84-р хичээл
Сургаал ба Гэрээ 81
Оршил
1832 оны 3-р сарын 8-нд, Их Эзэн Жесси Гаус, Сидней Ригдон хоёрыг Иосеф Смитийн зөвлөхөөр үйлчлүүлэхээр дуудсан. Нэг долоо хоногийн дараа, 1832 оны 3-р сарын 15-нд, Их Эзэн Сургаал ба Гэрээ 81-д цэдэглэгдсэн илчлэлтийг өгсөн. Тэр энэ илчлэлтэд Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн үүргийг мөн тэдний тохинуулалд итгэлтэй байх хүмүүст зориулсан адислалуудыг дүрслэн хэлжээ. Жесси Гаус итгэлтэй байж чадаагүй тул ерөнхийлөгчийн зөвлөлд Гаус ахын оронд одоо Сургаал ба Гэрээ 81 дээр нэр нь гарч ирсэн байгаа Фредерик Г.Виллямс ахыг Их Эзэн дуудсан. Энэ илчлэлтийн үед Сүмийн ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл гэж нэрлэгддэг байсан. 1834 оноос эхлээд илчлэлтүүд дээр ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдийг Тэргүүн Зөвлөл гэх болсон (С ба Г 102:26–28-ыг үзнэ үү).
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 81:1–7
Их Эзэн Тэргүүн Зөвлөл дэх зөвлөхүүдийн үүргийг тодорхойлов
Хичээл эхлэхээс өмнө дараах асуултуудыг самбар дээр бич.
Самбар дээрх асуултанд хариулахад суралцагчдыг урьснаар хичээлийг эхлүүл. Та ярилцлагын хэсэг болгон Сүмийн удирдагч тодорхой албан үүрэгт Сүмийн гишүүнийг дуудах сүнслэг удирдамж хүлээн авч болох хэдий ч, энэ дуудлагыг хүлээж авах хүн үүнд хэр итгэлтэйгээр хариулахаас шалтгаалдаг гэдгийг тайлбарлаж болно.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 81-ийн хэсгийн удиртгалыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэнээр дуудагдсан боловч дуудлагадаа итгэлгүй байсан хэн нэгний жишээг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн хэнийг анх Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд Иосеф Смитийн зөвлөхөөр үйлчлэхэд дуудсан бэ?
-
Жесси Гаус яагаад дуудлагаа алдсан бэ?
1832 оны 3-р сард Жесси Гаус Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөхөөр үйлчлэхээр дуудагдсан гэдгийг тайлбарла. Тэрээр 1832 оны 8-р сарын 1-нд Зебедее Колтрины хамт номлолоо эхэлсэн. Энэ номлолд байхдаа Гаус ах эхнэр дээрээ айлчилж очоод түүнийг үнэнд итгэхийг ятгасан боловч эхнэр нь Сүмд орохоос татгалзжээ. Хэсэг хугацааны дараа, Колтрин ах маш хүндээр өвдөж Көртланд руу буцсан. Харамсалтай нь, Гаус ах номлолоо дуусгаагүй мөн Сүмдээ итгэлтэй хэвээр үлдээгүй юм.
-
Энэ хэсгийн удиртгалд цэдэглэснээр, Их Эзэн Жесси Гаус ахын оронд хэнийг дуудсан бэ?
Та суралцагчдад хэсгийн удиртгалд байгаа дараах хэллэгийг тэмдэглэхийг зөвлөж болно. “Уг илчлэлт … Тэргүүн Зөвлөлийн албан ёсны зохион байгуулалт өөд хийсэн алхам хэмээн тооцогдох ёстой.” Сүмийн ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд (Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл) нь 1834 оныг хүртэл “Тэргүүн Зөвлөл” (С ба Г 102:26–28-ыг үзнэ үү) гэж нэрлэгддэггүй байсан гэдгийг тайлбарла. Их Эзэн Өөрийн Сүмийн бүрэн зохион байгуулалтыг бошиглогчид нэг дор бүгдийг нь илчлээгүй. Тэрээр зохион байгуулалтын өөр өөр хэсгийг хэрэгцээ гарах болгонд мөн гэгээнтнүүдийг хүлээж авахад бэлэн болохоор илчилдэг байсан.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 81:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлийн талаар Фредерик Г.Виллямст юу заасныг олж мэдэхийг хүс.
