудай ба зэрлэг өвсний тухай зүйрлэлээс эшлэл авсан тайлбар бүхий) мөн өөрсдийнх нь эсрэг үйлдсэн гэмт хэргийг залруулахыг эрэлхийлэх талаарх (эмэгтэй ба шударга биш шүүгчийн тухай Түүний сургаалт зүйрлэлийн тайлбар бүхий) Их Эзэний зөвлөгөө багтдаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 101:43–62
Их Эзэн, язгууртан ба чидун моддын тухай сургаалт зүйрлэлийг өгөв
Самбар дээр… сургаалт зүйрлэл гэж бич.
Сургаалт зүйрлэл нь “сүнслэг үнэнийг эсвэл зарчмыг дүрслэн харуулах юм уу заахад ашигладаг энгийн түүх болохыг тайлбарла. Сургаалт зүйрлэл нь ердийн зүйлд эсвэл үйл явдлыг үнэнтэй жишиж харьцуулахад үндэслэгдсэн байдаг” (Судруудын удирдамж, “Сургаалт зүйрлэл,” scriptures.lds.org).
Дэлхий дээр тохинуулахдаа Аврагчийн заасан зарим сургаалт зүйрлэлийг жагсаахыг суралцагчдаас хүс. Жишээ нь, суралцагчид сайн самари хүний сургаалт зүйрлэлийг, мөн арван охины сургаалт зүйрлэлийг дурдаж болно.
Өнөөдрийн хичээл дээр суралцагчид, Аврагчийн Иосеф Смитээр дамжуулан өгсөн сургаалт зүйрлэлийг ярилцах болно гэдгийг тайлбарла. Язгууртан ба чидун моддын сургаалт зүйрлэл хэмээн самбар дээр бичсэн өгүүлбэрийг гүйцээж бич.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:43-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, Их Эзэн энэ сургаалт зүйрлэлээрээ юуг ойлгуулахыг хүссэн гэж хэлсэн болохыг олж мэдэхийг хүс. (Тэрээр хүмүүст “Сионы гэтэлгэлийн тухай Өөрийн хүслийг” ойлгуулахыг хүсэж байсан.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:44–45-ыг чанга уншихад уриад, ангийнхныг сургаалт зүйрлэлийн тодорхой хэсгүүд дээр анхаарлаа төвлөрүүлэн дагаж уншихыг хүс. Суралцагчид уг түүхийг ойлгож байгааг бататгахын тулд дараах асуултуудыг тавь.
-
Язгууртан өөрийн зарц нарт юу хийхийг зааварласан бэ?
-
Язгууртан яагаад усан үзмийн талбайдаа харуулуудыг тавихыг хүссэн бэ? Тэр яагаад харуулуудыг цамхаг дээр байлгахыг хүссэн бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:46-г чанга уншихад урь. Зарц нар нь язгууртны заавруудыг хэр сайн дагаж байсныг олж мэдэхээр дагаж уншихыг ангийнхнаас хүс.
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 101:47–50-ийг дотроо аяархан уншихдаа язгууртны зааврыг зарц нар нь хэр сайн дагасныг бас олж мэдэхэд урь.
-
Тэр зааврыг зарц нар нь хэр зэрэг сайн биелүүлсэн бэ? (Та 50-р шүлэг дэх “бие биетэйгээ зөрөлдөж байх зуур” гэсэн өгүүлбэр нь зарц нар хоорондоо маргалдаж байсан гэсэн утгатайг тайлбарлаж өгч болно.)
-
Уг зарц нар яагаад цамхаг бариагүй вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:51-ийг чанга уншихад урь. Зарц нар цамхгийг бариагүйгээс болж юу тохиолдсон болохыг олж мэдэхийг ангийнхнаас хүс. Тэднийг олж мэдсэнээ хуваалцахад урь.
Сургаал ба Гэрээ 101:52–54-ийг суралцагчдад уншиж өг. Язгууртны зарц нартаа юу гэж хэлснийг олж мэдэхээр дагаж уншихыг тэднээс хүс.
-
54-р шүлэгт өгүүлснээр язгууртан зарц нартаа цамхаг бариагүйд нь яагаад уурласан бэ?
