57-р хичээл
Сургаал ба Гэрээ 50
Оршил
Иосеф Смит Огайогийн Көртландад ирээд зарим гэгээнтний дунд “зарим хачирхалтай үзэл санаа болон хуурамч сүнснүүд шурган орсон”-ыг ажиглажээ. Тэрээр эдгээр зүйлийг даван гарахын тулд “болгоомж хийгээд мэргэн ухаан”-аар зааж эхлэв (History of the Church, 1:146-г үзнэ үү). Ахлагч Парлей П.Пратт номлолоосоо буцаж ирээд, Көртландын гаднах Сүмийн салбаруудад бас адил зүйлийг олж харсан байна. Тэр бусад ахлагчдын хамтаар удирдамж авахаар Иосеф Смит дээр ирэв (History of the Church, 1:170-ыг үзнэ үү). 1831 оны 5-р сард, бошиглогч Их Эзэнээс асууж, Сургаал ба Гэрээ 50-д цэдэглэгдсэн илчлэлтийг хүлээн авчээ. Энэ илчлэлтээр, Их Эзэн гэгээнтнүүдэд сайн мэдээг үнэний Сүнсээр зааж мөн хүлээн авахыг зааварлав.
Заах зөвлөмж
Сургаал ба Гэрээ 50:1–9
Их Эзэн Сүмийн ахлагчдыг хуурамч сүнснүүдээс сэрэмжлүүлэв
Сүмийн зарим гишүүн сандал дээр зогсож мөн чанга ярих үед зарим нь шалан дээр өнхрөн байгаа ариун ёслолын цуглаан дээр сууж байна гэж төсөөлөн бодохыг суралцагчдаас хүс.
-
Та нарт ямар санагдах вэ? Ийм нөхцөлд Сүнсэнд юу тохиолдох болно гэж та нар бодож байна вэ? (Энэ ярилцлага нь хүмүүс нь ийм үйл ажиллагаанд оролцдог шашныг шүүмжилж байгаа хэрэг биш гэдгийг тэдэнд хэл.)
Иосеф Смит Көртландад анх ирээд, гэгээнтнүүдийн зарим нь удирдлага султай байсан үедээ хууртагдан мэхлэгдэж байсныг харжээ. Үүний үр дүнд, тэдний дунд “зарим хачирхалтай үзэл санаа болон хуурамч сүнснүүд шурган орсон юм” (History of the Church, 1:146). Көртланд хавиар байсан шинэ гишүүд шашны цуглаанууддаа хачирхалтай, чанга дуутай, будилам үйл ажиллагаануудыг танилцуулсан байв. Эдгээр үйл ажиллагаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж байсан ч сэнхрүүлээгүй юм. Сүмийн ахлагчдын зарим нь юу болоод байгааг ойлгосонгүй, тиймээс тэд бошиглогчоос зөвлөгөө хүсэв. Тэр Их Эзэнээс асууж, гэгээнтнүүдийг сайн мэдээний үнэнүүдийг зааж мөн суралцах үед, тэдэнд бие биенээ сэнхрүүлэхэд туслах нэгэн илчлэлт хүлээн авсан юм.
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:1–3-ыг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, гэгээнтнүүдийн дундах энэ нөлөөний эх сурвалжийг олж мэдэхийг хүс.
-
Энэ нөлөөний эх сурвалж юу байсан бэ?
-
3-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Сатан яагаад гэгээнтнүүдийг хуурч мэхлэхийг хүссэн бэ?
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 50:4–9-ийг дотроо уншиж, Огайо дахь Сүмийн гишүүдийн дунд байсан зарим хүний талаар Их Эзэн юу гэж сэрэмжлүүлснийг олж мэдэхийг хүс.
-
Энэ үед байсан Сүмийн зарим гишүүнийг дүрслэн хэлэхдээ Их Эзэн ямар үгсийг ашигласан бэ?
-
Хоёр нүүртэн гэж юу вэ? Хоёр нүүртэн нь дайсанд хэрхэн хүч өгдөг вэ?
-
Хоёр нүүртнүүдэд юу тохиолдох болно хэмээн Их Эзэн хэлсэн бэ? (С ба Г 50:6, 8-ыг үзнэ үү.)
