34-р хичээл
Сургаал ба Гэрээ 28
Оршил
1830 онд Сүм дэх илчлэлтүүдийн дэг жаягийн талаар Сүмийн гишүүд ойлгоогүй учраас бошиглогч Иосеф Смит нэгэн сорилттой тулгарчээ. Хайрам Пейж нэгэн онцгой чулуугаар дамжуулан Сүмд зориулан илчлэлтүүдийг хүлээн авсан хэмээн зарлахад Оливер Каудери зэрэг зарим Сүмийн гишүүн түүнд итгэсэн байна. 1830 оны 9-р сарын 26-нд болсон Сүмийн чуулганаас өмнөхөн Их Эзэн Сүм дэх илчлэлтийн дэг жаягийн тухай ойлгоход нь Оливер Каудери болон бусдад туслах үнэнүүдийг илчилжээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 28:1–7
Их Эзэн Сүмийн ерөнхийлөгч бол Сүмийг удирдах илчлэлтийг хүлээн авч болох цорын ганц хүн гэж тунхаглав
Самбар дээр хуурамч гэж бич.
-
Хуурамч зүйлсийн ямар жишээнүүд байдаг вэ? (Энэ ярилцлагын нэг хэсэг болгон та урлагийн бүтээлийн хуулбар, тоглоомон мөнгө, хуванцар жимс зэрэг хуурамч эд зүйлсийг үзүүлж болно.)
-
Ямар нэгэн бодит зүйлийг хуурамч зүйлтэй андуурч ойлгох нь яагаад хор хөнөөлтэй байдаг вэ?
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах анхааруулгыг чангаар уншихад нэг суралцагчийг урь.
“Чөтгөр бол худал хуурмагийн эцэг бөгөөд өөрийнхөө ухаалаг хуурамч зүйлсээр дамжуулан Бурханы ажилд саад болохыг үргэлж эрэлхийлдэг” (“Харилцааны сувгууд,” Ensign, 2010 оны 11-р сар, эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89).
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28-р хэсгийн оршлыг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эхэн үеийн зарим Сүмийн гишүүдийг хууран мэхлэхийг эрэлхийлж байсан Сатаны хуурамч зүйлийг олж тогтоохыг хүс.
-
Сатан Сүмийн гишүүдийг хууран мэхлэхийн тулд ямар хуурамч зүйлсийг ашиглаж байсан бэ? (Хэрэв суралцагчид Хайрамын чулуу болон Иосеф Смитийн ашиглаж байсан Урим ба Туммимыг дурдахгүй бол энэхүү адилтгалыг онцол.)
Зарим Сүмийн гишүүн Сатаны Хайрам Пейжэд илэрхийлсэн хуурамч илчлэлтүүдэд итгэсэн гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 28 дахь илчлэлтийг судалж, ярилцах хооронд тэднийг Сатаны хууран мэхлэлтэд хууртахаас зайлсхийхэд туслах үнэнүүдийг олж мэдэхэд урамшуулан дэмж. Суралцагчдыг хичээлийн турш эдгээр үнэнийг эрж олох үед та тэдгээрийг самбар дээр бичнэ гэдгийг мэдэгд. Та суралцагчдад эдгээр үнэнийг судрынхаа зайд бичиж авахыг зөвлөж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:1–4-ийг чангаар уншихад урьж, ангийнхныг Оливер Каудеригийн Сүм дэх үүрэг нь Иосеф Смитийн үүргээс юугаар өөр байсныг олж тогтооход урь.
-
Оливер Каудеригийн үүрэг Иосеф Смитийнхнээс ямар ялгаатай байсан бэ? (Иосеф Сүмд зориулсан зарлигууд болон илчлэлтүүдийг хүлээн авах үүрэгтэй байсан. Оливер Иосефын хүлээн авсан зарлигууд болон илчлэлтүүдийн талаар Тайтгаруулагчаар заах үүрэгтэй байсан.)
-
Бид Сургаал ба Гэрээ 28:2-оос Сүмийн ерөнхийлөгчийн тухай ямар чухал үнэнийг сурч болох вэ? (Суралцагчид дараах сургаалыг олж тогтоох хэрэгтэй. Сүмийн ерөнхийлөгч бол Сүмд бүхэлд нь зориулж илчлэлт хүлээн авах цорын ганц хүн юм. Энэ тодорхойлолтыг самбар дээр бич.)
