Институт ба семинар
75-р хичээл: Сургаал ба Гэрээ 69–71


75-р хичээл

Сургаал ба Гэрээ 69–71

Оршил

1831 оны 10-р сарын сүүл буюу 11-р сарын эхээр Оливер Каудери Зарлигуудын номын гар бичмэлийг Огайогоос Миссури руу авч явах даалгавар хүлээн авчээ. Миссурид Виллям В.Фелпс уг номыг өөрийнхөө үйлдвэрт хэвлэхээр болсон байна. 1831 оны 11-р сарын 11-нд, Их Эзэн Жон Витмерийг Оливер Каудерийн аяллын хамтрагч байхаар томилж мөн түүнд Сүмийн түүхчийн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхийг зарлиглажээ (С ба Г 69-ийг үзнэ үү). Маргааш нь, Их Эзэн илчлэлтүүдийг харж хандах зургаан эрэгтэй хүнийг даамлаар томилжээ (С ба Г 70-ыг үзнэ үү). 1831 оны 12-р сард Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Сүмийн эсрэг найрсаг бус мэдрэмжүүдийг арилгахын тулд номлолд үйлчлэхийг мөн удахгүй хэвлэгдэх илчлэлтүүд болон зарлигуудын замыг бэлтгэхийг зарлиглажээ (С ба Г 71-ийг үзнэ үү).

Заах зөвлөмж

Сургаал ба Гэрээ 69

Их Эзэн түүх хөтлөхийн ач холбогдлыг илчлэв

Хичээл эхлэхээс өмнө дараах асуултыг самбар дээр бич. Хэн нэгэн хүн ямар нэг үнэ цэнтэй зүйлээ та нарт итгэн хариуцуулж байсан уу?

Хичээлийн эхэнд, суралцагчдад самбар дээрх асуултыг эргэцүүлэн бодох цаг гаргаж өг. Тэгээд дараах асуултуудыг тавь.

  • Та нарт юу хийх итгэл хүлээлгэсэн бэ? Энэ итгэл нь үнэ цэнтэй зүйлийг халамжлахад та нарт хэрхэн нөлөөлсөн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 69-ийн оршил хэсгийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад мөн Оливер Каудерид юу даалгаж өгснийг олж мэдэхийг хүс.

  • Оливер Каудерид юуг хариуцуулж өгсөн бэ?

  • Хэрэв эдгээр үнэ цэнтэй зүйлсийг та нарт даалгасан бол та нар тэдгээрийг хэрхэн харж хандах байсан бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 69:1–2-ыг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, үнэт зүйлсийн талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.

  • Эдгээр үнэтэй зүйлийг нэгээс илүү хүнээр харж хандуулах нь яагаад мэргэн санаа гэж та нар бодож байна вэ?

Их Эзэн Жон Витмерт илчлэлтүүд болон мөнгийг Миссурид хүргэхэд нь Оливерт туслахаас гадна өөр нэг чухал ажил хариуцуулсан гэдгийг тайлбарла. Хэдэн суралцагчийг Сургаал ба Гэрээ 69:3–8-ыг ээлжээр чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн Жон Витмерт өөр юу даалгаж өгснийг олж мэдэхийг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. Та суралцагчдад Жон Витмер 1831 оны эхээр Сүмийн түүхч хийгээд цэдэг хөтлөгч байхаар дуудагдсан гэдгийг сануулж болно (С ба Г 47-г үзнэ үү).

  • Сургаал ба Гэрээ 69:3-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн Жон Витмерт юу бичихийг зарлигласан бэ?

  • 8-р шүлэгт цэдэглэгдсэнээр, яагаад Сүмийн түүхийг хөтлөх нь Жон Витмерийн хувьд чухал байсан бэ?

Иосеф Смитийн үеэс эхлэн Сүмийн удирдагчид “сүмийн талаар … бүх чухал зүйлийн түүхийг” бичиж тэмдэглэ гэсэн Их Эзэний удирдамжийг дагахыг хичээнгүйлэн эрэлхийлсэн гэдгийг тайлбарла (С ба Г 69:3). Тэд “сүмийн сайн сайхны тулд … байх бүх зүйлийг” (С ба Г 69:8), бүр тэдгээрийн зарим нь ичгэвтэр байдалд хүргэж болох ч бичиж үлдээсэн байлаа. Жишээлбэл, Сургаал ба Гэрээнд Сүмийн эхэн үеийн удирдагчдад өгсөн Их Эзэний зэмлэлүүд байдаг (С ба Г 3:5–9; 93:41–50-ийг үзнэ үү). Өнөө үед Сүмийн түүхч нь Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор “бүх чухал зүйлийн” үнэн зөв түүхийг хадгалах зорилготой Сүмийн Түүхийн албаны ажлыг удирддаг.