Сургаал ба Гэрээ 50:10–36
Санваартнууд хэрхэн Сүнсээр зааж мөн суралцах талаар заавар хүлээн авав
Дараах асуултуудыг самбар дээр бич.
Суралцагчдыг эдгээр асуултад хариулахад урь. Самбар дээр асуулт бүрийн доор гол санаануудыг бичнэ үү. Дараа нь ангийнхныг хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгийг Сургаал ба Гэрээ 50:13–20-ийг дотроо уншин, эхний асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Нөгөө бүлгийг Сургаал ба Гэрээ 50:13–20-ийг дотроо уншин, хоёр дахь асуултын хариултуудыг олж мэдэхэд урь. Тэдэнд хангалттай хугацаа өгсний дараа хэдэн суралцагчийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.
-
Эдгээр шүлэгт сайн мэдээг заах ба суралцах ямар шаардлага давтагдаж байна вэ? (Сүнстэй байх хэрэгцээ.)
-
Сургаал ба Гэрээ 50:14-т Ариун Сүнсний ямар үүргүүд дурдагдсан бэ? (Суралцагчид Ариун Сүнс бол Тайтгаруулагч бөгөөд Ариун Сүнс үнэнийг заадаг гэдгийг илэрхийлж хэлэх хэрэгтэй.)
-
Сайн мэдээг “Сүнсээр” заана гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:14). “Бусад арга замаар” заах гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:17).
Суралцагчдаас сайн мэдээг зааж болох боломжуудаа бодож үзэхийг хүс. Тэд гэртээ, найзууддаа, семинар болон сүм дээр эсвэл гэрийн багшлалт хийхдээ зааж болох талаар бодож болно. Цөөн суралцагчаас сайн мэдээг зааж байхдаа эсвэл гэрчлэлээ хуваалцаж байхдаа Сүнсний удирдамжийг мэдэрч байсан туршлагуудаасаа хуваалцахыг хүс.
-
“[Үнэний үгийг] үнэний Сүнсээр хүлээн авах” гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:19). “Бусад арга замаар” хүлээн авах гэдэг нь юу гэсэн үг гэж та нар бодож байна вэ? (C ба Г 50:19).
-
Сайн мэдээ Сүнсээр заагдаж байгаа үед үүнийг илүү сайн хүлээн авахын тулд та нар юу хийж чадах вэ?
Нэг суралцагчийг Далын ахлагч Жак Х.Гөүслиндийн хэлсэн дараах түүхийг чанга уншихад урь. Бид үнэний үгийг Сүнсээр хэрхэн илүү сайн хүлээн авч чадах талаар ойлголтуудыг олж сонсохыг ангийнхнаас хүс.
“Та нарын хэд нь ариун ёслолын цуглааны үеэр ‘уйдсан байдалтай’ сууж байсан бэ? Яаж суудгийг та нар мэдэж байгаа: бүсэлхийгээрээ урагш тонгойгоод, гараа эрүүндээ тулан, тохойгоо өвдөг дээрээ тавиад, шал руу хоосон ширтдэг шүү дээ. Уг цуглаан сонирхолтой байх эсэх нь таны сонголт байдаг гэж танд бодогдож байсан уу?
Ерөнхийлөгч Спэнсэр В. Кимбалл сүсэг бишрэл нь ‘хувь хүний хариуцлага, индэр дээрээс юу хэлэгдэж байгаа нь хамаагүй, хэрвээ уг хүн Их Эзэнийг сүнсээр мөн үнэнээр бишрэхийг хүсэх юм бол, тэгж чадна. … Хэрвээ уг цуглаан таны сэтгэлд хүрээгүй бол, та өөрөө хийх ёстой зүйлээ хийгээгүй гэсэн үг. Хэн ч таны өмнөөс сүсэглэн биширч чадахгүй; та өөрөө Их Эзэнд хандан хүлээх хэрэгтэй’ хэмээн хэлсэн юм. (Ensign, 1978 оны 1-р сар, х. 5.)
Өсвөр үеийн нэгэн хөвгүүн сүсэг бишрэлийн сүнсийг анх удаа хэрхэн мэдэрснээ дүрсэлжээ. Тэр Аароны санваарын насаа тийм ч идэвхтэй байдлаар өнгөрөөгөөгүй байв. Тэр ариун ёслолын цуглаанд оролцохдоо, ихэвчлэн хэсэг найзтайгаа хойгуур суудаг байсан ба хүндэтгэл бишрэлийн жишээ болохооргүй байдаг байв. Гэхдээ нэг өдөр тэр бага зэрэг оройтож ирсэн учир найзуудынх нь хажууд суудал байхгүй байв. Тэр ганцаараа сууж, амьдралдаа анх удаа залбирлуудын үеэр нүдээ аньж, дууллуудыг дуулж, ариун ёслолын залбирлуудыг сонсож, үг хэлж байгаа хүмүүст анхаарлаа хандуулав. Эхний хүн үг хэлээд дундаа орж байхад, тэр нүдэнд нь нулимс цийлэгнэхийг анзаарав. Ичсэндээ тэр болгоомжтойгоор эргэн тойрноо харав; өөр хэний ч сэтгэл хөдөлж байгаа мэт харагдсангүй. Тэр өөрт нь юу тохиож байгааг мэдсэнгүй, гэхдээ уг явдал түүний амьдралыг өөрчилжээ. Яг тэр цуглаанаас эхлэн тэр номлолдоо сүнслэгээр бэлтгэж эхэлсэн байна. Тэр ямар нэгэн зүйлийг мэдэрсэн ба аз болоход тэр үүний дагуу үйлдсэнээр тэдгээр мэдрэмжийг хадгалж чаджээ” (“Yagottawanna,” Ensign, 1991 оны 5-р сар, 46).
Суралцагчдаас энэ түүхийн аль хэсэг нь тэдэнд таалагдсаныг хуваалцахыг хүс. Цөөн суралцагчийг хуваалцсаны дараа та тэднийг Сүнсээр сурах хүч чармайлтаа нэмэгдүүлэх нэг тодорхой арга замыг бичихийг санал болгож болно.
Суралцагчдаас тэд Сүнсээр зааж мөн суралцаж байгаа эсэхээ хэрхэн тодорхойлж болох талаар тунгаан бодохыг хүс. Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:21–22-ыг чанга уншиж, ангийнхнаас үүнийг хэрхэн хийх талаар Их Эзэний өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
Биднийг Сүнсээр зааж мөн сурах үед юу тохиолддог вэ?
-
“Сэнхэрч мөн хамтдаа баясах” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Та нар үүнийг хэзээ мэдэрч байсан бэ?
-
Та нар Сургаал ба Гэрээ 50:13–22-т Их Эзэний заасан сургаалыг юу гэж нэгтгэн дүгнэх вэ? (Суралцагчид дараах зарчмыг тодорхойлох хэрэгтэй. Бид Сүнсээр зааж мөн суралцах үед бид бие биенээ ойлгож мөн хамтдаа сэнхэрч мөн баясдаг. Энэ зарчмыг самбар дээр бич.)
Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 50:23–25-ыг дотроо уншихад урь. Хүмүүс Сүнсээр заах үед юу тохиодог болон “ямар нэг өөр замаар” (С ба Г 50:17) заах болон сурах үед юу тохиодог хоёрын хоорондох ялгааг олж мэдэхийг тэднээс хүс. Суралцагчдаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг хүс.
-
Их Эзэн сэнхрүүлэхгүй заахыг юу гэж дүрсэлсэн бэ?
-
Их Эзэн “Бурханаас” заахыг хэрхэн дүрсэлсэн бэ? (C ба Г 50:24). Бид ийм заалтыг хүлээн авснаар хэрхэн адислагдах болно хэмээн Тэр хэлсэн бэ?
-
Эдгээр шүлэгт ямар сургаал заагдсан байна вэ? (Суралцагчид дараах сургаалыг тодорхойлох хэрэгтэй. Бурханаас ирж буй тэр нь гэгээрүүлж мөн сэнхрүүлдэг, харин Бурханаас ирээгүй тэр нь эргэлзээ болон харанхуйг авчирдаг. Энэ үнэнийг самбарт бич.)
-
Таны сонссон, харсан эсвэл мэдэрсэн ямар нэгэн зүйл нь Бурханаас биш гэдгийг та нар хэзээ мэдэрч байсан бэ? Үүнийг ялган танихад Сүнс танд хэрхэн тусалсан бэ?
