29-р хичээл
Сургаал ба Гэрээ 21
Оршил
Бошиглогч Иосеф Смитийн удирдлагаар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 1830 оны 4-р сарын 6-нд Нью-Йоркийн Фейеттед ахмад Петр Витмерийн гэрт албан ёсоор зохион байгуулагдсан юм. Ойролцоогоор 60 хүн залбирал, дэмжин батлалт, томилолт, ариун ёслолын гүйцэтгэл, гишүүний баталгаанаас бүрдсэн цуглаанд оролцжээ. Энэ цуглаан дээр Иосеф Смит Сургаал ба Гэрээ 21-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Их Эзэн уг илчлэлтэнд Иосеф Смитийн дуудлага болон үүргийг тунхаглаж, Сүмийн гишүүдийг түүний үгсэд анхаарал хандуулахыг зааварлав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 21:1–3
Иосеф Смит Сүмийн бошиглогч мөн үзмэрч байхаар томилогджээ.
Ангийнхнаас өдөр тутмын цугларалтынхаа нэг хэсэг болгон “Бурхан минь бошиглогч илгээсэн танд талархъя” (Дууны ном , х. 36) дууллыг дуулахыг хүс. Та хичээл зааж эхлэхдээ энэ дууллыг дурдаад, дараах асуултыг тавь.
-
Та нар ямар шалтгаанаар бошиглогчид талархалтай байдаг вэ?
Суралцагчид Сургаал ба Гэрээ 21-ийг судлахдаа бошиглогчдын үүргийн талаарх тэдний ойлголтыг нэмэгдүүлэх үнэнүүдээс суралцана гэдгийг тайлбарла. Суралцагчдад энэ илчлэлтийн талаарх түүхэн нөхцөл байдлыг хэлж өгөхдөө, уг хичээлийн оршилд байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэ.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:1-ийг чангаар уншихад урь. Суралцагчдаас дор бүрнээ дагаж уншаад, Иосеф Смитийг тодорхойлсон нэр томьёонуудыг олж мэдэхийг хүс. Дараа нь суралцагчдаас олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
-
Их Эзэн Иосеф Смитийг үзмэрч байхаар дуудсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-
Их Эзэн Иосеф Смитийг бошиглогч байхаар дуудсан гэдэг нь юу гэсэн үг вэ?
Суралцагчдад эдгээр нэр томьёог болон эдгээртэй холбогдох үүргүүдийг ойлгоход нь туслахын тулд хоёр суралцагчийг үзмэрч болон бошиглогчийн дараах тодорхойлолтуудыг чангаар уншихад урь. Тэднээс өгүүлбэр бүрийн хооронд түр зуур зогсож, удаан уншихыг хүс. Ангийнхнаас утга учиртай санагдсан өгүүлбэрүүдийг сонсож, яагаад тэгж санагдсан шалтгаанаа тайлбарлахад бэлтгэлтэй байхыг хүс.
“Үзмэрч бол сүнсний нүдээр хардаг хүн юм. Тэрээр бусдын ойлгож чадахгүй байгаа [бусдад тодорхой бус эсвэл бусдаас нуугдсан] зүйлсийг ойлгож чаддаг. Тиймээс тэр бол мөнхийн үнэний тайлбарлагч буюу орчуулагч юм. Тэрээр өнгөрсөн, ирээдүй мөн одоог урьдчилан хардаг. Үүнийг тэрээр өөрөөр нь шууд дамжуулах Их Эзэний хүч чадлаар эсвэл Урим ба Туммим гэх зэрэг бурханлаг хэрэгслийн тусламжтайгаар хийдэг. Товчоор хэлбэл, тэр бол нээлттэй нүдээр Их Эзэний гэрэлд харж мөн алхдаг хүн юм” (Жон А.Видцоу, Evidences and Reconciliations, arr. G. Homer Durham, 3-р боть. in 1 [1960 он], 258).