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 69:3, 8 дахь зарчмыг олж тогтооход нь туслахын тулд дараах бүрэн биш мэдэгдлийг самбар дээр бич. Их Эзэн … сайн сайхны төлөө түүх хөтлөхийг хүсдэг.

Суралцагчдаас 3 болон 8-р шүлэг дээр үндэслэн энэ мэдэгдлийг хэрхэн гүйцээх байсныг асуу. Тэднийг хариулах үед самбар дээрх өгүүлбэрийг гүйцээ. Их Эзэн Сүм болон өсч буй үеийнхний сайн сайхны төлөө түүх хөтлөхийг хүсдэг. Суралцагчид “өсч буй үеийнхэн” гэдэг хэллэг нь Сүмийн өсвөр үеийнхэн гэсэн утгатайг ойлгож байгаад анхаар.

  • Та нарын бодлоор Сүмийн болон хувь хүний түүхүүд Сүмд ямар ашиг тустай вэ? Тэдгээр нь өсвөр үеийнхэнд хэрхэн ашиг тустай байж болох вэ?

Суралцагчдаас Сүмийн түүх эсвэл гэр бүлийнх нь түүхүүд тэдэнд тусалсан талаар бодохыг хүс. Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, өөрсдийн түүхийг бие биетэйгээ хуваалцахыг хүс. Тэднээс түүхүүд нь тэдэнд хэрхэн нөлөөлсөн тухай ярихыг хүс. Эсвэл та цөөн хэдэн суралцагчийг өөрсдийн түүхийг ангийнхантай хуваалцахад урьж болно.

Сургаал ба Гэрээ 70

Аврагч Өөрийнх нь илчлэлтүүдийг харж хандах даамлуудыг сонгов

Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 70-ын оршил хэсгийг дотроо уншаад, Иосеф Смитийн түүх Сургаал ба Гэрээний (анх Зарлигуудын ном хэмээн нэрлэгдэж байв) талаар юу өгүүлдгийг хайж олоход урь.

  • Бошиглогч Сургаал ба Гэрээг хэрхэн дүрсэлсэн бэ?

Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 70:1-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Сүмийн зургаан удирдагчийн нэрсийг олж мэдэхийг хүс. Дараа нь нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 70:2–4-ийг чанга уншихад урь. Ангийнхнаас дагаж уншаад, эдгээр зургаан хүнд Их Эзэний өгсөн үүрэг хариуцлагыг олж мэдэхийг хүс.

  • Их Эзэн эдгээр зургаан хүнд ямар үүрэг хариуцлага өгсөн бэ? (Тэд илчлэлтүүд болон зарлигуудын даамлууд байхаар томилогдсон.)

  • Сургаал ба Гэрээ 70:4-т цэдэглэгдсэнээр, Их Эзэн шүүлтийн өдөр эдгээр эрэгтэйгээс юуг шаардана гэсэн бэ? (Тэр тэднээс ажил үүргийн тайланг шаардах болно. Өөрөөр хэлбэл, Тэр тэднээс үйлчлэлийнхээ талаар тайлагнахыг хүсэх болно.)

  • Их Эзэн шүүлтийн өдөр биднээс юу шаардах талаар энэ хэсэг юу хэлж байна вэ? (Суралцагчдыг хариулах үед, тэдэнд дараах үнэнийг олж тогтооход нь тусал. Их Эзэн бидэнд даалгаж өгсөн үүргүүдийнхээ төлөө бидэнд хариуцлага хүлээлгэнэ. Энэ үнэнийг самбарт бич.)

  • Энэ үнэн нь Сүмийн дуудлага болон үүргүүдэд хандах хандлагад маань хэрхэн нөлөөлж болох вэ?

Их Эзэн эдгээр зургаан хүнд илчлэлтүүдийг хариуцах ажлаа “тэдгээрийг хийгээд тэдгээрийн асуудлуудыг зохицуулах, тийм ээ, тэдгээрийн тусын тулд … Бурханы сүм дэх тэдний ажил” (С ба Г 70:5) болго хэмээн хэлснийг тайлбарласнаар Сургаал ба Гэрээ 70:5-ыг хураангуйл. Өргөлийн хуулийн дагуу өөрсдийн хэрэгцээнд шаардлагатайгаас илүү орлого хүлээн авбал ядуусыг халамжлахын тулд Их Эзэний агуулахад өгөгдөх ёстой байв (С ба Г 70:7-г үзнэ үү).