Тэд өөрсдийнх нь итгэлийг устгах зорилготой захиасуудыг сонсож мөн харах болно гэдгийг суралцагчдад тайлбарла. Өнөөдөр тэдний суралцаж байгаа энэ зарчмууд нь эдгээр захиасын эсрэг тэднийг хүчирхэгжүүлж чадна. Сүнс танд ямар нэгэн захиас нь Бурханаас биш гэдгийг ялган танихад тусалж байсан үеийнхээ сэтгэгдлийг хуваалцаж болох юм.
Их Эзэн санваартнуудад, тэдний томилгоотой хамт ирдэг хүч болон үүрэг хариуцлагын талаар зөвлөсөн гэдгийг тайлбарлаж Сургаал ба Гэрээ 50:26–36-г дүгнэн ярьж өг. Тэрээр санваартнууд нь бусдад үйлчилж мөн өөрсдийгөө цэвэр ариун байлгах үүрэгтэй хэмээн хэлжээ. Тэд үүнийг хийснээр, Их Эзэн энэ илчлэлт өгөгдөх тэр үеийн зарим гэгээнтэнд байсан тэдгээртэй адил хуурамч сүнснүүдийг ялан дийлэх хүч чадлыг тэдэнд өгөх болно.
Сургаал ба Гэрээ 50:37–46
Их Эзэн гэгээнтнүүдийг ач ивээл болон үнэнд үргэлжлүүлэн өсөж хөгжихөд урамшуулан дэмжиж мөн Тэр тэдэнтэй хамт байгаагаа батлав
Гэр бүлийн залбирал (Сайн мэдээний уран зургийн цуглуулга [2009 он], 112-р зургийг үзүүлнэ үү; мөн LDS.org вэбсайтыг үзнэ үү). Хамгийн бага хүү рүү зааж, дараах асуултуудыг тавь.
-
Та нар энэ бяцхан хүүг том болоод бүрэн цагийн номлолд үйлчилж байна гэж төсөөлж чадах уу? Энэ зурган дээрх юу нь түүнийг үйлчлэхэд бэлэн байх болно гэдгийг харуулж байна вэ?
-
Их Эзэний бид бүгдэд зориулан төлөвлөсөн ажлыг авч үзвэл, бид энэ бяцхан хүүтэй юугаараа адил байна вэ?
Сургаал ба Гэрээ 50:37–40 нь энэ илчлэлтийг хүлээн авах үед тэнд байсан зарим ахлагчид өгсөн Их Эзэний зөвлөгөөг агуулдаг гэдгийг онцлон хэл. Нэг суралцагчийг 40-р шүлгийг чанга уншихад урь. Ангийнхныг дагуулан харж, Их Эзэний эдгээр ахлагчид өгсөн зөвлөгөөг олж мэдэхийг хүс.
-
40-р шүлэгт цэдэглэгдсэнээр, Их Эзэн эдгээр санваартныг яагаад “бяцхан хүүхдүүд” хэмээн дуудсан бэ? Бид ямар талаараа бяцхан хүүхдүүдтэй адилхан бэ?
-
“Ач ивээлд өсөх” гэдэг нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? “Үнэний мэдлэгт” өсөх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
-
Аврагчийн биднийг хүлээн аваасай гэж хүсдэг адислалуудын талаар энэ шүлгээс бид юу сурч чадах вэ? (Суралцагчид дараах зарчмыг олж тогтоох хэрэгтэй. Аврагч биднийг ач ивээл болон үнэний мэдлэгт өсөхийг хүсдэг.)
Нэг суралцагчийг Сургаал ба Гэрээ 50:41–46-г чанга уншихад урь. Ангийнхнаас Их Эзэний эдгээр ахлагчид болон бидэнд хандан хэлсэн тайтгарлын үгс болон баталгааг олж мэдэхийг хүс.
-
Их Эзэн “Та нар минийх болой” хэмээн хэлэх үед энэ нь та нарт ямар санагддаг вэ? “Бүү эмээ” гэсэн энэ баталгаа бидэнд хэрхэн тусалж чадах вэ? (C ба Г 50:41).
-
Энэ шүлэг дээрх өөр ямар амлалтууд та нарын хувьд ач холбогдолтой вэ?
Өнөөдөр хичээл дээр заагдсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцаж хичээлээ дуусга. Суралцагчдыг илүү бүрэн дүүрнээр Сүнсээр зааж мөн сурахад урамшуулан дэмж.