Институт ба семинар
32-р хичээл: Сургаал ба Гэрээ 25


32-р хичээл

Сургаал ба Гэрээ 25

Оршил

Иосеф Смит болон Есүс Христийн Сүмийн гишүүдийн эсрэг хавчлага дарамт 1830 оны зуны турш үргэлжилжээ. Иосефийн эхнэр Эмма 6-р сарын 28-нд баптисм хүртсэн боловч гишүүдийг хавчих хавчлага дарамт түүний гишүүний баталгааг 1830 оны 8-р сар хүртэл хойшлуулахад хүргэв. 6-р сарын сүүлээр буюу Эммагийн баптисм болон гишүүний баталгааны хоорондох хугацаанд Иосеф Сургаал ба Гэрээ 25 дахь илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн энэхүү илчлэлтдээ Эммад тайтгарлын үгс болон гэр бүл, Сүм дэх үүрэг хариуцлагынх нь талаар заавруудыг өгөв.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 25:1–3

Их Эзэн Эммаг сонгогдсон хатагтай гэж хэлэв

Хичээл эхлэхээс өмнө гурван суралцагчийг бошиглогч Иосефын эхнэр Эмма Смитийн амьдрал болон зан байдлын дараах дүгнэлтийг судлахад урь. Эдгээр суралцагчийг Эмма Смитийн талаар сурсан зүйлээ хэлэхэд урьснаар хичээлийг эхлүүл. Та Эмма Смитийн зургийг үзүүлж болно (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], дугаар 88; мөн LDS.org-ыг үзнэ үү).

Эмма Смит
  1. Эмма Мормоны Номын орчуулгын үеэр Иосеф Смитэд тусалдаг байжээ.

    Эмма Хейлийг Иосеф Смиттэй гэрлэсний дараахан тэнгэр элч Моронай алтан ялтсуудыг хүлээн авах цаг нь ирснийг Иосефт хэлэв. 1827 оны 9-р сарын 22-ны өглөө эрт Иосеф, Эмма хоёр Кумора гүвээ рүү морин тэргээр явсан ба тэнд Иосеф алтан ялтсуудыг хүлээн авсан байна. Нью-Йорк дахь хавчлага дарамтаас болж Иосеф, Эмма хоёр Пеннсильвани мужийн Хармони руу нүүж, тэндээ Эммагийн эцэг эхээс газар худалдан авав. Бошиглогч Хармонид ялтсуудыг орчуулж эхэлжээ. Иосефыг орчуулга хийж байх зуур хэсэг хугацааанд Эмма бичээч хийж байв. Тэр үед Иосеф алтан ялтсуудыг хэнд ч, бүр Эммад ч үзүүлж болохгүй гэсэн зарлигийг хүлээн авчээ. Эмма ширээн дээр маалинган даавуугаар хучсан ялтсуудыг ажигласан ч хэзээ ч тэдгээрийг харахаар даавууг сөхөөгүй юм.

  2. Эммад гай зовлон, шаналал, хавчлага дарамт ирж байлаа.

    Эмма Пеннсильванийн Хармонид амьдарч байхдаа Алвин хэмээх хүүг төрүүлсэн ба хүү нь удаан амьдарч чадаагүй юм. Эмма маш хүндээр өвдөж, Иосеф түүнийг амьд үлдэхгүй байх вий гэдгээс айж байв. Тэрээр эдгэрснийхээ дараа Иосефын найз Мартин Харрис гар бичмэлийн 116 орчуулагдсан хуудсыг алдсан гэх сэтгэлээр унагасан мэдээг сонсон аж. Эммагийн бие муу байсан ч орчуулах хүчээ алдаж, сэтгэлээр унасан нөхрөө тайтгаруулж байлаа. Тэд хамтдаа ялтсуудыг орчуулгын талаарх Их Эзэний хүслийг хүлээж байв. Хожим нь тэрээр өс хонзонтой хүмүүсийн дайралтаас болж Хармони дахь гэрээ орхин явахад хүрсэн.

