Институт ба семинар
130-р хичээл: Наувугийн суурьшил


130-р хичээл

Наувугийн суурьшил

Оршил

Гэгээнтнүүд Миссуригээс хөөгдсөнийхөө дараа, Миссури мөрний дагуух намагт газрыг Науву хотын үзэсгэлэнт газар болгон хувиргажээ. Иллинойгийн Науву 1839-өөс 1846 он хүртэл Сүмийн удирдах газар болсон юм. Халамжийн нийгэмлэг тэнд байгуулагдаж, Наувугийн удирдах газраас номлолын ажил дэлхий даяар илүү хол тархсан юм.

тараах материал шигтгээ зурагТайлбар: Энэ хичээл хоёр суралцагчаар хичээл заалгах боломж олгоно. Энэ хичээлээс хэд хоногийн өмнө хоёр суралцагчийг сонгоод, тэдэнд урьдчилан бэлтгэх цаг гаргаж өгөхийн тулд хуваарилагдсан хэсгүүдийг өг.

Заах зөвлөмж

Гэгээнтнүүд Науву хотыг үндэслэв

газрын зураг, Миссури ба Иллиной

Иосеф Смитийг Либерти шоронд байх хооронд гэгээнтнүүд 1838-аас 1839 оны өвөл Миссуригээс хөөгдсөн гэдгийг суралцагчдад сануул.

  • Та нар гэгээнтнүүдийг Миссуригээс хөөгдөхдөө ямар сэтгэгдэлтэй байсан гэж бодож байна? (Хариулт нь гэгээнтнүүд хаашаа явахаа мэдэхгүй байсан гэсэн хариулт байж болно.)

Гэгээнтнүүд Миссуригээс хөөгдсөнийхөө дараа, Иллинойгийн Квинси болон бусад жижиг сууринд хоргодох газар олжээ. Суралцагчдыг судрынхаа Сүмийн Түүхийн газрын зураг 6 (“Өрнөд рүү хийсэн Сүмийн нүүдэл”) дээрээс Квинсиг олоход урь. 1839 оны 4-р сарын 15-нд Иосеф Смит болон түүнтэй хамт шоронд хоригдож байсан хүмүүст өөр шорон руу шилжих болно гэж хэлжээ. Өөр шорон руу явж байх замдаа шоронгийн хамгаалагчид тэднийг цаашид шударга бусаар хорьж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч, тэдэнд зугтах зөвшөөрөл өгсөн байна. Үүнээс долоо хоногийн дараа Иосеф Смит Квинси дэх гэр бүлтэйгээ нэгджээ. Иосеф Смитийн удирдлаган доор Сүм Квинсигийн хойд талд, Миссури мөрний хоёр талд хоёуланд нь газар худалдаж авчээ. Мөрний баруун тал нь Айовагийн нутаг дэвсгэр байсан ба зүүн тал нь Иллиной мужийн хэсэг байсан юм. Гэгээнтнүүд Иллиной талд Коммерс хэмээх газар Сүмийн шинэ удирдах газрыг байгуулсан ба үүнийгээ Науву гэж нэрлэжээ.

Эхний суралцагч багшийг гарч ирээд, Наувугийн зохион байгуулалтын талаар ангийнханд товч заахад урь.

1 дэх суралцагч багш: Гэгээнтнүүд Иллинойгийн Коммерсийг Науву хэмээх үзэсгэлэнт газар болгож өөрчлөв

Дараах асуултыг самбар дээр бич. Таны амьдралд яг одоо хэцүү эсвэл таагүй зүйл байна уу? Суралцагчдад асуултыг тунгаан бодох цаг өг.

Суралцагчдыг Наувуг зохион байгуулсан гэгээнтнүүдийн тухай суралцсанаар хэцүү эсвэл таагүй асуудлуудаа хэрхэн даван туулах ойлголтуудыг эрэлхийлэхэд урь.

Сүмийн гишүүд Коммерс хэмээх жижигхэн суурингийн нэрийг Науву буюу үзэсгэлэнтэй хэмээх утгатай еврей үгээр сольсон юм.

Нэг суралцагчийг 1839 онд гэгээнтнүүдийг анх уг нутагт ирэх үед ямар байсан тухай дараах тодорхойлолтыг уншихад урь. Ангийнхнаас сонсоод, тэд уг нутгийг хараад юу гэж бодсон тухай тунгаан бодохыг хүс.

Гэгээнтнүүдийн анх Наувуд ирэх үед газрын ихэнх хэсэг нь намархаг мөн шумууланд баригдсан байлаа. Шумуулнууд өндөр халуун мөн ханиад, цаашлаад үхэлд хүргэх аюултай чичрэг өвчний вирусыг тээж байжээ. Олон гэгээнтэн халдварлаж, өвчилсөн юм. Зарим нь маш хүндээр өвчилсөн байсан бөгөөд бие биедээ туслахын тулд арай ядан мөлхөж л чадаж байлаа. Түүнчлэн зарим нь бүр нас барсан юм. (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 217–218-ыг үзнэ үү.)

  • Та энэ газрыг үзэсгэлэнтэй гэж нэрлэх байсан уу? Бошиглогч Иосеф Смит яагаад энэ намгархаг газрыг үзэсгэлэнт газар гэж нэрлэхээр сонгосон гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг гэгээнтнүүд шинэ гэр орон болох газарт нь тулгарсан олон бэрхшээлд хэрхэн хандсаныг тайлбарласан дараах догол мөрийг уншихад урь.

Иосеф Смит мөн адил чичрэг өвчнөөр өвдөж, хэдэн өдөр хэвтсэн ба 1839 оны 7-р сарын 22-нд хөл дээрээ босч, Бурханы Сүнсээр дүүргэгджээ. Тэрээр гэрийнхээ ойролцоох олон өвчтөнг адислав. Жишээлбэл, Иосеф үхлийн даваан дээр байсан Сүмийн гишүүн Хэнри Г.Шэрвүүдийн майханд очжээ. Бошиглогч Иосеф түүнд босч, майхнаас гарч ирэхийг зарлигласан ба Шэрвүүд ах дуулгавартай дагаж, эдгэрчээ.

Иосеф мөрнийг гатлан Айова тал руу очиж, өвчтнүүдийг үргэлжлүүлэн адислав. Иосефыг Иллиной тал руу буцахаар бэлтгэж байх хооронд Сүмийн гишүүн бус нэгэн эр гурван километр орчмын зайд байгаа хоёр ихэр нялх хүүхдийг нь адисалж өгөхийг гуйжээ. Иосеф явж чадахгүй гэдгээ хэлээд, гэхдээ Вилфорд Вүдраффт улаан торгон алчуур өгөөд, тэднийг адислахыг хүсэж, тэдний нүүрийг уг алчуураар арчих үед тэд эдгэрэх болно гэж амлажээ” (Church History in the Fulness of Times, 219). Вилфорд уг зөвлөгөөг дагаж, хүүхдүүд эдгэрчээ. Вилфорд тэр өдрийг “Бурханы хүчтэй өдөр” гэж нэрлэжээ (Wilford Woodruff Journals, 1839 оны 7-р сарын 22, Church History in the Fulness of Times, 218).

Тэрхүү өдрийн итгэл, хүчнээс үл хамааран, өвчний тархалт хэдэн сарын турш гэгээнтнүүдийн дунд үргэлжилжээ. Юу ч болсон, тэд нэг нэгнээ халамжилж, шинэ орон гэрээ барьж босгохоор хөдөлмөрлөж байлаа. Тэд мөрний намагнаас ус зайлуулах шуудуу ухаж байсан ба энэ нь газрыг ашиглаж болохуйц болгож, шумуулны асуудлыг багасгасан юм. Яваандаа тэд маш олон орон гэр болон улс орон дахь хамгийн сайн барилга гэж заримынх нь дурдаж байсан Науву ариун сүм зэрэг бусад барилгыг барьжээ.

  • 1839 оны 7-р сарын 22-ны “Бурханы хүчтэй өдөр” хэрхэн Их Эзэнд итгэх илүү агуу итгэлтэй байхад тань туслах вэ?

  • Гэгээнтнүүд Наувуг хэрхэн үзэсгэлэнт газар болгосон бэ?

  • Бид тэдний жишээнээс юу сурч болох вэ?

Суралцагчдыг Наувуг барих гэгээнтнүүдийн шаргуу хөдөлмөрийн тухай ярилцсаны дараа, дараах асуултыг тавь.

  • Биднийг орчин тойрноо сайжруулахыг эрэлхийлэх үед юу тохиолддог вэ?

Суралцагчдыг хариулах хооронд дараах зарчмыг самбар дээр бич. Бид орчин тойрноо сайжруулахыг эрэлхийлэх үедээ өөрсдөө ч бас сайжирдаг. Суралцагчдыг энэ зарчмыг илэрхийлэх туршлагуудаасаа хуваалцахад урь. Та мөн уг зарчмын талаар туршлага мөн гэрчлэлээ хуваалцаж болно. Ангийнхныг өнөөдрөөс эхлэн орчин тойрноо сайжруулах боломжуудыг эрэлхийлэхэд урь.

2 дахь суралцагч багш: Халамжийн нийгэмлэг байгуулагдав

Тайлбар: Хичээл эхлэхээс өмнө, Халамжийн нийгэмлэгийн нэг гишүүнээс (гэр бүлийн гишүүн эсвэл найзаасаа) Халамжийн нийгэмлэг өөрт нь Их Эзэний ажилд оролцох боломжийг өгч, амьдралыг нь адисалсан арга замуудын тухай ярьж өгөхөд урь. Түүнээс сурсан зүйлээ бичиж ав.

Суралцагчдыг судрууд дахь хүндэтгэн биширдэг эмэгтэйчүүдийнхээ тухай бодоход урь. Тэднээс хамтрагчдаа энэ эмэгтэйн талаар мөн яагаад түүнийг хүндэтгэн биширдгээ хэлэхийг хүс. Хос бүрд ярилцах цаг өгсний дараа, Науву дахь эмэгтэйчүүд Их Эзэний ажлыг урагшлуулахад асар их хүч нэмэр болж байсан гэдгийг тайлбарла.

1842 онд Науву дахь эмэгтэйчүүд Науву ариун сүмийн барилгын ажилд туслахын тулд юу хийж болохоо ярилцахаар цугларчээ. Тэд нийгэмлэг байгуулж, ажлаа удирдах төлөвлөгөө гарган, дүрмээ бичжээ. Тэд төлөвлөгөө болон дүрмээ бошиглогч Иосеф Смитэд танилцуулсан ба тэрээр “хэзээ ч харж байгаагүй хамгийн сайн” гэж хэлжээ. Гэвч тэр “та нарт зориулагдсан гараар бичсэн төлөвлөгөөнөөс илүү дээр зүйл” Их Эзэнд бий гэж хэлжээ. Тэр тэднийг дараа долоо хоногт өөртэй нь уулзахад урьсан ба тэр үед “санваарын жаягийн дагуу санваар дор эмэгтэйчүүдийг зохион байгуулжээ” (Сара М.Кимбалл, “Auto-biography,” Woman’s Exponent, 1883 оны 9-р сарын 1, 51; Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society [2011], 12-т эш татсанаар). Энэхүү байгууллага нь Халамжийн нийгэмлэг байсан юм.

Эмма Смит Халамжийн нийгэмлэгийн хамгийн анхны ерөнхий ерөнхийлөгч байхаар дуудагдав. Халамжийн нийгэмлэгийн нарийн бичиг, хожим нь Халамжийн нийгэмлэгийн хоёр дахь ерөнхийлөгч болсон Элиза Р.Снөү: “Хэдийгээр [Халамжийн нийгэмлэг] гэдэг нэр нь орчин үеийнх байж болох ч үүний дэг жаяг нь эртнээс гаралтай юм. [Бошиглогч Иосеф Смит] үүнтэй адил байгууллага эртний сүмд мөн байсан гэж бидэнд хэлсэн юм” гэж заажээ (“Female Relief Society,” Deseret News, 1868 оны 4-р сарын 22, 1; мөн Daughters in My Kingdom, 7-г үзнэ үү).

  • Бид Элиза Р.Снөүгийн хэлсэн үгнээс Халамжийн нийгэмлэгийн талаар юу мэдэж авч чадах вэ? (Суралцагчдыг хариулах хооронд дараах үнэнийг самбар дээр бич. Халамжийн нийгэмлэг бол Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн сүнслэгээр нөлөөлөгдсөн нэг хэсэг юм.)

  • Энэ үнэнийг ойлгох нь яагаад бидэнд чухал гэж та бодож байна вэ?

Нэг суралцагчийг Халамжийн нийгэмлэгийн зорилгуудын тухай дараах үгийг уншихад урь.

“Халамжийн нийгэмлэг нь мөнх амьдралын адислалуудад Бурханы охидыг бэлтгэхэд туслахаар зохион байгуулагдсан. Халамжийн нийгэмлэгийн зорилго бол итгэл хийгээд хувийн зөв шударга байдлыг өсгөх, гэр орон ба гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх мөн тусламж хэрэгтэй хүмүүсийг олж туслан, халамж үзүүлэх явдал юм” (Daughters in My Kingdom, xi).

Ангийнханд Халамжийн нийгэмлэгийн гишүүнтэй өрнүүлсэн ярианыхаа талаар мөн юу сурснаа хэл. Самбар дээр бичсэн зарчмыг гэрчилснээр хичээлийг дуусга.

Номлолын ажил дэлхий даяар тархав

Хичээл заасан суралцагчдад талархлаа илэрхийл. Ангийнхныг Наувугийн цаг үе дэх Сүмийн өсөлт хөгжилтийн талаар сурахад нь бэлтгэхийн тулд дараах асуултуудыг тавь.

  • Галыг бөхөөж унтраах ямар зүйлс байдаг вэ?

  • Галыг бадрааж, асаах ямар зүйлс байдаг вэ?

  • Иосеф Смит Бурханы ажлыг галтай зүйрлэсэн. Та гэгээнтнүүдийн Миссурид байхдаа туулж байсан зовлон бэрхшээл Бурханы ажлыг бөхөөж эхэлсэн ус байсан гэж бодож байна уу, эсвэл үүнийг бадраасан тос байсан гэж бодож байна уу? Яагаад?

Нэг суралцагчаас 1842 оны 3-р сарын 1-нд сонины редактор Жон Вэнтвордод бичсэн бошиглогч Иосеф Смитийн захидлын дараах хэсгийг чанга уншихыг хүс.

Бошиглогч Иосеф Смит

“Хавчлага дарамт нь үнэний өсөлтийг зогсоогоогүй харин гал дээр тос нэмсэн юм. …

… Үнэний жишгүүд тогтоогдсон бөгөөд ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй. Хавчлага дарамт гарч ирэн, дээрэмчид нэгдэж, арми цугларч, гүтгэлэг доромжлол ил гарсан ч Бурханы үнэн бүх нутагт айлчлан, бүх оронд нэвтэрч, бүх чихэнд сонсогдож, Бурханы зорилго гүйцэлдэн улмаар Аугаа Иехова ажил дууслаа хэмээн хэлэх хүртэл зоригтойгоор, эелдэг зөөлнөөр, бие даан урагшлах болно” (History of the Church, 4:540-д).

  • Бид энэхүү мэдэгдлээс юу сурч болох вэ? (Суралцагчид өөр өөр үнэнийг олж тогтоож болох ч дараах зүйлийг онцол. Юу ч дэлхий даяарх Бурханы ажлын өсөлтийг зогсоож чадахгүй. Энэ үнэнийг самбар дээр бич.)

Иосеф Смитийг энэ бошиглолыг цэдэглэж байх үед Их Эзэн номлогчдыг хэд хэдэн улс оронд сайн мэдээг номлоход дуудаж эхэлсэн байсан гэдгийг тайлбарла. Үр дүнд нь мянга мянган хүн баптисм хүртсэн ба ихэнх нь Их Британи улсын иргэд байлаа. Шинэ гишүүд Сүмд агуу их хүч сэлбэсэн ба олон нь Науву дахь гэгээнтнүүдтэй нэгдэхээр аялсан юм.

тараах материал шигтгээ зурагСамбар дээрх үнэнийг илэрхийлэхийн тулд, 1840 оны Английн Хэрэфордширт сайн мэдээг номлож байх үед нь Вилфорд Вүдраффт тохиолдсон туршлагыг жүжигчлэн тоглоход оролцох дөрвөн суралцагчийг урь. Суралцагчдад дараах дүрүүдийг өг. Вилфорд Вүдрафф, лам, цагдаагийн ажилтан, өгүүлэгч. Суралцагч бүрд дүрдээ ашиглах дараах зохиолыг өг.

Вилфорд Вүдрафф (өөртэйгөө ярина):Хмм. Би өнөөдөр хоёр дахь номлолоо хийлээ. Өнөө оройн цуглааны дараа бараг мянган хүн өнөөдөртөө Эзэний захиасыг сонссон байх болно гэж би таамаглаж байна.

Лам (өрөөний өөр нэг талд зогсож, цагдаагийн ажилтантай ярина):Цагдаа, энэ мормон хүнийг зогсоох ёстой. Өнөөдөр миний цуглаанд арван тавхан хүн оролцлоо. Арван тав! Би бусад нь түүний номлолыг сонсохоор явсан гэж бодож байна. Миний цуглааны хүмүүс багасаж байхад энэ Мормоны цуглаан дахь хүмүүс ихсэхийг би зөвшөөрч чадахгүй. Би танаас түүнийг баривчилж, зогсоохыг хүсэж байна.

Цагдаа:Би чадах бүхнээ хийе.

Өгүүлэгч:Ахлагч Вүдрафф тэр орой цуглаан дээр үг хэлэхээр босох үед цагдаа хаалгаар орж ирэв.

Цагдаа (Вилфорд Вүдраффтай ярина):Уучлаарай, ноёнтоон. Би цагдаа байна. Би орон нутгийн ламтны хүсэлтээр таныг баривчлах тушаалтай ирлээ.

Вилфорд Вүдрафф:Ямар хэрэг хийсэн гэж?

Цагдаа:Хүмүүст номлосны төлөө.

Вилфорд Вүдрафф:Надад ламтаны адил хүмүүст сайн мэдээг номлох зөвшөөрөл байгаа гэдгийг танд баталж хэлж байна. Хэрэв та суудалдаа суувал би танд энэ цуглааны дараа илүү тодорхой хэлж өгье. Гэхдээ би яг одоо эхлэх хэрэгтэй байна.… (ангийнхан руу хандаж дуурайн ярина)

Өгүүлэгч:Цагдаа ахлагч Вүдраффын сууж байсан сандал дээр суугаад, ахлагч Вүдраффыг цаг гаруй сайн мэдээг номлох хооронд хажууд нь байлаа. Вилфорд Вүдрафф уг туршлагын талаар ийн ярьжээ.

Вилфорд Вүдрафф:Бурханы хүч над дээр байсан ба Сүнс байшинг дүүргэж, хүмүүс итгэсэн.

Өгүүлэгч:Ахлагч Вүдрафф цуглааны дараа баптисмын урилгыг хүмүүст өгчээ.

Вилфорд Вүдрафф:Би нүглүүдээсээ өршөөгдөж, Их Эзэний сэргээгдсэн Сүмд нэгдэхийг хүсэж буй бүх хүнийг энэ өдөр баптисмын усанд орохыг урьж байна.

Цагдаа (суудлаасаа босоод, Вилфорд Вүдраффтай ярина):Ноён Вүдрафф, би баптисм хүртэхийг хүсэж байна.

Өгүүлэгч:Цагдаа тэр өдрөө бусад дөрвөн ламтан болон өөр хоёр хүний хамт баптисм хүртжээ. Цагдаа нөгөөх ламтан дээр эргэж очоод, нөхцөл байдлыг тайлбарлав.

