Институт ба семинар
59-р хичээл: Сургаал ба Гэрээ 53–55


59-р хичээл

Сургаал ба Гэрээ 53–55

Оршил

1831 оны 6-р сард бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 53–55-д цэдэглэгдсэн илчлэлтүүдийг хүлээн авсан. Тэр илчлэлтүүдэд Огайод амьдарч байсан ч удалгүй Миссури руу нүүх гэж байсан Сүмийн зарим гишүүнд зориулсан Их Эзэний зааврууд багтсан байв. Эдгээр илчлэлтээр Их Эзэн Сидней Гилберт, Ньюел Найт болон Виллям В.Фелпс нарт хандан ярьсан ба тэдний Сүм дэх томилолтууд болон тэдний авьяас чадвартай хамаатай заавруудыг өгчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 53

Их Эзэн Сидней Гилбертийг ахлагч болж мөн Миссури руу Иосеф Смиттэй хамт аялахад дуудав

Хоёр суралцагчийг ангийн өмнө гарч ирэхийг хүс. Нэг нь нөгөөдөө тодорхой нэг даалгаврыг хэрхэн хийхийг зааварчлахыг хүс. Жишээ нь, нэг суралцагч нь нөгөөдөө уяагаар зангилаа зангидах, цаасан онгоц хийх эсвэл бүжгийн хэсгээс зааж болох юм. (Боломжтой бол, нэг суралцагчаас энэ чадвараа заахын тулд бэлтгэлтэй байхыг урьдчилан хүс.)

  • Энэхүү үзүүлэх хэсэгт, суралцагч бүх зааврыг дагах нь яагаад чухал вэ? Тэр заавруудын аль нэг хэсгийг үл тоомсорлохоор шийдвэл юу болох вэ?

Суралцагчдад Их Эзэн номлогчдыг Миссури руу аялуулахаар дуудсан гэдгийг сануул (С ба Г 52-ыг үзнэ үү). Шинээр хөрвөгдсөн Сидней Гилберт, эдгээр номлогчийн дунд түүний нэр байгаагүйг олж мэдсэн болохыг тайлбарла. Тэр бошиглогч Иосеф Смит дээр очиж, Их Эзэн өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг асуусан. Иосеф асууж, Сиднейд зааврын анхны алхмуудыг өгсөн Сургаал ба Гэрээ 53 дахь илчлэлтийг хүлээн авав.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Бүх хосыг Сургаал ба Гэрээ 53:1–5-ыг хамтдаа уншиж, Их Эзэний Сидней Гилбертэд өгсөн заавруудыг олж мэдэхийг хүс. Тэднийг олсон бүх заавраа тэмдэглэхэд урамшуулан дэмж.

  • Их Эзэн ямар заавруудыг Сидней Гилбертэд өгсөн бэ? (Суралцагчдыг олсон зүйлээ хэлэх үед, Гилберт ахын “сүмийн төлөөлөгч” байх томилолт нь Сургаал ба Гэрээ 57:6–10, 15 дээр илүү бүрэн дүүрэн тайлбарлагдсан болохыг онцлон хэлэх нь тустай байж болох юм.)

Их Эзэн зааварчилгааныхаа энэ жагсаалтыг “[Сиднейн] хүлээж авах ёстой анхны ёслолууд” (С ба Г 53:6) хэмээн дурдсаныг тайлбарла. Ёслол гэдэг үг нь заримдаа журам эсвэл тогтоол гэсэн утга илэрхийлдэг. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 53:6-г чанга уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн заавруудынхаа үлдсэн (“үлдсэн нь”) хэсгийг Сиднейд хэзээ өгнө гэснийг олж мэдэхийг хүс.

  • Бид 6-р шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчдад энэ захиасыг Сургаал ба Гэрээ 52:4–5-тай харьцуулж үзэхийг санал болгох талаар бодож үз. Суралцагчид өмнөх хичээл дээр дараах зарчмыг тодорхойлсноо санаж байж болох юм. Бид Бурханы заавруудыг итгэлтэй дагах үед Тэр бидэнд Өөрийн хүслийг илүү ихээр илчлэх болно.)