  3. Эммагийн баптисм хүртсэн өдөр Иосеф баривчлагдав.

    1830 оны 6-р сард Иосеф хэсэг итгэгчдийн хамт Нью-Йоркийн Колесвиллийн ойролцоох голд далан босгож, баптисм гүйцэтгэх хангалттай гүн усан сан хийсэн байна. Гэтэл бүлэг танхай этгээд баптисм болохоос өмнө даланг нураажээ. Дараагийн өдөр нь гэгээнтнүүд усан санг дахин барьж, Эмма Смитийг оролцуулан 13 хүнд баптисм хүртэв. Тэр орой гишүүний баталгаа болохын өмнөхөн Иосеф “үймээн самуун дэгдээсэн” хэргээр баривчлагджээ (History of the Church, 1:88). Түүнийг шалган байцааж, сулласан боловч шүүх хурлын дараахан хажуугийн мужийн цагдаа нарт яг адилхан хэргээр баривчлагджээ. Тэрээр дахин суллагдав. Тэдний номлолын ажилд үргэлжилсэн эсэргүүцэл ирж байсан учраас Сүмийн гишүүд гишүүний баталгааны цуглаанаа хойшлуулсан байна. Эмма 8-р сарын эхэн хүртэл Сүмийн гишүүнээр батлуулж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авч чадаагүй юм. 6-р сарын сүүлээр буюу Эммагийн баптисм болон гишүүний баталгааны хоорондох хугацаанд Иосеф Сургаал ба Гэрээ 25-д цэдэглэгдсэн Эммад чиглэсэн илчлэлтийг хүлээн авчээ.

  • Та нар Эмма Смитийн туршлагын талаар суралцах үед түүний ямар туршлага та нарт гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 25:1–3-ыг уншаад, Эммаг тайтгаруулсан үгс, хэллэгийг олж мэдэхийг хүс. Цөөхөн хэдэн суралцагчийг олж мэдсэнээ тайлагнаж, тэдгээр үг, хэллэг хэрхэн түүнийг тайтгаруулж байсныг тайлбарлахад урь.

  • Их Эзэний хаант улс дахь хүү эсвэл охин гэдгээ мэдэх нь хүнд хэцүү цаг үед танд хэрхэн тусалдаг вэ?

  • Хэрэв Эмма итгэлтэй байж, “ариун журмын замаар алхах” юм бол Их Эзэн түүнд юу өгнө гэж амласан бэ?

  • “Ариун журмын замаар алхана” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? Хүн ариун журмын замаар алхсанаар хэрхэн хамгаалагддаг вэ?

Суралцагчдын анхаарлыг Сургаал ба Гэрээ 25:3 дахь “сонгогдсон хатагтай” гэдэг хэллэг рүү хандуул. Та тэдэнд энэ хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно. 1842 онд Халамжийн нийгэмлэг зохион байгуулагдах үед (энэ илчлэлт өгөгдсөнөөс хойш 10 жилийн дараа) Эмма Смит уг байгууллагын анхны ерөнхийлөгч байхаар дуудагдсан гэдгийг тайлбарла. Энэ үйл явдлын үеэр бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 25-д агуулагдах илчлэлтийг уншжээ. Тэрээр Эммаг “тодорхой ажлыг хийхээр сонгогдсон … мөн уг Нийгэмлэгийн ерөнхийлөгч байхаар дуудагдах үед уг илчлэлт биеллээ олсон бөгөөд тэрээр өмнө нь судруудыг тайлбарлахаар томилогдсон байсан” учраас “сонгогдсон” эмэгтэй байсан гэж тайлбарлажээ (History of the Church, 4:552–553-т).

