Институт ба семинар
126-р хичээл: Сургаал ба Гэрээ 121:1–10; 122


126-р хичээл

Сургаал ба Гэрээ 121:1–10; 122

Оршил

Сургаал ба Гэрээ 121–123 нь 1839 оны 3-р сарын 20-нд бошиглогч Иосеф Смитийн Сүмд бичсэн захидлын зарим хэсгийг агуулдаг. Иосеф Смит цөөн хэдэн хамтрагчийнхаа хамт Либерти шоронд байхдаа энэ захидлыг бичүүлсэн юм. Бошиглогч захидалдаа түүнийг болон түүний хамтрагчдыг мөн дайснуудынхаа үйлдлээс болж зовж байгаа гэгээнтнүүдийг адисалж өгөхийг Их Эзэнээс гуйсан зарим залбирлаа багтаажээ. Тэрээр мөн уг залбирлууддаа хүлээн авсан хариултаа багтаасан байна.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 121:1–6

Иосеф Смит зовж буй гэгээнтнүүдийн төлөө залбирав

Суралцагчдыг тэдний найз эсвэл хайртай хүн нь хүнд хэцүү үеийг туулж байна гэж төсөөлөхөд урь. Тэр яагаад ийм зовлон зүдгүүр тохиолдоод байгааг ойлгохгүй байгаагаа мөн Бурхан түүнийг орхисон мэт санагдаж байгаагаа танд хэлжээ.

  • Та найздаа юу гэж хэлэх байсан бэ? Хэрэв танд ийм зовлон зүдгүүр тохиолдсон бол та юу хийх байсан бэ?

Их Эзэн туйлын хүнд хэцүү үед Иосеф Смитэд зөвлөж, түүнийг тайтгаруулж байсан гэдгийг тайлбарла. Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 121–123 дахь Их Эзэний зөвлөмж болон тайтгарлын үгс ямар арга замаар тэдэнд хүнд хэцүү үед тусалж чадахыг олж мэдэхэд урамшуулан дэмж.

1838 оны 10-р сарын 31-нд Сүмийн гишүүн болох Миссури мужийн цэргийн хурандаа Жеорж Хинкл Иосеф Смитийг хуурчээ. Хинкл, Миссуригийн Фар Вестэд гэгээнтнүүд рүү дайрсан Миссуригийн цэргүүд зөрчилдөөнийг намжаахаар энх тайвны уулзалт хийхийг хүсэж байна гэж Иосеф Смитэд хэлсэн байна. Иосеф Смит Сүмийн бусад удирдагчийн хамт уулзалтад ирэх үед цэргүүд тэднийг дайны олзлогдогчдоор хүч түрэмгийлэн барьж авчээ. Дараагийн сард дайснууд нь тэднийг Миссуригийн Индепенденст болон Ричмондод шоронд хоригдож байхад нь зодож, доромжилсон байна. Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагч худал гүтгэлэг дээр үндэслэсэн шударга бус шүүх хурлыг хүлээж байхад, тэднийг 12-р сарын 1-нд Миссуригийн Либерти дэх шорон руу зөөн аваачжээ.

Дараагийн дөрвөн сард бошиглогч, түүний ах Хайрум, Александр Макрей, Лайман Вайт, Калэб Болдвин нар өвлийн тэсгэм хүйтнээр Либерти шоронгийн хонгилын гянданд хоригдсон юм. Сидней Ригдон тэдэнтэй хамт хэсэг хугацаанд байсан боловч 1839 оны 1-р сарын сүүлчээр шүүгч түүнийг суллагдахыг зөвшөөрсөн байна. Ригдон ах дайснуудынхаа сүрдүүлгээс болоод 2-р сарын эхэн хүртэл шоронгоос гарч чадаагүй юм.

