28-р хичээл
Сургаал ба Гэрээ 20:37, 68–84
Оршил
20-р хэсгийн энэ хэсэгчлэлд Их Эзэн баптисм хүртэж, гишүүнээр батлагдахад тавигдах шаардлагууд болон баптисм, гишүүний баталгааны ёслол ба ариун ёслолыг хүртээх зөв арга зам зэргийг оролцуулсан Сүмийн удирдлагын тухай заавруудыг өгсөн байдаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 20:37, 68–74
Их Эзэн хувь хүмүүст зориулсан баптисмын өмнө болон дараа тавигдах шаардлагуудыг илчилсэн юм.
Суралцагчдыг дараах нөхцөл байдалд юу гэж хэлэх тухай бодоход урь.
Өөр сүмд харъяалагддаг нэг найз чинь сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болжээ. Тэр “Би баптисм хүртэж, танай сүмийн гишүүн болохын тулд юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуужээ.
Суралцагчдаас өөрсдийнхөө хариултыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Дараа нь тэднийг Сургаал ба Гэрээ 20:37-г уншаад, баптисм хүртэхийг хүсэж байгаа хүмүүст тавигдах шаардлагыг олж мэдэхэд урь. Та суралцагчдад олж мэдсэн шаардлага бүрээ тэмдэглэхийг зөвлөж болно. Суралцагчдад уг шүлгийн утгыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд та “харууссан зүрх мөн гэмшсэн сэтгэлтэй” хүмүүс гэдэг нь даруу мөн Бурханы тааллыг дагадаг хүмүүсийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно. Тэд нүглийн төлөө гүн гүнзгий шаналлыг болон наманчлах чин сэтгэлийн хүслийг мэдэрдэг.
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хүмүүс баптисм хүртэхийн өмнө … ёстой
Нэг суралцагчийг самбарын өмнө ирээд, хариултуудыг бичихэд урь. Ангиас асуу.
-
Сургаал ба Гэрээ 20:37-д цэдэглэснээр хүн баптисм хүртэхийн тулд юуг батлан харуулах ёстой вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах үед самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бичихийг хүс. Самбар дээр дараахтай төстэй өгүүлбэр бүтээх ёстой. Хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө даруусаж, наманчилж, Есүс Христийн нэрийг өөр дээр авах хүсэлтэй байж, эцсийг хүртэл Түүнд үйлчлэх шийдвэр төгс байх ёстой.)
-
Хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө яагаад эдгээр шаардлагыг хангах ёстой гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 20:37 нь баптисм хүртэхэд хийдэг гэрээг агуулдаг гэдгийг онцолж хэл. Суралцагчдыг баптисмын гэрээнийхээ дагуу амьдрахын тулд яг одоо юу хийж байгаагаа тунгаан бодоход урь.
Суралцагчдыг баптисм хүртэх үед юу болдгийг нөгөө найз чинь асууж байна гэж төсөөлөхөд урь. Цөөн суралцагчийг хариулсны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:72–74-ийг чангаар уншихад урь. Та суралцагчдад Их Эзэний тодорхойлсон баптисмын зан үйлийг тэмдэглэхийг зөвлөж болно.
-
72–74-р шүлэгт цэдэглэснээр Их Эзэн баптисмыг хэрхэн гүйцэтгэхийг хүсдэг вэ? (Суралцагчдын хариулт дараах зарчмыг тусгах ёстой. Баптисм усанд умбуулалтаар мөн зохих эрх мэдэлтэй хэн нэгнээр гүйцэтгэгдэх ёстой. Уг зарчмыг өмнөх зарчмын доор самбар дээр бич.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 20:68–69-ийг дотроо уншаад, баптисм хүртсэний дараа Их Эзэн биднээс юуг хүсэн хүлээдгийг олж тогтооход урь. Та суралцагчдад эдгээр хүсэлтийг тэмдэглэхийг зөвлөж болно.
-
Биднийг баптисм хүртсэний дараа Их Эзэн биднээс ямар зүйлсийг хүсэн хүлээдэг вэ?
Тайлбар: Суралцагчид шинээр баптисм хүртсэн гишүүд нь гишүүнээр батлагдахаасаа өмнө ахлагчдаар заалгах ёстой гэсэн 68-р шүлэг дэх шаардлагын талаар асууж магадгүй. Баптисмын өмнө сонирхогчдод номлогчийн хичээлүүдийг заах нь хүмүүст баптисм хүртсэнийхээ дараа аль болох хурдан гишүүнээр батлагдаж, Ариун Сүнсний бэлэг хүлээн авах боломжийг олгодог.