-
Энэ үнэний талаарх бидний мэдлэг хууран мэхлэгдэхээс зайлсхийхэд бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг эдгээр асуултыг ярилцах хооронд та Сүмийн ерөнхийлөгчийн сургаал болон зөвлөгөөнд хэзээд итгэж болно гэдгийг тэдэнд батлан хэлж болно. Яагаад гэвэл Их Эзэн биднийг буруу тийш нь удирдахыг хэзээ ч ерөнхийлөгчид зөвшөөрөхгүй билээ. (Энэ амлалтыг ерөнхийлөгч Вилфорд Вүдраффийн хэлсэн үгээс олж болно. Энэхүү тодорхойлолт нь Сургаал ба Гэрээнд, нэмэлт материал болох Албан тунхаг–1-д байдаг.)
Их Эзэн Сургаал ба Гэрээ 28-д цэдэглэгдсэн үнэнүүдийг илчлэхээс өмнөхөн Оливер Каудери өөрийнхөө сүм дэх үүрэг хариуцлага мөн Сүмийн ерөнхийлөгчийн хувьд Иосеф Смитийн үүрэг хариуцлага хоёрын хоорондох ялгааг бүрэн дүүрэн ойлгодоггүй гэдгээ харуулсан нэг зүйлийг хийжээ. Тэгээд нэг суралцагчийг дараах хэлсэн үгийг уншихад урь.
Иосеф Смит бараг 160 километрийн хол Нью-Йоркийн Фейеттед байгаа Оливер Каудеригаас захидал хүлээн авахдаа Пеннсильвани муж улсын Хармонид амьдарч байжээ. Оливер одоогийн бидний Сургаал ба Гэрээ 20 гэж нэрлэдэг илчлэлтээс алдаа олсон гэж хэлсэн байна. Оливер “Би эдгээр алдааг засварлахыг чамд Бурханы нэрээр тушааж байна” гэсэн байжээ. Иосеф Фейетте рүү аялж, илчлэлт дээр гарсан гэх алдааг Витмерийн гэр бүл Оливерийн хамт хүлээн зөвшөөрч байгааг мэдэв. Иосеф “Энэ талаар тэдэнд итгүүлж, зорьсондоо хүрэхийн тулд хичээл зүтгэл, хөдөлмөр шаардсан юм” гэж бичжээ. Эцэстээ, Бошиглогч “Витмерийн гэр бүлд төдийгүй Оливер Каудерид тэдний буруу байсан гэдгийг мэдүүлж чадсан юм” (Histories, Volume 1: 1832–1844, 1-р боть, of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 426; мөн 424–425-р хуудсуудыг үзнэ үү).
Суралцагчдаас Сургаал ба Гэрээ 28:6–7-г дотроо уншаад, Их Эзэний Оливер Каудерид өгсөн удирдамжийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Оливер Каудерид юу гэж заасан бэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах сургаалыг самбар дээр бич. Есүс Христийн Сүмд хувь хүмүүс тэднийг тэргүүлж буй хэн нэгнийг удирдах илчлэлтийг хүлээн авдаггүй.)
-
Энэ үнэн нь бидний саяхан уншсан түүхтэй хэрхэн холбогдож байна вэ?
-
Энэ үнэн нь өнөөдөр бидэнд хэрхэн туслах вэ?
Сургаал ба Гэрээ 28:8–10
Их Эзэн леменчүүдэд сайн мэдээг тунхаглуулахаар Оливер Каудериг дууджээ
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:8–10-ыг чангаар уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн Оливер Каудериг юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Оливер Каудериг юу хийлгэхээр дуудсан бэ? (Леменчүүдийн дунд сайн мэдээг тунхаглах.)
-
Бид Сургаал ба Гэрээ 28:8-аас хувийн илчлэлтийн талаар юу сурч болох вэ? (Суралцагчдыг хариулсны дараа дараах зарчмыг самбар дээр бич. Бид өөрсдийнхөө сайн сайхны төлөө мөн бидэнд оноогдсон дуудлага, үүрэг даалгавруудад тус болох хувийн илчлэлтүүдийг хүлээн авч болдог.)
Суралцагчдад энэ зарчмыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын дараах хэлсэн үгийг чангаар уншихыг хүс.
“Бид хувийн илчлэлт хүлээн авах эрхтэй. Гэвч, хэрэв бид ямар нэг тэргүүлэх албан тушаалд онцгойлон адислагдаагүй бол бид бусад хүн юу хийх ёстой талаар илчлэлт хүлээн авдаггүй. …
Бусдыг удирдан чиглүүлэх ер бусын сүнсний удирдамж хувь хүнд ирдэг гэж үзэх ёсгүй. Хувийн онцгой, ариун туршлага зөвхөн хувь хүнд өөрт нь ирэх бөгөөд үүнийгээ нандигнан хадгалах ёстой гэдэгт би итгэдэг” (“Revelation in a Changing World,” Ensign, 1989 оны 11-р сар, 14–15).
Хичээл эхлэхээс өмнө дараах үүргүүд болон дуудлагуудыг тус тусад нь цаасан дээр бич. Үүнд: эцэг эх, ерөнхий эрх мэдэлтэн, бишоп, номлогч, Ням гаргийн ангийн багш, Миа Мэйдийн ерөнхийлөгч, гэрийн багш, айлчлагч багш. Цааснуудыг хайрцганд хий.
Суралцагчдыг хайрцган доторх цааснуудаас сонгож, ангийнхандаа нэг нэгээр нь уншиж өгөхөд урь. Цаас бүрийг уншсаны дараа суралцагчдаас тэдгээр үүрэг эсвэл дуудлагыг биелүүлэхэд нь хувь хүн бүрд туслах тэдний хүлээн авч болох хувийн илчлэлтүүдийг санал болгохыг хүс.
Та суралцагчдыг үүрэг даалгавар эсвэл үүрэг хариуцлагын талаар хүлээн авсан илчлэлтүүдээ хуваалцахад урьж болно. Та мөн дуудлага эсвэл үүргээ биелүүлэхэд танд туслах илчлэлтийг хүлээн авсан туршлагаа хуваалцаж болно. Хэтэрхий ариун буюу хувийн шинжтэй зүйлээ хуваалцах хэрэггүйг тэдэнд сануул.
Суралцагчдыг сүмийн дуудлага, үүрэг хариуцлагууд болон хувийн амьдралд нь туслах илчлэлтийн төлөө залбирахад урамшуулан дэмж. Мөн Сүмийн удирдагчид эрүүл мэнд, аюулгүй байдал болон үүрэг хариуцлагуудаа биелүүлэхэд нь туслах сүнслэг удирдамжаар адислагдахын төлөө залбирахад нь тэднийг урамшуулан дэмж.
Сургаал ба Гэрээ 28:11–16
Их Эзэн Хайрам Пейжийг залруулж, Сүмийг дэг жаяганд нь оруулахад Оливер Каудерид удирдамж өгөв
Суралцагчдад Хайрам Пейж Сүмийн гишүүдэд хуурамч илчлэлтүүдийг үзүүлсэн гэдгийг сануул. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 28:11–14-ийг дотроо уншиж, энэхүү хүнд асуудлыг шийдэхэд нь туслахын тулд Их Эзэн Оливер Каудерийг юу хийхэд удирдсан тухай олж мэдэхэд урь.
-
Их Эзэн Хайрам Пейжийн асуудлыг шийдэхэд нь туслахын тулд Оливерт юу хийхийг зарлигласан бэ?
-
Бид эдгээр шүлгээс Сүмийн удирдагчдын үүргүүдийн талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмуудыг олж мэдэж болох ч дараах зарчмыг онцолж хэлэхэд анхаар. Сүмийн удирдагчид бусдыг буруу тийш удирдаж буй хүмүүсийг залруулах үүрэг хариуцлагатай. Зарчмыг самбар дээр бич.)
