49-р хичээл
Сургаал ба Гэрээ 42:43–93
Оршил
Сургаал ба Гэрээ 42-ын төгсгөлийн энэ хэсэг нь Сүмийн хууль гэж нэрлэгдэх хуулийн үргэлжлэл юм. Энэ нь үхэл болон эдгээлтийн тухай Их Эзэний сургаалуудыг агуулдаг. Энэ нь бас ноцтой нүгэл болон гэмт хэргүүдийг хэрхэн авч үзэх талаар болон бид гомдсон эсвэл бусдыг гомдоосон нөхцөл байдлыг хэрхэн зохистой арга замаар зохицуулах талаар Их Эзэний гэгээнтнүүдэд өгсөн зөвлөгөөг багтаадаг.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 42:43–55
Их Эзэн үхэл ба эдгэрэлтийн талаар зөвлөгөө өгөв
Нэг гартаа өвчтэй хүмүүсийг адислахад зориулсан ариулан адисалсан оливын тостой жижиг савыг барьж, нөгөө гартаа савтай эм барь.
-
Эдгээр зүйлийг юунд ашигладаг вэ? Бид өвчтэй байгаа үедээ эдгээр зүйлийн алинд нь найдах хэрэгтэй байдаг вэ?
Суралцагчдыг бодлоо товч хуваалцсаны дараа нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:43–44-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас бид өвчтэй үедээ юунд найдах хэрэгтэй талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэдэхийг хүс. Эдгээр шүлгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд 43-р шүлэгт дурдагдсан эмийн ургамал болон хөнгөн хоол хүнс нь энэ илчлэлт өгөгдөх үед нийтлэг хэрэглэгддэг байсан эмийн эмчилгээ байсныг тайлбарлах нь тустай байж болох юм.
Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн дараах хэлсэн үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас итгэл болон эмийн эмчилгээгээр аль алинаар нь хэрхэн эдгэж болохыг сонсохыг хүс.
“Хожмын үеийн гэгээнтнүүд хамгийн сайн анагаах мэдлэг, арга барилыг хэрэглэхэд итгэдэг. Бид эрүүл мэндээ хадгалахын тулд хоол тэжээл, биеийн тамирын дасгал болон өөр аргуудыг хэрэглэдэг. Эрүүл болохын тулд эмч, мэс засалч гэх мэт анагаахын мэргэжилтнүүдийн тусламж авахыг хүсдэг.
Анагаах ухааны аргыг хэрэглэх нь итгэлийн залбирал болон санваарын адислалд итгэж найдахтай зөрчилддөггүй.
Мэдээжийн хэрэг, бид итгэлээр залбирахаасаа эсвэл эдгээх санваарын адислалыг өгөхөөсөө өмнө анагаах ухааны бусад бүх аргыг хэрэглэсэн байх ёстой биш л дээ. Яаралтай үед залбирал, адислалыг эхэнд тавьдаг. Бид бүх талын хүч чармайлтыг нэгэн зэрэг хэрэглэх нь олонтоо байдаг” (”Өвчтөнийг эдгээх нь,” Ensign, 2010 оны 5-р сар, 47 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 55).
-
Өвчтэй байгаа үедээ эдгэхийн тулд залбирал, санваарын адислалуудыг авахын зэрэгцээ эмчилгээ хийлгэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
-
44-р шүлгийн дагуу санваарын адислал хүлээн авсан хүн бүр эдгэрэх үү?
Суралцагчдад санваарын адислал авсан зарим хүн эдгэрэхгүй байж болох шалтгааныг Их Эзэн тайлбарласан гэдгийг хэл. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:48-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, санваарын адислалын үр дүнд хэн нэгэн эдгэрэх эсэхийг шийддэг зарчмыг олж мэдэхийг хүс.