Сургаал ба Гэрээ 54

Их Эзэн Колесвиллийн гэгээнтнүүдэд Огайогийн Томпсоныг орхиж, Миссури руу нүүхийг зааварчлав

1831 оны 4-р сард Ньюел Найт Нью-Йоркийн Колесвиллээс хэсэг гэгээнтнүүдийг удирдаж, Огайогийн гэгээнтнүүдтэй нэгдэхээр явав. 5-р сард бошиглогч Иосеф Смит эдгээр гэгээнтнийг Огайогийн Томпсон дахь эдлэн газарт суурьшуулах зааварчилгааг бишоп Эдвард Партрижэд өгсөн ба Леман Коплей уг газрыг ийм зорилгоор өгөхөөр урьдчилан гэрээ хийчихсэн (буюу амласан) байв. Тэд тэнд үр тариа тарьж, эдлэн газрыг өөд татаж эхлэв. Тэд уг газрыг хөгжүүлэхийн тулд хамтдаа хөдөлмөрлөж байхдаа амин хувиа хичээж, шунахай болж эхлэв. Леман Коплей шейкерүүдэд хийсэн номлолоосоо буцаж ирээд, өөрийн итгэлд эргэлзэж эхлэх үед тэдний нөхцөл байдал улам дордсон юм (С ба Г 49 ба 56-р хичээлийг үзнэ үү). Тэрээр сэргээгдсэн сайн мэдээний талаарх өөрийнхөө хөгжиж буй гэрчлэлээс татгалзаж, гэгээнтнүүдийг газраас нь нүүхийг шаардсан. Тэр мөн тэднээс 60 доллар нэхэмжлэв. Леман гэрээгээ зөрчсөн учраас эдгээр гэгээнтэн амьдрах газаргүй болсон юм. Ньюел Найт болон бусад нь юу хийх хэрэгтэйгээ бошиглогчоос асуув (Documents, Volume 1: June 1828–June 1831, vol. 1 of the Documents series of The Joseph Smith Papers [2013 он], 334–335-ыг үзнэ үү.)

Ангийн нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 54:1–3-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас нөхцөл байдлаа сайжруулахад туслахын тулд гэгээнтнүүд юу хийх хэрэгтэй байсныг олж мэдэхийг хүс.

  • Та яагаад наманчлал болон даруу байдал эдгээр гэгээнтэнд туслах болно гэж бодож байна вэ?

Томпсон дахь гэрээнүүдээ зөрчсөн гэгээнтнүүдэд Их Эзэн сэтгэл дундуур байсныг онцлон хэл. Ангийн гишүүдийг Сургаал ба Гэрээ 54:4–5-ыг чимээгүй уншиж, гэрээ зөрчигдөх үед юу болдгийг дүрслэхийн тулд Их Эзэний ашигласан үг, өгүүлбэрийг хайж олохыг хүс.

  • Гэрээ нь “хүчингүй бөгөөд ямар ч үр нөлөөгүй болох” гэдэг нь ямар утгатай үг гэж та нар бодож байна вэ? Бид гэрээнүүдээ дагахгүй байгаа үедээ ямар адислалуудыг алддаг вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 54:6-г чимээгүй уншиж, тэднээс гэрээнүүдээ сахин, зарлигуудад дуулгавартай байгаа үедээ бидний хүлээж авдаг нэгэн адислалыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ тайлагнахыг хүс. Тэд өөр өөр үг хэрэглэж болох хэдий ч, тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх хэрэгтэй. Хэрэв бид гэрээнүүдээ сахиж, Их Эзэний зарлигуудад дуулгавартай байвал нигүүлслийг олох болно. Энэ зарчмыг самбар дээр бич.

  • Өөртэй нь хийсэн гэрээнүүдээ сахидаг хүмүүст Их Эзэн нигүүлсэнгүй хандаж байгааг та нар хэзээ харсан бэ?

Суралцагчдыг Их Эзэнээс нигүүлслийг хүлээн авч болохын тулд баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ сахиж, зарлигуудад дуулгавартай байхад урамшуулан дэмж.

Эдгээр гэгээнтэн Леман Коплейгийн газар нутаг дээрх гэр орноо алдсаны дараа, Их Эзэн тэднийг Миссури руу аялахыг зарлигласныг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 54:7–9-ийг дүгнэн ярьж өг. Тэд замдаа зардлыг нь төлөх хэн нэгнийг томилох ёстой байв. Тэд Миссурид очоод, Өөрийг нь тэдэнд суурьших газрыг нь бэлтгэх хүртэл тэд тэндээ амьжиргааныхаа төлөө ажиллах болно хэмээн Их Эзэн хэлэв.

Суралцагчдадаа Их Эзэн эдгээр гэгээнтнийг өөрсдийн зовлон зүдгүүрт хэрхэн хандаасай хэмээн хүсэж байсныг олж мэдэхэд нь туслахын тулд, ангийн нэг гишүүнийг Сургаал ба Гэрээ 54:10-ыг чанга уншихад урь. Ангийн гишүүдийг даган уншиж, эдгээр гэгээнтэнд өгсөн Их Эзэний зөвлөмжийг олж мэдэхийг хүс.