-
Бид Сургаал ба Гэрээ 28:13-аас Их Эзэний Өөрийнхөө Сүмийг удирддаг арга замуудын талаар юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэд дараах зарчмыг олж тогтооход анхаар. Есүс Христийн Сүмд бүх зүйл эмх цэгцэд хийгдэх ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Бидний аливаа зүйлсийг “эмх цэгцэд, мөн нийтийн дэмжлэгээр” хийдэг нэг арга зам нь бид хувь хүмүүсийг Сүмийн дуудлагад нийтээрээ батлан дэмждэг.
-
Хувь хүмүүсийг дуудлагад нь нийтээрээ батлан дэмжих нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Суралцагчдад нийтийн дэмжлэг нь хэрхэн эмх цэгц мөн аюулгүй байдлыг Сүмд авчирдаг тухай ойлгоход туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Пакэрын дараах үгсийг уншихад урь.
“Сүм дэх илчлэлт нь зохих ёсоор дуудагдаж, дэмжигдэн батлагдаж, томилогдож мөн онцгойлон адислагдсан хүмүүст өгөгддөг. Жишээлбэл, бишоп түүний эрх мэдлийн хүрээнээс гадуур байдаг өөр бусад тойрогтой холбоотой ямар ч илчлэлтийг хүлээн авдаггүй.
Хэн нэг нь заримдаа дуудагдаж, онцгойлон адислагдалгүйгээр заах, бусдыг адислах эрх мэдэл хүлээн авсан мэтээр мэдэгдэх явдал гарах болно. …
Тиймээс албан тушаалд дуудагдсан хүмүүсийг дэмжиж батлах үйл явцыг Сүмд маш нарийн авч үздэг. Энэ нь заах, адислах эрх мэдэл хэнд байдгийг хүн бүхэн мэддэг байх ёстой гэсэн үг” (“Revelation in a Changing World,” 15).
-
Ерөнхийлөгч Пакэрын хэлснээр бид яагаад Сүмийн дуудлага хүлээн авсан хүмүүсийг нийтээрээ дэмжин баталдаг вэ?
-
Бид тэр хүмүүсийг дуудлагад нь дэмжин батална гэж гараа өргөснийхөө дараа тэднийг жинхэнээсээ дэмжин туслахын тулд юу хийх хэрэгтэй вэ?
Суралцагчдад өнөөдрийн хичээлээр сурсан зарчмуудаа хэрэгжүүлэхэд нь туслахын тулд дараах нөхцөл байдлуудыг чангаар уншиж, тэднээс нөхцөл байдал бүрд хэрхэн хандахыг асуу.
-
Та шинэ илчлэлт гэж андуурмаар цахим мэдээг хүлээн авчээ. Энэ нь амьд бошиглогчдын үгс эсвэл судруудтай нийцэхгүй сургаалуудыг багтаажээ.
-
Танай тойргийн нэгэн гишүүн ариун ёслолын үеэр гэрчлэлээ хуваалцаж байхдаа сургаалын хувьд буруу зүйлийг нийтийн өмнө хэлснийг та анзаарчээ. Хэрэв түүний хэлсэн зүйлийг хүмүүс үнэн гэж андуурвал бусдад муу нөлөө үзүүлж болохоор байлаа. Буруу зүйл хэлсэн гишүүнийг хэн засаж залруулах ёстой вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 28:15–16-г чангаар уншихад урьж, ангийнхнаас энэ илчлэлтэд Их Эзэний Оливер Каудерид өгсөн төгсгөлийн зөвлөгөөг олж тогтоохыг хүс.
Иосеф Смит энэ илчлэлтийг хүлээн авсныхаа дараа чуулганыг зохион байгуулж, Сүмийг дэг жаяганд нь оруулжээ. Чуулганы үеэр “Пэйж ах болон тэр үед байсан бүх сүмийнхэн хуурамч чулууг болон үүнтэй холбоотой бүх зүйлийг үгүйсгэжээ” (Histories, Volume 1: 1832–1844, 452). Ярилцсан үнэнүүдийнхээ талаар мөн буруу зүйлд удирдагдахаас зайлсхийхэд тусалдаг тэдний үнэ цэнийн талаар гэрчлэлээ хуваалцаж, хичээлийг төгсгө.