68-р хичээл
Сургаал ба Гэрээ 63:22–66
Оршил
1831 оны 8-р сарын 30-нд Иосеф Смит Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ хичээлээр Сургаал ба Гэрээ 63:22–66-г үзэх бөгөөд энэ хэсэгт, Их Эзэн эцсийн өдрүүд дэх итгэлтэй гэгээнтнүүдэд адислалууд амлаж, бардамналын аюулаас сэрэмжлүүлж, үйлчлэгчдэдээ Өөрийнх нь нэрний ариун нандин чанарыг санаж мөн бүх ариун нандин зүйлийн талаар бишрэлтэй ярихыг ухуулдаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 63:22–54
Их Эзэн эцсийн өдрүүдэд итгэлтэй байх хүмүүст адислалуудыг амлав
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Зарим хүн яагаад эцсийн өдрүүдэд амьдарч байгаадаа санаа зовж болох вэ?
Хичээлийн эхэнд суралцагчдыг эдгээр асуултыг ангиараа юм уу хос хосоороо ярилцахад урь.
Сургаал ба Гэрээ 63-т цэдэглэгдсэн илчлэлтэд, Их Эзэн эцсийн өдрүүдэд ёс бусчууд дээр ирэх устгалын талаар ярьсан ч Тэрээр түүнчлэн гэгээнтнүүдэд хүчирхэг амлалтуудыг өгсөн. Үүний зэрэгцээ, Тэр гэгээнтнүүдийг энэ үед Сионыг байгуулахын тулд Миссурид газар худалдаж авахад удирдсан бөгөөд энэ газар нь хоргодох газар байх болно хэмээн амласан (С ба Г 45:66–69-ийг үзнэ үү).
Суралцагчдад Сургаал ба Гэрээ 63 дахь бошиглолуудыг ойлгоход нь туслахын тулд дараах мэдэгдлүүдийг бичсэн цаасыг бэлтгэ. Суралцагчдад хос хосоороо ажиллахыг даалга. Тэднээс холбогдох судрын хэсгүүдийг уншиж, мэдэгдэл бүр үнэн эсвэл худал болохыг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг энэ ажлын хуудсыг бөглөж байхдаа сурсан үнэнүүдийг судартаа тэмдэглэхийг санал болгож болно.
Суралцагчдад ажлын хуудсыг бөглөх хангалттай хугацаа өгсний дараа тэднээс эхний хоёр мэдэгдэлд юу гэж хариулснаа тайлагнахыг хүс. (Эхний мэдэгдэл нь үнэн, хоёр дахь мэдэгдэл нь худал.) Тэдний хариултыг ярилцаж, тэднээс мэдэгдэл бүрийн дараа орсон судрын хэсгүүдийг дахин уншихыг хүс. Суралцагчид 2 дахь мэдэгдлийн хариултыг ярилцах үед нэг суралцагчийг бошиглогч Иосеф Смитийн хэлсэн дараах үгсийг чанга уншихад урь.
“Гэгээнтнүүд бүх шүүлтээс мултрах болно, харин ёс бус хүмүүс зовох болно гэсэн санаа хуурмаг юм. Учир нь бүх махан бие зовлонгийн эрхшээлд байдаг, ‘зөв шударга хүмүүст ч зайлах нь хэцүү байх болно,” зөв шударга хүмүүсээс олон нь махан биеийн сул доройн улмаас өвчин, тахал зэргийн хохирогч болох хэдий ч Бурханы хаант улсад аврагдах болно” (History of the Church, 4:11; мөн Journals, Volume 1: 1832–1839, vol. 1 of the Journals series of The Joseph Smith Papers [2008 он], 352–353-ыг үзнэ үү).
-
Зөв шударга хүмүүс эцсийн өдрүүд дэх бэрхшээлүүдээс мултрахгүй гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ?
Суралцагчдаас 3–6-р мэдэгдлийн хариултыг хуваалцахыг хүс. (3–5-р мэдэгдлүүд үнэн, 6-р мэдэгдэл худал.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:47–48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэний өгсөн амлалтыг олж мэдэхийг хүс. Тэднийг энэ шүлэгт байгаа Их Эзэний амлалтыг хэрхэн “хэрэв–тэгвэл” гэсэн өгүүлбэр болгож хэлж болохыг бодож үзэхэд урамшуул.
-
Та нар энэ шүлэгт байгаа Их Эзэний амлалтыг хэрхэн “хэрэв–тэгвэл” гэдэг өгүүлбэр болгож хэлэх вэ? (Суралцагчид хэрэв бид итгэлтэй байж, тэвчвэл дэлхийг дийлэх болно гэдгийг илэрхийлэх хэрэгтэй. Зарчмыг самбар дээр бич.)
-
Их Эзэн ямар арга замуудаар бидэнд өдөр тутмынхаа амьдралд “дэлхийг дийлэхэд” тусалж чадах вэ?
-
Их Эзэн ямар арга замуудаар нас барсны дараа бидэнд “дэлхийг дийлэхэд” тусалж чадах вэ?