-
Та 69-р шүлгээс баптисм хүртсэнийхээ дараа бид Их Эзэнд зохистой байдлаа хэрхэн харуулах талаар юу сурсан бэ? (Суралцагчдын хариулт өөр өөр байж болох ч тэд дараах зарчмыг олж тогтоох ёстой. Бид баптисмын дараа өөрсдийн бурханлиг алхаа хийгээд яриагаараа зохистой байдлаа Их Эзэнд харуулдаг. Өмнөх хоёрын доор самбар дээр уг үнэнийг бич.)
-
“Бурханлаг алхаа хийгээд яриагаараа харуулах” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Та хүмүүс Бурхантай нийцэх үйлдэл, зан байдал, үг хэлээрээ дамжуулан “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулдаг гэдгийг тайлбарлаж болно.)
Суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан залуу хүмүүс хэрхэн “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулж чадах талаар илүү дэлгэрэнгүй зөвлөгөө авахын тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг уншихад тэднийг урих талаар бодож үз.
-
Бусад хүн “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулсныг та хэзээ харсан бэ? Тэдний үйлдэл болон зан байдал эргэн тойронд байгаа хүмүүст хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
Суралцагчдад уг зарчмыг хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараагийн хэдэн өдрүүдэд хэрхэн “бурханлиг алхаа хийгээд яриаг” илүү сайн харуулахыг тунгаан бодоход тэднийг урамшуулан дэмж. Хэрэв суралцагчид үүнийг хийх төлөвлөгөөгөө хуваалцахад бэлэн байвал тэднийг санаагаа ангийнхантай хуваалцахад урь. Та мөн баптисмын гэрээг хүндэтгэснээр ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар үүнийг хийж болно.
Сургаал ба Гэрээ 20:75–79
Их Эзэн ариун ёслолыг гүйцэтгэх заавруудыг өгөв
Хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирэхэд урь. Нэг суралцагчийг ариун ёслолын цуглаанд анх удаа ирээд яагаад талх, усыг цугларагсдад тарааж өгдгийг мэдэхийг хүсэж байгаа нэгэн найзыг төлөөлөхөд урь. Өөр нэг суралцагчаас ариун ёслолын талаар найздаа тайлбарлаж өгөхийг хүс. Суралцагчдыг өөрсдийн ойлголтыг хуваалцсаны дараа дараагийн шүлгүүдийг судлах үедээ суралцагчийн тайлбарласан зүйл дээр нэмэх судрын тусламж болон ариун ёслолын тухай тайлбарлахдаа ашиглаж болох бусад нэмэлт ойлголтыг олж мэдэхэд урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:75-ыг чангаар уншихад урьж, ангийнхнаас дагаж уншихыг хүс. (Өнөө үед бид ариун ёслолд дарсны оронд ус хэрэглэдэг гэдгийг та онцолж хэлж болно. С ба Г 27:1–2-ыг үзнэ үү.)
-
Биднийг яагаад ариун ёслолоос ойр ойрхон хүртэхэд чиглүүлдэг гэж та бодож байна вэ?
Уг ярилцлагын нэг хэсэг болгон нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллардын дараах хэлсэн үгийг уншихыг хүс. (Ахлагч Баллард “ариун ёслолын ширээний өмнө гарч ирэх” гэж ярихдаа ариун ёслолоос хүртэх гэдэг санааг илэрхийлснийг тайлбарлаж болно.)
“Эрэгтэй эмэгтэй бүх хүн аюулгүй байдлынхаа төлөө хийж чадах нэг зүйл бол Хүндэтгэлийн өдөр бүр ариун ёслолын ширээний өмнө гарч ирэх явдал юм. Нэг долоо хоногт бид тийм ч их хол алслагдахгүй буюу бид өөрсдийгөө шалган судлах үед хийсэн буруу зүйлсээ залруулах боломжгүй болтлоо хол алслагдахгүй. … Ариун ёслолын ширээ рүү хүрэх зам бол хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд аюулгүй байдлын зам юм” (Брайнт С.Хинкли, Sermons and Missionary Services of Melvin Joseph Ballard [1949 он], 151).
Самбар дээр дараах гарчгуудыг бич.