-
Энэ сургаалт зүйрлэлд дүрслэгдсэн үйл явдал, Миссури дэх гэгээнтнүүдэд тохиолдсон зүйл хоёр хэрхэн хоорондоо хамааралтай вэ?
Энэ ярилцлагын хэсэг болгон, 1831 оны 7-р сард өгсөн илчлэлтэндээ Их Эзэн Миссуригийн Индепенденс дэх ариун сүмийн байршлыг товлосон болохыг та суралцагчдад сануулан хэлж болно (С ба Г 57-г үзнэ үү). 1831 оны 8-р сарын 3-нд Иосеф Смит ариун сүмийн газрыг онцгойлон адисалсан байна. Гэсэн ч гэгээнтнүүд уг сүмийг барихаар юуг ч хийгээгүй ажээ. 1833 оны наймдугаар сарын 2-нд Их Эзэн гэгээнтнүүдийг Миссурид ариун сүм барихыг дахин зарлигласан (С ба Г 97-г үзнэ үү).
-
Сургаалт зүйрлэл дээрх цамхаг нь гэгээнтнүүдийн барьж чадалгүй бүтэлгүйтсэн ариун сүмтэй ямар хамааралтай байж болох вэ?
-
Бид энэ сургаалт зүйрлэлээс амьдралдаа хэрэгжүүлэх ямар зарчмуудыг сурч болох вэ? (Сургаалт зүйрлэлд олон утга санаа байдаг учраас суралцагчид дараахыг оролцуулан хэд хэдийг санал болгож болох юм. Бид Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх үедээ, сүнсний болон бие махбодын дайсныг эсэргүүцэн зогсохдоо хүчирхэгждэг. Бошиглогчид цамхаг дээрх харуулын адилаар ирж буй аюулын талаар бидэнд сэрэмжлүүлж үйлчилдэг. Бид ариун сүмийн ажлаар дамжуулан гай гамшгийн эсрэг зогсоход бэлтгэж чадна.)
Цөөн суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:55–62-ыг ээлжээр чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан харж, уг язгууртан зарц нартаа юу хий хэмээн тушаасныг олж мэдэхийг хүс.
-
Язгууртан нэг зарцдаа юу хий гэж хэлсэн бэ? (Армийг цуглуулж усан үзмийн цэцэрлэгийг аврахыг тушаасан.)
55-р шүлэг дээр гарсан зарц Иосеф Смитийг төлөөлж буй болохыг тайлбарла (С ба Г 103:21-ийг үзнэ үү). Иосеф Смит Их Эзэний зарлигийг даган, Сионы газрыг гэтэлгэхийн тулд Сионы хуаран нэртэй бүлгийг зохион байгуулсан. Сионы хуарангийн тухай 108 ба 110-р хичээлүүд дээр ярилцах болно.
Сургаал ба Гэрээ 101:63–75
Их Эзэн гэгээнтнүүдэд цугларалтаа үргэлжлүүлэх ёстой хэмээн зэмлэв
Миссуригийн Жаксон гүнлэг дэх гэгээнтнүүд гэр орноосоо хөөгдсөн байсан ч Их Эзэн тэдэнд Бурханы хаант улсыг барих ажлаа үргэлжлүүлэхийг тушаасан юм. Сургаал ба Гэрээ 101:63–64-ийг чанга уншихад нэг суралцагчийг урь. Ангийнхнаас Их Эзэн үргэлжлүүлэн юу хийнэ гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Мөн суралцагчдыг олсноо мэдээлэхэд урь. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 101:65–66-г дотроо уншин, Аврагчийн хэлсэн сургаалт зүйрлэлийг олж мэдэхэд урь.
-
Энэ сургаалт зүйрлэлд улаан буудай ба зэрлэг өвс юуг төлөөлж байна вэ? (Улаан буудай Сүмийн итгэлтэй гишүүдийг, харин зэрлэг өвс нь дэлхийн ёс бусчуудыг төлөөлж байна. Зэрлэг өвс нь ургаж байхдаа улаан буудайтай төстэй харагддаг хогийн ургамал болохыг тайлбарлаж өгч болно.)