Та суралцагчдад бошиглогч болон түүний найзуудын Либерти шорон дахь хүнд хэцүү нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд хааш хаашаа 4.3 метр шалыг тэмдэглэхээр скоч эсвэл өөр зүйл ашиглаж болно. Энэ нь шоронгийн шалны ойролцоо хэмжээ гэдгийг тайлбарла. Тааз нь 1.8-аас 2 метр өндөр байсан.

Та мөн суралцагчдад судрууд дээрх Либерти шоронгийн зургийг харахыг зөвлөж болно (Сүмийн түүхийн гэрэл зургууд, 12-р зураг, “Либертийн шорон”). Суралцагчдыг 4 эсвэл 5 хүнтэй хамт өвлийн 4 сарын туршид тийм жижигхэн газарт хоригдоно гэдэг ямар байхыг төсөөлөн бодоход урь. Хоёр жижигхэн хаалттай цонхоор бүдэг бадаг гэрэл тусах төдий байсан ба эдгээр цонхны гаднаас хүмүүс хоригдогчдыг шоолон доромжилдог байжээ. Тэд шалан дээрх бохир заваан сүрлэн дээр унтаж байв. Тэдний өрөөнд мөн ялгадсаа хийх хувин зэрэг жижиг сажиг эд зүйлс байлаа. Хэсэг хугацаанд Иосефт нөмрөх хөнжил ч байгаагүй ба хөнжил нь тэднийг хүйтнээс хамгаалах цорын ганц хамгаалалт байсан юм. Заримдаа тэдний хоолонд хор хийж өгдөг байсан ба бусад үед хоол нь өлсөж үхэхийн даваан дээр л идэхээр маш муухай амттай байдаг байлаа. Тэдэн дээр зочид ирэхийг бараг зөвшөөрдөггүй байсан ба тэд өвлийн тэсгим хүйтэнд Миссуригээс хөөгдсөн гэгээнтнүүдийн зовлон шаналлыг сонсоод зүрх сэтгэл нь шархиран өвддөг байсан юм.

  • Хэрэв та Иосефын оронд байсан бол танд ямар мэдрэмж, бодол төрөх байсан бэ?

Сургаал ба Гэрээ 121–123 нь Либерти шоронгоос гарах дөхөж байхдаа гэгээнтнүүдэд бичсэн бошиглогчийн захидлын зарим хэсгийг агуулдаг. Уг захидал Иосефын Их Эзэнд хандан залбирсан зарим гуйлтыг агуулсан байлаа.

Цөөн хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:1–6-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас бошиглогчийн Их Эзэнд хандсан асуулт болон гуйлтуудыг олж мэдэхийг хүс. (Суралцагчдад 1 болон 4-р шүлгийг ойлгоход нь туслахын тулд, та асар гэдэг нь орогнох газраар хангадаг ямар нэгэн байр эсвэл барилга байгууламж гэдгийг тайлбарлаж болно.)

  • Та ямар асуулт болон гуйлтуудыг олсон бэ? Эдгээр шүлгийн өөр юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн бэ?

Сургаал ба Гэрээ 121:7–10; 122

Их Эзэн Иосеф Смитийг тайтгаруулав

Их Эзэний Иосеф Смитийн залбирлуудад өгсөн хариултын зарим нь Сургаал ба Гэрээ 121:7–25, 122:1–9-д байдаг гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 121:7–10-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Иосеф Смит болон түүний хамтрагчдад Либерти шоронд байхад нь тусалж байсан зарчмуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг эдгээр шүлгээс суралцсан сургаал болон зарчмуудаа хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь.

Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, олж тогтоосон сургаал, зарчмуудаа хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэдний хариултыг самбар дээр бич. Суралцагчид дараах гурван зарчмыг олж тогтоож болно.

Бид хүнд хэцүү, зовлон бэрхшээлтэй цаг үедээ Их Эзэнийг дуудах юм бол Түүний амар амгаланг хүлээн авч чадна.

Хэрэв бид мөнх бус байдалд зовлон бэрхшээлийг тэвчих юм бол Бурхан биднийг одоо мөн үүрд мөнхөд адислах болно.

Бид зовлон бэрхшээлийн үед жинхэнэ найз нөхдийн дэмжлэгээр тайтгарлыг олж авч чадна.

Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, дараах асуултуудыг ярилцахад урь. Асуултуудыг нэг нэгээр нь асуугаад, ярилцах хангалттай цаг өг.

  • Зовлон бэрхшээлийг тэвчих мөн зовлон бэрхшээлийг сайн тэвчих хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?

  • Зовлон бэрхшээлийг сайн тэвчихийн жишээ болсон хэнийг та мэдэх вэ?

Цөөн хэдэн суралцагчаас хамтрагчтайгаа ярилцсан зүйлээ ангийнхантай хуваалцахад урамшуулан дэмж.

  • Их Эзэн Иосеф Смитийн саад тотгор хийгээд зовлон зүдгүүрүүд “хэсэг хугацаанд байх болно” (С ба Г 121:7) хэмээн хэлжээ. Энэ нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна? Энэхүү хандлага нь хэрхэн зовлон бэрхшээлийг сайн тэвчихэд та нарт туслах вэ?

Суралцагчдад хүнд хэцүү цагт Аврагчийн амар амгаланг хүлээн авч байсан туршлагуудаа хуваалцах боломж олго.

Дараах асуултыг самбар дээр бич. Хэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан зөвлөгөө болон адислалуудыг эрэлхийлэх вэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 122:1–4-ийг дотроо уншихдаа энэ асуултын хариултыг олж мэдэхэд урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, тэднийг 2–3-р шүлэг өөрсдийг нь хэлж байгаа эсэхийг тунгаан бодоход урь.

  • Бид ямар арга замаар Иосеф Смитээс зөвлөгөө хүлээн авсаар байгаа вэ? Бид түүний ачаар эрх мэдэл болон адислалуудыг ямар арга замаар хүлээн авдаг вэ?

  • Их Эзэн Иосеф Смитэд ямар амлалтуудыг өгсөн бэ?

Гурван суралцагчийг Сургаал ба Гэрээ 122:5–7-г ээлжлэн чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Иосеф Смитэд болон бусад хүнд тулгарч байсан бэрхшээлийн талаар түүнд заасан зарчмыг олж мэдэхийг хүс.

  • 7-р шүлэгт цэдэглэснээр, зовлон бэрхшээл, саад тотгороос ямар эерэг үр дүн ирдэг вэ? (Суралцагчдыг энэ асуултад хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Зовлон бэрхшээл нь бидэнд туршлага суулгадаг ба бидний сайн сайхны төлөө байдаг.)

Нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний дараах үгийг уншихад урь. Суралцагчдаас зовлон бэрхшээл нь хэрхэн бидний сайн сайхны төлөө байдгийг сонсохыг хүс.

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Амьдралд чинь зовлон бэрхшээл тохиолдсон үед та зовж шаналан, толгой сэгсрэн, ‘Яагаад би гэж?’ хэмээн гайхширан бодож болох юм.

Гэвч гай газар доороос гэгчээр зовлон бэрхшээл бидэнд хэлж ирэхгүй, хийсч ирдэг шүү дээ. Хэзээ нэгэн цагт хүн бүрд уйтгар гуниг, уй гашуу тохиолдох л болно. Хэн ч үүнээс ангид байдаггүй.

Санаагаар унаж, шаналан зовж, уй гашууд автсан үеийг сэтгэлийн хатаар даван туулахыг бид амьдрал болоод туршлагаасаа сурч чадна. Зарим үед сэтгэлийн хатаар даван туулахад хэцүү байдаг эдгээр зүйл нь чухамдаа бидний ойлголтыг өргөжүүлэн тэлж, зан чанарыг төлөвшүүлэн, бусад хүмүүст хандах бидний өрөвч зөөлөн сэтгэлийг нэмэгдүүлдэг юм” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” Ensign, 2008 оны 11-р сар, 27 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 32–33).

  • Ахлагч Вөртлин бидний хүнд хэцүү туршлагууд бидний төлөө юу хийж чадна гэж хэлсэн бэ?

Суралцагчдыг зовлон бэрхшээл нь хэрхэн тэдэнд туршлага суулгасан мөн тэдний сайн сайхны төлөө байсныг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урь. Тэдэнд хангалттай цаг гаргаж өгсний дараа, цөөн хэдэн суралцагчаас юу бичсэнээ хуваалцахыг хүсэж болно.

Нэг суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, бичээчийн үүрэг гүйцэтгэхэд урь. Түүнээс самбарын доод талаас самбарын гуравны нэг орчимд хөндлөн зураас зурахыг хүс. Дараа нь суралцагчдаас хүмүүст тохиолддог хүнд хэцүү нөхцөл байдлуудыг жагсаахыг хүс. Бичээчээс тэдний хариултуудыг зураасны дээд талд бичихийг хүс.

Суралцагчдад жагсаалт гаргах хангалттай цаг өгсний дараа, тэднээс урьд өмнө нь хэн нэгэн “Хэн ч надад юу тохиолдож байгааг ойлгохгүй” гэж хэлэхийг сонсож байсан эсэхийг асуу. Тэднийг Сургаал ба Гэрээ 122:8-ыг дотроо уншаад, Их Эзэн дээрх тайлбарт юу гэж хэлэх байсныг олж мэдэхэд урь. Тэднийг хариултуудаа хэлсний дараа, бичээчээс самбар дээрх зураасны доор Есүс Христ гэж бичихийг хүс.

  • Аврагч “тэд бүгдэд доош бууж ирсэн юм” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? (Суралцагчдыг хариулахаас өмнө та тэднийг 2 Нифай 9:20–21, Алма 7:11 мөн Сургаал ба Гэрээ 88:5–6-г уншихад урьж болно. Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч тэд дараах сургаалыг олж тогтоох ёстой. Аврагч бүх хүний өвдөлт, зовлон зүдгүүрийг туулсан.)

  • Энэ үнэн нь Иосеф Смит болон түүний хамтрагчдад Либерти шоронд байхад нь хэрхэн тусалсан байх гэж та нар бодож байна вэ?

Суралцагчдад энэ сургаалыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ахлагч Вөртлиний дараах үгийг чангаар уншихад урь.

Ахлагч Жозеф Б.Вөртлин

“Есүс асар ихээр зовсон учраас бидний зовлонг ойлгодог. Тэр бидний шаналлыг ойлгодог. Бид ч мөн адил бусдыг илүү сайн өрөвдөж мөн ойлгохын тулд хүнд хэцүү зүйлсийг туулдаг.

Либерти шоронгийн давчдам харанхуйд хамтрагчидтайгаа хамт зовж байхад нь Аврагчийн бошиглогч Иосеф Смитэд өгсөн гайхамшигт үгсийг санацгаая.

Иосеф … дээрх үгсээс тайтгарлыг олсон юм. Бид ч бас ингэж чадна шүү дээ” (“Юу ч тохиолдсон талархалтай бай,” 33).

  • “Хүнд хэцүү үед” тохиолдсон туршлагууд танд бусдад өрөвч сэтгэлээр хандаж, тэднийг илүү сайн ойлгоход ямар арга замуудаар тусалсан бэ?

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 122:9-ийг дотроо уншаад, энэ шүлэг нь бошиглогч Иосеф Смитийн амьдрал болон тохинуулалтай хэрхэн холбогдож байгааг олж мэдэхэд урь.

  • Сургаал ба Гэрээ 122:9 нь тантай хэрхэн холбогдож байна гэж та бодож байна вэ? Энэхүү шүлэг нь хүнд хэцүү туршлагуудыг туулахад танд хэрхэн туслах вэ?

Их Эзэн, энэхүү захидал бичигдсэнээс хойш удалгүй Иосеф болон түүний хамтрагчдад Иллиной дахь гэгээнтнүүдтэй нэгдэх замыг нээж өгсөн. Бурхан Өөрийн үйлчлэгч Иосеф Смиттэй амьдралынх нь туршид хамт байсан болохыг гэрчил. Хэрэв бид зовлон бэрхшээлтэй үед итгэлтэй хэвээрээ үлдвэл Бурхан бидэнтэй хамт байх болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Хичээлийг дуусгахдаа Иосеф Смитийн амьдралынхаа төгсгөлд гэрчилсэн дараах гэрчлэлийг хуваалц. “Бүхнийг Чадагч Бурхан бол миний бамбай; Бурхан миний найз байхад хүн юу хийж чадах билээ?” (History of the Church, 5:259).

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 121–123. Түүхэн нөхцөл байдал

“Бошиглогч Иосеф Смит болон түүний хамтрагчид (Хайрум Смит, Александр Макрей, Лайман Вайт, Калэб Болдвин мөн хэсэг хугацаанд хамт байсан Сидней Ригдон нар) хилс хэргээр шүүгдэж байхдаа шоронд дэндүү их зовсон юм. ‘Тэдэнд хүмүүнлэг бус маш олон зүйлсийг хийсэн. Тэд өдөр бүр хангалтгүй мөн зохисгүй хоол хүнс л иддэг байв. Зарим үед Их Эзэний сүнсний удирдамж л тэдний хэн нь ч зайлсхийж чадаагүй хортой хоолноос тэднийг аварч байсан юм. [Александр Макрей “Бид өлсөж үхэхийн даваан дээр л энэ хоолыг иддэг байсан” (Б.Х.Робэртс, A Comprehensive History of the Church, 1:521) гэж хэлжээ.]

“Шоронд унтах газар байгаагүй ба тэд хатуу мод эсвэл хүйтэн чулуун шалан дээр дэвссэн сүрлэн дээр унтаж, амардаг байв. Ялангуяа шоронд хоригдох эхний сард гадаад ертөнцтэй холбоотой байхыг тэдэнд бараг л зөвшөөрдөггүй байлаа. Миссури дэх гэгээнтнүүд хавчлага дарамтын туйлтай тулгарч байсан чухал цаг үед тэдэнд бошиглогч удирдагч нь туйлын их хэрэгтэй байлаа’ [Алвин Р.Дайер, The Refiner’s Fire, 2 дахь хэвлэл [1968], 276].

“Хаяадаа л тэдэн дээр найзуудаас нь ирэхийг мөн захидал илгээх болон хүлээн авахыг зөвшөөрдөг байв. 1839 оны 3-р сарын 20–25-ны хооронд, бошиглогч Иосеф шоронд хоригдож буй бүх хүний гарын үсгийг зуруулсан урт захидлыг хэлж бичүүлжээ (бошиглогч хоёр захидал бичсэн хэдий ч хоёр дахь захидлаа нэг дэх захидлын үргэлжлэл гэж тодорхойлжээ). Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит уг захидлын талаар: ‘Энэ нь хүмүүний гараар бичигдсэн хамгийн агуу захидлуудын нэг байсан. Үнэндээ энэ нь даруу сүнслэг өдөөлтийн үр дүн байсан юм. Энэ нь залбирал, бошиглол хийгээд Их Эзэнээс ирсэн илчлэлтийн хариулт байсан. Христийн хайрын сүнсээр дүүргэгдсэн даруу бодгалиас өөр хэн ч ийм захидал бичиж чадахгүй. [Тэдний туулсан зовлонгуудын] тухай бодоход бошиглогч тусламж эрэлхийлэн бодгалийнхаа тарчлалд дуу алдсанд гайхаад байх юмгүй билээ. Гэсэн ч, түүний чин сэтгэлийн гуйлтын үгсэд бусдыг тэвчих тэсвэр тэвчээрийн сүнс, хөршөө хайрлах хайр мэдрэгдэж байсан юм’ гэж бичжээ. (Church History and Modern Revelation, 2-р боть [1953], 2:176.)

121–123-р хэсэг нь уг захидлаас хэсэглэн авагдсан ба 1876 оны Сургаал ба Гэрээний хэвлэлд нийтлэгдсэн юм. Эдгээр гурван хэсгийг агуулсан Сургаал ба Гэрээний уг хэвлэл 1880 оны 10-р сарын Сүмийн чуулганаар судар хэмээн дэмжигдсэн юм” (Сургаал ба Гэрээний суралцагчийн гарын авлага, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2001], 295–296).

Сургаал ба Гэрээ 121:1–3. “Тэд эдгээр буруу зүйлийг мөн хууль бус доромжлолуудыг хэчнээн удаан тэвчих юм бэ?”

Бошиглогч Иосеф Смит Либерти шоронд хоригдохоосоо өмнө Парлей П.Пратт болон Сүмийн хэдэн удирдагчийн хамт Миссуригийн Ричмондод шударга бусаар шоронд хоригджээ. Тэд Ричмондын шоронд байхдаа дээрэмчдийн хожмын үеийн гэгээнтнүүдэд үйлдсэн аллага, дээрэм, хүчирхийллийн талаар шоронгийн харгалзагчид бохир доромжилсон үг хэллэг хэрэглэн, дүрслэн ярьж байхыг сонсов. Иосеф тэднийг хэсэг хугацаанд сонссоныхоо дараа юу хэлснийг Парлей П.Пратт дурсан ярьжээ.

Парлей П. Пратт

“[Иосеф] гэнэт ухасхийн босч, аянгын эсвээс хүрхрэх арслангийнх лугаа адил дуугаар дараах үгсийг хэлснийг би тун тодхон санаж байна.

‘ЧИМЭЭГҮЙ БАЙЦГАА, тамын шулмасууд аа. Би Есүс Христийн нэрээр та нарыг зэмлэн буруутгаж чимээгүй байхыг тушааж байна. Би ийм яриаг дахиад ганц хором ч сонсож, амьд явж тэвчишгүй нь. Ийм яриагаа зогсоо. Эс бөгөөс та нар эсвэл би ЯГ ОДОО үхнэ шүү!’

Харуулууд “түүнээс уучлал гуйж, харуул солигдтол нам гүм байв.” Парлей П.Пратт хожим нь уг явдлын талаар ийнхүү дурсжээ. “Би Английн шүүхийн танхимд … хууль зүйн сайдуудыг харж байсан; би улс үндэстэнд хууль тогтоохоор хуралдсан их хуралдааныг мөн харж байсан; гэвч би Миссуригийн нэгэн жижигхэн тосгонд харанхуй шөнө гинжинд хүлэгдэн зогсож байсан нэгний сүр жавхлангаас илүү сүр жавхланг харж байсан нь үгүй юм” (Autobiography of Parley P. Pratt, хянасан Бага Парлей П. Пратт [1938], 211; мөн 210-р хуудсыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 122:5–7. Зовлон зүдгүүрийн зорилго

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Оорсон Ф.Витней Сургаал ба Гэрээ 121–122-ыг дурдан, бидний зовлон бэрхшээлийг туулдаг нэг шалтгааны тухай заасан.

Ахлагч Оорсон Ф.Витней

“Бид өөрсдийн хөгжил дэвшил, цэвэршилт, боловсрол, дэгжлийн төлөө зовлон бэрхшээл, азгүйдлийн ширүүн давалгааг дийлдэг. Мөн бид уг үерийн усыг сэлэн туулж, цаад эрэг дээр нь гарахдаа бүгдээрээ илүү хүчирхэг, илүү сайн хүмүүс болсон байдаг юм” (“A Lesson from the Book of Job,” Improvement Era, 1918 оны 11-р сар, 6).