Институт ба семинар
21-р хичээл: Сургаал ба Гэрээ 17


21-р хичээл

Сургаал ба Гэрээ 17

Оршил

Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа гурван гэрчид ялтсуудыг харах нь зөвшөөрөгдөх юм байна гэдгийг мэджээ (2 Нифай 27:12–14; Ифер 5:2–4; С ба Г 5:11–15, 18-ыг үзнэ үү). Оливер Каудери, Давид Витмер хоёр энэ талаар мэдээд, гэрч болох оргилуун их хүсэлтэй гэдгээ мэдрэв. Энэ явдлаас өмнө Их Эзэн хэрэв Мартин Харрис хангалттай даруухан мөн дуулгавартай байвал ялтсуудыг харах зөвшөөрлийг авч болно гэж хэлжээ (С ба Г 5:23–28-ыг үзнэ үү). Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар энэ боломжийг хүлээн авах зөвшөөрлийг авч болох эсэхийг Их Эзэнээс асууж өгөхийг бошиглогчоос гуйв. Хэрвээ энэ гурван хүн итгэлээ хангалттай хөгжүүлбэл ялтсууд болон бусад зүйлийг харах зөвшөөрөл авч болно гэдгийг Их Эзэн зөвшөөрчээ.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 17:1–2

Хэрэв Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар хангалттай итгэлтэй байх юм бол ялтсууд болон бусад ариун нандин зүйлийг харах зөвшөөрөл хүлээн авч болно гэж Их Эзэн хэлжээ.

Самбар дээр 1-ээс 5 хүртэлх тоог дээрээс доош жагсааж бич. 1-ийн тооны хажууд алтан ялтсууд гэж бич. Суралцагчдыг уг жагсаалтыг дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Моронайг Гурван гэрчид ялтсуудыг үзүүлэх үед тэдний харсан бусад зүйлийн жагсаалтыг гүйцээж бичихийг суралцагчдаас хүс. Хангалттай хугацааны дараа суралцагчдаас өөрсдийнхөө жагсаалтыг Сургаал ба Гэрээ 17:1 дэх зүйлстэй харьцуулахыг хүс.

  • Та нар Сургаал ба Гэрээ 17:1-д дурдсан зүйлсээс алийг нь хамгийн их харахыг хүсэж байна вэ? Яагаад?

  • Эдгээр зүйлийг харснаар Гурван гэрчийн гэрчлэл хэрхэн хүчирхэгжсэн бэ? Яагаад?

  • Лебений илд болон Лиахонаг харах нь хэрхэн Мормоны Номын талаар илүү их гэрчлэлийг өгдөг вэ?

Суралцагчдад өнөөдөр судлах илчлэлтийн талаар түүхэн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд энэ хичээлийн оршил хэсгийг товчлон дүгнэ. Мартин Харрис, Оливер Каудери, Давид Витмер нар ялтсуудыг харж болно хэмээн Их Эзэн Иосеф Смитэд хэлэв. Гэхдээ Их Эзэн эхлээд тэднээс хэдэн зүйл хийхийг шаарджээ.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 17:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас хамт уншаад, ялтсуудыг харахын тулд Гурван гэрч юуг хийх шаардлагатай байсныг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг олж мэдсэнээ тайлагнасны дараа тэднээс асуу.

  • “Зүрх сэтгэлийнхээ бүрэн зорилгоор” Бурханы үгэнд итгэх гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (Нэг утга нь бид Бурханд дуулгавартай байх эсвэл Түүний үгсийг бүх зүрх сэтгэлээрээ дагах байж болох юм.)

  • Их Эзэн энэ хүмүүст ялтсуудыг харах зөвшөөрөл өгөхөөс өмнө тэднийг яагаад эртний бошиглогчидтой адил итгэлийг харуулах шаардлагатай байсан гэж та бодож байна вэ?

Бидэнд Гурван гэрчийн харсантай адил бодит зүйлсийг харах боломж олдохгүй байж болох ч бид сайн мэдээний үнэний гэрчийг хүлээн авч чадна. Дараах гүйцэд биш өгүүлбэрийг самбар дээр бич. Хэрэв бид дуулгавартай байж, сайн мэдээний үнэний талаар гэрчийг хүлээн авч чадна.

Суралцагчдаас энэ өгүүлбэрийг гүйцээх үгсийг санал болгохыг хүс. (Суралцагчид дараах үгсийг хэлж болох юм. Хэрэв бид дуулгавартай байж, Бурханд итгэх итгэлээ хөгжүүлбэл сайн мэдээний үнэний талаар гэрчийг хүлээн авч чадна. Суралцагчдын үгсийг ашиглан гүйцээсэн зарчмыг самбар дээр бич.)