Энэ сургаалт зүйрлэлийг ойлгоход суралцагчдад туслахын тулд дээр үед саравчнууд нь улаан буудайг цуглуулан, нөөцлөн хадгалдаг газар байсан болохыг тайлбарлаж өг. Судрууд дахь энэ сургаалт зүйрлэл болон бусад сургаалын талаар Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Саравчнууд нь ариун сүмүүд юм” гэж тайлбарласан байдаг (“Нэр алдрыг хүндтэйгээр хадгалж мөн зогсох нь,” Ensign, 2009 оны 5-р сар, 97 эсвэл Лиахона, 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109). Дараах үгсийг самбар дээр бич: саравчнууд= ариун сүмүүд.
-
Энэ сургаалт зүйрлэл дээр үндэслэн, ариун сүмүүдэд цугларч мөн тэнд үйлчилснээр бид ямар адислалуудыг авах вэ? (Суралцагчид өөр өөр үгсийг ашиглаж болох ч дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Ариун сүмд цугларснаар бид хамгаалалтыг хүлээн авдаг ба мөнх амьдралд өөрсдийгөө бэлтгэдэг.)
-
Ариун сүмийн ёслол, гэрээнүүд биднийг хэрхэн хамгаалж, мөн мөнх амьдралд бэлтгэдэг гэж та нар бодож байна вэ?
Хэдэн суралцагчаас ариун сүм хэрхэн тэдэнд болон тэдний гэр бүлүүдэд хамгаалах, бэлтгэх эх сурвалж болж байдаг талаар хуваалцахыг урь. Та энэ зарчмын талаар гэрчлэлээ нэмэн хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 101:67–75-ыг дүгнэхдээ, хэдийгээр гэгээнтнүүд Миссуригийн Жаксон гүнлэгээс хүчээр хөөгдөн гарсан ч Их Эзэн тэднийг тэндээ эсвэл зэргэлдээ нутагт үргэлжлүүлэн эдлэн газар худалдан авсаар байхыг зөвлөсөн болохыг тайлбарла.
Сургаал ба Гэрээ 101:76–101
Миссури дэх гэр орон руугаа буцах арга замыг үргэлжлүүлэн хайхыг Их Эзэн гэгээнтнүүдэд зөвлөв
Их Эзэн гэгээнтнүүдэд газар худалдан авахыг зааварласнаас гадна өөрсдийг нь хавчин зовоогчдын үйлдлээс болсон “гомдлоо тайлахын тулд шаргуу гуйхыг” зөвлөсөн тухай тайлбарла (С ба Г 101:76-г үзнэ үү). Өөрөөр хэлбэл, Тэрээр засгийн газрын хуулийн тогтолцоогоор дамжуулан үнэнийг эрэлхийлэхийг тэднээс хүссэн юм.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:76–80-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагуулан уншиж, гэгээнтнүүдийн засаг төрийн удирдагчдаас тусламж эрж болох хуулийн тогтолцоог олж мэдэхийг хүс.
-
Эдгээр шүлэгт өгүүлснээр, Их Эзэн Нэгдсэн Улсын Үндсэн хуулийг үүнээс олон жилийн өмнө үндэслэхэд удирдсан байна. Их Эзэн яагаад уг үндсэн хуулийг дэмжсэн бэ?
-
“Ёс суртахууны сонгох эрхийн” нэг зорилго бол бид “[өөрсдийн] нүглүүдийнхээ төлөө хариуц[лага]” хүлээх явдал хэмээн Их Эзэн хэлжээ. (С ба Г 101:78). Яагаад үйлдлүүдийнхээ төлөө хүлээх үүрэг хариуцлага нь сонгох эрхийн чухал хэсэг байдаг вэ? “Би юу хүссэнээ хийх эрх чөлөөтэй” гэж хэлдэг хүнд та нар юу гэж хариулах вэ?
-
Аливаа хүн хэн нэгний дарлалд байж болохгүйг Их Эзэн хэлсэн. Хүмүүс дарлагдахгүй мөн хараат биш байх нь яагаад чухал гэж та нар боддог вэ?