  • Та нарын туршлагаар, “гай зовлонд тэвчээртэй” байснаар хүлээн авдаг ямар адислалууд байдаг вэ?

  • Их Эзэн хэнийг “өөрсдийнхөө сүнсэнд амралтыг олох болно” хэмээн хэлсэн бэ? (Суралцагчдыг энэ асуултад “хэрвээ–тэгвэл” өгүүлбэрийн бүтцээр хариулахад урь. Тэднийг асуултад хариулахад самбар дээр энэ зарчмыг бич. Хэрвээ бид эртнээс Их Эзэнийг эрэлхийлбэл, өөрсдийнхөө сүнсэнд амралтыг олох болно.)

Суралцагчдадаа сүнсэндээ амралтыг олох гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход туслахын тулд Далын ахлагч Пер Г.Малмын хэлсэн дараах мэдэгдлийг унш.

Ахлагч Пер Г.Малм

“Бодгальдаа амралтыг олж авна гэдэг нь оюун санаа, зүрх сэтгэлийн амар амгалан бөгөөд Христийн сургаалыг сурч, Түүнийг дагасны үр дүнд ирдэг юм” (“Сэтгэлдээ амралтыг олох нь,” Ensign, 2010 оны 11-р сар, 101 эсвэл 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 111).

Суралцагчдадаа Их Эзэнийг эрт эрэлхийлэх гэдэг үгийн зарим утгыг ойлгоход нь туслахын тулд дараах асуултуудыг тавь.

  • Их Эзэнийг эрт эрэлхийлэх нь юу гэсэн утгатай үг гэж та нар бодож байна вэ? (Их Эзэнийг амьдралдаа эрт эрэлхийлэх, Түүнийг өдөр бүр эрт эрэлхийлэх, амьдралдаа зовлон бэрхшээл тохиолдохоос өмнө Түүний тусламжийг эрэлхийлэх гэсэн утгатай гэх мэт хариултууд байж болно.)

  • Бид Их Эзэнийг эрт эрэлхийлснээр сүнсэндээ яагаад амралт олдог гэж та нар бодож байна вэ?

  • Зовлон бэрхшээл тохиолдохоос өмнө Их Эзэнийг эрт эрэлхийлэх нь зовлон бэрхшээлийнхээ үед Түүнийг эрэлхийлэхээс ямар ялгаатай вэ?

Суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бичихэд урь. Та эдгээр асуултыг самбар дээр бичиж эсвэл тараах материал болгон бэлдэж өгч болно.

  • Та нарын ирээдүйд зовлон бэрхшээлүүд тохиолдохоос өмнө та нар ямар арга замаар Их Эзэнийг эрт эрэлхийлж чадах вэ?

  • Та нар Их Эзэнийг өдөр бүр эрт эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

  • Та нар одоо өсвөр насандаа Их Эзэнийг эрэлхийлэхийн тулд юу хийж чадах вэ?

Суралцагчдад бичих хугацаа өгсний дараа тэднээс цөөн хэдийг нь өөрсдийн бодлоо хуваалцахад урь.

Сургаал ба Гэрээ 55

Их Эзэн Виллям В.Фелпсийг Сүмийн материалуудыг бичиж, хэвлэхэд туслуулахаар дуудав

Нэг суралцагчаас ямар нэгэн авьяас эсвэл чадвараа үзүүлэхийн тулд ангидаа бэлтгэлтэй ирэхийг урьдчилан хүс. Энэ суралцагчийн үзүүлбэр нь Сүнсэнд таатай байхад анхаар. Эсвэл суралцагчдаас, бие биенээсээ олж харсан зарим авьяас, чадварыг самбар дээр жагсаан бичихийг хүс. Дараа нь нэг суралцагчийг нэрээр нь дуудаж, дараах асуултуудыг тавь.

  • Чамд байгаа авьяас чадвар ангид байгаа бусад хүүхдийн авьяас чадвараас яагаад өөр байна гэж чи бодож байна вэ?

  • Чи яагаад эдгээр авьяас чадвараар адислагдсан гэж бодож байна вэ?

Сургаал ба Гэрээ 55-р хэсгийн оршлыг чимээгүй уншиж, суралцагчдаас Виллям В.Фелпсийн чадваруудын нэгийг олж мэдэхийг хүс. Тэднээс олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.