Ангийн талыг Сургаал ба Гэрээ 20:77–79-ийг уншиж, бид ариун ёслолоос хүртэхдээ ямар амлалтууд өгдгийг олж мэдэхийг хүс. Нөгөө талыг дээрх шүлгүүдийг уншаад, Их Эзэн ямар амлалтууд өгснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдад уг судрын хэсгийг судлах хангалттай цаг өгсний дараа олж мэдсэнээ тайлагнахыг тэднээс хүс. Нэг суралцагчийг самбар дээрх тохирох гарчгийн доор тэдний хариултыг бичихэд урь. Суралцагчид эдгээр жагсаалтыг дуусгах үедээ дараах зарчмуудыг олж тогтоох болно.
Бид ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж санан, Түүний зарлигуудыг дагахад бэлэн гэдгээ гэрчилдэг.
Бид ариун ёслолын үеэр өгдөг амлалтууддаа үнэнч байснаар Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах болно.
Та суралцагчдад эдгээр үнэнийг судар дээрээ тэмдэглэхийг санал болгож болно.
-
Самбар дээрх жагсаалтуудыг Сургаал ба Гэрээ 20:37-той харьцуулан ариун ёслол болон баптисмын гэрээний үед өгдөг амлалтуудын хооронд ямар адил төстэй зүйлс байгааг та харж байна вэ?
Бид ариун ёслолоос хүртэхдээ баптисм хүртэж, гишүүнээр батлагдсан үедээ хийсэн гэрээгээ шинэчилдэг.
-
Бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авахад бэлэн байгаагаа хэрхэн харуулах вэ? (Хариултуудад зөв зүйлсийн төлөө зогсох, бусдад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн гэдгээ хэлэх, Түүнд итгэх итгэлээ бусадтай хуваалцах, Түүний ажилд оролцох зэрэг орж болно.)
-
Аврагчийг үргэлж санахын тулд бидний хийж болох зарим зүйл юу вэ?
-
Ариун ёслолоос хүртэх нь бидэнд “бурханлиг алхаа хийгээд яриаг” харуулахад хэрхэн тусалдаг вэ?
Суралцагчдад Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгахын үнэ цэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Итгэлдээ үнэнч байх нь номын дараах хэсгийг уншихыг хүс. Баптисмын гэрээгээ шинэчилснээр ирдэг адислалуудыг олж сонсохыг ангийнхнаас хүс.
“Баптисмын гэрээгээ сахиснаар та агуу адислалуудыг хүлээн авна. Та үүнийг шинэчилбэл, нүглийг тань уучилна гэсэн амлалтаа Их Эзэн шинэчилдэг. Нүглээсээ цэвэршвэл та ‘түүний Сүнсийг [өөртэйгөө] үргэлж хамт байлга[х]’ боломжтой болно. (С ба Г 20:77) Сүнсний байнгын нөхөрлөл бол зуурдын байдалдаа таны хүлээн авах хамгийн том бэлгүүдийн нэг юм. Сүнс таныг Есүс Христ болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдрал руу хөтлөх зөв шударга байдал хийгээд амар амгалангийн зам руу удирдах болно” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004 он], 148).
Суралцагчдыг энэ долоо хоногт ариун ёслолоос хүртэхдээ өөрсдийгөө хэрхэн бэлтгэх талаараа тунгаан бодох (эсвэл бичихэд) урь. Та баптисмын гэрээгээ шинэчлэхийн үнэ цэнийн талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 20:80–84
Их Эзэн Сүмийн удирдагчдад Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлийг үнэн зөв хөтлөхийг зааварлав
Суралцагчдад эхэн үеийн Сүмийн санваартнуудад Сүмд нэгдсэн хүмүүсийн нэрсийг бүртгэж байхыг зааварласан тухай хэлснээр Сургаал ба Гэрээ 20:81–84-ийг нэгтгэн дүгнэ. Тэд тэдгээр нэрийг нэгэн номонд хадгалдаг байжээ. Сүмээс явсан хүмүүсийн нэрсийг номноос хасдаг байжээ. Нэг газраас өөр газар руу шилжсэн Сүмийн гишүүд шинэ санваарын удирдагчдаа өгөхөөр өөрсдийн гишүүнчлэлийн гэрчилгээг авч явдаг байжээ. Өнөөдөр ч гэсэн Сүмийн удирдагчид үнэн зөв гишүүнчлэлийн бүртгэлийг үргэлжлүүлэн хөтөлж байгаа ч үүнийг хийх арга зам нь илүү үр дүнтэй болсон юм.
Та энэ хичээл дээр ярилцсан сургаал болон зарчмуудын талаар гэрчлэлээ хуваалцсанаар энэ хичээлийг дуусгаж болно.