41-р хичээл
Сургаал ба Гэрээ 36–37
Оршил
1830 оны 12-р сарын 9-нд, Эдвард Партрижийг баптисм хүртэхээс хоёр өдрийн өмнө Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан түүнд илчлэлт өгөв. Сургаал ба Гэрээ 36-д цэдэглэгдсэн энэ илчлэлтэд Их Эзэн Эдвард Партрижийн нүглүүдийг өршөөсөн бөгөөд түүнийг сайн мэдээ номлоход дуудсан. Их Эзэн бүх санваартан сайн мэдээг тунхаглах ёстой хэмээх зарлигийг түүнчлэн өгөв. Энэ илчлэлтийг хүлээн авсны дараа Иосеф Смит удалгүй Сургаал ба Гэрээ 37 дахь илчлэлтийг хүлээн авсан. Энэ илчлэлт дээр Их Эзэн гэгээнтнүүдийг Нью-Йоркоос явж, Огайод цугларахыг зарлиглав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 36:1–3
Их Эзэн Эдвард Партрижийн нүглүүдийг өршөөж, түүнийг сайн мэдээ номлоход дуудав
Бүрэн цагийн номлогчоор үйлчлэхэд нь номлогчид хэрэг болж болох зүйлүүдийг багтаасан нэг чемодан (эсвэл үүргэвч)-ыг ангид авчир. Жишээ нь, та үүн дотроо судрууд, цагаан цамц, зангиа, гутал болон Миний сайн мэдээг номло номын нэг хувийг хийж болох юм. Суралцагчдад хаалттай чемоданыг үзүүлж, үүнийг бүрэн цагийн номлолдоо үйлчлэх гэж буй номлогчид зориулан бэлдсэн гэж төсөөлөн бодоход урь. Чемоданд юу байгаа гэж бодож байгаа талаар тэднээс асуу. Дараа нь чемоданыг нээж, доторх зүйлсийг тэдэнд үзүүл. (Эсвэл та тэднийг хоёр хоёроор нь ажиллуулж, номлолд үйлчлэхэд хэрэг болж болох зүйлсийг жагсаан бичүүлэх эсвэл зураг зурахад урьж болно.)
Номлогчдод хэрэгтэй ч чемодан (эсвэл үүргэвч)-д багтдаггүй зарим зүйл байдгийг тайлбарла. Их Эзэн Эдвард Партрижид өгсөн илчлэлтдээ эдгээр зүйлийн заримыг дурдав. Энэхүү илчлэлт Сургаал ба Гэрээ 36-д байдаг. Суралцагчдыг энэ илчлэлтийг судалж байхдаа номлолд үйлчлэхээр бэлтгэгдэхээс өмнө номлогчид юу хэрэгтэй талаар олж мэдэхэд урь. (Хичээлийн үеэр суралцагчид үнэнийг олж тогтоох үед та цаасан дээр эдгээр үнэнийг бичиж болно. Дараа нь чемодан эсвэл үүргэвчний гадна талд суралцагчдад харагдахуйц газар цаасаа наах буюу тогтоо. Та бас тэдгээрийг самбар дээр шууд бичиж болно.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36-ийн нөхцөл байдлын талаарх доорх мэдээллийг чанга уншихад урь. Ангийнхныг, баптисм хүртэх шийдвэрээ гаргахад нь Эдвард Партрижид юу тусалсныг олж сонсоход урь.
