31-р хичээл
Сургаал ба Гэрээ 24 болон 26
Оршил
1830 оны 6 мөн 7-р сард Иосеф Смит болон Сүмийн бусад гишүүд хүчтэй хавчлага дарамттай тулгарсан. Энэхүү хүнд хэцүү цагт Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг хүчирхэгжүүлж, Сургаал ба Гэрээ 24-т агуулагдсан илчлэлтээр дамжуулан тэдний үүргүүдийн талаар зааварлажээ. Их Эзэн мөн Сургаал ба Гэрээ 26-д гардаг Сүм дэх нийтийн дэмжлэгийн талаар удирдамж өгөв.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 24:1–12
Иосеф Смит, Оливер Каудери хоёр дуудлагынхаа талаар зөвлөгөөг хүлээн авав
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Амьдралд чинь хүнд хэцүү зүйл тохиолдох үед та юу хийдэг вэ?
Суралцагчдаас өөрсдөд нь тулгарсан хүнд хэцүү эсвэл сэтгэлээр унагасан цаг үеийн талаар болон тэдгээрийг хэрхэн даван туулсан талаараа бодохыг хүс. Цөөн хэдэн суралцагчийг туршлагаасаа хуваалцахад урь. (Зарим туршлага нь хуваалцахад хэт ариун нандин эсвэл хувийн байдаг гэдгийг суралцагчдад сануул.)
Иосеф Смит амьдралдаа маш олон хүнд хэцүү цаг үеүдтэй тулгарсан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчаас 24-р хэсгийн оршлыг чангаар уншихыг хүс. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, уг илчлэлт болон дараах хоёр илчлэлтийг хүлээн авсан нөхцөл байдлуудыг олж тогтооход урь.
Тэр үед Иосеф Смит болон бусад хүмүүсийн туулж байсан хавчлага дарамтыг дүрслэхийн тулд нэг суралцагчаас дараах түүхэн намтрыг чангаар нэгтгэн дүгнэхийг хүс (та суралцагчид бэлтгэх цаг өгөхийн тулд хичээлийн өмнө түүнд энэ мэдээллийг өгч болно).
1830 оны 6-р сард Иосеф Смит цөөхөн хэдэн нөхдийн хамт баптисм хүртэх сонирхолтой байгаа хүмүүс рүү очихоор Нью-Йоркийн Колесвилл рүү явжээ. (Ням гарагт) буюу дараагийн өдөр нь болох баптисмуудад бэлтгэж, голд далан босгосон боловч шөнө дунд дайсагнасан танхай этгээдүүд даланг устгасан байлаа. Ням гаргийн өглөө эрт даланг дахин барьж, Эмма Смитийг оролцуулан 13 хүнд баптисм хүртээв. Баптисмын ёслол дууссаны дараа 50 гаруй танхай этгээд гэгээнтнүүд рүү дайрч, тэднийг айлган сүрдүүлэхээр цугларчээ. Тэр орой гэгээнтнүүд тухайн өглөө баптисм хүртсэн хүмүүсийг гишүүнээр батлахаар цугларсан боловч гишүүний баталгааны ёслол болохоос өмнө Иосефыг “Мормоны Номын тухай номлосноор улс оронд үймээн самуун дэгдээхэд хүргэсэн” хэргээр баривчилжээ. (History of the Church, 1:86–88-ыг үзнэ үү.)
Иосеф баривчлагдан явах замдаа түүнийг дагуулж явсан нэгэн өрөвч сэтгэлтэй цагдаагийн тусламжтайгаар танхай этгээдүүдээс зугтаасан. Иосеф шүүхийн өмнө зогсож, заргаасаа мултарсан даруйдаа дахин өөр нэгэн мужийн цагдаад баривчлагджээ. Тэр орой “нэлээд хэдэн эрчүүд” Иосефыг доромжилж, зодож тамласан ба маргааш өглөө нь түүнийг шүүхийн өмнө авчрав. Иосеф дахин шүүхийн заргаас чөлөөлөгдөж, гэр рүүгээ явах зуураа өөр хэсэг дээрэмчдээс зугтжээ. (History of the Church, 1:88–96-г үзнэ үү.)