Мормоны Ном худалдаанд гарснаас хоёр долоо хоногийн дараа Виллям В.Фелпс Мормоны Ном худалдан авсныг тайлбарла. Энэ нь түүнийг хөрвөлт рүү хөтөлсөн юм. Тэр дараа нь хэлэхдээ: “Миний бие … 1831 оны 6-р сар хүртэл энэ сүмд баптисм хүртээгүй байсан ч, Мормоны Номтой танилцсан тэр цаг мөчөөс хойш зүрх сэтгэл минь тэнд байсан юм” гэсэн байна (in Documents, Volume 1: June 1828–June 1831, 337). 1831 оны 6-р сарын 14-нд Фелпс ахыг Көртландад ирээд удаагүй байхад бошиглогч Иосеф Смит Сургаал ба Гэрээ 55-д бичигдсэн тэрхүү илчлэлтийг хүлээн авав.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 55:4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Виллям В.Фелпсийн өөр нэгэн авьяасыг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Дараа нь өөр нэгэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 55:5-ыг чанга уншихад урьж, ангийнхнаас Фелпсийн бичих болон хэвлэх ажлаа хийхийн тулд хаана дуудагдсаныг олохыг хүс. (Их Эзэн түүнд Иосеф Смит, Сидней Ригдон нарын хамт Миссури руу аялахыг зааварчилсан.)

Дараах зарчмыг самбар дээр бич. Бурхан Өөрийн хүүхдүүдийг адислахын тулд бидний авьяас, ур чадваруудыг ашиглаж болно.

  • Бурхан Өөрийн хүүхдүүдийг адислахын тулд хүмүүсийн авьяас чадваруудыг хэрхэн ашиглахыг та нар харсан бэ?

Суралцагчдаас өөрсдөдөө байгаа авьяас эсвэл чадварын талаар мөн тэд энэ чадвараа бусдад тусалж, Их Эзэний ажлыг урагшлуулахад хэрхэн ашиглаж болох талаар бодохыг хүс. Цөөн суралцагчийг бодлоо хуваалцахад урь.

Самбар дээр бичигдсэн сургаал, зарчмуудыг сануулж, хичээлээ төгсгө. Цөөн суралцагчийг нэг үнэнийг сонгон авч, энэ нь тэдний хувьд яагаад чухал болохыг мөн үүнийг өөрсдийнхөө амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд юу хийхийг хүсэж байгаа талаараа хуваалцахад урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 55. Виллям В.Фелпсийн Сүмд оруулсан хувь нэмэр

Виллям В.Фелпс Миссурид Сүмийн хамгийн анхны хэвлэх газрыг байгуулсан. Тэрээр Evening and the Morning Star хэмээх нэртэй Сүмийн хамгийн анхны сонинг хэвлэн гаргасан. Тэрээр 1833 онд Зарлигуудын Номон дахь илчлэлтүүдийг, дараа нь 1835 онд Сургаал ба Гэрээний хэвлэлтийг эмхэтгэж, бэлтгэх болон хэвлэх ажилд тусалсан. Тэр Сүмийн анхны дууллын номыг бэлдэхэд тусалж мөн Көртландын ариун сүмийн онцгойлон адислалт дээр дуулсан “Бурханы Сүнс” гэх мэт олон дууллуудын үгийг зохиосон. Тэр ариун сүмийн барилгын ажлыг дуусгахад тусалж, 500 доллар өгсөн юм.

Сургаал ба Гэрээ 55:6. Жозеф Көүгийн Сүмд оруулсан хувь нэмэр

Нью-Йорк дахь Сүмийн анхны хөрвөгчдийн нэг Жозеф Көү нь 1831 онд Көртландад ирсэн юм. Тэрээр 1831 оны 6-р сарын 19-нд Көртландыг орхин, Иосеф Смит, Сидней Ригдон нарын хамт Миссури руу аялсан. Тэрээр хожим нь Көртландад эргэн ирж, Сүмийн ерөнхий төлөөлөгчөөр томилогдсон байна. Тэр 1833 онд Көртландын ариун сүм баригдсан, Петр Френчийн 103 акр газар гэх мэт газар худалдан авах ажлуудыг хариуцан ажилласан. Тэр 1834 оны хоёрдугаар сард Көртландын дээд зөвлөлд дуудагдав. 1835 оны 7-р сард Иосеф Смитэд Абрахамын Номыг хэвлэн гаргахад нөлөөлсөн Египетийн занданшуулсан шарил болон үйсэн дээрх бичгийг худалдан авахад тэрээр тусалсан юм.