  • Та Мормоны Номын талаар гэрч хүлээн авахын тулд хэрхэн Бурханд итгэх итгэлээ хөгжүүлсэн бэ?

Иосеф Смит Мартин Харрисыг энэ зарчмыг хэрэгжүүлэхэд нь хэрхэн тусалсныг суралцагчдадаа ойлгуулахын тулд нэг суралцагчийг Иосеф Смитийн ээж Люси Мак Смитийн бичсэн дараах түүхийг уншихад урь.

Люси Мак Смит

“Маргааш өглөө нь уншлага, дуулал, залбирал зэрэг тогтмол явагддаг үйлчлэлүүдэд оролцсоныхоо дараа өвдөг дээрээсээ босон, энэ өдрийг хүртэл зүрх сэтгэлийг минь хөдөлгөж байдаг ёсорхуу байдлаар Мартин Харрист дөхөж очоод, миний санаж байгаагаар бол ‘Мартин Харрис, та нүглүүдийнхээ өршөөлийг авч болохын тулд энэ өдөр Бурханы өмнө өөрийгөө даруусгах хэрэгтэй. Хэрэв та наманчилбал Бурханы тааллын дагуу Оливер Каудери, Давид Витмер нарын хамт ялтсуудыг харах болно’ хэмээн хэлсэн” (History of Joseph Smith by His Mother, хянасан Пристон Нибли [1958 он], 151–152).

  • Мартин алтан ялтсуудын гэрч болохын тулд ямар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байсан бэ?

Сургаал ба Гэрээ 17:3–9

Их Эзэн ялтсуудын талаар гэрчлэх Гурван гэрчийн үүргийг илчилжээ.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 17:3–5–ыг дор дороо уншаад, Гурван гэрчийн ялтсуудыг харсныхаа дараа хүлээх үүргийг олж мэдэхэд урь. (Тэд гэрч болсон зүйлийнхээ талаар гэрчлэх үүрэгтэй.)

  • Их Эзэн бидэнд тэнгэрлэг үнэнүүдийн талаар гэрчийг өгөх үед бид ямар үүрэг хүлээж авдаг вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Бид үнэний гэрчийг хүлээн авсныхаа дараа үүнийгээ гэрчлэх үүрэгтэй. Та мөн суралцагчдад энэ зарчмыг зааж буй хэсгүүдийг судар дээр тэмдэглэхийг зөвлөж болно.)

  • Бидний үнэний талаар гэрчлэх хүсэл хэрхэн итгэлийг маань харуулдаг вэ?

Суралцагчдад Гурван гэрчийн түүхийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Иосеф Смитийн дараах түүхийг чанга уншихад урь.

Бошиглогч Иосеф Смит

“Мартин Харрис, Давид Витмер, Оливер Каудери болон [миний бие] [Витмерийн гэрийн ойролцоох төгөлд] ирээд, өвдөг сөхрөн, Бүхнийг Чадагч Бурханд маш их итгэлээр залбирч эхэлсэн юм. …

Өмнө нь тохиролцсоны дагуу эхлээд би Тэнгэрлэг Эцэгтээ хандан чангаар залбирч, дараа нь хүн нэг бүр ээлжлэн залбирсан юм. Гэтэл эхний оролдлогоороо бид ямар нэгэн хариулт эсвэл бурханлаг илэрхийлэлтийг хүлээж аваагүй. Бид дахин энэ дарааллаар залбирсан боловч … яг л өмнөхтэй адил үр дүн гарсан.

Биднийг хоёр дахь удаагаа бүтэлгүйтсэний дараа Мартин Харрис биднээс холдох ёстой гэдгээ мөн өөрийнхөө тэнд байгааг бидний хүссэн зүйлийг хүлээн авахад саад болж байгаа шалтгаан гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм. Түүнийг биднээс холдоход бид дахин өвдөг сөхөрч, залбиралд нэгдэв. Залбирч эхлээд хэдэн минут өнгөрөхөд бид өөрсдийнхөө дээр агаарт нэгэн тодоос тод гэрэл харсан ба бидний өмнө тэнгэр элч зогсож байхыг болгоон харлаа. Тэрээр гартаа бидний харахыг хүсэж залбирсан ялтсуудыг барьсан байлаа. … Биднийг тэдгээрийг харж, бичээсүүдийг ялган таних боломжтой байлгахын тулд тэрээр хуудсуудыг нэг нэгээр нь эргүүлсэн юм. … Бидний дээрх хурц гэрлээс нэгэн дуу хоолой ‘Эдгээр ялтас Бурханы хүчээр илчлэгдсэн ба эдгээрийг Бурханы хүчээр орчуулсан. Та нарын харсан тэрхүү орчуулга үнэн зөв бөгөөд би та нарт харсан мөн сонссон зүйлийнхээ талаар гэрчлэхийг зарлиглаж байна’ хэмээн хэлсэн юм.