Сургаал ба Гэрээ 25:4–16

Эмма Смит гэр бүл болон Сүмийн үүрэг хариуцлагынхаа талаар зөвлөгөө хүлээн авав

Дараах үгсийг самбар дээр бичээд, суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын дэвтэр дээрээ хуулж бичихэд урь.

Зөвлөл

Дуудлага

Амлалт

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 25:4–16-г дотроо уншаад, самбар дээрх гурван ангилалд хамаарагдах хэллэг эсвэл санаануудыг олж мэдэхэд урь. (Тэд энэ үйл ажиллагааг ганцаараа эсвэл хамтрагчтай хийж болно.) Тэднээс олж мэдсэн зүйлээ тохирох ангиллын доор бичихийг хүс. (Жишээлбэл, 4-р шүлэгт, Их Эзэний ялтсуудыг хараагүйнхээ улмаас “бүү бувтна” гэж Эммад өгсөн заавар нь зөвлөлдөх ангилалд орж болно.) Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг жижиг бүлэг болон дараах асуултуудын тухай ярилцахад урь. Асуултуудыг самбар дээр бич эсвэл тэдгээрийг суралцагч бүрд өгөх тараах материал болгон бэлтгэ. Та мөн бүлэг бүрд удирдагч томилж, суралцагчдаас асууж мөн тэднийг оролцоход уриалж болно.

  • Таны олж мэдсэн ямар хэллэг эсвэл санаа Их Эзэн Эмма Смитийг мэдэж мөн хайрлаж байсан гэдгийг харуулж байна вэ? Хэллэг эсвэл санаа бүр хэрхэн Их Эзэний хайрыг нотолж байгааг тайлбарла.

  • Сургаал ба Гэрээ 25:16 нь Их Эзэн энэхүү хэсэгт байгаа зөвлөгөө болон амлалтуудыг бидэнд мөн зориулсан хэмээх Түүний тунхаглалыг агуулдаг. Та Их Эзэний Эммад өгсөн үгсээс юу сурч авсан бэ? (Та тэдгээр үнэнийг олж тогтоосон үедээ бичиж тэмдэглээрэй.)

Бүлгүүд эдгээр асуултын хариултуудыг ярилцсаны дараа тэднээс Сургаал ба Гэрээ 25:4–16-аас олж мэдсэн зарчмуудаа ангийнхантай хуваалцахыг хүс. Тэдний хариултууд нь (хэдийгээр өөр үгээр илэрхийлсэн ч гэсэн) дараах хариултуудын заримыг эсвэл бүгдийг багтааж болно.

Бид энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөнхийн зүйлүүдийг эрэлхийлэх ёстой.

Бид зөв шударга дуу хөгжмөөр дамжуулан Их Эзэнийг шүтэн бишрэх юм бол Тэрээр биднийг адислах болно.

Бид Бурхантай хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих юм бол баяр баясгалан, амар амгаланг олж чадна.

Хэрэв бид Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагах аваас зөв шударгын титмийг хүлээн авах болно.

Суралцагчдыг олж мэдсэн үнэнээ хуваалцах хооронд тэдний хариултуудыг ангийнхантай ярилц. Та суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тайлбарлаж, санал сэтгэгдэл болон жишээнүүдээ хуваалцахад урихдаа Сүнсний удирдамжийг дага. Энэ ярилцлагыг удирдах үед танд доорх асуултууд болон зааврууд тусалж болох юм.

Бид энэ дэлхийн зүйлүүдийг хойш тавьж, мөнхийн зүйлүүдийг эрэлхийлэх ёстой (С ба Г 25:10-ыг үзнэ үү).

  • Та мөнхийн зүйлсийг энэ дэлхийн зүйлсийн өмнө тавих зөвлөгөө нь ялангуяа Иосеф Смитийн эхнэр Эммад хэрхэн тусалсан гэж бодож байна вэ? (Эмма Хейл баян чинээлэг гэрт өсөж том болсон боловч гэрлэснийхээ дараа ихэнхдээ маш ядуу нөхцөл байдалд амьдарч байсан гэдгийг тайлбарлаж болно.)