Оливер Каудери болон түүний хамтрагчдыг зүүн хойд Огайод ирснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор Есүс Христийн сэргээгдсэн Сүмд олон хүн баптисм хүртсэн байв. Эдвард Партрижийн эхнэр Лидиа хөрвөгдсөн байсан бөгөөд номлогчдын баптисм хүртээсэн хүмүүсийн дунд байсан хэдий ч Эдвард бүрэн итгээгүй хэвээр байлаа. Тэр шийдвэр гаргахаасаа өмнө бошиглогч Иосеф Смиттэй уулзахыг хүсэж байв. Сидней Ригдон тэр хоёр Иосеф Смитийг цуглаан дээр номлож байх үед нь Нью-Йоркийн Вотерлүүд ирсэн. Бошиглогчийг ярьж дуусахад, Эдвард ярихаар босов. Тэрээр Вотерлүү орох замдаа Манчестер дахь Смитийн фермийн ойролцоо байдаг хөршүүдтэй нь Смитийн гэр бүлийнхний зан чанарын талаар ярилцсан гэж хэлэв. Эдвард сонссон зүйлдээ сэтгэл хангалуун байсан учир өөрт нь баптисм хүртээхийг Иосефоос хүсжээ. (Documents, Volume 1: July 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 197, 199, 224-ийг үзнэ үү.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:1-ийг чимээгүй уншиж, Их Эзэн Эдвард Партрижийг баптисм хүртсэний дараа түүнд юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс.
-
Баптисм хүртсэнээр Эдвард Партриж ямар адислал хүлээн авсан бэ? (Их Эзэн түүний нүглүүдийг өршөөсөн.)
-
Эдвард баптисм хүртсэнийхээ дараа ямар үүрэг хүлээсэн бэ?
-
Сайн мэдээг номлохоор дуудагдсан тэдгээрийн хувьд наманчилж, нүглүүдээсээ өршөөгдөх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдадаа ирээдүйн номлогчдын хувьд нүглүүдээ наманчлах нь яагаад чухал болохыг ойлгоход нь туслахын тулд ангийн нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг уншихад урь. (Ахлагч Холланд “дайсныхаа төлөө тоглож” мөн “Аврагчийн багт орох” гэсэн хэллэгүүдийг ашиглахдаа сайн ба хилэнцтийн хоорондох дайныг спортын тэмцээнтэй харьцуулж байгааг та онцлон хэлж болно.) Суралцагч бүрд энэ хэлсэн үгийг хувилж өгөх талаар бодож үзээрэй.
“Сайн, хилэнцтийн хоорондох энэ бодит дайнд уруу таталт ирэх тоолонд чөтгөрийн талд тоглочихоод, дараа нь юу ч болоогүй юм шиг ариун сүмд болон номлолын талбарт Аврагчийн багийн хувцсыг өмсөж гарч ирж болохгүй. … … Бурхан доромжлогдохгүй.
… энэ ажилд Түүнтэй хамт хөдөлмөрлөхөөр дуудагдсан хүмүүсийн төлөө зохистой байдлын шугамыг Их Эзэн зурсан юм. Өөрөө садар самууныг үйлдэж эсвэл хараалын үг хэлж эсвэл порнограф үздэг байсан ямар ч номлогч бусдыг наманчлалд урьж чадахгүй! … Та нарыг тэдэнд хандан ярих үед Сүнс та нартаа хамт байхгүй байх бөгөөд үгс хоолой дээр чинь тээглэж, ганц ч үг дуугарч чадахгүй болно. Та нар Лихайн үзсэн ‘хориглогдсон замаар’ [1 Нифай 8:28] будилан одсон хэрнээ бусдыг ‘нарийн бөгөөд шулуун’ [2 Нифай 31:18] зам руу удирдаж чадахгүй” (“Бид бүгд дуудагдсан,” Ensign, 2011 оны 11-р сар, 45 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулга,, 54).
Номлолын үйлчлэлдээ цэвэр ариун байхын тулд одоо юу хийж чадахаа ойлгоход нь суралцагчдадаа туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Холландын хэлсэн үгээс наманчлах дараах урилгыг чанга уншихад урь.
“Та нар хэн ч бай, юу ч хийсэн бай та нар уучлагдаж болдог юм. Та нарын хүн нэг бүр … шаналгаж байгаа аливаа нүглээ ардаа орхиж болно. Энэ бол өршөөлийн гайхамшиг; Есүс Христийн Цагаатгалын гайхамшиг мөн. Гэвч та нар сайн мэдээний дагуу амьдарна гэж амлахгүйгээр, хэрэгтэй үед наманчлахгүйгээр өршөөлийг хүлээн авч чадахгүй. Би та нарыг … идэвхтэй мөн цэвэр ариун байгаач хэмээн гуйж байна. Шаардлагатай бол, идэвхтэй болохыг мөн цэвэр ариун бол гэж би та нараас хүсэж байна” (“Бид бүгд дуудагдсан,” 54).