Иосеф Смит, Оливер Каудери хоёр Колесвиллд баптисм хүртсэн гишүүдтэй уулзахаар дахин нэг оролдлого хийсэн боловч тэднийг ирсний дараахан танхай этгээдүүд хүрч ирэв. Иосеф, Оливер хоёр зугтахаас өөр аргагүй болж, тэр орой дээрэмчдээс арай ядан зугтаж амжсан (History of the Church, 1:97-г үзнэ үү). Иосеф тэрхүү хүнд цаг үеийн тухай “Дайснуудын уур хилэн заналхийлж байсан хэдий ч бидэнд маш их тайтгарал ирж байсан ба бидний итгэлийг хүчирхэгжүүлж, зүрх сэтгэлийг маань баясгасан олон зүйл тохиолдож байлаа” гэж хэлжээ (History of the Church, 1:101-т).
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 24-ийн толгой гарчгийн сүүлийн өгүүлбэрийг чангаар уншихыг хүс. Та суралцагчдыг энэ өгүүлбэрийг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно. Иосеф Смит, Оливер Каудери хоёрт өгсөн Их Эзэний зөвлөгөө нь хэрхэн хүнд хэцүү цагт суралцагчдад туслах талаар хичээлийн дундуур тунгаан бодоход тэднийг урь.
Дараах үгсийг самбар дээр бич.
Хүчирхэгжүүлж, зоригжуулсан |
Зааварласан |
---|---|
Суралцагчдад хоёр хоёроороо Сургаал ба Гэрээ 24:1–12-ыг судлахыг даалга. Нэг суралцагчийг шүлгүүдийг дотроо уншаад, бошиглогч, Оливер Каудери хоёрыг хүчирхэгжүүлж, урамшуулан зоригжуулсан байж болох хэллэгүүдийг олж мэдэхэд урь. Хоёр дахь суралцагчийг шүлгүүдийг уншаад, Их Эзэний өгсөн заавруудыг хайж мэдэхэд урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдыг хамтрагчтайгаа олж мэдсэн зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмж. Хамтрагч бүрийг тэдэнд утга учиртай санагдсан нэг хэллэгийг сонгож аваад, Их Эзэнээс ирсэн тодорхой урам зориг эсвэл заавар Иосеф Смит, Оливер Каудери хоёрыг хүчирхэгжүүлэхэд хэрхэн тусалсан гэж бодож байгаагаа ярилцлагадаа багтаахад урь.
Баг бүрийг Сургаал ба Гэрээ 24:1–12-ыг ярилцсаны дараа цөөн хэдэн суралцагчийг сурсан зүйлээ хуваалцахад урь. Суралцагчид өөрсдийн бодлыг илэрхийлсний дараа урамшуулан зоригжуулсан мөн зааварласан үгсийг самбар дээрх тохирох гарчгийн доор жагсаа.
-
Зовлон зүдгүүртэй үед бидэнд юу тус болох талаар Сургаал ба Гэрээ 24:8-аас бид ямар зарчим сурч болох вэ? (Та зовлон зүдгүүр гэдэг нь өвдөлт, уйтгар гуниг, зовлон шаналлын шалтгаан эсвэл нөхцөл байдал гэдгийг тайлбарлаж болно. Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг олж тогтоосон эсэхийг анхаар. Хэрэв бид тэвчээртэй байж, зовлон зүдгүүрээ тэсвэрлэвэл Их Эзэн бидэнтэй хамт байх болно. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд тэднээс тэвчээртэй байж, тэсвэрлэх гэдэг нь юу гэсэн үг болохыг товч тайлбарлаж дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Цөөн хэдэн суралцагчийг тайлбараа чангаар уншихад урь. Тэдний ойлголт дээр нэмж, сайн мэдээний хувьд зовлон зүдгүүрийг тэвчих гэдэг нь Их Эзэнд үнэнч байж, зовлон зүдгүүрээ зоригтой даван туулах гэсэн үг гэдгийг тайлбарла.
-
Зовлон зүдгүүртэй үед тэвчээртэй байх нь яагаад хэцүү байдаг вэ?
-
Та нар хэзээ хүмүүс зовлонтой үедээ тэвчээртэй байж, итгэлтэй хэвээрээ үлдэж байгааг харсан бэ?
-
Их Эзэн тэдгээр хүнд тэдэнтэй хамт байгаагаа хэрхэн харуулсан бэ?