Би Давид, Оливер хоёрыг орхиод, Мартин Харрисыг олохоор явсан ба түүнийг нэлээд хол газар хичээнгүйлэн залбирч байгааг харсан. Удалгүй тэр надад хараахан Их Эзэнээр нөлөөлөгдөөгүй байгаа гэдгээ хэлж, бидний хүлээн авсан адислалыг хүлээн авч болохын тулд намайг түүнтэй хамт залбирахыг чин сэтгэлээсээ хүссэн. Бид залбиралд нэгдэж, эцэст нь хүссэн зүйлээ хүлээн авсан билээ. Биднийг залбирлаа дуусгах гэж байтал бидний өмнө нь үзсэнтэй адил үзэгдэл үзэгдсэн ба ядаж л надад дахиад үзэгдэж би дахин нэг удаа тэдгээр зүйлийг харж мөн сонссон юм. Тэр үед Мартин Харрис агуу их баяр хөөрт автан “Энэ хангалттай; ‘энэ хангалттай; миний нүд болгоолоо; миний нүд болгоолоо’” хэмээн дуу алдсан юм (History of the Church, 1:54–55-д).

  • Гэрчийн хууль эсвэл олон гэрчтэй байх нь Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэд яагаад тийм чухал байсан гэж та бодож байна вэ?

Энэхүү туршлагын талаарх Иосеф Смитийн сэтгэгдлийг илэрхийлсэн дараах түүхийг уншихыг нэг суралцагчаас хүсэж болно.

Люси Мак Смит

“Тэднийг байшинд эргэж ирэх үед өдрийн 3 эсвэл 4 цаг болж байсан. Хатагтай Витмер, ноён Смит бид гурав тэр үед унтлагын өрөөнд сууж байлаа. Иосеф орж ирмэгцээ миний хажууд суугаад, ‘Аав аа, ээж ээ, та нар намайг ямар их жаргалтай байгааг мэдэхгүй байна. Их Эзэн надаас өөр гурван хүнд ялтсуудыг үзүүлсэн. Тэдэнд гэрчилсэн тэнгэр элчийг тэд харсан мөн тэд намайг хүмүүсийг хууран мэхэлж яваагүйг өөрсдөө мэдсэн учир миний хэлсэн үнэнийг гэрчлэх ёстой боллоо. Үүрч явахад хэт хүнд байсан ачаанаасаа чөлөөлөгдсөн мэт санагдаж байна. Энэ нь миний бодгалийг баясгаж, би дэлхийд ганцаараа биш боллоо’ хэмээн дуу алдсан юм. Энэ үед Мартин Харрис орж ирсэн бөгөөд тэр баяр баяслаар дүүрсэн байлаа. Тэр харсан мөн сонссон зүйлээ зоригтой гэрчилж байсан. Мөн Давид, Оливер хоёр тэдний зүрх сэтгэлийн баяр баясгалан болон харсан, сонссон зүйлийнх нь агуу ихийг ямар ч хэлээр илэрхийлж чадахгүй гэдгийг мөн гэрчилсэн юм” (History of Joseph Smith by His Mother, 152).

  • Та нарт сайн мэдээ үнэн гэдгийг мэддэг хүмүүстэй хамт байхад ямар мэдрэмж төрдөг вэ? Тэдний гэрчлэл танд хэрхэн тусалдаг вэ?

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Хос бүрийг (Мормоны Номын удиртгал хэсгийн дараа байгаа) “Гурван гэрчийн гэрчлэл”–ийг чанга уншихад урь. Суралцагчдыг уншиж байх үедээ гэрчлэлийг нь хүчирхэгжүүлсэн үгс эсвэл үг хэллэгүүдийг олж мэдэхэд урь.

Хэдийгээр Гурван гэрч Сүмээс холдож явсан ч тэдний нэг нь ч Мормоны Номын талаарх гэрчлэлээ үгүйсгээгүй гэдгийг тайлбарла (Оливер Каудери, Мартин Харрис хоёр хожим нь дахин баптисм хүртжээ).

