17-р хичээл
Сургаал ба Гэрээ 9
Оршил
1829 оны 4-р сард Оливер Каудери орчуулах бэлэгтэй байж болно гэсэн амлалтыг дахин авчээ (С ба Г 6:25–29-ийг үзнэ үү). Дараа нь Оливер орчуулгын үйл явцдаа илчлэлт хүлээж авах талаар заавар авч, (С ба Г 8:1–4-ийг үзнэ үү) орчуулах гэж оролдов. Хэдийгээр тэр сайн эхэлсэн ч “эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй” юм (С ба Г 9:5). Бошиглогч Иосеф Смит Оливерын орчуулах хүч чармайлт оролдлого яагаад амжилтгүй болсныг тайлбарласан илчлэлт хүлээн авав. Илчлэлтэд Их Эзэн Оливерыг цаашид орчуулах шаардлагагүй гэж хэлжээ. Их Эзэн илчлэлт хүлээж авах талаар нэмэлт зөвлөгөө өгчээ.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 9:1–6, 11
Оливер Каудери яагаад орчуулж чадахгүй байсныг Их Эзэн тайлбарлав
Суралцагчдаас ирэх жил гаргах чухал шийдвэрүүдийнхээ заримыг нэрлэхийг хүс. Дараа нь тэднээс дараагийн 5-10 жилд гаргах чухал шийдвэрүүдээ хэлэхийг хүс. Суралцагчдыг хариулах үед та тэдний хариултуудыг самбар дээр бичиж болно. Эдгээр шийдвэрийнхээ нэгийг дараах асуулттай холбон бодож үзэхийг суралцагчдаас хүс.
-
Их Эзэнээс удирдамж эрэлхийлэх нь энэ шийдвэрээ гаргахад тань хэрхэн туслах вэ?
Нэг эсвэл хоёр суралцагчийг хариулсны дараа тэд энэ хичээл дээр Оливер Каудерийг орчуулахаар хичээх үед түүнд тохиолдсон зүйлсийн талаар суралцах болно гэдгийг хэл. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 9-ийг судалж байхдаа тэднийг чухал шийдвэр гаргах үед Их Эзэний удирдамжийг хүлээн авч мөн танихад тэдэнд тусалж чадах сургаал болон зарчмуудыг олж мэдэхэд урамшуулан дэмж.
Хэрэв Оливер хүссэн бол Их Эзэн түүнд орчуулах бэлэг болон зөвшөөрөл өгсөн байсан гэдгийг суралцагчдад сануул (С ба Г 6:25–28-ыг үзнэ үү). Их Эзэн орчуулах бэлэг нь Ариун Сүнсний хүчээр ирнэ хэмээн Оливерт хэлжээ (С ба Г 8:1–2-ыг үзнэ үү). Оливерын орчуулах оролдлого сайн эхэлсэн боловч төгсгөлд нь тэр амжилт олоогүй юм. Оливерын орчуулах гэж хийсэн оролдлогын дараа Иосеф Смит Сургаал ба Гэрээ 9-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 9:1–4-ийг чанга уншихад урьж, ангийнхнаас Их Эзэн Оливерыг орчуулгын оронд юу хийлгэхээр дуудсаныг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн Оливерыг ямар ажил хийгээсэй хэмээн хүссэн бэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 9:5–6, 11-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас Оливер орчуулах гэж оролдохдоо яагаад амжилтгүй байсныг олж мэдэхийг хүс.
Суралцагчдад “чи эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй” (С ба Г 9:5) гэсэн үг хэллэгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн дараах тайлбарыг уншихад урь.
“Оливер эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй учраас мөн ажил нь хүнд учраас түүний итгэл түүнийг орхисон” (Church History and Modern Revelation [1953], 1:51).
-
Яагаад Ерөнхийлөгч Смитийн хэлснээр Оливер эхэлсэн шигээ үргэлжлүүлж чадаагүй вэ? (Түүний итгэл суларсан.)
-
Айдас эсвэл итгэл багатай байх явдал нь ямар арга замаар биднийг Их Эзэнээс ирсэн илчлэлтийн дагуу үйлдэхэд саад болдог вэ?
-
Оливерын туршлага бидэнд Их Эзэнээс илчлэлт хэрхэн хүлээн авах талаар юу зааж чадах вэ? (Суралцагчдын олж тодорхойлох нэг зарчим бол илчлэлт хүлээн авахын тулд бид итгэлээр үйлдэх ёстой. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдад энэ зарчмыг илүү сайн ойлгоход нь туслахын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах үгсийг уншихыг нэг суралцагчаас хүс.