-
48-р шүлгийн дагуу санваарын адислалын үр дүнг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл юу вэ? (Суралцагчдыг хариулах үед та “үхэлд оноогдоогүй” гэдэг нь үхэл эсвэл эдгэрэлт Их Эзэний цаг, мэргэн ухаан болон хүслийн дагуу тохиолдох болно гэдгийг тайлбарлаж болох юм.)
-
Есүс Христэд итгэдэг хүн бүр яагаад эдгэрдэггүй вэ?
-
Бид бүгдэд зориулсан Бурханы хүсэл болон цаг хугацаанд итгэлтэй байх нь яагаад чухал байдаг вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 42:48-аас өвчнөөсөө эдгэрэх талаар бидний сурч болох зарчмыг тодорхойлоход урь. Суралцагчдын хариултууд нь дараах зарчмыг гаргах хэрэгтэй. Хэрэв бид Есүс Христэд итгэлтэй байвал Түүний хүслийн дагуу бид эдгэрч чадна. Та суралцагчдад энэ зарчмыг зааж буй 48-р шүлэг дэх үгсийг тэмдэглэхийг санал болгож болно.
Суралцагчдад бидний итгэл хүсэн хүлээж байгаа тодорхой үр дүнгээс маань илүүтэй Есүс Христэд төвлөрөх ёстой гэдгийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Даллин Х.Өүксийн хэлсэн дараах үгийг чанга уншихыг хүс. Ангийнхныг бидний итгэл Есүс Христэд төвлөрөх нь яагаад чухал болох шалтгааныг олж сонсоход урь.
Бидний үүрд мөнхийн сайн сайхан байдалд юу хамгийн сайн болохыг Тэр мэддэг гэдгийг мөн Түүний агуу хайрыг мэддэг Бурханы хүүхдүүд бид Түүнд итгэдэг. Сайн мэдээний анхны зарчим нь Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл юм. Итгэл гэдэг нь найдвар гэсэн үг. Хүнд өвчнөөс болж хорвоог орхисон арван хэдтэй охины оршуулгын ёслол дээр миний нэг хамаатан үг хэлэхэд би тэр найдлагыг мэдэрч байлаа. Эхлээд намайг гайхшируулж, улмаар гэгээрүүлсэн дараах үгсийг тэр хэлж билээ: ‘Тэр охин хорвоог орхисон нь Их Эзэний хүсэл байсныг би мэднэ. Түүнд сайн эмчилгээ хийсэн. Санваарын адислал өгөгдсөн. Түүний нэр ариун сүмийн залбирлын нэрсийн жагсаалтад байсан. Охиныг эдгэрч, эрүүл болохын төлөө зуу зуун залбирал хэлэгдсэн. Түүнийг энэ үед гэртээ аваачих нь Их Эзэний хүсэл биш байсан бол тэр эдгэрэх байсан гэж гэрийнхэн нь баттай итгэж байсныг би мэднэ’ гэж тэр хэлсэн юм. Мөн арван хэдэн настайдаа нас барсан өөр нэг сор болсон охины эцгийн хэлсэн үгэнд би тийм найдварыг мэдэрсэн юм. Тэрээр ‘манай гэр бүлийн итгэл Есүс Христэд төвлөрдөг бөгөөд энэ нь бидний итгэлийн үр дүнгээс хамаардаггүй. Түүний энэ үг миний хувьд үнэн юм. Бид хайрт нэгнийгээ эдгэрэхийн төлөө чадах бүхнээ хийдэг. Харин үр дүн нь ямар байхыг бид Их Эзэнд даатгадаг’ гэж хэлж билээ” (“Өвчтөнийг эдгээх нь,” 58).
-
Ахлагч Өүксийн ярьсан хүмүүс Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн харуулсан бэ?
-
Заримдаа хайртай хүнээ амьдарч эсвэл эдгэрэхийг харснаас илүү түүнийг нас барахыг эсвэл удаан хугацаанд өвчиндөө шаналахыг харах үед илүү их итгэл шаардагддаг. Яагаад ийм байж болно гэж та нар бодож байна?