Дэлхийг дийлэхэд бидэнд туслах мөнхийн адислалыг онцлохын тулд нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 63:49-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн зөв шударга хүмүүст ямар адислалууд амласан гэдгийг олж мэдэхийг хүс.
Хэрэв бид итгэлтэй байж мөн тэвчсэнээр энэ амьдрал болон ирэх амьдралд бидний хүлээн авах адислалуудын талаар гэрчлэлээ хуваалцаж болно.
Сургаал ба Гэрээ 63:55–56
Их Эзэн Сидней Ригдоны бардамналд тааламжгүй байгаагаа илэрхийлэв
Нэг суралцагчийг дараах жишээнүүдийг чанга уншихад урь. Ангийнхнаас жишээ бүрийг уншсаны дараа түр зогсож, энэ нөхцөл байдалд хүн хэрхэн бардамналаар эсвэл дээрэлхүү байдлаар хариулахад уруу татагдаж болохыг тайлбарлахыг хүс.
-
Та нар маш том өсвөр үеийнхний чуулган дээр олон хүүхдийн өмнө гэрчлэлээ хуваалцахаар уригдав.
-
Та нарын чуулгын эсвэл залуу эмэгтэйчүүдийн ангийн зарим хүн та нарын төлөвлөсөн үйл ажиллагааны талаар гомдоллов.
-
Та авьяаслаг дуучин ба ариун ёслолын цуглаан дээр дуулахаар уригдав.
Сидней Ригдон Их Эзэнээс нэгэн чухал даалгавар авсан боловч бардамналаар хариулсан гэдгийг тайлбарла. Их Эзэн түүнд “Сионы нутгийн тодорхойлолт хийгээд Бурханы тааллын тунхаглалыг Сүнсээр түүнд мэдүүлэгдсэнээр тэрээр бичих” зарлигийг өгсөн (С ба Г 58:50). Ингэж бичигдсэн тодорхойлолт нь Миссуригийн Индепенденсээс хол амьдарч байсан гэгээнтнүүдэд ямар газар байсныг мэдэхэд тус нэмэр болох байв (тухайн үед гэрэл зураг авах боломж байгаагүй). Энэ нь газар худалдаж авахын тулд гэгээнтнүүдийг мөнгө хандивлахад сүнслэгээр өдөөгдөхөд туслах байсан юм (С ба Г 58:51-ийг үзнэ үү).
Нэг суралцагчаас Сургаал ба Гэрээ 63:55–56-г чанга уншихыг хүс. Ангийнхнаас дагаж уншаад, Сидней Ригдон Сионы тодорхойлолтыг бичих даалгавраа биелүүлэхдээ бардамналд хөтлөгдсөн байсны нотолгоог олж мэдэхэд урь.
-
Та нар бардамналын ямар нотолгоог анзаарсан бэ? (Суралцагчид Сидней “зүрх сэтгэлдээ өөрийгөө өргөмжлөх болой, мөн зөвлөгөөг хүлээн авсангүй” гэсэн хэсгийг онцлон хэлэх ёстой.)
-
Сиднейгийн бардамналын үр дүн ямар байсан бэ? (Тэр Сүнсийг гомдоож мөн Их Эзэн түүний бичсэн зүйлийг хүлээн зөвшөөрөөгүй. Сүнсийг гомдоох гэдэг нь Ариун Сүнс биднээс холдох байдлаар амьдрах гэсэн үг гэдгийг та тайлбарлаж болох юм.)
-
Бид 55-р шүлгээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр үгс ашиглаж болох ч дараах үнэнийг олж тогтоох ёстой. Бид Их Эзэний ажлыг хийхдээ бардам байвал Сүнс гомдох болно. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Цөөн суралцагчийг дээрх жишээ бүрийг дахин чанга уншихад урь. Ангийнхнаас, жишээ бүрийг уншсаны дараа түр зогсож, энэ нөхцөл байдалд хүн хэрхэн бардамналын оронд даруу байдлаар хариу үзүүлж болохыг тайлбарлахыг хүс. Ярилцсаны дараа, Их Эзэн Сидней Ригдонд Сионы тодорхойлолтыг бичих дахин нэг боломж олгосон гэдгийг онцлон хэл (С ба Г 63:56-г үзнэ үү). Сидней наманчилж мөн Сионы өөр нэгэн тодорхойлолтыг бичсэн бөгөөд Их Эзэн үүнийг хүлээн зөвшөөрчээ.
Сургаал ба Гэрээ 63:57–66
Есүс Христ үйлчлэгчдээ Өөрийнх нь нэрний ариун нандин байдлыг санаж мөн бүх ариун нандин зүйлийн талаар хүндэтгэлтэй ярихыг зааварлав
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын амьдралд тохиолдсон дараах туршлагыг уншиж эсвэл хураангуйл. Суралцагчдаас тэднийг урамшуулсан ямар нэгэн зүйлийг олж сонсохыг хүс.