Бошиглогч бол “Бурханаар дуудагдаж, Түүний өмнөөс ярьдаг хүн. Бошиглогч нь Бурханы элчийн хувьд Бурханаас ирдэг зарлиг, бошиглолууд хийгээд илчлэлтүүдийг хүлээн авдаг. Түүний үүрэг хариуцлага бол Бурханы хүсэл зориг хийгээд үнэн мөн чанарыг хүн төрөлхтөнд таниулж, тэдэнтэй харилцах харилцааны утга учрыг харуулах явдал мөн. Бошиглогч нүглийг буруушаан зэмлэж, үр дагавруудыг нь угтан хэлдэг. Бошиглогч бол зөв шударга ёсыг номлогч мөн. Зарим тохиолдолд бошиглогчид хүн төрөлхтний ашиг тусын тулд ирээдүйг угтан хэлэхэд сүнслэгээр нөлөөлөгддөг байна. Гэвч түүний анхдагч үүрэг хариуцлага бол Христийн тухай гэрчлэх явдал мөн” (Судруудын удирдамж, “Бошиглогч,” scriptures.lds.org).
Тодорхойлолт бүрийг уншсаны дараа хэсэг суралцагчийг тэдэнд онцгой санагдсан өгүүлбэрүүдийг тайлбарлахад урь.
Үргэлжлүүлэхээсээ өмнө Сургаал ба Гэрээ 21-ийн эхний шүлэгт гарсан дараах бусад нэр томъёоны тодорхойлолтыг суралцагчидтай товч ярилцах нь тустай байж магадгүй.
Орчуулагч:(1) нэг хэлэн дээр өгсөн санааг адилхнаар нөгөө хэлээр илэрхийлэх (2) хэлэнд нэгэнт байгааг орчуулан сайжруулах буюу засварлах, эсвээс алдагдсан сэдвийг дахин сэргээдэг хүн (Судруудын удирдамж, “Орчуулах,” scriptures.lds.org-г үзнэ үү).
Төлөөлөгч: дэлхий дээрх Есүс Христийн онцгой гэрч (Bible Dictionary, “Apostle”-г үзнэ үү).
Ахлагч: “Бүх Мелкизедек санваартанд өгсөн тохиромжтой хэргэм” мөн Есүс Христийн тохинууллыг бүрэн цагаар хийхээр дуудагдсан нэгэнд өгсөн нэр томъёо (Bible Dictionary, “Elders”-г үзнэ үү).
-
Иосеф Смитэд өгсөн нэр томъёо Сэргээлт дэх түүний чухал үүргийг ойлгоход танд хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:2–3-ыг дотроо уншаад, Бурхан Иосеф Смитэд юуг хийхэд сүнслэгээр нөлөөлснийг олж мэдэхэд урь. Суралцагчдыг сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс. (Суралцагчид Бурхан Иосеф Смитийг Есүс Христийн Сүмийг сэргээхэд удирдсан гэдэг үнэнийг илэрхийлэх ёстой.)
-
Иосеф Смит Есүс Христийн Сүмийг сэргээж, удирдахаар Бурханаар дуудагдсан гэдгийг мэдэх нь яагаад бидэнд чухал гэж та бодож байна вэ?
Суралцагчдад Иосеф ах (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], no. 87; мөн LDS.org-г үзнэ үү) зургийг үзүүлээд, дээр ярилцсан үнэний талаар гэрчил.
Сургаал ба Гэрээ 21:4–9
Сүмийн гишүүд Иосеф Смитийн үгсийг анхааран сонсох ёстой
Их Эзэн энэхүү илчлэлтийг Сүм зохион байгуулагдсан өдөр өгсөн гэдгийг суралцагчдад сануул. Энэхүү илчлэлт уг онцгой өдөр өгөгдсөн нь үүнд чухал ач холбогдлыг өгдөг.
Сургаал ба Гэрээ 21:4–5 дахь дараах үгс, хэллэгүүдийг самбар дээр бич (бага хаалтан дахь тодорхойлолтуудыг битгий оролцуул). Тухайлбал:
сүм (бидний цаг үе дэх болон Иосеф Смитийн өдрүүд дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд)
түүний (ялангуяа Иосеф Смит, мөн Сүмийн одоогийн ерөнхийлөгчийг хэлж болно)
үгс хийгээд зарлигууд (Их Эзэний бошиглогчоор дамжуулан өгсөн тодорхой заавруудыг оролцуулан бүх бошиглогчийн сургаал болон зөвлөгөөг хэлдэг)
бүхий л тэвчээр хийгээд итгэлд (энэ нь бид бошиглогчийн сургаалд бүрэн итгэлтэй байж болох ба түүний талаар шүүмжлэхгүй байж, түүний хувийн сул дорой байдлаас үл шалтгаалан зөвлөгөөг нь дагаж, амлагдсан адислалуудыг тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэсэн үг юм)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:4–5-ыг дотроо уншаад, самбар дээрх үг, хэллэгүүдийн утгыг тунгаан бодоход урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа суралцагчдаас эдгээр үгс, хэллэгийг хэрхэн тодорхойлж болохыг асуу. Та магадгүй бага хаалтан дахь үгсийг ярилцлагыг эхлүүлэхийн тулд ашиглаж болно. Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Сургаал ба Гэрээ 21:4–5-д цэдэглэснээр бид бошиглогчийн ямар сургаалд анхаарал тавих хэрэгтэй вэ? (Бид “түүний бүх үгсэд хийгээд зарлигуудад” анхаарал тавих ёстой.)
-
Заримдаа бошиглогчийн үгсийг хүлээн авахад яагаад тэвчээр хийгээд итгэл шаардагддаг вэ?
-
Бошиглогч Их Эзэнээс зөвлөгөө мөн зарлигуудыг хүлээн авдаг гэдгийг мэдэх нь түүний үгсийг “бүхий л тэвчээр хийгээд итгэлтэйгээр” хүлээн авахад та нарт хэрхэн туслах вэ? (C ба Г 21:5).
Суралцагч бүрийг Сургаал ба Гэрээ 21:6-г дотроо уншаад, бошиглогчдын үгсийг тэвчээр хийгээд итгэлтэйгээр хүлээн авдаг хүмүүст өгөгддөг гурван адислалуудыг олж мэдэхэд урь. (Та мөн сэгсрэх гэдэг нь ямар нэгэн зүйлийг байрнаас нь хөдөлгөх эсвэл хайрцаг эсвэл тулгуураас нь салгах гэсэн утгатай үг гэдгийг тайлбарлаж болно. Иймээс энэ шүлгийн бас нэгэн орчуулга нь тэнгэр “[бидний] сайн сайхны” төлөө сэгсрэгдэхэд илчлэлтүүд болон адислалууд “чөлөөлөгдөж”, амьд бошиглогчдын үгсийг дагадаг хүмүүсийн дээр цутгагдах болно байж болно.
-
Та бошиглогчдын үгсэд анхаарал тавьдаг хүмүүст өгөгддөг адислалуудыг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид өөр үгсийг ашиглаж болох ч хариултууд нь дараах зарчмыг тусгах ёстой. Хэрэв бид бошиглогчийн үгсэд анхаарал хандуулбал дайсны эсрэг хамгаалагдах болно. Та энэ зарчмыг самбар дээр бичиж болно.)
-
Бошиглогчдын үгсэд анхаарал тавих нь хэрхэн “харанхуйн хүчийг сарниулах” вэ?
Суралцагчдад олж мэдсэн зарчмаа ойлгоход нь туслахын тулд тэдний нэгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос авсан болзооны талаарх (эсвэл таны сонгосон өөр хэсгийг) дараах хэсгийг чангаар уншихад урь. Суралцагчдыг анхааралтай сонсож, бошиглолын зөвлөгөө болон амлагдсан адислалуудыг олж мэдэхийг хүс. Суралцагчдыг уншиж дууссаны дараа олж мэдсэнээ тайлагнахыг хүс.
“Болзоо нь залуу эрэгтэй ба залуу эмэгтэйг бие биенээ илүү сайн таньж, мэдэх боломжийг олгодог төлөвлөгдсөн үйл ажиллагаа юм. Болзохыг хүлээн зөвшөөрдөг соёл иргэншилд болзоо нь харилцааны соёлд суралцан мөн түүнийгээ хэрэгжүүлж, нөхөрлөлийг хөгжүүлж, цагийг зөв сайхан өнгөрөөж мөн яваандаа мөнхийн ханиа олоход тусалж чадна.