Эдвард Партриж энэ илчлэлтийг хүлээн авахаасаа өмнө баптисм хүртсэн байсан ч, Ариун Сүнсний бэлэг хараахан хүлээн аваагүй байсныг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:2–3-ыг чимээгүй уншиж, Их Эзэн Эдвардад Ариун Сүнсний бэлгийн талаар юу гэж хэлснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Их Эзэний Эдвард Партрижид хэлсний дагуу, номлогчид яагаад Ариун Сүнстэй хамтрагч байх хэрэгтэй вэ?
-
2-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Ариун Сүнс Эдвард Партрижид юу заах вэ? “Хаант улсын амар амгалан зүйлүүдийг” сурах гэдэг нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдад энэ асуултад хариулахад нь туслахын тулд тэднээр Сургаал ба Гэрээ 42:61-ийг уншуул.)
Та суралцагчдыг Ариун Сүнс хаант улсын амар амгалангийн зүйлүүдийг тэдэнд заах үед мэдэрсэн сэтгэгдлээ хуваалцахад урьж болно. (Суралцагчдад зарим туршлага нь хуваалцамгүй, маш ариун нандин бөгөөд хувийн чанартай байдгийг сануул.)
Сургаал ба Гэрээ 36:4–8
Их Эзэн сайн мэдээг номлохоор дуудагдсан тэдгээрийн талаар нэгэн зарлиг гаргав
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36:4–5, 7-г чанга уншихад урь. Суралцагчийг уншихаас өмнө, эдгээр шүлэг дээр Их Эзэн “[Өөрийн] сүмийн ахлагчдад” хандан ярьж байгаа гэдгийг онцлон хэл (С ба Г 36:7). Ангийнхныг дагаж уншин, Их Эзэний санваартнуудад өгсөн үүргийг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн санваартнуудад ямар үүрэг өгсөн бэ? (Суралцагчдыг хариулсны дараа, самбар дээр дараах үнэнийг бич. Санваартнууд сайн мэдээг номлохоор дуудагддаг.)
Суралцагчдадаа энэ үнэний ач холбогдлыг болон энэ нь манай үед хэрхэн хамаардгийг ойлгоход нь туслахын тулд ангийн нэг суралцагчийг ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах хэлсэн үгийг чанга уншихад урь.
“Бошиглогчдын үеийн үед заасаар ирсэн зүйлийг давтан хэлэхэд, зохистой мөн чадвартай залуу хөвгүүн бүр номлолд үйлчлэхээр бэлтгэх ёстой. Номлолын үйлчлэл нь санваарын үүрэг бөгөөд бидэнд хэмжээлшгүй ихийг өгсөн Их Эзэний өмнө хүлээсэн бидний хариуцлага билээ” (“Бид дахин уулзлаа,” Ensign, 2010 оны 11-р сар, 3–4 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 3–4).
-
Сургаал ба Гэрээ 36:5-д цэдэглэгдсэнээр, санваартнууд томилогдож мөн сайн мэдээг номлохоор илгээгдэхээсээ өмнө юу хийх хэрэгтэй вэ?
-
Залуу эрэгтэй сайн мэдээг номло хэмээх зарлигийг бүрэн дүүрэн хүлээн авдаг гэдгээ Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?
-
Сайн мэдээг номло хэмээх зарлигийг хүлээн авсан хэнийг та нар мэддэг вэ? Энэ хүний үлгэр жишээ та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?