Суралцагчдад самбар дээрх зарчимтай холбоотой үнэнийг олж мэдэхэд нь туслахын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 24:10–12-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хэрэв сайн мэдээг тунхаглах дуудлагаа итгэлтэйгээр үргэлжлүүлэн хийвэл Оливер Каудерид өгнө хэмээн Их Эзэний амласан адислалуудыг олж тогтоохыг хүс.
-
Хэрэв Их Эзэний хүссэн зүйлийг хийхдээ итгэлтэй байвал Оливерт ямар адислалуудыг өгнө гэж Тэр амласан бэ? (Суралцагчдад дараах амлалтуудыг мэдэхэд тусал: “Бибээр төгсгөл хүртэл түүнтэй хамт байх болно” [10-р шүлэг]. “Надад алдар сууг олох болно” [11-р шүлэг]. “Хүмүүний дунд мэдэгдээгүй тийм чадлыг бибээр түүнд өгөх болно” [12-р шүлэг].)
Дараах бүрэн бус өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв…байвал,…
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 24:10–12-т заасан зарчмыг илэрхийлсэн “хэрэв-байвал” хэсгийг олж тогтооход урь. (Суралцагчид хэд хэдэн зарчмыг олж тогтоож болох ч дараах зарчмыг онцолж хэлэхэд анхаар. Хэрэв бид Их Эзэний биднээс хүссэн зүйлийг хийхдээ итгэлтэй байвал Тэрээр биднийг хүчирхэгжүүлэх болно. Самбар дээрх хоосон зайг бөглөж зарчмыг гүйцээ.)
-
Таныг Их Эзэнд итгэлтэй байснаар Тэрээр таныг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ?
Суралцагчдыг амьдралд нь хүнд хэцүү үе тохиолдоход тэвчээртэй байж, Их Эзэнд үнэнч үлдэхийн тулд хийж болох зарим зүйлийг бичихэд урь. Хүнд хэцүү цаг үед гаргасан тэвчээр, итгэлийнхээ ачаар та хэрхэн хүчирхэгжиж, Их Эзэнтэй хамт байснаа хуваалцах талаар бод.
Сургаал ба Гэрээ 24:13–19
Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт тэдний ажлынх нь талаар мөн тэднийг эсэргүүцэж буй хүмүүсийн талаар зааварлав
Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери хоёрт Өөрийнх нь нэрээр үйлдэж болох гайхамшгуудын талаар зааварчилгаа өгсөн гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 24:13–19-ийг нэгтгэн дүгнэ. Тэрээр мөн хүмүүс тэднийг эсэргүүцэх үед тэдний хүлээн авч болох хамгаалалтын талаар хэлсэн. Мөн та Их Эзэн өнөөдөр номлогчдын хүлээн авдаг заавруудаас өөр зааврыг тэдэнд өгсөн гэдгийг тайлбарлаж болно. Жишээлбэл, Тэрээр өөрсдийг нь хүлээн аваагүй хүмүүсийн эсрэг гэрчлэл болгон “хөлнийхөө тоосыг [гүвэх]” зөвшөөрлийг тэдэнд өгчээ (С ба Г 24:15). Энэ үйлдэл нь хамгийн адгийн нөхцөл байдалд хэрэглэхэд зориулагдсан байв. Өнөөдөр бүрэн цагийн номлогчдод үүнийг хийх эрх байдаггүй. Иосеф Смит, Оливер Каудери хоёрт мөн “хэтэвч буюу аяны цүнх” (С ба Г 24:18) авч явахгүй байхыг зарлигласан байдаг. Энэ нь тэд хоол хүнс мөн хоргодох газраар хангаж өгөх Сүмийн гишүүд болон бусад хүний сайхан сэтгэлд найдан, мөнгөгүй аялах ёстой гэсэн үг юм. Өнөөдөр бүрэн цагийн номлогчдод түрийвч эсвэл аяны цүнхгүй явахыг зарлиглаагүй юм.
Сургаал ба Гэрээ 26
Их Эзэн Иосеф Смит, Оливер Каудери, Жон Витмер нарт зааварчилгаа өгөв
Сургаал ба Гэрээ 26:1 нь Иосеф Смит, Оливер Каудери, Жон Витмер нарын хийх ёстой сүнслэг болон бие махбодын хөдөлмөрийн талаар тэдэнд урьдчилан өгсөн зааврыг агуулдаг. Их Эзэн Сүмийн удирдлагын талаарх чухал зарчмыг дахин онцолжээ. Энэ зарчмыг танилцуулахын тулд, суралцагчдыг өөр итгэл бишрэлтэй нэг найз нь түүнтэй хамт Сүмийн албан тушаалтнуудыг дэмжүүлэн батлах цуглаанд явж байна гэж төсөөлөхөд урь. Тэднээс найздаа дэмжүүлэн батлах уламжлалын талаар хэрхэн тайлбарлахыг асуу. (Энэхүү жүжигчилсэн тоглолтод оролцох хоёр суралцагчийг урь.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 26:2-ыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, дэмжүүлэн батлах уламжлалтай холбоотой хэллэгийг олж мэдэхийг хүс. Шүлгийг уншсаны дараа суралцагчдаас олж тогтоосон зүйлээ хуваалцахыг хүс. Та суралцагчдад дараах зарчмыг илэрхийлсэн үгсийг тэмдэглэхийг зөвлөж болно. Сүмд буй бүх зүйл нийтийн дэмжлэгээр явагдах ёстой.
-
“Нийтийн дэмжлэг” гэдэг нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ? (Та “нийтийн дэмжлэг” гэдэг нь Сүмийн удирдагчдаас ирсэн саналыг дэмжихэд бэлэн эсвэл бэлэн бус байгаагаа илэрхийлэх сонгох эрхээ Сүмийн гишүүд ашиглаж байгааг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно.) Бид ариун ёслолын цуглаан, гадасны болон ерөнхий чуулган дээр баруун гараа өргөснөөр дэмжиж байгаагаа илэрхийлэхийг хүсдэг.
-
Нийтийн дэмжлэгээр мөн нийтийн саналаар дэмжих хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
Та Их Эзэн ихэвчлэн Өөрийнхөө хаант улсад томилсон удирдагчдадаа шийдвэрүүдээ илчилдэг гэдгийг тайлбарлаж болно. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд Тэрээр удирдагчдадаа өгсөн эрх мэдлээрээ дамжуулан тэдэнд шийдвэр гаргахыг зөвшөөрдөг. Ариун Сүнс тэдгээр шийдвэрийг баталдаг бөгөөд Сүмийн гишүүд шийдвэрүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа харуулахын тулд сонгох эрхээ ашигладаг. Нийтийн дэмжлэгийн хууль нь Сүмийн дуудлага, санваарын томилолт болон илчлэлтэд хамаардаг. Бид Сүмийн цуглаан дээр хувь хүн эсвэл шийдвэрийг дэмжихийн тулд гараа өргөх бүрдээ нийтийн дэмжлэгийн хуульд оролцдог.
Бусдыг дэмжинэ гэдэг нь юу гэсэн үг болохыг суралцагчдад ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чангаар уншихыг хүс. Бид бусдыг нийтийн дэмжлэгээр дэмжих үедээ хийхээр амладаг гурван зүйлийг олж сонсоход суралцагчдыг урь.
“Дэмжих үйл явц нь ёс төдий гараа өргөхөөс хавьгүй чухал юм. Энэ бол сонгогдсон хүмүүсийг урамшуулж, дэмжиж, туслах амлалт юм” гэж заасан (“This Work Is Concerned with People,” Ensign, 1995 оны 5-р сар, 51).
-
Бид бусдыг дэмжихээр гараа өргөхдөө юу хийнэ гэж амладаг вэ?
Суралцагчдаас томилолт, дэвшилт эсвэл дуудлагад дэмжигдэн батлагдаж байсан эсэхийг нь асуу.
-
Та нар дэмжигдэн батлагдах үедээ ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
-
Бид хэрхэн Ерөнхийлөгч Хинклигийн дүрсэлсэн гурван арга замаар бусдыг дэмждэг вэ? (Суралцагчдын хариултыг самбар дээр бич.)
Суралцагчдыг гараа өргөснөөр дэмжин баталсан нэг хүний нэрийг бичихэд урь (жишээлбэл, бошиглогч, төлөөлөгчид, бишоп эсвэл өсвөр үеийнхний удирдагчид). Суралцагчдаас энэ хүнийг илүү сайн дэмжихийн тулд хийж болох нэг үйлдлийг бичихийг хүс. Сүмийн удирдагчдыг дэмжсэнээр ирдэг адислалуудын талаар гэрчлэлээ хуваалц.