  • Мөнхийн зүйлсийг энэ дэлхийн зүйлсийн өмнө тавих зөвлөгөө нь өнөөдөр бидэнд хэрхэн тусалж байна вэ?

  • Хүмүүсийн Бурханы өмнө тавих хандлагатай байдаг дэлхийн ямар зүйлс байна вэ?

  • Бид мөнхийн зүйлсийг эрэлхийлэхийн тулд юу хийж чадах вэ?

Суралцагчдыг Бурханы өмнө ямар нэгэн дэлхийн зүйлийг тавьж байгаа эсэхээ тунгаан бодоход урь.

Бид Их Эзэнийг зөв шударга дуу хөгжмөөр дамжуулан шүтэн бишрэх юм бол Тэрээр биднийг адислах болно (С ба Г 25:12-ыг үзнэ үү).

  • Энэ шүлэгт цэдэглэгдсэнээр Их Эзэний баясдаг нэг зүйл юу вэ? Тэрээр “зөв шударгыг үйлдэгчдийн дуу”-гаар дамжин ирэх адислалуудын талаар юу гэж хэлсэн бэ?

  • Та зөв шударга дуу хөгжмөөр дамжуулан Их Эзэнийг шүтэн биширснээр ямар адислалуудыг хүлээн авсан бэ?

Суралцагчдыг зөв зохистой мөн тохиромжтой дуу хөгжмийг сонсох зорилго тавихад урь. Энэхүү зорилгоо биелүүлснээр ирэх адислалуудыг хүсэн хүлээхэд тэднийг урамшуулан дэмж.

Бид Бурхантай хийсэн гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих юм бол баяр баясгалан, амар амгаланг олж чадна (С ба Г 25:13-ыг үзнэ үү).

Та “гэрээнүүдээ итгэлтэйгээр сахих” гэдэг хэллэг нь Бурханд өгсөн амлалтуудаа биелүүлж, зууран барих гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно.

Бүр хүнд хэцүү цагт ч гэсэн гэрээндээ итгэлтэй үлдсэн хэн нэгний талаар бод.

  • Энэхүү итгэлтэй байдал нь түүнийг хэрхэн адисалсан бэ?

  • Та хийсэн гэрээндээ итгэлтэй байснаар хэзээ адислагдаж байсан бэ?

Суралцагчид хэрхэн зүрх сэтгэлээ өргөж, гэрээндээ итгэлтэй байх талаар бодоход нь тэднийг урь.

Хэрэв бид Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагах аваас зөв шударгын титмийг хүлээн авах болно (С ба Г 25:15-ыг үзнэ үү).

“Зөв шударгын титмийг хүлээн авах” гэдэг нь селестиел хаант улсад өргөмжлөлийг хүлээн авах гэсэн үг гэдгийг тайлбарла (мөн С ба Г 29:13-ыг үзнэ үү).

  • Энэ амлалт нь хэрхэн хүнд хэцүү цаг үеийг туулсан эсвэл туулж яваа хэн нэгэнд туслах вэ?

  • Зөвхөн хэсэг хугацаанд биш үргэлж дуулгавартай байх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг хэрхэн үргэлж дуулгавартай байх байдлаа сайжруулж болохыг тунгаан бодоход урь. Та тэднээс энэ зарчмыг дэвтэр юм уу судрын дэвтэр дээрээ бичиж болно.

Та Сургаал ба Гэрээ 25 дахь эдгээр үнэнийг ангийнхантай ярилцсаны дараа суралцагчдыг Их Эзэн өнөөдрийн хичээл дээр сурсан зүйлс дээр тань тулгуурлан тэднийг юу хийхийг хүсэж байна гэж бодож байгаагаа тунгаан бодож, бичиж тэмдэглэхэд урь. Тэднийг төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.