Цагдаа (ламтантай ярина):Хэрэв та ноён Вилфорд Вүдраффыг баривчлуулахыг хүсэж байвал өөрөө баривчил. Учир нь би амьдралдаа сонсож байгаагүй цорын ганц үнэн сайн мэдээг сонслоо.

Өгүүлэгч:Ламтан хоёр нарийн бичгээ ахлагч Вүдрафф юу номлож байгааг мэдэхийн тулд цуглаанд суулгахаар явуулжээ. Тэд бас ахлагч Вүдраффын захиасын үнэнд итгэж, баптисм хүртжээ. Ламтан ахлагч Вүдраффын номлол руу дахиж хүн явуулаагүй юм.

(Вилфорд Вүдрафф, Leaves from My Journal [1881], 80–81-ээс эш татав.)

Суралцагчдыг жүжигчлэн тоглож дууссаны дараа, ангийнхнаас асуу.

  • Ахлагч Вүдраффын туршлага юу ч Бурханы ажлын өсөлт хөгжилтийг зогсоохгүй гэсэн зарчмыг хэрхэн илэрхийлж байна вэ?

  • Бурханы ажлын өсөлт хөгжилтийн талаарх Иосеф Смитийн бошиглол хэрхэн өнөөдөр гүйцэлдэж байна вэ? Та энэ ажилд оролцох талаар ямар бодолтой байдаг вэ?

  • Та Бурханы ажил бүх хүний дунд түгэхэд нь туслахын тулд юу хийж чадах вэ? (Та суралцагчдыг энэ асуултын хариултыг хичээлийн дэвтэр эсвэл судрын тэмдэглэл дээрээ бичихэд урьж болно.)

Суралцагчид дараагийн хичээлүүдэд 1839-өөс 1846 оны хооронд Наувуд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн төв байх үед заагдсан зарчмуудын талаар болон тэнд тохиосон чухал үйл явдлуудын талаар суралцах болно гэдгийг тайлбарла. Өнөөдөр ангид ярилцсан зарчмуудын талаар гэрчилж, суралцагчдыг сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд урь.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Гэгээнтнүүд Миссуригээс дүрвэв

“Фар Вестээс [Миссури] дүрвэсний дараагийн саруудад Сүмийн удирдлага ихээр соригджээ. Сүмийн Тэргүүн Зөвлөл болох Иосеф Смит, Сидней Ригдон, Хайрум Смит нар шоронд хоригдож байв. Чуулгын Арван хоёр төлөөлөгчийн тоо цөөрөв. Давид В.Паттен Крүүкэд голын тулаанд алагдаж, Парлей П.Пратт шоронд орж, түүний ах Оорсон Сейнт Луис дэх гэгээнтнүүдтэй хамт байв. Томас Б.Марш, Виллям Смит, Оорсон Хайд нар Сүмтэй холбоогоо тасалж, ямар ч тус хүргэсэнгүй. Иймээс 1838-аас 1839 оны өвөл Сүмийн хэрэгцээг харж хандах мөн Миссуригээс Иллиной руу гэгээнтнүүдийг нүүлгэх үүрэг хариуцлага ихэнхдээ Бригам Янг болон Хибер С.Кимбалл нарт оногдов. Жон Тэйлор 1838 оны 12-р сард төлөөлөгчөөр дуудагдав. Вилфорд Вүдрафф, Жорж А.Смит хоёр дөрөвдүгээр сард тэдэн дээр нэмэгджээ. Энэ хоёр эрэгтэй хоёулаа энэ чухал цаг үед үнэ цэнтэй тусламж үзүүлсэн юм” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 211–212).

1839 оны 1-р сарын 26-нд Бригам Янг гэгээнтнүүдийг Миссури мужаас явахад туслах хороог байгуулав.

“Өвөл, хаврын турш энэхүү хороо ядуусыг тэжээж, хувцаслаж, тээвэрлэхээр зохион байгуулагджээ. Бараг 400 орчим хожмын үеийн гэгээнтэн албан ёсны гэрээ хийн, бүх өмч хөрөнгөө ‘мужаас гарахыг хүсэж байгаа нэг ч хүн үлдэхгүй байж болохын тулд зохистойд тооцогдох бүх ядуус, гачигдагсдыг мужаас гаргахад туслах зорилгоор’ [History of the Church, 3:251-д] хорооны мэдэлд шилжүүлэх гэрээ байгуулжээ.

