Гэрээр судлах хичээл
Сургаал ба Гэрээ 101:43–101; 102–105 (22-р бүлэг)
Оршил
Энэ хичээл Сионы хуарангаас сурсан сургамжуудаа өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах болно.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 105
Их Эзэн гэгээнтнүүдэд Сионы газар нутаг дээр хичээл зүтгэлийнхээ талаар юу хийх ёстой гэж илчилсэн бэ?
Хичээл эхлэхээс өмнө нэг цаасан аяга, дугуй резин, 3 ширхэг уяа олж ав. Резиний тойрог аяганы тойргоос жижиг байх ёстой. Уяануудыг резинээс адил урттай уя.
3 сайн дурын суралцагчийг урьж, хичээлээ эхэл. Аягыг хавтгай гадаргуу дээр тавьж, суралцагчдыг зөвхөн дугуй резин болон уяануудыг ашиглан аягыг дээш авах зааварчилгаа өг. Тэд дугуй резинд гараа хүргэж болохгүй гэдгийг тэдэнд хэл; тэд зөвхөн уяануудаас л барьж болно. (Суралцагчид энэ даалгаврыг гүйцэтгэхдээ резинийг аяганы гадна талаар оруулж, дараа нь дээш өргөхийн тулд резинийг хангалттай сунгахаар хамтдаа ажиллаж, уяа бүрийг тэнцүү хүчээр нэгэн зэрэг татах хэрэгтэй болно.)
Суралцагчдыг энэ үйл ажиллагааг дуусгасны дараа, дараах асуултыг тавь.
-
Энэ даалгаврыг гүйцэтгэхэд эв нэгдэл ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Суралцагчид өнгөрсөн долоо хоногт судалж байхдаа Их Эзэний Сионы хуарангийн талаар өгсөн илчлэлтийг болон Сион дахь цөлөгдсөн гэгээнтнүүдэд туслах тэдний зорилгын талаар судлах боломжтой байсан гэдгийг тэдэнд сануул. Өнөөдрийн хичээлээрээ Сионы газар нутгийг дахин сэргээх гэгээнтнүүдийн оролдлогуудад эв нэгдлийн гүйцэтгэсэн гол үүргийг олж мэдэхэд тэднийг урамшуул.
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 103 ба 105-аас сурсан зүйлс дээрээ үндэслэн Сионы хуарангийн түүхийг дахин ярихад урь. Суралцагчдад суралцсан зүйлсээ эргэн санахад туслахын тулд дараах асуултуудыг тавьж болно.
-
Сион дахь (Миссуригийн Жаксон гүнлэг) гэгээнтнүүдэд яагаад тусламж хэрэгтэй болсон бэ? (Тэднийг танхайрагч бүлгийнхэн газар нутгаас нь хөөсөн.)
-
Сионы хуаран гэж юу байсан бэ? (Иосеф Смитээр удирдуулсан мөн Их Эзэний зааварт дуулгавартай байж зохион байгуулагдсан 200 гаруй эрэгтэй, 12 эмэгтэй, 9 хүүхдээс бүрдсэн сайн дурынхан болон шинээр элсэгчдийн бүлэг.)
-
Сионы хуарангийн анхны зорилго юу байсан бэ? (Миссури дэх цөлөгдсөн гишүүдэд хэрэгцээтэй зүйлсийг аваачихын тулд бас тэдэнд Жаксон гүнлэг дэх газар нутгаа сэргээхэд туслахын тулд.)
Сургаал ба Гэрээ 105-д агуулагддаг энэ илчлэлт Сионы хуаранг гараад бараг 7 долоо хоног явсан буюу Жаксон гүнлэгт хүрэхэд ердөө 15–30 километр үлдсэн байхад 1834 оны 6-р сарын 22-нд ирсэн гэдгийг сануул. Энэ үед Сионы гэтэлгэлийн талаар Их Эзэний Сионы хуаранд өгсөн заавруудыг хэлж чадах хүн байгаа эсэхийг ангийнхнаас асуу. (Тэд Сионы газар нутгийг дахин сэргээхээр явж буй хөөгдсөн гэгээнтнүүдэд туслахаар хүлээх ёстой байв. Хэрэв суралцагчид энэ тодорхойлолтыг санах хэрэгтэй байгаа бол тэднийг Сургаал ба Гэрээ 105:9-ийг гүйлгэн харахад урь.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 105:3–9-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, Их Эзэний Сионы гэтэлгэлийг хойшлуулсан шалтгаануудыг олж харахыг хүс.
-
Их Эзэн тэр үед Сион дахь газар нутаг болон гэр орноо сэргээхгүй байх ямар шалтгаануудыг гэгээнтнүүдэд өгсөн бэ?
-
Бид эдгээр шүлгээс Сионыг барьж байгуулахын тулд юу хийх ёстой талаар ямар зарчим сурч авч болох вэ? (Суралцагчид өөр өөр зарчмууд санал болгож болох ч дараах зарчмыг олж тогтооход тэдэнд тусал. Бид Сионыг барьж байгуулахын тулд Бурханы биднээс хүссэн бүх зүйлд нэгдмэл хийгээд дуулгавартай байх ёстой. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
Суралцагчдад энэхүү зарчмыг илүү сайн ойлгоход туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хэлсэн дараах үгийг уншихад урь. Ангийнхнаас Сион гэж юу болох талаар мөн үүнийг байгуулахын тулд юу болох ёстой талаар ахлагч Кристоффэрсоны хийсэн тайлбарыг олж сонсохыг хүс.