Сургаал ба Гэрээ 71

Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Сүмийг шүүмжлэгчдэд ямар хариу үйлдэл үзүүлэхийг заав

Суралцагчдаас хэзээ нэгэн цагт Сүмийн тухай шүүмжлэл сонсож байсан эсэхийг асуу. Та цөөн хэдэн суралцагчийг туршлагуудаа хуваалцахад урьж болно.

  • Сүмийн тухай шүүмжлэлд үзүүлэх зохимжтой хариу үйлдлүүд юу вэ?

Суралцагчдад Сургаал ба Гэрээ 71-ийн нөхцөл байдлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг дараах мэдээллийг чанга уншихад урь (эсвэл та өөрөө энэ догол мөрийг унш). Ангийнхнаас энэ илчлэлт өгөгдөх үед Сүм болон үүний удирдагчид хэрхэн шүүмжлэгдэж байсныг олж мэдэхийг хүс.

Эзра Бут Методист сүмийн номлогч байсан ба Мормоны Номыг уншиж, Иосеф Смиттэй ярилцаж мөн эдгээлтийн гэрч болсныхоо дараа Сүмийн гишүүн болжээ. Тэр номлогч болоод Миссури руу аялсан боловч бусдыг үнэнд итгүүлэхүйц гайхамшгуудыг үйлдэж чадахгүй байгаадаа урам нь хугарчээ. Үүний зэрэгцээ, Бут Иосеф Смитийн биеэ авч яваа байдал нь бошиглогч эсвэл сүнслэг удирдагчид нийцэхгүй гэж бодож байв. Тэрээр Иосеф Смитийг ихэд шүүмжилдэг болсон ба Сүмийг орхиж мөн Сүмийг болон удирдагчдыг нь шүүмжилсэн есөн захиа бичжээ. Эдгээр захиа Ohio Star нэртэй сонинд нийтлэгдсэнээс болж зарим хүнд Сүм болон удирдагчдынх нь талаар таагүй ойлголт төрүүлсэн аж. Бошиглогч Иосеф Смитийн түүх Эзра Бутын бичвэрүүдийг “Их Эзэний ажлыг нураах гэсэн худал хуурмаг, дэмий, цуврал захианууд нь түүний [Бутын] сул дорой чанар, ёс бус байдал ба алдааг харуулсан бөгөөд түүний бүх булайг дэлхийд дэлгэсэн” хэмээн бичсэн байдаг (History of the Church, 1:216–217). Саймондс Райдер хэмээх бас нэгэн дургүйцсэн гишүүн илчлэлтүүдийн заримыг нь нэг сонинд өгч, хүмүүсийг Сүмд ороход нь саад хийхийг оролджээ.

Эзра Бут, Саймондс Райдер нарын үүсгэсэн зүйл нь ноцтой асуудал болсон гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 71:1–4-ийг чанга уншихад уриад, ангийнхнаас Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт сонины өгүүллүүдээс болж үүссэн таагүй байдлыг намжаахын тулд юу хий хэмээн хэлснийг олж мэдэхийг хүс.

  • 1-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт Сүмийн талаарх хүмүүсийн таагүй мэдрэмжүүдийг намжаахын тулд юу хийхийг зааварласан бэ? (Тэд судрууд болон Их Эзэний өгөх Сүнсний хүчийг ашиглах ёстой байсан.)

  • Сүмийн талаарх шүүмжлэлд хэрхэн хариу үзүүлэх талаар энэ заавраас бид юу сурч болох вэ? (Хэдийгээр суралцагчид олон зөв хариултыг өгч болох ч, тэд дараах зарчмыг тодорхойлох ёстойг анхаар. Хүмүүс Сүмийг шүүмжлэх үед бид судрууд дахь үнэнүүдийг хуваалцаж мөн Сүнсний удирдамжийг дагаснаар хариулж болно. Зарчмыг самбар дээр бич.)

  • Бид Сүм эсвэл удирдагчдын эсрэг шүүмжлэлд хариулахад бэлтгэхийн тулд одоо юу хийж чадах вэ?

Суралцагчдад Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахдаа Сүнсний удирдамжтай хамт байхын чухлыг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн хэлсэн үгийг чанга уншихад урь. Ангийнхнаас Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахад Сүнс бидэнд хэрхэн тусалж чадахыг олж мэдэхийг хүс.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

“Биднийг бусдад хариу өгөх бүрд нөхцөл байдал өөр өөр байдаг. Аз болоход Их Эзэн буруутгагчдын зүрх сэтгэлийг болоод бид хэрхэн тэдэнд илүү үр дүнтэй хариулахыг мэддэг.Үнэнч шавь нарын хувьд Сүнсний удирдамжийг эрэлхийлснээр, тулаан бүрд зохистой сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг. Ямар ч тохиолдолд үнэнч шавь нар нь Их Эзэний Сүнсийг урин дуудах арга замаар хариу өгдөг” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 73 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Сургаал ба Гэрээ 71:5–11-ийг чанга унш. Суралцагчдаас Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулдаг хүмүүст Их Эзэний өгсөн зөвлөгөө болон тайтгарлыг олж мэдэхийг хүс.

Сидней Ригдон Их Эзэний зөвлөгөөг дуулгавартай дагаж, Эзра Буттэй Равенна тосгонд уулзаж мөн тэнд Эзрагийн сонинд өгсөн захиануудыг нээлттэй ярилцахыг урьсан гэдгийг тайлбарла. Сидней түүнчлэн Саймондс Райдерт Мормоны Номын талаар нийтийн өмнө мэтгэлцэх санал тавьжээ. Хоёр эр хоёулаа урилгыг хүлээн авахаас татгалзжээ. Гэсэн хэдий ч Сидней Равенна тосгон болон өөр газруудад үнэний талаар гэрчилсэн байна.

  • Сургаал ба Гэрээ 71:8–10 дахь зөвлөгөө нь Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулдаг хүмүүст хэрхэн тайтгарал үзүүлж болох вэ?

Суралцагчдыг Сүмийн эсрэг шүүмжлэлд хариулахад өөрсдийгөө илүү сайн бэлтгэхийн тулд юу хийхээ бодож үзэхэд урь. Сүм болон удирдагчдын талаарх гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл

Сургаал ба Гэрээ 69:3, 8. “Тэрээр … түүхийг бичиж мөн бий болгохоо үргэлжлүүлэх нь буюу”

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл хувийн түүхээ бичихийн чухлыг гэрчилжээ.

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

“Та нарын өдрийн тэмдэглэл бол та нарын намтар. Тиймээс үүнийг анхааралтай хөтлөх ёстой. Та нар өвөрмөц учраас та нарт тохиолдсон явдлуудад өөр хаана ч тэмдэглэгдэж байгаагүй тийм агуу мөн магтууштай тохиолдол байж болно. Үүн дотор гялсхийх гэрэл мөн итгэлтэй байдлын түүх аль аль нь байж болно.

Та нарын түүх одоо шинэ байгаа дээрээ мөн үнэн зөв, нарийн ширийн зүйлүүд нь боломжтой байгаа үедээ бичигдэх ёстой. …

Та нар хүүхдүүддээ болон хүүхдийнхээ хүүхдүүдэд амьдралынхаа түүх, ялалт ба бэрхшээл, унаад эргэж босох, бүх зүйл хар бараан байх үед гаргасан өсөлт, зорилгоо эцэстээ биелүүлсэн түүхээ бичихээс өөр илүү сайн ямар зүйл хийж өгч чадах вэ? …

Нэг тэмдэглэлийн дэвтэр ав, … өдрийн тэмдэглэл нь цаг хугацаанд элэгдэхгүй ба тэнгэр элчүүд мөнхөд үүнээс эш татаж ч болно. Өнөөдөр эхэл, үүн дотор өөрийн амьдрал, хамгийн нандин бодол, амжилтууд болон бүтэлгүйтлүүд, таньдаг хүмүүс ба ялалт, илчлэлт мөн гэрчлэлүүдээ бич” (“The Angels May Quote from It,” New Era, 1975 оны 10-р сарын 5).