“Солт Лэйк хотын Сейнт Маркийн эмнэлэгт [ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл] мэдээ алдуулах тариатай мэс засал хийлгээд, дараа нь дамнуур тэрэг дээр түрүүлэн өрөөндөө оржээ. Мэдээ алдалт нь гараагүй байсан ч, Спэнсэр дамнуур тэрэг нь цахилгаан шатны хажууд зогсох үед, нэг хүн тушаангуйгаар, ямар нэг зүйлд ууртайгаар Их Эзэний нэрийг дэмийгээр дурдаж байхыг мэджээ. Гүйцэд ухаан ороогүй тэрээр хүчээ шавхан байж: ‘Түүний нэрийг битгий ингэж хэлээч дээ, гуйж байна. Би Түүнд энэ дэлхий дээрх юунаас ч илүү хайртай. Гуйж байна’ гэж хэлжээ. Чив чимээгүй болов. Өнөөх захирангуй хүн намуухнаар: ‘Би ингэж хэлэх ёсгүй байж. Намайг уучлаарай’ гэж хэлэв’” (Эдвард Л.Кимбалл ба Бага Андрью Э.Кимбалл, Spencer W. Kimball: Twelfth President of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1977 он], 264).
-
Энэ явдлын юу нь та нарын сэтгэлийг хөдөлгөж байна вэ?
-
Ерөнхийлөгч Кимбаллын Их Эзэний нэрэнд үзүүлэх хүндэтгэл нь өнөө үед дэлхий дээр Их Эзэний нэрийг ашигладаг олон хүнийхээс ямар ялгаатай байсан бэ?
Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 63:59–64-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, Их Эзэн биднээс Өөрийнх нь нэрийг хэрхэн ашиглаж мөн бүх ариун нандин зүйлийн талаар хэрхэн яриасай хэмээн хүсдэгийг ойлгоход тэдэнд туслах үг, хэллэгийг хайж олохыг хүс.
-
Их Эзэний нэрийг хэрхэн ашиглах ёстой талаар та нар юу олж мэдсэн бэ? (Суралцагчдыг 64-р шүлгээс үг, хэллэгүүдийг олж тогтоох үед уг шүлгийн эхний хэсгийг хураангуйлахад урь. Тэд дараах зарчмыг хэлэх ёстой. Есүс Христийн нэр ариун нандин учраас үүнийг анхаарал болгоомжтой хэлэх ёстой. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Нэг суралцагчийг самбар дээр бичихэд урь. Ангийнхнаас Есүс Христийн нэрийг хэрэглэж болдог зохимжтой зарим нөхцөл байдлыг нэрлэхийг хүсэн, хариултуудыг самбар дээр бичээчээр бичүүл. Бид Аврагчийн нэрийг залбирал, үг хэлэх, гэрчлэл, сайн мэдээний хичээл болон санваарын ёслолууд дээр хэрэглэдэг гэдгийг суралцагчид дурдаж болно. Бид мөн Аврагчийн талаар өдөр тутмын яриандаа ярьдаг, гэвч ингэхдээ хүндэтгэлтэй байх ёстой.
-
Бид яагаад Аврагчийн нэрийг хүндэтгэлтэйгээр хэрэглэх ёстой гэж та нар бодож байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 63:62 нь Их Эзэний нэрийг дэмий хоосон хэрэглэх гэдэг нь ямар утгатай болох талаар та нарын ойлголтыг хэрхэн нэмэгдүүлдэг вэ? Энэ шүлэг санваарын ёслолуудтай хэрхэн холбогдох вэ?
-
Бид Аврагчийн нэрийг хэрэглэхдээ энэ нь ариун нандин бөгөөд үүнд хүндэтгэлтэй хандах ёстой гэдгийг санахын тулд юу хийж чадах вэ?
Суралцагчдад тэдний ярилцсан үнэнүүд зөвхөн Аврагчийн нэртэй холбоотой биш гэдгийг ойлгоход нь туслаарай.
-
“Дээрээс ирдэг” ба ариун нандин өөр ямар үгс эсвэл сэдвүүд байдаг вэ? Бид тэдгээрийн талаар “болгоомжтойгоор” ярьдаг байхыг бид хэрхэн бататгаж чадах вэ?
Нэг суралцагчаас Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах мэдэгдлийг уншихыг хүс.
“Бидний хэлэнд Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн нэрнээс илүү ариун нандин эсвэл чухал үгс байдаггүй” (“Reverent and Clean,” Ensign, 1986 оны 5-р сар, 50).
-
Бурхан Эцэг ба Есүс Христийн нэрс нь яагаад та нарын хувьд ариун нандин бэ?
Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийн талаар гэрчлэлээ хуваалцаж мөн тэдний нэрс таны хувьд яагаад ариун нандин байдгийг тайлбарла. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христийн нэрийг илүү хүндэтгэлтэйгээр хэрэглэх арга замуудыг бодоход урьж мөн үүнийхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуул.