Институт ба семинар
27-р хичээл: Сургаал ба Гэрээ 20:38–67


27-р хичээл

Сургаал ба Гэрээ 20:38–67

Оршил

Их Эзэн Сургаал ба Гэрээ 20-д Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэндээ Түүний Сүм 1830 оны 4-р сарын 6-нд зохион байгуулах ёстой гэж зарлиглажээ. Мөн Тэр санваарын өөр албад, тэдгээр албанд томилогдох хүмүүсийн үүргүүдийн тайлбарыг оролцуулан Өөрийнхөө Сүмийн удирдлагын талаар зааварчилгаа өгсөн байдаг. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд эдгээр албын ачаар санваарын ёслолуудыг хүлээн авч, гэрээнүүдийг хийх боломжтой болсон юм.

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 20:38–59

Санваарын албадын үүрэг томилогдов

Дараах үгсийг хичээл эхлэхээс өмнө самбар дээр бич. Үүнд: заах, тайлбарлах, ухуулах, анхааруулах, бүх хүнийг Христэд ирэхийг урих

Хичээлийн эхэнд самбар дээрх эдгээр үг рүү зааж, дараах асуултыг тавь.

  • Хэн ийм үүрэгтэй байдаг вэ? (Та тайлбарлах гэдэг нь ямар нэгэн зүйлийг илүү нарийвчилж заах мөн ухуулах гэдэг үг нь хэн нэгнийг ямар нэгэн зүйлийг хийхэд ихэд урамшуулан дэмжих гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно.)

Суралцагчид бошиглогч, төлөөлөгч, Сүмийн бусад удирдагч, бүрэн цагийн номлогчид эдгээр үүрэг хариуцлагатай гэж онцолж хэлж магадгүй. Мөн тэд Аароны санваартнуудыг оролцуулан бүх санваартанд эдгээр үүрэг хариуцлага байгаа гэдгийг онцолж хэлж болно. Хэрэв тэд Аароны санваартнуудыг дурдахгүй бол та энэ үнэнийг өөрөө дурдаж болно. Танай ангид байгаа Аароны санваартнуудад үйлчлэх чухал боломжуудыг даалгаж өгсөн байдаг гэдгийг онцолж хэл.

Ангийг гурван бүлэг болгон хуваарил. Их Эзэн Сүмийн зохион байгуулалттай уялдуулан Иосеф Смитэд санваартнуудын олон үүрэг хариуцлагыг илчилсэн билээ. Нэг дэх бүлгийнхнээс Сургаал ба Гэрээ 20:38–45-ыг судалж, ахлагчдын үүргүүдийг олж мэдэхийг хүс. Хоёр дахь бүлгийнхнийг Сургаал ба Гэрээ 20:46–52-ыг судалж, пристүүдийн үүргүүдийг олж мэдэхэд урь. Гурав дахь бүлгийнхнийг Сургаал ба Гэрээ 20:53–59-ийг судалж, багш нар болон диконуудын үүргүүдийг олж мэдэхэд урь. Тэднийг судалж байх зуур самбарын дээд хэсэгт дараах үгсийг хөндлөнгөөр нь бич.

Ахлагчид

Пристүүд

Багш нар ба диконууд

С ба Г 20:38–45

С ба Г 20:46–52

С ба Г 20:53–59

Суралцагчдад хангалттай цаг өгсний дараа бүлэг бүрээс нэг эсвэл хоёр төлөөлөгчийг самбарын өмнө урьж, өөрсдийнхөө суралцсан албан тушаал эсвэл албан тушаалуудын үүргүүдийг жагсааж бичихэд урь.

  • Ахлагч, прист, багш, диконуудын үүргүүдээс та ямар ялгаануудыг анзаарч харсан бэ? Ямар адил төстэй зүйлсийг харсан бэ?

  • Ариун Сүнсний бэлэг хүртээх эрх мэдэл санваарын аль албанд байдаг вэ? (Ахлагч; 41-р шүлгийг үзнэ үү.) Ариун ёслолыг түгээх эрх мэдэл аль албанд байдаг вэ? (Ахлагч ба пристүүд; 40, 46-р шүлгийг үзнэ үү.) Прист, багш, диконуудыг томилох эрх мэдэл аль албанд байдаг вэ? (Ахлагч ба пристүүд; 39, 48-р шүлгийг үзнэ үү.) Тайлбарлах, ухуулах, заах эрх мэдэл аль албанд байдаг вэ? (Ахлагч, прист, багш, дикон; 42, 46, 59-р шүлгийг үзнэ үү.)

  • Бид санваарын албадын үүргүүдийг хооронд нь харьцуулж, жишсэнээр эдгээрийн талаар ямар үнэнүүдийг олж мэдэх вэ?

Суралцагчид хэд хэдэн зарчмыг олж тогтоож болох ч дараах зарчмуудыг онцолж хэлэхэд анхаар.

Тэнгэрлэг Эцэгийн хөвгүүд санваарын дээд албадыг хүлээн авснаар тэд бусдад үйлчлэх илүү их үүрэг хариуцлага болон боломжуудыг хүлээн авдаг.

Санваартнууд санваарын нэмэлт албадад томилогдсоноор доод албан тушаалуудыг мөн тэдгээрийн үүргүүдтэй нь хамт хадгалж үлддэг.

Бүх санваартан ёслолуудыг гүйцэтгэж, Сүмийн гишүүдийг харж халамжлан, тэдэнд тохинуулах үүрэгтэй байдаг.

Суралцагчдад өмнөх жагсаалт дээрх хамгийн сүүлийн үнэнийг олж тогтооход нь тусалсны дараа үүнийг самбар дээрх санваарын үүргүүдийн жагсаалтын доор бич. Та тохинуулах гэдэг үг нь үйлчлэл хийх гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно.

Суралцагчдад санваартнуудын үүргийг ойлгоход нь туслахын тулд тэдний анхаарлыг самбар дээрх жагсаалт руу хандуулж, дараах асуултуудыг тавь.

  • Аароны санваартнууд ямар арга замаар “сүмийг харж хандан”, “тэдэнтэй хамт байж тэднийг хүчирхэгжүүлж” чадах вэ? (Гэрийн багшлалт, ядуус болон гачигдагсдыг халамжлах, цуглааны байр болон газар нутагт анхаарал тавих, бишоп болон чуулгын удирдагчдаас ирсэн бусад даалгаврыг биелүүлэх зэрэг жишээнүүд байж болно.)

  • Аароны санваартнууд ямар арга замаар “Бүх хүнийг Христэд ирэхэд урьж” чадах вэ?

Ангийн гишүүдийг уг асуултын талаар ярилцах зуур та нэг суралцагчаас дараах зөвлөгөөг уншихыг хүсэж болно.

“Хэрэв та санваартан бол санваар бүхий л цагт, бүхий л нөхцөл байдалд таны нэг хэсэг байдаг гэдгийг сана. Энэ нь дуртай үедээ өмсөж тайлдаг хувцас шиг биш юм. Санваарын албаны аливаа томилолт нь Их Эзэний ажлыг хийх итгэлийнх нь дагуу уг ажилд тэнцэхээр болгох амлалтын хамт ирдэг насан туршийн үйлчлэх дуудлага юм.

Санваарын хүчийг хүлээн авч мөн хэрэглэхийн тулд та зохистой байх ёстой. Хэлж буй үгс мөн өдөр тутмын зан байдал үйлчлэх чадварт нөлөө үзүүлдэг. Олон нийтийн газар биеэ авч явах байдал тань алдаа эндэгдэлгүй байх ёстой. Ганцаараа байх үедээ гаргах зан байдал нь бүр ч илүү чухал юм” (Итгэлдээ үнэнч байх нь: Санваар [2004 он], 169).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг самбар дээр бичээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс. (Уг хэлсэн үгийг “Санваарыг хүндэтгэж, зөв ашигла,” Ensign, 2008 оны 11-р сар, 46 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54-өөс үзэж болно.) Та суралцагчдад үүнийг Сургаал ба Гэрээ 20-ийн хажуугийн зайнд эсвэл дэвтэр, судрын тэмдэглэл дээрээ бичихийг зөвлөж болно.

“Санваарын эрх мэдлийн зорилго нь өгөх, үйлчлэх, өргөх мөн урамшуулах явдал юм” (Ахлагч Ричард Г.Скотт).

Суралцагчдаас санваартнуудын өгч, үйлчилж, өргөж мөн урамшуулж байгааг харсан жишээнүүд хуваалцахыг хүс. Та мөн өөрийн ажигласан жишээнүүдийг нэмж хэлж болно.

Уг ярилцлагын нэг хэсэг болгож Сургаал ба Гэрээ 20 дахь илчлэлт нь санваартнуудын тухай байдаг ч Сүмийн гишүүн бүрд бусдад тохинуулах үүрэг хариуцлага мөн эрх мэдэл байдгийг онцолж хэл. Залуу эмэгтэйчүүдэд үйлчлэх олон боломж байдаг. Зарим нь номлолд үйлчлэхийг сонгож болох ба нэгэн өдөр тэдэнд “санваартан эрэгтэйчүүдийн хамт итгэл мөн хувийн зөв шударга байдлыг өсгөж, гэр бүлүүд болон гэр орныг хүчирхэгжүүлж, тусламж хэрэгтэй хүмүүсийг хайж олоод туслахын тулд ажилладаг” Халамжийн нийгэмлэгийн гишүүн байх боломж ирэх болно (Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011 он], 7).

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 20:38–59-өөс сурсан зүйлээ бичиж тэмдэглэх хэсэг хугацаа гаргаж өг. Залуу эрэгтэйчүүдийг сүмийн гишүүдийг итгэл дүүрэн харж халамжлан, хүчирхэгжүүлэхэд туслах зорилго бичих талаар бодоход урь. Тэд үүнийг Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь төслийн нэг хэсэг болгон хийж болно.

Сургаал ба Гэрээ 20:60–67

Санваарын томилолтуудын талаар удирдамж өгөгдөв

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:60-ыг чангаар уншихад урьж, ангийнхнаас санваарын албанд хэн нэгнийг томилох үед Ариун Сүнс ямар үүрэг гүйцэтгэдгийг олж мэдэхийг хүс.

Санваарын томилолтод гэрчээр оролцсон эсвэл санваарын албанд томилогдсон суралцагчид байвал гараа өргөхийг хүс. Гараа өргөсөн суралцагчдын цөөн хэдийг томилолтын үеэр олж авсан туршлага болон мэдрэмжээ хуваалцахад урь. Та дараах асуултыг тавьж болно.

  • Ариун Сүнс хэрхэн томилолтын нэг хэсэг болсон бэ?

Дараах өгүүлбэрийг самбар дээр бич. Санваартнуудад үүргээ гүйцэтгэхэд нь Ариун Сүнсний хүч хэрэгтэй байдаг.

Залуу эрэгтэйчүүдэд санваарын ёслолуудыг гүйцэтгэх үедээ хэр зохистой байдаг талаараа тунгаан бодоход туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Боид К.Пакэрын хэлсэн дараах үгийг уншихад урь.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Таны эрх мэдэл томилолтоор ирдэг бол таны хүч дуулгавартай болон зохистой байдлаар дамжин ирдэг. …

Санваарын хүч нь цуглаануудад оролцох, ажил үүрэг даалгаврыг хүлээн авч, судар унших, мэргэн ухааны үгийг сахих зэрэг энгийн зүйлүүдийг хийж үүргээ биелүүлснээр ирдэг” (“The Aaronic Priesthood,” Ensign, 1981 оны 11-р сар, 32–33).

Залуу эрэгтэйчүүдийг одоогийн болон ирээдүйн санваарын үүргүүдээ гүйцэтгэхэд нь тэдэнтэй хамт байх Ариун Сүнсний хүчийг урихын тулд Их Эзэн тэднийг юу хийгээсэй гэж хүсэж байгааг залбирч, олж мэдэхийг урь. Залуу эмэгтэйчүүд мөн Сүмд чухал үүргүүдтэй байдаг гэдгийг онцолж хэл. Тэднийг үүргүүдээ биелүүлэхдээ Ариун Сүнсний хүчийг урьж Их Эзэн тэднээр юу хийлгэхийг хүсэж байгааг бодож үзэхэд урь.

Та Сургаал ба Гэрээ 20:61–63 нь Сүмийн ажил хэргийг нээлттэй явуулах зэрэг Сүмийн чуулгануудын зарим зорилгыг дурддаг гэдгийг тайлбарлаж болно.

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 20:65-ыг чангаар уншихад урь. Энэ шүлэг дэх санал гэдэг үг нь санваарын албанд томилогдохоосоо өмнө хэн нэгний хүлээн авдаг дэмжүүлэх саналыг хэлж байгаа гэдгийг тайлбарла. Анги дахь залуу эрэгтэйчүүдээс санваарын албанд томилогдохын тулд хамгийн сүүлд тойрог эсвэл салбарынхаа гишүүдээр дэмжигдсэн үеэ эргэн дурсахыг хүс.

  • Тойрог (эсвэл салбарын) гишүүд тань таны томилолтыг дэмжих үед танд ямар санагдсан бэ? Тэдний дэмжих саналыг дурсан санах нь таны санваарын үйлчлэлд хэрхэн тусалдаг вэ? (Хариултууд нь тэд тойрогтоо хийх үйлчлэлдээ илүү хариуцлагатай байж, тойргийнхоо гишүүдийн дэмжлэгийг мэдэрнэ гэх мэт байж болно.)

Та хэдэн суралцагчийг яагаад санваарын эрх мэдэлд талархдагаа хуваалцахад урьж болно. Энэ хичээлд ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 20:42. Сүмийг харж хандах нь

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст санваарын гол зорилгын талаар:

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Бусдыг харж халамжлах нь санваарын үүргийн амин судас нь юм. Энэ нь адисалж, эдгээх мөн сайн мэдээний авралын ёслолуудыг гүйцэтгэх хүч юм” гэж хэлжээ (“Power of the Priesthood,” Ensign, 1997 оны 5-р сар, 41).

Далын ахлагч В.Грант Бангэртэр “тохинуулагчдын” хувьд Сүмийн гишүүнчлэлийг харж ханддаг санваартан хүмүүсийн талаар:

Ахлагч В.Грант Бангэртэр

“Би ‘хэдэн жилийн турш Сүмийн үндсэн дүрмийн’ талаар заасан ерөнхийлөгч Марион Ж.Ромнигоос суралцах боломжтой байсан юм. Сүмийн дүрэм гэдэг нь Сүмийн зохион байгуулалтын үед өгөгдсөн илчлэлт бөгөөд Их Эзэн уг илчлэлтэд Сүмийг удирдах ёстой үйл явцуудыг тоймлон хэлжээ. Сургаал ба Гэрээ 20-р хэсэгт ахлагчид доод санваартнаар туслуулан ‘Сүмийг харж хандах’ ёстой гэж хэлдэг. (Шүлэг 42, 53.) ‘Харж хандах’ гэдэгт гишүүдийн гэрээр зочлох, тэднийг үүргүүдээ биелүүлэхэд зааварлах зэрэг ордог. Өөр нэгэн илчлэлтэд ахлагчдын чуулгыг ‘байнгын тохинуулагчид’ гэж дурдсан байдаг. (C ба Г 124:137.) Аароны санваартнуудыг мөн ‘байнгын тохинуулагчид’ гэж нэрлэдэг (C ба Г 84:111.)” (“The Power of the Priesthood,” Ensign, 1975 оны 11-р сар, 69).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фауст тусламж хэрэгтэй байгаа хөршөө өргөж, хүчирхэгжүүлсэн залуу санваартны тухай дараах түүхийг хуваалцжээ:

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Хэдэн жилийн өмнө пристийн чуулга үйлчлэлийн төсөл болгон гачигдалтай хүмүүсийн төлөө хоол цуглуулахаар шийджээ. Пристүүдийн нэг болох Жим оролцож байгаадаа маш их баярлаж, бусдаас илүү их хоол цуглуулахаар шийдсэн байв. Цуглааны байранд пристүүдийн уулзах цаг боллоо. Тэд бүгдээрээ нэгэн зэрэг гарч, орой нь тодорхой цагт дахин цугларав. Жимийн сав хоосон байсан нь бүгдийг гайхшируулав. Тэр их тайван байсан ба зарим хөвгүүн түүгээр тохуурхаж байлаа. …

… Зөвлөгч түүнээс бухимдуу байгаа эсэхийг нь асуужээ. Жим ‘Үгүй ээ, тийм бишээ. Гэхдээ би хоол цуглуулахаар явахдаа зөндөө их хоол цуглуулсан. Миний сав бүр дүүрсэн. Би сүмийн байр руу буцаж явах замдаа манай тойргийн бүсэд амьдардаг нөхрөөсөө салсан, гишүүн бус нэг эмэгтэйнд очсон юм. Намайг түүний хаалгыг тогшин, юу хийж байгаагаа тайлбарлахад тэр намайг ороод ир гэж урив. Тэгээд Тэр эмэгтэй надад өгөх юм хайж эхэлсэн. Би түүнийг хөргөгчөө онгойлгоход дотор нь бараг юу ч байгаагүйг харсан юм. Хананы шүүгээнүүд ч хоосон байсан. Эцэст нь тэр жижигхэн лаазтай тоор олсон юм.’

‘Би бараг л итгэж чадаагүй. Хооллох хэрэгтэй олон жаахан хүүхэд гэрт нь гүйлдэж байхад тэр надад тэр лаазалсан тоор жимсийг өгсөн юм. Би түүнийг нь аваад, савандаа хийн, гудамж өөд алхлаа. Намайг гудамжны талд хүрэх үед сэтгэлд минь дулаан мэдрэмж төрж, би буцаад тэр байшин руу явах хэрэгтэйгээ мэдсэн. Би түүнд бүх хүнсээ өгчихсөн.’

Зөвлөгч ‘Жим, чи өнөөдөр мэдэрсэн мэдрэмжээ хэзээ ч мартахгүй. Учир нь энэ л гол зорилго нь байсан’ гэж хэлжээ. Жим амин хувиа үл хичээсэн үйлчлэлийн үр шимийг амталсан юм” (“Spiritual Nutrients,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 11-р сар, 54).

Сургаал ба Гэрээ 20:46. “Санваартнуудын үүрэг бол номлох, заах, тайлбарлах, ухуулах, баптисм хүртээх, ариун ёслолыг түгээх явдал юм.”

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф

Ерөнхийлөгч Вилфорд Вүдрафф “Би пристийн хувьд олон мянган бээр аялж, сайн мэдээг тунхагласан ба Төлөөлөгчийн албанд үйлчилж байхад намайг дэмжиж, Өөрийн хүчийг амьдралд минь харуулсан шиг пристийн албанд байхад ч Их Эзэн надад яг тэгж хандсан гэдгийг би цугларагсдын өмнө хэлсэн. Хэрэв дуудлагаа эрхэмлэн биелүүлж, үүргээ гүйцэтгэвэл прист, ахлагч, дал эсвэл төлөөлөгч байна уу хамаагүй Их Эзэн Санваарын хэсгийг атгадаг ямар ч эрэгтэйг дэмждэг юм” гэж хэлжээ (Deseret Weekly, 1896 оны 11-р сарын 7, 641). (Мөн Боид К.Пакэр “The Aaronic Priesthood,”Ensign, 1981 оны 11-р сар, 33-ыг үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 20:60–67. Зохих санваарын томилолт

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр зохих санваарын томилолт нь Их Эзэнд агуу ач холбогдолтой байдаг гэж онцлон хэлжээ.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Та санваарыг зөвхөн эрх мэдэлтэй хэн нэгнээс хүлээн авч чадах ба ‘түүнд эрх мэдэл байгаа гэдгийг сүм мэдсэн байдаг.’ (C ба Г 42:11.)

Санваарыг дипломтой адилтгаж болохгүй. Үүнийг танд гэрчилгээ олгодгийн адилаар гардуулж болохгүй бас үүнийг захиас юм уу захидал шиг илгээж болохгүй. Санваарыг зөвхөн зохих журмын дагуу томилолтоор олгодог. Эрх мэдэл олгогдсон санваартан үүнийг олгох ёстой. Тэр гараа таны толгой дээр тавьж, таныг томилох ёстой.

Энэ нь ерөнхий эрх мэдэлтнүүдийн санваарын эрх мэдлийн түлхүүрүүдийг дамжуулахын тулд дэлхий даяар аялдаг нэг шалтгаан юм. Дэлхий даяарх гадасны ерөнхийлөгч бүр Сүмийн тэргүүлэх ах нарын нэгнээс гар тавилтаар эрх мэдлийг хүлээн авсан байдаг. Ямар ч тохиолдолд үүнийг алгасаж байгаагүй.

Эдгээр зүйлийг сана. Санваар нь Их Эзэнд маш эрхэм байдаг. Тэрээр санваарыг хэрхэн хүртээж байгаад мөн хэн хүртээж байгаад их анхааралтай ханддаг. Үүнийг хэзээ ч нууцаар гүйцэтгэж байгаагүй” (“The Aaronic Priesthood,” Ensign, 1981 оны 11-р сар, 32).