“Сион гэдэг нь газар нутаг хийгээд хүмүүсийг хэлнэ.
Сион бол оршин суудаг иргэдийн зан чанар, харьцаа хандлага, итгэл бишрэлийн улмаас л Сион байдаг. ‘Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэл мөн нэг оюунтай байлаа, мөн зөв шударга ёсонд оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй’ (Мосе 7:18) гэснийг санагтун. Хэрэв бид гэр орон, салбар, тойрог, гадаснууддаа Сионыг байгуулж чадвал эдгээр жишгийг ханган биелүүлэх ёстой. Нэгдүгээрт: Бид нэг зүрх сэтгэл, нэг оюун ухаантай болж нэгдэх, хоёрдугаарт: хувь хүмүүсийн хувьд, хамт олноороо ч ариун хүмүүс болох, гуравдугаарт: өөрсдийнхөө дундах ядуу зүдүү байдлыг үгүй болгохуйц тийм үр дүнтэйгээр гачигдалтай хүмүүсийг анхаарч халамжлах нь зайлшгүй чухал болно. Эдгээр зүйлсийг Сион ирэхэд аяндаа болно гэж хүлээж болохгүй— эдгээрийг хийх явцад л Сион ирэх болно.” (“Сионд ирэгтүн,” Ensign, 2008 оны 11-р сар, 37, 38 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–46).
Сионы талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултын заримыг асуух талаар бодож үз.
-
Сион гэж юу вэ?
-
Сион байгуулагдахын тулд юу болох ёстой вэ?
-
Сионыг барихад нэгдмэл байдал болон дуулгавартай байдал яагаад шаардлагатай гэж та бодож байна вэ?
-
Сургаал ба Гэрээ 105:3–5-д цэдэглэснээр, нэгдмэл байдаг хүмүүс ямар алдар суугийн хаант улсын хуулийг дуулгавартай дагаж байна вэ?
-
Та гэр бүл, Сүм, анги эсвэл чуулгынхаа нэгдмэл байдлыг хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж чадах вэ? Та эдгээр бүлэгт хамрагддаг бусад хүнийг хэрхэн нэгдмэл мөн Их Эзэнд дуулгавартай байхад урамшуулан дэмжиж чадах вэ?
-
Эдгээр зүйлийг хийх нь Сионыг барьж байгуулахад танд болон бусдад хэрхэн туслах вэ?
-
Ямар туршлагууд танд бүлэг дотроо нэгдмэл байхын ач холбогдлыг ойлгоход тусалсан бэ?
Суралцагчдыг гэр бүл, Сүм эсвэл чуулга дээрээ нэгдмэл байдлыг хүчирхэгжүүлэхийн тулд хийж чадах нэг зүйлээ бодож үзэхэд урь. Нэг суралцагчаас хийх зүйлээ хамтрагчтайгаа ярилцахыг хүс. Их Эзэний зорилгуудыг биелүүлэхээр эрэлхийлэхдээ нэгдмэл мөн дуулгавартай байхын ач холбогдлын талаар гэрчил.
Дайснууддаа хэрхэн хандах ёстой талаар гэгээнтнүүдэд заавар өгснөөр Их Эзэн Сургаал ба Гэрээ 105 дахь илчлэлтээ төгсгөсөн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 105:38–41-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, эдгээр шүлгээс Их Эзэний гэгээнтнүүдэд хандан хавчин гадуурхагчдадаа хэрхэн хандах талаар юу гэж хэлснийг нэгтгэн дүгнэсэн үг хэллэгийг сонгохыг хүс. Дараа нь суралцагчдаас яагаад эдгээр хэллэгийг сонгосноо тайлбарлахыг хүс.
-
Эдгээр шүлэг дээрх Их Эзэний заасан зүйлсэд үндэслэн хэрэв бид бусадтай амар амгаланг тогтоохыг эрэлхийлбэл ямар адислал ирж болох вэ? (Дараах зарчмыг зааж буй үг, хэллэгүүдийг тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Хэрэв бид бусадтай амар амгаланг тогтоохыг эрэлхийлбэл бүх зүйл бидний сайн сайхны төлөө хамтдаа ажиллах болно.)
-
Та эсвэл таны мэддэг хэн нэгэн энх тайвныг тогтоохоор эрэлхийлэх үед ямар адислалууд ирснийг та харж байсан бэ?
Суралцагчдыг бусадтай харилцах харилцаандаа амар амгаланг тогтоохоор эрэлхийлэхэд урамшуулан дэмж.
Дараагийн бүлэг (Сургаал ба Гэрээ 106–108; 137)
Суралцагчдаас баптисм хүртэлгүйгээр эсвэл Есүс Христийн сайн мэдээг сонсолгүйгээр нас барсан хүмүүст юу тохиолддог талаар өмнө нь бодож байсан эсэхийг асуу. Дараагийн хэсгээр тэд энэ асуултын хариултыг олж мэдэх болно гэдгийг тайлбарла. Тэд бас Мелкизедек санваарын анхны нэрийн талаар мөн санваарын албадын үйл ажиллагаануудын талаар мэдэж авах болно.