Энэхүү ярилцлагын нэг хэсэг болгон, самбар дээр дараах үгсийг бич. Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрхийг, мөн сонгох хүчийг өгсөн, гэвч бид …
Сургаал ба Гэрээ 101:78 дээр үндэслэн энэ өгүүлбэрийг гүйцээж бичихийг суралцагчдаас хүс. (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох явцад самбар дээрх өгүүлбэрийг гүйцээн бич. Бурхан бидэнд ёс суртахууны сонгох эрхийг, мөн сонгох хүчийг өгсөн, гэвч бид өөрсдийн сонголтуудын төлөө хариуцлага хүлээдэг.)
Засгийн газрын удирдагчдаас тусламж эрэлхийлэхэд нь гэгээнтнүүдийг урамшуулахын тулд Их Эзэн сургаалт зүйрлэлийг ашигласан болохыг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:81–84 дээрх сургаалт зүйрлэлийг уншихад урь (мөн Лук 18:1–8-ыг үз). Ангийнхнаас дагуулан харж, энэ сургаалт зүйрлэл Миссуригийн гэгээнтнүүдэд хэрхэн хамаарч болохыг эргэцүүлэн бодохыг хүс. Дараа нь өөр нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 101:85–88-ыг уншихыг хүс. Аврагч энэ сургаалт зүйрлэлийг уг гэгээнтнүүдэд хамааруулсан тэр арга замыг олж мэдэхийг ангийнхнаас хүс.
-
Сүмийн түүхийн энэ үед бэлэвсэн эхнэр хэнийг төлөөлсөн байж болох вэ? (Сүмийн гишүүдийг.) Шүүгч хэнийг төлөөлж байгаа вэ? (Шүүгч нь гэгээнтнүүдийн тусламж гуйж болох засгийн газрын шүүгчид, удирдагчдыг төлөөлсөн. Тэр нь мөн гэгээнтнүүдийн үргэлжлүүлэн залбирч гуйх Тэнгэрлэг Эцэгийг төлөөлж болно.)
-
Энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан, Их Эзэн гэгээнтнүүдэд тодорхой ямар зүйлсийг хийхийг зааварласан бэ?
Гэгээнтнүүд орон нутгийн шүүхийн шүүгчдэд гомдол гаргасан боловч найдаж байсан дэмжлэгийг хүлээн авч чадаагүй. Тэд Миссуригийн захирагч Даниел Данклин болон Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Эндрью Жаксон нараас өөрсдийг нь хамгаалах, гэр орон, эдлэн газартаа эргэж очиход нь туслах тусламж хүсэв. Хоёр удирдагч хоёул тэдэнд туслахаас татгалзжээ. Гэгээнтнүүд Миссуригийн хууль тогтоох байгууллагад хандсан ч тэд туслахаас татгалзсан.
Самбар дээр бичсэн зарчмыг дахин дурд. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 101:89–91-ийг чанга уншихад урь. Хэрэв засгийн газрын удирдагчид гэгээнтнүүдэд туслахаас татгалзах юм бол тэдэн дээр хариуцлага хэрхэн оногдох талаар олж мэдэхийг ангийнхнаас хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 101:92–95-ыг чимээгүй уншиж, Их Эзэн, гэгээнтнүүдэд засгийн газрын удирдагчдын талаар юу хийхийг хүссэн болохыг олж мэдэхэд урь.
-
92-р шүлэг бидэнд Их Эзэний тухай юу заадаг вэ? (Тэр хүмүүсийг шийтгэхийг хүсдэггүй. Тэр бүх хүнд нигүүлсэнгүй хандаж болохын тулд тэднийг наманчлаасай хэмээн хүсдэг.)
Гэгээнтнүүдийг Жаксон гүнлэгт амьдрахыг зөвшөөрөөгүй ч гэсэн эдлэн газраа авч үлдэхийг Их Эзэн тэдэнд зөвлөсөн гэдгийг тайлбарлан, Сургаал ба Гэрээ 101:96–101-ийг дүгнэн ярьж өг. Хэрэв тэд зөв зохистой амьдрах юм бол, нэгэн цагт тэнд амьдрах боломжтой болно хэмээн Тэр амласан.
Суралцагчдын ярилцсан зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцан хичээлийг дуусга.