Хоёрдугаар сарын дунд гэхэд гэгээнтнүүдийн их нүүдэл эхэлжээ. Чанар сайтай биш ч, гар тэрэг, морин тэргүүдийг худалдаж авсан байв; нүүдлийн замын дагуу хоол хүнсний нөөцийг байрлуулсан байлаа; мөн цаг агаарын байдал сайжирсан байв. Ямартай ч Миссуриг орхих нь дүрвэгсдэд амархан байгаагүй юм. Олон хүн үнэтэй эд хогшил болон эдлэн газраа мужийг орхин нүүхэд шаардагдах мөнгө олохын тулд маш бага үнээр зарав” (Church History in the Fulness of Times, 212).

Вилфорд Вүдраффын Англи дахь номлолын туршлагууд

Вилфорд Вүдрафф Англид номлолд үйлчилж байхдаа байгаа газраа орхиж, Английн өөр хэсэг рүү яв гэсэн Сүнсний өдөөлтийг хүлээн авчээ. Вилфорд Вүдрафф Хэрэфордшир руу явж, тэндээ сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад бэлтгэгдсэн олон хүнийг олжээ. “Вилфорд Вүдрафф болон бусад хүний ачаар Хэрэфорд, Ворцэстэр, Глауцэстэр хэмээх гурван бүс газар 1800 гаруй хүн хөрвөгджээ. … Вилфорд Вүдрафф амьдралынхаа энэхүү гайхамшигт цаг үеийн талаар ‘Хэрэфордшир дэх номлолын түүх Бурханы сүнсний намуун, зөөлөн дуу хоолойг сонсохын мөн Ариун Сүнсний илчлэлтүүдийн ач холбогдлыг харуулдаг. Хүмүүс гэрэл ба үнэний төлөө залбирч байсан ба Их Эзэн намайг тэдэн рүү илгээсэн юм’ [хянасан Матиас 1.Коулей Wilford Woodruff (1979), 120] гэж бичжээ” (Church History in the Fulness of Times Student Manual, 2 дахь хэвлэл [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2003], 231).

Науву болон ойролцоох газрууд дахь сургаалын өсөлт дэвшил

Гэгээнтнүүдийг 1839 оноос 1846 оны Науву дахь удирдах газруудыг ажиллуулж байх хооронд Их Эзэн “Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг” (Итгэлийн тунхаг 1:9) илчилжээ. Гэгээнтнүүдийг Науву ариун сүмийг барихаар хөдөлмөрлөж байх үед дараа дараагийн илчлэлт ирсэн ба Их Эзэн “дэлхийн сууринаас өмнө нуугдмал байсан” (С ба Г 124:41) ёслолууд ба мэдлэгийг энэ ариун сүм дотор илчлэхээ амлажээ. Энэ үед Их Эзэн нас барагсдын төлөөх баптисм, ариун сүмийн хишиг, гэрлэлтийн лацдан холболтын ёслолуудыг илчилжээ. Тэрээр мөн Бурхан Тэргүүтэний мөн чанарын талаар илүү ихийг илчилжээ (С ба Г 130:22-ыг үзнэ үү.) 1842-оос 1844 оны хооронд бошиглогч Иосеф Смит Итгэлийн тунхгийг бичиж, Абрахамын номыг хэвлэж гаргасан юм. Энэ нь бусад судар дээрх хэцүү хэсгүүдийг тодорхой болгосон ба мэдэгдээгүй эсвэл ойлгоход хэцүү байсан Есүс Христийн сайн мэдээний үнэнүүдийг илчилсэн юм. Бошиглогч өөрийг нь нас барсны дараа ч Сүмийг удирдах бэлтгэлтэй байж болохын тулд Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгад хаант улсын түлхүүрүүдийг хүртээсэн.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли Науву ариун сүмийн барилгын явцтай холбоотой өөр нэгэн чухал дэвшилтийн талаар ярьсан юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли

“Энэ [Науву ариун сүм] барилга нь мөнхийн зүйлстэй холбоотой байв. Энэ нь үүнийг барьсан хүмүүс бол булш төгсгөл биш, сүнс үхэшгүй мөн өсч хөгждөг гэдэгт итгэх агуу их итгэл, баттай мэдлэгтэй байсан гэдгийг үүн рүү харах хүн бүрд гэрчлэх болно. Бошиглогч 1844 онд буюу нас барсан оныхоо гуравдугаар сард ариун сүмийн доорх ойн төгөлд түүх болон үлдсэн номлолоо айлтгахдаа энэхүү сургаалыг тодорхой болгосон юм. Энэхүү айлтгал дээр хэлсэн үг нь Сүмийн сургаалд сургаалын чухал баримт болон үлдсэн. Үүнийг Кинг Фоллэттийн номлол гэж нэрлэдэг” (“Nauvoo’s Holy Temple,” Ensign, 1994 оны 9-р сар, 62).

Бошиглогч Иосеф Смит, Кинг Фоллэтт нэртэй хүний оршуулах ёслол дээр номлол айлтгахдаа бид дэлхийд ирэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдардаг байсан мөн Бурхан биднийг өсч хөгжүүлэхийн тулд хуулиудыг тогтоосон гэж тайлбарлажээ.

Бошиглогч Иосеф Смит

“Бурхан өөрөө сүнснүүд болон алдар суугийн дунд байгаагаа мэдсэн аж. Тэрээр илүү оюунлаг байсан учраас бусад нь ч бас Түүний адил хөгжин дэвших боломжийг олгох хуулиудыг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн ажээ. Бурхантай харилцах бидний харилцаа мэдлэгээрээ өсөн хөгжих нөхцөлд биднийг тавьдаг. Өөрөөс нь сул дорой оюун билгүүд түүнтэй хамт өргөмжлөгдөхийн тулд … зааварчлах хуулиудыг бий болгох хүч Түүнд байдаг билээ” (Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 238).

Иосеф Смит Бурханы хүүхдүүдийн хувьд бидэнд байдаг чадваруудыг тайлбарласан юм.

Бошиглогч Иосеф Смит

“Эндээс харвал мөнх амьдрал гэдэг нь цорын ганц мэргэн болоод үнэн Бурханыг танин мэдэх явдал мөн. Та нар өөрсдөө … нэгэн жижигхэн хэмжээнээс арай илүү хэмжээнд, багаахан чадвараас илүү дээд чадварт, нэг өргөмжлөлөөс нөгөөд, нигүүлслээс нигүүлсэлд хүрэх замаар нойрсогсдоос амилуулагдах хүртлээ, мөнхийн галан дотор амьдарч чадах хүртлээ, үүрдийн хүчиндээ хаан сэнтийд залран буй тэдний адилаар хэрхэн алдар сууд залран, бурхад, хаад болон Бурханы санваартнууд болохыг мэдэх шаардлагатай.

… [Нас барсан зөв шударга хүмүүс] уй гашуу, гай зовлон, үхэл хагацлыг дахин үзэхгүйгээр үхэшгүй байдлын алдар суугийн үүрд мөнх дүрэлзэгч галан дунд амьдрахаар дахин босч ирнэ. Бурханы өв залгамжлагчид бас Есүс Христийн хамт өв залгамжлагчид болно. Энэ юу гэсэн үг вэ? Та нар Бурханы байгаа газарт хүрч мөнхийн хүчит хаан сэнтийд залрахдаа өөрсдөөсөө өмнө энэ үйл явцыг биеэр туулсан хүмүүстэй нэг адил хүч, мөн тийм алдар суу болон өргөмжлөлийг өвлөнө гэсэн үг юм” (Сзмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 250).

Халамжийн нийгэмлэгийн түүх ба ажил

Халамжийн нийгэмлэг дэлхий дээрх Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалсан тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (2011)-ийг үзнэ үү.