Мормоны Номын талаарх суралцагчдын хувийн гэрчлэл нь Мормоны Номын хувь болгонд цэдэглэгдэх боллоо гэж төсөөлөн бодохыг тэднээс хүс. Суралцагчдыг өөрсдийн гэрчлэлд юуг багтаахыг хүсэж байгаагаа дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Хэдэн суралцагчийг бичсэн зүйлээсээ хуваалцахад урих талаар бодож үз.

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 17:6–г дотроо уншаад, Мормоны Номын талаарх Есүс Христийн гэрчлэлийг олж мэдэхэд урь. Есүс Христ Мормоны Ном үнэн гэдгийг гэрчилсэн.

  • Мормоны Номын талаарх Их Эзэний гэрчлэл хэрхэн та нарын гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг вэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 17:7–9–ийг чангаар уншихад урь. Суралцагчдыг хамт дагаж уншаад, Гурван гэрчид өгөгдсөн амлалтыг олж мэдэхийг хүс. Суралцагчдын анхаарлыг 9–р шүлэг дээрх “зөв шударга зорилго хэсэгт төвлөрүүл.

  • Гурван гэрчтэй байх Их Эзэний зорилго юу байж болох вэ? (Та мөн суралцагчдаас энэ асуултад хариулахын тулд Сургаал ба Гэрээ 17:4–ийг дахин уншихыг хүсэж болно.)

  • Та нарын хүсэж буй үнэний гэрчлэлийг та нарт өгөх “зөв шударга зорилго” юу байж болох вэ?

Бид гэрчлэлээ хуваалцсанаараа гэрчлэлээ нэмэгдүүлж эсвэл хүчирхэгжүүлдэг гэдгийг суралцагчдад сануул. Суралцагчдын гэрчлэлийг сонсох нь тустай байж болох хэнд гэрчлэлээ хуваалцаж болохыг бодоход тэднийг урь. Энэ долоо хоногт тухайн хүнтэй гэрчлэлээ хуваалцахад тэднийг урамшуулан дэмж.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 17:1. Ялтсууд, Урим, Туммим ба чээжний хуяг

Иосеф Смит Бурханы түүнээс шаардсан ажлуудыг хийж дуусгасныхаа дараа ялтсууд, цээжний хуяг, Урим ба Туммимыг тэнгэр элч Моронайд буцааж өгсөн юм (Иосеф Смит—Түүх 1:52, 59–60–ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 17:3, 5. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нарын гэрчлэл

Гурван гэрч гурвуулаа яагаад тодорхой хугацаанд Сүмээс холдон явсан үнэн шалтгааныг бид мэдэхгүй ч, Сургаал ба Гэрээ 3:4 нь хэн нэгэн хүн тэнгэр элч болон ялтсуудыг харах зэрэг онцгой гэрчийг хүлээн авсныхаа дараа хэрхэн уналтад орж болохыг тайлбарлаж болно.

“Учир нь хүн олон илчлэлттэй байж, мөн хүчирхэг олон ажлыг хийх хүчтэй байж болох хэдий ч, хэрэв тэр өөрийн хүчинд эрдэн сагсуурвал, мөн, Бурханы зөвлөгөөг үл ойшоож, мөн хувийнхаа тааллын тулгалтад хийгээд зуурдын хүсэл бодолдоо автагдан дагавал, тэрээр өөр дээр нь ирэх шударга Бурханы өшөө авалтанд өртөн унах ёстой.”

Гурван гэрч хэдийгээр Сүмээс холдон явсан ч Мормоны Номын талаарх гэрчлэлээ хэзээ ч үгүйсгээгүй гэдгийг дараах түүхүүд харуулдаг.

Оливер Каудери 1848 оны 10–р сарын 21–нд Айовагийн Канесвиллд болсон чуулган дээр дараах гэрчлэлийг хуваалцжээ.

Оливер Каудери

“Би Мормоны Номыг (хэдхэн хуудсыг үл тооцвол) бүхэлд нь бошиглогч Иосеф Смитийн амнаас гарснаар нь өөрийн үзгээр бичсэн ба тэрээр үүнийг Бурханы хүч ба бэлгээр орчуулсан юм. … Энэ ном бол үнэн. Сидней Ригдон үүнийг бичээгүй; Спаулдинг ах үүнийг бичээгүй; би өөрөө бошиглогчийн амнаас гарах үгсийг бичсэн” (“The Three Witnesses,” The Historical Record, хянасан Андрью Жонсон, 6-р боть, дугаарууд 3–5 [1887 оны 5-р сар], 201; мөн Жорж Рэйнолдс, “History of the Book of Mormon,” The Contributor, 5-р боть, ду. 12 [1884 оны 9-р сар], 446).