-
Бид хүсэн хүлээсэн үр дүнгээ хүлээн авахгүй байж болох ч Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдаас эмчилгээний зохих зөвлөгөөнүүдийг дагаж, залбирал болон санваарын адислалуудаар дамжуулан эдгэрэхийг хичээсэн боловч нас барсан хэн нэгнийг мэддэг эсэхийг асуу. (Ийм нөхцөл байдлыг туулсан суралцагчдад онцгой мэдрэмжтэй ханд.) Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:45–47-г чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, хайртай хүн нь нас барсан хэн нэгэнд тайтгарал авчирч болох үгсийг олж мэдэхийг хүс.
-
45-р шүлэг нь бид нас нөгчсөн тэднийг алдсаныхаа төлөө уйлах болно хэмээн хэлдэг. 46-р шүлэгт заагдсан ямар сургаал хайртай нэгнээ алдсан хүмүүст тайтгарал өгч болох вэ? (Суралцагчид өөр өөр үг хэрэглэж болох ч дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Их Эзэнд нас нөгчсөн тэдэнд тааламжтай байх болно.)
-
“Их Эзэнд нас нөгчих” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ?
-
Үхэл нь Их Эзэнд нас нөгчсөн тэдэнд “тааламжтай” байх болно гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Та нас барсан итгэлтэй хүн нь бие махбодын өвчинд шаналан зовсон байж болох хэдий ч энэ амлалт сүнсний дэлхийд түүний амсах амар амгаланг хэлж байгааг тайлбарлах хэрэгтэй байж болно.)
Суралцагчдыг хэрэв тэд өнөөдөр үхэх байсан бол үхэл тэдэнд “тааламжтай” байхаар амьдарч байгаа эсэхээ тунгаан бодоход урь. (Та суралцагчдыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бодлоо бичихэд урьж болно.)
Сургаал ба Гэрээ 42:56–73
Их Эзэн асуудаг хүмүүст нэмэлт судар болон мэдлэгийг илчлэх болно хэмээн амлав
Эдгээр шүлэг нь Иосеф Смитийн Библийн орчуулгыг дурдаж байгааг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 42:56–58-ыг дүгнэн хэлж өг. Их Эзэн Иосеф Смитийн орчуулга бүх хүнд заагдах ёстой хэмээн гэгээнтнүүдэд хэлэв. Эдгээр шүлэг нь, сайн мэдээг хэзээ, хэнд заах ёстой талаар Их Эзэний Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчдад өгсөн заавруудыг агуулдаг гэдгийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 42:59–69-ийг дүгнэн хэлж өг. Их Эзэн өөрсдөд нь өгөгдсөн хуулиудын дагуу амьдрахыг тэдэнд сануулав. Мөн Тэрээр Сүмийг зохион байгуулж, ирээдүйн Шинэ Иерусалимд амьдрахад гэгээнтнүүдийг бэлдэх цаашдын удирдамж зааврыг тэд хүлээн авах болно хэмээн тайлбарлав. Үүнээс гадна, Их Эзэн тэд хэрхэн тэнгэрлэг илчлэлтүүдийг үргэлжлүүлэн хүлээн авч болох зарчмуудыг тэдэнд заав. Бүхнээ зориулах хуулиар Сүмд бүрэн цагийн эсвэл хагас цагийн үйлчлэл хийж байсан хүмүүст санхүүгийн тусламж өгч байсныг тайлбарлан Сургаал ба Гэрээ 42:70–73-ыг дүгнэн ярьж өг.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 42:61, 68-ыг дотроо уншиж, илчлэлт хүлээн авах зарчмуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчид дараах маягаар хариулж болно.
Хэрэв бид асуувал Их Эзэн бидэнд амар амгалан, баяр баясгалан болон мөнх амьдралыг авчрах мэдлэгийг өгөх болно.
Хэрэв бид мэргэн ухаан гуйвал Их Эзэн бидэнд өгөөмрөөр өгөх болно.