Сургаал ба Гэрээ 71. Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын Огайо дахь номлол

Иосеф Смит, Сидней Ригдон хоёр Эзра Бутийн бичсэн сонины өгүүллүүдээс үүдэн гарсан Сүмийн эсрэг таагүй мэдрэмжүүдийг намжаа гэсэн Их Эзэний зарлигийг биелүүлэхийн тулд хэрхэн ажиллаж байсан нь Иосеф Смитийн түүхэнд дараах байдлаар дүрслэгдсэн байдаг:

Бошиглогч Иосеф Смит

“Энэ үеэс 1832 оны 1-р сарын 8–10-ныг хүртэл ахлагч Ригдон бид хоёр Равеннагийн Шэйлэрсвилл болон өөр газруудад үргэлжлүүлэн номлож, үнэнийг ил гаргаж, Гэтэлгэгчийнхээ ажлыг хийж, устгалын өдөр шөнө ирэх хулгайч мэт энэ үеийнхэн дээр ирж байгаа ба тэр атаархал, харалган байдал болон харанхуй нь олон хүний оюуныг эзэмдэж, тэднийг үнэн Сүмийг хавчин гадуурхахад хүргэж мөн үнэн гэрлийг эсэргүүцэж, Равенна дахь Ohio Star, сонинд өмнө нэр дурдсан урвагч Эзра Бутийн нийтлүүлсэн шуугиан тарьсан захиануудаас болж тархаж байсан мэдрэмжүүдийг намжаахын тулд бид маш ихийг хийсэн” (History of the Church, 1:241-д).

Сургаал ба Гэрээ 71. Саймондс Райдер

Саймондс Райдер Сүмийн талаар анх мэдэж аваад, баптисм хүртэх эсэхээ шийдэхгүй хэсэг хугацааг өнгөрөөжээ. Гэвч, 1831 онд тэр Хятадын Бээжин хот устгагдсан тухай сонины нийтлэл уншсан ба нэг Мормон охин энэ хотын устгалыг зургаан долоо хоногийн өмнө зөгнөн хэлснийг санав. Энэ явдал түүнийг Сүмд нэгдэхэд нөлөөлжээ.

Саймондс баптисм хүртэж мөн гишүүнээр батлагдсаныхаа дараа удалгүй ахлагчаар томилогдсон. Тэр бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрын гарын үсэгтэй захиаг хүлээн авсан ба уг захианд түүний сайн мэдээг номлох нь Их Эзэний хүсэл бөгөөд Ариун Сүнсээр мэдэгдсэн хэмээн бичсэн байв. Түүний хүлээн авсан захиа болон номлох албан томилолт дээрх нэр Ryder биш харин Rider гэж бичигдсэн байжээ. Нэр нь буруу бичигдсэнээс болж Саймондс Иосеф Смитийн илчлэлтүүд болон Бурханы бошиглогч гэсэн дуудлагад эргэлзэж эхлэв. Саймондс удалгүй Сүмийг орхисон юм. Нэрийг нь буруу бичсэнээс болж тэр сүмээс урваагүй боловч энэ явдал түүний шийдвэрт нөлөөлсөн аж. Урвасныхаа дараа Саймондс Райдер 1832 оны 3-р сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Жон ба Элса Жонсонгийн гэрийн гадаа Иосеф Смитэд лав болон өд түрхсэн танхайрагч бүлгийн гишүүдийн нэг болсон байна.

Сургаал ба Гэрээ 71:7. Бусдад үнэнийг ойлгуулахад туслах

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс Сүмийг шүүмжилж байгаа хүмүүст хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар дараах зөвлөгөөг өгчээ.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Бид үнэнч шавь нарын хувьд анхаарах зүйл бол өөрсдийнхөө зөв гэдгийг нотлохын тулд бус харин бусдын сайн сайхны төлөө байх ёстой. Асуултууд болон шүүмжлэлүүд нь бидэнд болон Тэнгэрлэг Эцэгт уг хүмүүс хамаатай шүү гэдгийг харуулж, туслах боломжийг олгодог. Бидний зорилго бол үнэнийг ойлгоход бусдад туслах ёстой болохоос өөрсдийнхөө санаа бодлыг баталж, хэн нэгнийг маргаанд ялах эсвэл онолын мэтгэлцээн үүсгэх явдал биш юм. Бидний зүрх сэтгэлийн гэрчлэлүүд биднийг эсэргүүцэн буруушаагчдад өгөх хамгийн хүчтэй хариулт болдог. Ийм гэрчлэлүүдээ зөвхөн хайраар болон даруу байдлаар хуваалцах учиртай” (“Христэд итгэгчийн зориг: Шавь нь байхын үнэ цэнэ,” Ensign, 2008 оны 11-р сар, 73–74 эсвэл 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 82).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Марвин Ж.Аштон ийн зөвлөжээ.

Ахлагч Марвин Ж.Аштон

“Бид антимормончуудаас хэзээ ч ангижрахгүй байх. Тийм учраас бид бүх гишүүнийг антимормончуудын эсрэг болохоос татгалзахыг дэмжиж байна” (“Pure Religion,” Ensign, 1982 оны 11-р сар, 63).