-
2-р шүлэгт цэдэглэснээр, ерөнхийлөгчийн зөвлөл юу атгадаг вэ? (Суралцагчид дараах үнэнийг тодорхойлох ёстой. Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл нь дэлхий дээрх Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг. Та энэ үнэнийг заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэхийг суралцагчдад зөвлөж болно.)
Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход тусал. “Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм. Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс санваарын эрх мэдлийг удирдан зохион байгуулдаг (С ба Г 65:2; 81:2; 124:123-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс өөрсдийн эрх мэдлийн хүрээнд Сүмийг тэргүүлж, удирдах эрхтэй байдаг.
“Есүс Христ Өөрийн Сүмд хамаатай санваарын бүх түлхүүрийг атгадаг юм. Тэрээр дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаатай бүх түлхүүрийг төлөөлөгч бүрдээ олгосон. Хамгийн ахмад, амьд сэрүүн төлөөлөгч бол Сүмийн ерөнхийлөгч бөгөөд тэр санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн юм” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010 он], 2.1.1)
-
Санваарын түлхүүрүүд нь Тэргүүн Зөвлөлийг юу хийх боломжтой болгодог вэ? (Дэлхий дээрх Их Эзэний ажлыг удирдах.)
Сүмийн одоогийн Тэргүүн Зөвлөлийн зураг эсвэл гишүүдийнх нь зургийг үзүүл. Суралцагчдаас Тэргүүн Зөвлөлийн гишүүдийг нэрлэж чадах эсэхийг асуу.
Дараах гарчгийг самбар дээр бич. Тэргүүн Зөвлөл дэх зөвлөх.
-
Та нарын ойлгосноор, Тэргүүн Зөвлөлийн зөвлөх ямар үүрэг, хариуцлагатай вэ?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 81:4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэн Тэргүүн Зөвлөлийн зөвлөхийн дуудлагынх нь талаар Фредерик Виллямст өгсөн зааврыг олж мэдэхийг хүс.
-
3-р шүлэгт цэдэглэснээр, Фредерик Г.Виллямс Тэргүүн Зөвлөлийн зөвлөхийн хувьд юу хийх ёстой вэ? (Нэг суралцагчийг самбар дээрх гарчгийн доор хариултуудыг жагсаан бичихэд урь. Та ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх нь ерөнхийлөгчийг дэмжиж, хүчирхэгжүүлдэг гэдгийг тайлбарлаж болно.)
-
Зөвлөх нь ерөнхийлөгчид “зөвлөхөд … ямагт итгэлтэй” байх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
Зөвлөхөд ямагт итгэлтэй байх гэдгийн утгыг суралцагчид илүү сайн ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчаас ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн дараах мэдэгдлийг чанга уншихыг хүс. Ангийнхнаас ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх нь ерөнхийлөгчид хэрхэн зөвлөх ёстойг олж сонсохыг хүс.
“[Зөвлөх] бол ерөнхийлөгчийн туслах юм. …
Туслах учраас, зөвлөх бол ерөнхийлөгч биш юм. Тэрээр өөртөө үүрэг хариуцлага хүлээн авахгүй бөгөөд ерөнхийлөгчөөсөө түрүүлж хөдлөхгүй.
Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурал дээр зөвлөх бүр ерөнхийлөгчийн зөвлөлийн өмнө тулгараад байгаа бүхий л асуудлаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. Гэхдээ ерөнхийлөгч шийдвэр гаргахад давуу эрхтэй байх бөгөөд энэхүү шийдвэрийн тухайд ерөнхийлөгчид туслах нь зөвлөхүүдийн үүрэг болно. Ийнхүү тэдний өмнө гаргасан санаанаас хамааралгүйгээр ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр тэдний шийдвэр болдог” (“In … Counsellors There Is Safety,” Ensign, 1990 оны 11-р сар, 49).
-
Ерөнхийлөгч Хинклигийн хэлснээр, ерөнхийлөгчийн зөвлөх нь ерөнхийлөгчид хэрхэн зөвлөх ёстой вэ?
-
Зөвлөгөөнд итгэлтэй байхыг ойлгох нь Сүмийн аливаа ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөхөөр үйлчилж буй хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?