Наад зах нь 16 нас хүртлээ болзоонд явах ёсгүй. Болзож эхлэхдээ өөр нэг буюу түүнээс дээш хостой хамт явж бай. Нэг хүнтэй ойр ойрхон болзож уулзахаас зайлсхий. Дэндүү бага залуугаасаа хэн нэгэнтэй харилцаагаа гүнзгийрүүлэх нь та нартай учрах байсан хүмүүсийн тоог хязгаарлаж, ёс суртахуунгүй явдалд хөтөлж болох юм. Эцэг эхээ болзож байгаа хүнтэйгээ танилцуул.
Зөвхөн өндөр жишигтэй мөн цуг байхад өөрсдийн жишгийг хадгалж болох хүмүүстэй болзохоор сонго. Болзож байгаа залуу эмэгтэй, залуу эрэгтэй бие биенийхээ нэр төр, ариун журмыг хамгаалах үүрэгтэй гэдгийг санаарай” (Залуучуудын бат бөх байдлын төлөө [товхимол, 2011 он], 4; мөн LDS.org-г үзнэ үү).
-
Та эсвэл таны мэддэг хэн нэгэн амьд бошиглогчийн үгс болон зарлигуудад анхаарал тавьснаар хэзээ адислагдсан бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 21:6 дээрх амлагдсан адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойгоо тунгаан бодоход урамшуулан дэмж. Тэд бошиглогчийн үгсэд чин сэтгэлээсээ анхаарал тавьснаар одоо болон үүрд мөнхөд агуу адислалуудыг хүлээн авах болно гэдгийг тэдэнд баталж хэл.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 21:7–9-ийг чангаар уншихад урь. Ангийнхнаас суралцагчтай хамт уншаад, бошиглогч Иосеф Смитийн зөв шударга хүсэл болон зан байдлуудыг олж мэдэхийг хүс.
-
Бид эдгээр шүлгээс бошиглогч Иосеф Смитийн тухай юу мэдэж болох вэ?
-
Эдгээр шүлэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн одоогийн ерөнхийлөгчийг мөн хэрхэн төлөөлж байгаа гэж та бодож байна вэ?
Сургаал ба Гэрээ 21:10–12
Оливер Каудерийг ахлагч болон номлогчоор хүлээн зөвшөөрөв
Сүмийн анхны цуглаан дээр бошиглогч Иосеф Смит Оливер Каудериг ахлагчаар томилж, Оливер Каудери Бошиглогчийг ахлагчаар томилсон гэдгийг суралцагчдад хэл. Цөөн суралцагчийг ээлжлэн Сургаал ба Гэрээ 21:10–12-ыг чангаар уншихад урь.
Та мөн 10-р шүлэгт Их Эзэн Оливер Каудериг “миний төлөөлөгч” (мөн С ба Г 20:2–3-ыг үзнэ үү) гэж хэлснийг онцолж болно. Грек хэлэнд төлөөлөгч гэдэг нь “урагш илгээгдсэн нэгэн” (Судруудын удирдамж, “Төлөөлөгч,” scriptures.lds.org) гэсэн утгатай. Оливер Каудери Их Эзэнээр урагш илгээгдсэн ба Аврагчийн тухай гэрчлэх зарлиг авсан юм. Оливерт төлөөлөгчийн үүргийг өгсөн ч гэсэн тэр Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн биш байв. Гэсэн хэдий ч тэрээр 1835 онд зохион байгуулагдсан уг чуулгын гишүүдээр дуудагдах хүмүүсийг эрж олоход тусалсан юм.
-
Сургаал ба Гэрээ 21:11-д цэдэглэснээр Оливер Каудери юу хийхээр дуудагдсан бэ? (Их Эзэний нэрийг авч явах.)
-
Их Эзэний нэрийг авч явах гэдэг нь юу гэсэн үг вэ?
Их Эзэний нэрийг авч, гэр бүл, нийгэм тэрчлэн дэлхийд Сүмийг төлөөлөх арга замуудын талаар хүлээн авсан өдөөлтүүдийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг урамшуулан дэмжсэнээр өнөөдрийн хичээлийг дуусга.