Richmond Democrat нэртэй сонин Мормоны Номын талаар гэрчилсэн Давид Витмерийн дараах түүхийг нийтэлжээ.

Давид Витмер

“(1888 оны 1р сарын 22) ням гаргийн өглөө 5:30–д Витмер ах өвчтэй хэвтэрт байхдаа гэр бүл болон найзуудаа дуудсан юм. … Тэрээр орныхоо хажууд байсан бүгдэд хандан: ‘Та бүгд Христэд итгэлтэй байх ёстой. Би та бүгдэд Библи болон Нифайчуудын цэдэг (Мормоны Ном) үнэн гэдгийг хэлэхийг хүсэж байна. Та нар үхлийн ирмэг дээр буй намайг гэрчлэлээ хэлж байгааг сонссоноо гэрчилж болно. Бүгд Христэд итгэлтэй байгтун. Та нарын ажил үйлсийн дагуу шагнал чинь ирэх болно. Бурхан та бүгдийг адислаг. Христэд итгэх итгэл маань үүрд мөнхөд орших болно. Амен’ хэмээн хэлжээ. [Richmond Democrat, 1888 оны 2–р сарын 2, quoted in Andrew Jenson, Latter–day Saint Biographical Encyclopedia, 4-р боть. (1901 он), 1:270]” (Doctrine and Covenants Student Manual [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2001 он], 33).

Мартин Харрис нас барахынхаа өмнөхөн:

Мартин Харрис

“Тийм ээ, би Мормоны Ном бичигдсэн ялтсуудыг харсан; би тэнгэр элчийг харсан; би Бурханы дуу хоолойг сонссон; би Иосеф Смит бол Бурханы Бошиглогч бөгөөд Ариун Санваарын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг мэднэ” хэмээн гэрчилсэн. [“The Last Testimony of Martin Harris,” recorded by William H. Homer in a statement sworn before J. W. Robinson, 1927 оны 4–р сарын 9, Франфис В.Көркхамын эш татсанаар, A New Witness for Christ in America, 2–р боть (1960 он), 1:254.]” (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 33.)

Сургаал ба Гэрээ 17. Найман гэрчийн гэрчлэл

Гурван гэрчийг алтан ялтсуудыг харснаас хойш хэдэн өдрийн дараа “найман нэмэлт гэрч буюу орчуулгын үед бошиглогчтой ойр байсан итгэлтэй эрчүүд бас ялтсуудыг харахаар сонгогдсон юм.… Иосеф Мормоны Номыг хэвлэхээр товлож байх үедээ Манчестер дахь Смитийн гэрийн ойролцоо ялтсуудыг тэдэнд үзүүлэх зөвшөөрлийг авчээ. [History of the Church, 1:58–ыг үзнэ үү.] Найман гэрч ялтсуудыг барьж, өргөж үзсэнээ мөн хуудас бүр дээрх сийлбэрийг харсан гэдгээ гэрчилсэн юм. Тэдний гэрчлэл Мормоны Номын хэвлэгдэж гарсан хувь бүр дээр байдаг”(Church History in the Fulness of Times Student Manual, хоёр дахь хэвлэл [Сүмийн боловсролын системийн гарын авлага, 2003 он], 60–61).

Сургаал ба Гэрээ 17:6. Мормоны Номын тухай Бурханы гэрчлэл

Арван хоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки:

Ахлагч Брүс Р.Макконки

“Хүмүүнд өгөгдсөн хамгийн ариун тангаргуудын нэг нь Иосеф Смитэд болон Мормоны Номд хамаатай Их Эзэний эдгээр үгээс олддог. ‘Тэрээр (Иосеф Смит) уг номыг, бүр түүнд миний зарлигласан тэрхүү хэсгийг орчуулсан бөлгөө’ хэмээн Их Эзэн хэлсэн, ‘мөн чиний Их Эзэн мөн чиний Бурхан амьдын адил энэ нь үнэн бөлгөө.’ (C ба Г 17:6.)

Энэ бол Мормоны Номын тухай Бурханы гэрчлэл юм. Үүнийг Бүтээгч өөрөө үүн дээр бурханлаг байдлаараа амласан. Мормоны Ном үнэн биш бол Бурхан Бурхан байхаа болино. Хүмүүст эсвэл бурхдад мэдэгдсэн үүнээс илүү албан ёсны хийгээд хүчирхэг үгс гэж үгүй” хэмээн заажээ (“The Doctrine of the Priesthood,”Ensign, 1982 оны 5–р сар, 33).