Суралцагчдыг Сүмийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан эсвэл (бусдыг үйлчилж байхыг харсан) үеэ бодоход урь. (Бишопын зөвлөл нь тойргийн ерөнхийлөгчийн зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг гэдгийг та онцлон хэлж болно.) Тэднээс санваарын чуулгууд эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ангиудын ерөнхийлөгчийн зөвлөлд үр дүнтэй дэмжлэг үзүүлэхийн тулд тэд төдийгүй бусад хүн юу хийж болох байсныг асуу. Цөөн хэдэн суралцагчийг бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 81:4-ийг дотроо уншаад, Их Эзэн Фредерик Г.Виллямсыг дуудлагадаа итгэлтэй байвал юу амласан болохыг олж мэдэхийг хүс. Та энэ өгүүлбэр дэх “өөрийн Их Эзэн … түүний алдар сууд тус нэмэрлэх болно” гэдэг хэллэг нь дуудлагууддаа итгэлтэй байснаар бид Их Эзэнийг хүндэтгэж, шүтэн бишрэхэд хүмүүсийг удирдахад тусалж чадна гэсэн утгыг илэрхийлдэг болохыг тайлбарлаж болно.
-
4-р шүлэгт цэдэглэснээр, хэрэв бид дуудлагууддаа итгэлтэй байвал юу хийж чадах вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч тэдний хариулт дараах зарчмыг илэрхийлэх ёстой. Хэрэв бид дуудлагууддаа итгэлтэй байвал бид бусдад агуу сайныг үйлдэж мөн Их Эзэний алдар сууд тус нэмэрлэж чадна. Суралцагчдын үгсийг ашиглаад, энэ зарчмыг самбар дээр бич.)
-
Бид Сүмийн дуудлагууддаа үнэнчээр үйлчлэх нь хэрхэн бусад хүнд агуу сайныг үйлдэхэд тусалж болох вэ?
-
Бид Сүмийн дуудлагууддаа итгэлтэйгээр үйлчлэх нь хэрхэн Бурханы сууд дэмжлэг үзүүлж туслах вэ?
Суралцагчдыг хэн нэгнийг дуудлагадаа үнэнчээр үйлчилснээр бусдад агуу сайныг үйлдэхийг харж байсан үеэ бодоход урь. Цөөн хэдэн суралцагчийг ажигласан зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 81:5-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, Их Эзэний Фредерик Г.Виллямст өгсөн нэмэлт зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэний 5-р шүлэгт Фредерик Г.Виллямст хэлсэн зүйлд үндэслээд, Сүмийн дуудлагадаа үнэнч байх эсвэл Сүмд итгэлтэй гишүүн байх талаар бид юу олж мэдэж чадах вэ?
-
“Сул доройчуудад тусал, доош унжсан гарнуудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Нэг суралцагчийг Арван хоёр Чөлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштоны хэлсэн дараах мэдэгдлийг чанга уншихад урь. Ангийнхнаас энэ хэллэгийн утгыг ойлгохын тулд анхааралтай сонсохыг хүс.
“Сургаал ба Гэрээ 81:5-ыг Их Эзэн Фредерик Г.Виллямсийг сул доройчуудыг хүчирхэгжүүлэх (‘сул доройчуудад тусал’), ядарсан болон гутарсан хүмүүсийг урамшуулах (‘доош унжсан гарнуудыг өргөгтүн’) мөн айдаст зүрх, сул дорой өвдөгнүүдэд зориг, хүч өгөхийг шавдуулсан хэмээн ойлгож болно” (“Strengthen the Feeble Knees,” Ensign, 1991 оны 11-р сар, 70).
-
Бидэнд “сул доройчуудад тусалж, доош унжсан гарнуудыг өргөж, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгох” өөр ямар арга зам байдаг вэ? (Суралцагчдын хариултуудыг самбар дээр бич.)
-
Хэн нэгэн таныг хэзээ өргөж эсвэл хүчирхэгжүүлсэн бэ?
Суралцагчдыг самбар дээр жагсаасан хариултуудаас нэг зүйлийг сонгоод, эргэн тойрныхоо хүмүүст туслах боломжийг эрэлхийлэхэд уриал.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 81:6–7-г чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, хэрэв Фредерик Г.Виллямс эцсийг хүртэл итгэлтэй байсан бол Их Эзэн ямар адислалуудыг түүнд амласныг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэнээ хуваалцахыг хүс.
Бид дуудлагадаа үнэнч байхын чухлыг мөн эргэн тойрны хүмүүс маань ч бас мөнх амьдралд тэнцэж болохын тулд тэдэнд туслахын чухлыг гэрчил.