-
Их Эзэнээс илчлэлт авахаар хичээнгүйлэн гуйснаар ямар адислал ирэх вэ?
Сүмийн удирдагчид үргэлжлэн ирдэг илчлэлтийн зарчмаар биднийг удирдан, чиглүүлдэг талаар гэрчлэлээ хуваалц.
Сургаал ба Гэрээ 42:74–87
Санваарын удирдагчид ноцтой гэм нүгэл үйлдсэн гишүүдийг яах талаар заавар хүлээн авав
Сургаал ба Гэрээ 42:74–87-д Их Эзэн Сүмийн сахилга батыг зохицуулах зарим хуулийг толилуулсныг тайлбарла. Тэрээр ялангуяа садар самуун, хулгайлах, худал хэлэх эсвэл “аливаа байдлаар алдсыг үйлдэх” (С ба Г 42:87) зэрэг ноцтой гэм нүгэл үйлдсэн тэдэнд хэрхэн тохинуулах талаар санваарын удирдагчдад тусгайлан удирдамж өгөв.
Сургаал ба Гэрээ 42:88–93
Их Эзэн гэгээнтнүүдэд хувийн гомдлоо хэрхэн шийдвэрлэхийг зааварчлав
-
Та нар хэн нэгний хэлсэн үг эсвэл үйлдлээс болж өөр нэгэн гомдохыг хэзээ харсан бэ? Хэн нэгний хэлсэн үг эсвэл үйлдлээс болж та нар гомдож эсвэл шаналж байсан уу?
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 42:88–89-ийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, хэн нэгэн биднийг гомдоовол юу хийх талаар Их Эзэний өгсөн зааврыг олж мэдэхэд урь.
-
Биднийг гомдоосон хэн нэгэнд бид юу хийх ёстой вэ? (Түүнтэй хувиараа эвлэр. Та эвлэрэх гэдэг үг нь маргаанаа шийдвэрлэх мөн эв нэгдэлтэй болох гэсэн утгатай үг болохыг тайлбарлаж болно.)
-
Та нарын бодлоор энэ арга яагаад тустай байж болох вэ?
Самбарын нэг талд дараах бүрэн бус мэдэгдлүүдийг бич.
Самбарын нөгөө талд өмнө бичсэн мэдэгдлүүдийн төгсгөлийг бич.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 42:90–93-ыг дотроо уншиж, бүрэн бус мэдэгдлүүдийг зохих төгсгөлүүдтэй нь тохируулахыг тэдэнд зааварла. (Ганцаарчлан уулзахдаа гомдоосон бол ганцаар уулзаж залруулах ёстой. Олны өмнө гомдоосон бол олны өмнө залруулж шийдвэрлэх ёстой.)
-
Нууцаар үйлдсэн гэм бурууг олны өмнө шийдвэрлэх нь яагаад тохиромжгүй байж болох вэ?
-
Яагаад заримдаа олны өмнө хийсэн хэргийг олны өмнө шийдвэрлэх нь ухаалаг алхам байдаг вэ?
Суралцагчдаас эдгээр үнэнийг зөв ба буруу аль алинаар нь харуулж буй нөхцөлүүдийн талаар бодохыг хүс. Цөөн суралцагчийг өөрсдийн санааг хуваалцахад урь. (Суралцагчдыг хариулж байх үед Их Эзэний арга замаар гэм буруугаа шийдвэрлэхэд наманчлал болон өршөөл шаардлагатайг онцлон хэл.)
-
Гомдлыг зохих ёсоор шийдвэрлэх нь гэр бүлийг хэрхэн адисалж болно гэж та нар бодож байна вэ? Тойрог эсвэл салбарыг? Ангийн хэсэг суралцагчийг?
Биднийг гомдоосон хэн нэгэнтэй ярихад биднээс зориг шаарддаг гэдгийг онцлон хэлж болно. Суралцагчдыг бусадтай маргалдсан маргаанаа зохих ёсоор шийдвэрлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбирахад урь.