“Илчлэлт ирэх явцад, чухал шийдвэр гаргах үед айдас нь сүйтгэгч, заримдаа бүр хөнөөгч үүрэг гүйцэтгэдэг. Амьдралд нь олдсон боломжийг ашиглаж чадаагүй Оливер Каудерид Их Эзэн, ‘Чи эхлэхдээ эхэлсэн шигээ үргэлжлүүлээгүй’ хэмээн хэлжээ. Энэ нь гэрлийг хүлээн авсан боловч өөр бодол болон эргэлзээнд даруулсан хүмүүст танил сонсогдож байна уу? …
… Та нар захиасыг авч, Түүний хайрыг мэдэрч мөн Их Эзэний үгийг сонсох төлөөсийг төлснийхөө дараа урагш тэмүүл. Бүү ай, бүү эргэлз, бүү марга, бүү гомдолло. … Айдсаа арилгаж мөн бүтэн биеэрээ ор” (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, 2000 оны 3-р сар, 10).
-
Та нар хэзээ Их Эзэнээс хариулт хүлээн авч мөн үүнийхээ дагуу эргэлзэлгүйгээр үйлдэж байсан бэ? (Суралцагчид хэт хувийн юм уу нууц туршлагуудаа хуваалцах хэрэггүйг ойлгосон байх хэрэгтэй.)
Сургаал ба Гэрээ 9:7–10
Их Эзэн илчлэлтэд хамаатай зарчмуудыг илчлэв
Их Эзэн Өөрийнх нь хүслийг хэрхэн эрэлхийлэх талаар нэгэн чухал зарчмыг илчилсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 9:7–8-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас Оливер орчуулах ажилдаа Их Эзэний тусламжийг хүлээн авч чадаагүй өөр нэг шалтгааныг олж мэдэхийг хүс.
-
Сургаал ба Гэрээ 9:7-д цэдэглэгдсэнээр Оливер орчуулж байх үедээ илчлэлт авахын тулд хийх ёстой ганцхан зүйл нь юу гэж бодсон бэ?
-
Их Эзэн Оливерт удирдамж хүсэхээсээ өмнө юу хийх ёстой гэж заасан бэ?
(Суралцагчдыг хариулах үед та тэдэнд Их Эзэний зөвлөгөөг судар дээрээ тэмдэглэхийг зөвлөж болно.) Суралцагчдад эдгээр шүлгийн утгыг дүгнэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг тавь.
-
“Оюундаа тунгаан бодно” гэдэг нь ямар утгатай үг вэ? (Шийдвэр болон боломжуудыг бодож мөн өөр хувилбаруудыг анхааралтай тунгаах.) Та нар шийдвэр гаргах хэрэгтэй байсан үедээ үүнийг хэрхэн хийсэн бэ?
-
Сургаал ба Гэрээ 9:8-д цэдэглэгдсэнээр бид бодож буй зүйлээ оюундаа тунгаан бодсоны дараа юу хийх хэрэгтэй вэ? (Зөв гэж бодож байгаа сонголтоо хийж, дараа нь Тэнгэрлэг Эцэгт залбирч, хэлэх.)
-
Сургаал ба Гэрээ 9:8-аас биднийг Их Эзэний чиглүүлэл ба удирдамжийг эрэлхийлэх үед Их Эзэн биднээс юу хүсдэг талаар бид юу сурч болох вэ? (Суралцагчид дараах үнэнтэй адил хариулт өгч болох юм. Илчлэлт хүлээн авч мөн ойлгох нь бидний зүгээс хүч чармайлт шаарддаг. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд дараах асуултыг тавь.
-
Асуудлыг оюундаа тунгаан бодох нь илчлэлт хүлээж авахад хэрхэн тусалж чадна гэж та нар бодож байна вэ?
Энэ үнэн тэдний амьдралын нөхцөл байдалтай хэрхэн холбогдож болохыг ойлгоход суралцагчдад туслахын тулд дараах жишээнүүдийг унш. Жишээ бүрийг уншсаны дараа энд гарч буй хувь хүмүүс илчлэлт хүлээн авахын тулд Сургаал ба Гэрээ 9:7–8 дахь үнэнүүдийг хэрхэн ашиглаж болохыг тайлбарлахад суралцагчдыг урь.
-
Нэг залуу эрэгтэй сайн ажилд орох санал хүлээн авсан боловч ням гарагт ажиллах шаардлагатай болжээ. Тэр энэ ажилд орох эсэхээ шийдэх гэж хичээж байна.
-
Нэг залуу эмэгтэй нийлдэг найзуудынхаа талаар мөн тэдний түүнд үзүүлж буй сөрөг нөлөөний талаар бодож байна. Тэр тэдэнтэй уулзахаа болихыг хүсч байгаа боловч тэр тэднээс холдох хамгийн тохиромжтой аргаа олохгүй байна.
-
Нэг залуу эмэгтэй ахлах сургуулиа төгссөнийхөө дараа юу хийх ёстойгоо бодож байна. Тэр үргэлжлүүлэн сурах хүсэлтэй байгаа боловч аль сургуульд элсэн орохоо сайн мэдэхгүй байна.
Эдгээр жишээг ангийн гишүүдтэй ярилцсаныхаа дараа дараах асуултыг самбар дээр бичиж, суралцагчдад өөрсдийн туршлагыг энэ зарчимтай холбон бодох боломж олго. Та нар хэзээ хүч чармайлт тань Их Эзэнээс илчлэлт хүлээн авахад тусалж байхыг мэдэрсэн бэ?
Суралцагчдыг энэ асуултын талаар эргэцүүлэн бодоход урь. Дараа нь бусад суралцагчтай туршлагаа хуваалцах хүсэлтэй цөөнхэдэн суралцагчийг урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 9:8-ыг уншаад, Оливер өөрийнх нь дүгнэлт эсвэл шийдвэр зөв байсан эсэхийг хэрхэн мэдэж болох байсныг олж мэдэхэд урь.
-
Бид Их Эзэнийг асуултуудад маань хэрхэн хариулдаг талаар 8-р шүлгээс юу сурч чадах вэ? (Биднийг Их Эзэнээс удирдамж асуух үед илчлэлт бидний мэдрэмжүүдээр дамжин ирдэг. Энэ үнэнийг самбар дээр бич.)
Оливерт амлагдсан чээжин дотор шатах мэт мэдрэмж нь Сүнс зөв сонголтыг батлах арга замуудын нэг нь гэдгийг тодруулж болно. Сүнсний баталгаанууд нь олон янзын хувийн ба гайхамшигт арга замуудаар ирж болно.
Их Эзэн “[шийдвэр нь] зөв гэдгийг мэдрэх[эд]” (С ба Г 9:8) бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах тайлбарыг уншихад урь.
“Амар амгалангийн мэдрэмж бол миний хүлээн авдаг хамгийн энгийн батлах гэрч юм. Би ямар нэг чухал асуудлын талаар маш их санаа зовж мөн үүнийг шийдэх тал дээр амжилт олоогүй үедээ би тэдгээр хүч чармайлтаа итгэлээр хийдэг. Дараа нь Түүний амласнаар бүхнийг намжаагч амар амгалан ирж, миний зовнилыг арилгадаг” (“Залбирлын онцгой бэлгийг ашиглах нь,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 10).
-
Их Эзэн та нарын гаргасан шийдвэрийг батлахыг та нар хэзээ мэдэрч байсан бэ? Энэ баталгаа нь та нарт хэрхэн мэдрэгдсэн бэ? (Хэт хувийн шинжтэй буюу нууц зүйлээ хуваалцах хэрэггүйг суралцагчдад сануул.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 9:9-ийг чанга уншихад урь. Гаргасан шийдвэр маань буруу гэдгийг бид хэрхэн мэдэж болохыг дүрсэлсэн үг хэллэгийг олж тогтоохыг суралцагчдаас хүс. Суралцагчдад “дүйнгэ бодол санаа” гэсэн үг хэллэгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгийг уншихад урь.
“Миний хувьд тэр [дүйнгэ бодол санаа] гэдэг нь сэтгэл түгшээсэн, тайван бус мэдрэмж байдаг” (“Залбирлын онцгой бэлгийг ашиглах нь,” 10).
Суралцагчдыг хичээлийн дэвтэртээ эсвэл судрын тэмдэглэл дээрээ чухал шийдвэр гаргахад туслах илчлэлт хүлээн авах талаар сурсан зүйлээ тэмдэглэхийг хүс.
Сургаал ба Гэрээ 9:12–14
Их Эзэн Оливерыг хийхээр дуудагдсан ажлаа үргэлжлүүлэн хийхийг урамшуулав
Оливерын бошиглогчийн бичээч байх дуудлагын талаар суралцагчдад сануул ( С ба Г 9:1, 4-ийг үзнэ үү). Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 9:12–14-ийг дотроо уншаад, тэр үед Иосеф Смит болон Оливер Каудерыг урамшуулж байсан үг, хэллэгийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг өөрсдөд нь утга учиртай санагдсан үг, хэллэгийн тухай хуваалцаж мөн яагаад гэдгээ тайлбарлахад урь.
Энэ хичээлийг төгсгөхийн тулд бид Сургаал ба Гэрээ 9-д гарсан зарчмуудыг дагаснаар, хувийн илчлэлт хүлээн авч чадна гэдгийг та гэрчилж болно.