Бүрэн цагийн номлолын үйлчлэл нь санваарын үүрэг хэдий ч, залуу эмэгтэйчүүд бас үйлчилж болно гэдгийг та тайлбарлаж болно. Ерөнхийлөгч Томас С.Монсон
“Залуу эгч нарт хандан хэлэхэд: Залуу эрсийн адил бүрэн цагийн номлолд үйлчлэх санваарын үүрэг хариуцлага та нарт байхгүй ч, та нар бүрэн цагийн номлолд үйлчлэн агуу хувь нэмэр оруулдаг бөгөөд та нарын үйлчлэлийг дуртай хүлээн авна” (“Бид дахин уулзлаа,” 3).
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 36:6-г чимээгүй уншиж, Их Эзэн Өөрийн номлогчдод заа хэмээн зарлигласан үндсэн захиасуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдад “Махан биеэр бузарлагдсан өмсгөл” хэмээх үгсийг ойлгоход нь туслахын тулд эртний Израилд өвчнөөр бузартсан хувцсыг уг өвчин тархахаас сэргийлж шатаадаг байсан гэдгийг тайлбарла. Энэ шүлэгт Их Эзэн өвчнийг нүгэлтэй адилтгасан бөгөөд иймээс бидэнд нүгэлтэй холбоотой юунаас боловч зайлсхийхийг зарлигладаг. (Брүс Р.Макконки, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1965–1973 он], 3:428-ыг үзнэ үү.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 36:7-г чанга уншихад урь. Ангийнхныг шүлгийг гүйлгэн харж, санваартнууд ямар байдлаар дуудлагадаа хандах хэрэгтэйг олж мэдэхийг хүс.
-
Санваартан хүн [өөрийнхөө дуудлага]-ыг хэрхэн бүхий л зүрх сэтгэлээрээ дуртайяа хүлээн авч чадах вэ? (Дуудлагат ажилдаа өөрийгөө зориулж, чин сэтгэлээсээ мөн шударгаар үйлчлэх зэрэг хариултууд байж болно.)
Хэрэв та бүрэн цагийн номлолд үйлчилсэн бол сайн мэдээг номлохын тулд дуудлагаа хэрхэн дуртайяа хүлээн авсан туршлагаа хуваалцах талаар бодож үзээрэй.
Сургаал ба Гэрээ 37
Их Эзэн Өөрийн Сүмийг Огайод цугларахыг тушаав
Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрыг Огайод Сүмийг сонирхож байх үед Нью-Йорк дахь гэгээнтнүүдийн хавчлага дарамт ихэсч байв. Зарим тохиолдолд Сүмийн удирдагчдын амь насанд заналхийлж, дайснууд нь тэднийг устгахаар нууцаар уулзаж байв (С ба Г 38:13, 28–29-ийг үзнэ үү). 1830 оны 12-р сарын сүүлээр Сидней Ригдон, Эдвард Партриж хоёрыг Нью-Йоркт ирээд хэдхэн долоо хоносны дараа Иосеф Смит нэгэн илчлэлт хүлээн авсан бөгөөд тэр илчлэлтэд Их Эзэн гэгээнтнүүдийг дайснуудаасаа зугтан, Огайо руу нүүхийг зарлигласан.
Гурван суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 37:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэн Иосеф Смитийг Огайо руу явахынхаа өмнө ямар бэлтгэлүүд хийхийг хүссэнийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Их Эзэн яагаад Иосеф Смитэд Колесвилл дэх гэгээнтнүүд рүү явахыг зарлигласан бэ?
-
Бид эдгээр шүлгээс залбирлын талаар ямар зарчмууд сурч чадах вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч дараах зарчмыг олж тодорхойлж байгаа эсэхийг бататга. Хэрэв бид итгэлтэй залбирвал Их Эзэн бидний залбирлуудад хариулах болно. Их Эзэн ихэвчлэн хүмүүсийг ашиглаж бидний залбирлуудад хариулдаг.)
-
Хэн нэгэн хүн таны залбирлын хариулт болж байсан уу?
Сүнсний өдөөлтийн дагуу энэ хичээл дээр яригдаж буй сургаал болон зарчмуудын талаарх гэрчлэлээ хуваалц. Суралцагчдыг эдгээр илчлэлтийн талаар суралцаж байхдаа мэдэрсэн зүйлүүдийнхээ дагуу үйлдэхэд урь.